Бүлэг 31
Христ яагаад баптисм хүртсэнийг Нифай хэлэв—Хүмүүс аврагдахын тулд Христийг дагаж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, мөн эцсээ хүртэл тэвчих ёстой—Наманчлал болон баптисм нь давчуу бөгөөд нарийн замын хаалга болой—Баптисм хүртсэнийхээ дараа зарлигуудыг сахих тэдэнд мөнх амьдрал ирдэг. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.
1 Мөн эдүгээ, Нифай би, та нарт бошиглохоо төгсгөл болгоё, хайрт ах дүү нар минь. Мөн гарцаагүй улиран тохиох ёстойг нь би мэдэх тэр цөөн зүйлээс бусдыг би бичиж чадахгүй; бас миний дүү Иаковын үгсээс цөөн хэдээс бусдыг нь би бичиж чадахгүй.
2 Иймийн тул Христийн сургаалын талаар миний ярих ёстой цөөн үгээс гадна миний бичсэн зүйлс надад хангалттай; иймийн тул, би та нарт тодорхойгоор, бошиглолынхоо бүрэн тодорхой байдлын дагуу ярих болно.
3 Учир нь тодорхой байдалд бодгаль минь баяснам; өөрөөр хэлбэл энэ маягаар Их Эзэн Бурхан хүмүүсийн үрсийн дунд ажилладаг болой. Өөрөөр хэлбэл, Их Эзэн Бурхан оюун ухаанд гэрэл өгдөг; тодруулбал тэрээр хүмүүст өөрсдийнх нь хэлний дагуу тэдэнд ойлгогдохоор ярьдаг.
4 Иймийн тул, энэ дэлхийнхний нүглүүдийг үүрэн холдуулах Бурханы Хурганд баптисм хүртээх тэр, Их Эзэний надад үзүүлсэн сайхь бошиглогчийн талаар та нарт миний ярьсныг та нар санаасай хэмээнэ би.
5 Мөн эдүгээ, хэрэв Бурханы Хурга, ариун тэрээр, бүх зөв шударгыг гүйцэлдүүлэхийн тулд усаар баптисм хүртэх хэрэгтэй байх аваас, ай тэгвэл, ариун бус бид, тийм ээ, бүр усаар баптисм хүртэх нь хэчнээн илүү хэрэгтэй билээ!
6 Мөн эдүгээ, би та нараас асууя, хайрт ах дүү нар минь, Бурханы Хурга усаар баптисм хүртсэнээр бүх зөв шударгыг хэрхэн гүйцэлдүүлсэн билээ?
7 Тэрбээр ариун байсныг та нар мэдэхгүй гэж үү? Хэдий тэрээр ариун боловч Эцэгийн өмнө өөрийгөө маханбодын дагуу даруусгахаа хүмүүсийн үрсэд үзүүлж, мөн тэрээр түүний зарлигуудыг сахихдаа түүнд дуулгавартай байх болно гэдгээ Эцэгт гэрчилдэг бөлгөө.
8 Иймийн тул, түүнийг усаар баптисм хүртсэний дараа Ариун Сүнс түүний дээр тагтаа хэлбэрээр бууж ирсэн бөлгөө.
9 Мөн үүнчлэн, энэ нь хүмүүсийн үрсэд замын давчууг, мөн тэдний орох ёстой хаалганы нарийныг үзүүлдэг болой. Үүнийг тэрээр тэдний өмнө үлгэрлэн үзүүлсэн болой.
10 Мөн тэрээр хүмүүсийн үрсэд: Та нар намайг дагагтун хэмээсэн бөлгөө. Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бид Эцэгийн зарлигуудыг сахихдаа бэлэн байхаас бусдаар дагаж чадах уу?
11 Мөн Эцэг хэлэхдээ: Наманчил та нар, наманчил та нар, мөн миний Хайрт Хүүгийн нэрээр баптисм хүртэгтүн гэжээ.
12 Мөн түүнчлэн, Хүүгийн дуу хоолой надад ирж, хэлрүүн: Миний нэрээр баптисм хүртэх түүнд, надад өгсний адилаар Эцэг түүнд Ариун Сүнс өгөх болно; иймийн тул, намайг дага, мөн миний хийхийг харсан тэр зүйлсийг хий хэмээжээ.
13 Иймийн тул, хайрт ах дүү нар минь, хэрэв та нар Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн, харин чин эрмэлзэлтэйгээр, нүглүүдээ наманчлан, Эцэгт та нар баптисмаар—тийм ээ, өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Аврагчийг, түүний үгийн дагуу, усанд доош дагаж орсноор—Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн, зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдлаар Хүүг дагах аваас, болгоогтун, тэгвэл та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно; тийм ээ, тэгвэл галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх бөлгөө; мөн тэгэхэд та нар тэнгэр элч нарын хэлээр ярьж, мөн Израилын Ариун Нэгэнд магтаалыг хашхиран хэлж чадахыг би мэднэ.
14 Гэвч, болгоогтун, хайрт ах дүү нар минь, Хүүгийн дуу хоолой надад тийн ирж, хэлсэн нь: Та нар нүглүүдээ наманчилж, мөн усаар баптисм хүртсэнээр, миний зарлигуудыг сахихад бэлэн буйгаа Эцэгт гэрчилснийхээ дараа, мөн Ариун Сүнсний мөн галын баптисм хүлээн авсныхаа дараа, мөн шинэ хэлээр тийм ээ, бүр тэнгэр элч нарын хэлээр ярьж чадах болсныхоо дараа, мөн үүний дараа намайг үгүйсгэх аваас, намайг мэдэхгүй байсан нь та нарт дээр байх буюу.
15 Мөн би Эцэгийн ийн хэлэх дуу хоолойг сонссон: Тийм ээ, миний Хайрт нэгний үгс үнэн мөн зөв бөлгөө. Эцсийг хүртэл тэвчдэг тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.
16 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, хүмүүн амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчихээс бусдаар бол, тэр аврагдаж чадахгүйг би эдгээр үгээс нь мэддэг болой.
17 Иймийн тул, та нарын Их Эзэн мөн та нарын Гэтэлгэгчийн хийхийг нь харснаа та нарт миний хэлсэн тэр зүйлсийг хий; учир нь та нар орох ёстой тэр хаалгаа мэдэж болохын тулд, энэ шалтгааны учир, тэдгээр нь надад үзүүлэгдсэн билээ. Учир нь та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө.
18 Мөн тэгээд та нар мөнх амьдралд хүргэдэг энэхүү давчуу бөгөөд нарийн зам дээр гарах болно; тийм ээ, та нар хаалгаар орсон бөлгөө; та нар Эцэг мөн Хүүгийн зарлигуудын дагуу үйлдсэн буюу; мөн хэрэв та нар уг замаар орвол та нар хүлээж авах болно хэмээсэн түүний амлалтыг гүйцэлдүүлэн, та нар Эцэг мөн Хүүг гэрчилдэг Ариун Сүнсийг хүлээж авсан билээ.
19 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар энэ давчуу бөгөөд нарийн зам дээр гарсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяат үйлсэд бүрэн дүүрнээр найдан, Христэд гуйвшгүй итгэлтэйгээр түүний үгийн дагуу байсан болохоор л та нар өдий зэрэгт хүрсэн болой.
20 Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэг ийн хэлдэг болой: Та нар мөнх амьдралыг хүртэх болно.
21 Мөн эдүгээ, болгоогтун, хайрт ах дүү нар минь, зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн төгсгөлгүй нэг Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал болой. Амен.