Судрууд
2 Нифай 8


Бүлэг 8

Иаков Исаиагаас үргэлжлүүлэн уншив: Эцсийн өдрүүдэд, Их Эзэн Сионыг тайтгаруулж мөн Израилыг цуглуулах болно—Гэтэлгэгдэгсэд Сионд агуу их баяслын дунд ирэх болно—Исаиа 51 мөн 52:1–2–той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Зөв шударгын араас дагах та нар, намайг анхаарагтун. Өөрсдийн тэндээс бүтээгдсэн тэр хадыг, мөн өөрсдийн тэндээс ухагдаж гарсан тэр нүхэн ормыг та нар харагтун.

2 Өөрсдийн эцэг Абрахамыг, мөн та нарыг төрүүлсэн Сараг харагтун; тодруулбал, би зөвхөн Абрахамыг дуудсан, мөн түүнийг адисалсан бөлгөө.

3 Өөрөөр хэлбэл, Их Эзэн Сионыг тайтгаруулах болно, тэрээр түүний бүх эзгүй газрыг тайтгаруулах болно; мөн тэрээр түүний аглаг буйдыг Едений адил, мөн түүний цөл газрыг Их Эзэний цэцэрлэг адил болгох болно. Баяр мөн баясал, талархал мөн аялгуут чимээ тэндээс олдох болно.

4 Намайг анхаарагтун, ард түмэн минь; мөн намайг чих тавин сонс, ай миний үндэстэн; учир нь хууль надаас гарах болно, мөн ард түмэнд гэрэл болгон би өөрийн