Бүлэг 6
Иаков иудейчүүдийн түүхийг хүүрнэв: Вавилонд дарангуйлалд оршиж мөн эргэж ирсэн нь; Израилын Ариун Нэгэний тохинуулал мөн цовдлуулалт; харийнхнаас авсан тусламж; мөн Мессиад итгэсэн үед тохиох иудейчүүдийн хожмын өдрийн сэргээлт. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.
1 Нифайн дүү болох Иаковын Нифайн ард түмэнд хандан ярьсан үгс:
2 Болгоогтун, хайрт ах дүү нар минь, Иаков би Бурханаар дуудагдаж, мөн түүний ариун жаягийн дагуу томилогдсон, мөн та нарын хаан буюу хамгаалагч хэмээн үздэг тэр, мөн та нарын аюулгүй байдлаа даатгадаг тэр, өөрийн ах Нифайгаар томилон адислагдсаны учир, болгоогтун би та нарт хандан үлэмж олон зүйл ярьж байсныг та нар мэднэ.
3 Гэсэн хэдий ч, би та нарт хандан дахин ярья; учир нь би та нарын бодгалиудын сайн сайхныг хүснэм. Тийм ээ, би та нарын төлөө асар их зовниж байна; мөн үргэлж ийм байсныг та нар өөрсдөө мэднэ. Учир нь би та нарт байдгаараа хичээнгүйлэн ухуулсан болой; мөн би та нарт эцгийнхээ үгсийг заасан; мөн би та нарт хандан энэ дэлхийн бүтээлтээс эхлэн бичигдсэн тэдгээр бүх зүйлийн талаар ярьсан болой.
4 Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хандан, тохиож буй мөн хойшид тохиох тэдгээр зүйлийн талаар ярих болно; иймийн тул, би та нарт Исаиагийн үгсийг уншиж өгөх болно. Мөн тэдгээр нь та нарт намайг хандан ярихыг хүссэн ахын минь үгс болой. Мөн та нар Бурханыхаа нэрийг мэдэж мөн алдаршуулж болох хэмээн та нарын тусын тулд би та нарт ярих ажгуу.
5 Мөн эдүгээ, миний унших үгс болох тэдгээр нь бүх Израилын угсааны талаар Исаиагийн ярьсан нь бөлгөө; иймийн тул, та нар Израилын угсааных учир, тэдгээр нь та нартай адилтгагдаж болно. Мөн та нар Израилын угсааныхан учраас Исаиагаар яригдсан олон зүйл нь та нартай адилтгагдаж болох бөлгөө.
6 Мөн эдүгээ, тэрхүү үгс нь эдгээр болой: Их Эзэн Бурхан ийн хэлэв: Болгоогтун, би мутраа харийнханд өргөх болно, мөн далбаагаа ард түмэнд харуулна; мөн тэд та нарын хөвгүүдийг гар дээрээ авчрах болно, мөн та нарын охид тэдний мөрөн дээр зөөгдөх болно.
7 Мөн хаад та нарын асрагч эцгүүд мөн тэдний хатад та нарын асрагч эхүүд болно; тэд нүүрээ газарт хандуулан та нарт доош бөхийж, мөн та нарын хөлийн тоосыг долоох болно; мөн би бол Их Эзэн гэдгийг та нар мэдэх болно; учир нь намайг хүлээх тэд ичихгүй байх болно.
8 Мөн эдүгээ, Иаков би, эдгээр үгийн талаар заримыг ярья. Учир нь болгоогтун, бидний гарч ирсэн, Иерусалимд байсан тэд алагдаж мөн олзлогдон хүргэгдсэнийг Их Эзэн надад үзүүлсэн билээ.
9 Гэсэн хэдий ч, Их Эзэн тэдний буцаж ирэхийг надад үзүүлсэн. Мөн Их Эзэн Бурхан, Израилын Ариун Нэгэн тэдэнд өөрийгөө маханбодод харуулахыг тэрээр түүнчлэн надад үзүүлсэн; мөн тэрээр өөрийгөө тэдэнд харуулсны дараа, тэд түүнийг занчин мөн түүнийг цовдлохыг үзүүлсэн, надад хандан үүнийг ярьсан тэнгэр элчийн үгсийн дагуу буюу.
10 Мөн тэд Израилын Ариун Нэгэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж мөн гөжүүд зан гаргасны дараа, болгоогтун, Израилын Ариун Нэгэний шүүлтүүд тэдний дээр ирэх болно. Мөн тэд цохигдож мөн зовоогдох тэр өдөр ирэх буюу.
11 Иймийн тул, тэд нааш цааш туугдсаны дараа, учир нь тэнгэр элчийн тийн хэлсэнчлэн, олон нь маханбодод зовоогдсон байна, мөн итгэгчдийн залбирлуудын учир, эрсдэх нь зөвшөөрөгдөхгүй байх болно; тэд тараагдаж, мөн цохигдож, мөн үзэн ядагдах болно, гэсэн хэдий ч, Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй хандаж, тэднийг Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирэх цагт, тэд өвийн нутгууддаа дахин нэгдэн цуглуулагдах болно.
12 Мөн бошиглогчийн бичиглэсэн тэдгээр харийнхан адислагдсан болой; учир нь болгоогтун, хэрэв тэд наманчилж мөн Сионы эсрэг тэмцэхгүй аваас, мөн өөрсдийгөө тэр агуу бөгөөд жигшүүрт сүмд нэгтгэхгүй аваас, тэд аврагдах болно; учир нь Их Эзэн Бурхан хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүдээ гүйцэлдүүлэх болно; мөн энэ шалтгааны учир уг бошиглогч эдгээр зүйлийг бичиглэсэн болой.
13 Иймийн тул, Сионы мөн Их Эзэний гэрээт хүмүүсийн эсрэг тэмцэх тэдгээр нь тэдний хөлийн тоосыг долоох болно; мөн Их Эзэний хүмүүс ичихгүй байх бөлгөө. Тодруулбал Их Эзэний хүмүүс бол түүнийг хүлээх тэд болой; учир нь тэд Мессиагийн ирэлтийг хүлээсээр л байх буюу.
14 Мөн болгоогтун, сайхь бошиглогчийн үгсийн дагуу, Мессиа тэднийг буцааж авчрахаар дахин хоёр дахь удаагаа өөрөө зорих болно; иймийн тул, тэд түүнд итгэх тэр өдрийг ирэхэд, тэрээр тэдэнд хүчээр мөн агуу их сүр жавхлангаар, тэдний дайснуудыг устгалд хүргэн өөрийгөө үзүүлэх болно; мөн өөрт нь итгэдэг нэгээхнийг ч тэрээр устгах нь үгүй.
15 Мөн түүнд үл итгэгч тэд галаар бас шуургаар аль алинаар нь, бас газар хөдлөлтөөр бас цус урсалтуудаар, бас өвчин тахлаар бас өлсгөлөнгөөр устгагдах болно. Мөн Их Эзэн бол Бурхан, Израилын Ариун Нэгэн гэдгийг тэд мэдэх болно.
16 Өөрөөр хэлбэл чадалтай нэгний олз булаан авагдаж, эсвэл хууль ёсоор олзлогдсон нь чөлөөлөгдөх үү?
17 Харин Их Эзэн ийн хэлэв: Бүр чадалтай нэгний олзлогдогсод ч авагдах болно, мөн аймшигт нэгний идэш ч чөлөөлөгдөх болно; учир нь Хүчит Бурхан гэрээт хүмүүсээ чөлөөлөх болно. Учир нь Их Эзэн тийн хэлэв: Та нартай тэрслэгч тэдэнтэй би тэрслэх болно—
18 Мөн би та нарыг дарамтлах тэднийг өөрсдийнх нь биесээр тэжээх болно; мөн тэд амтат дарсанд адил өөрсдийнхөө цусанд согтсон байх болно; мөн Их Эзэн би бол та нарын Аврагч мөн та нарын Гэтэлгэгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг бүх маханбод мэдэх болно.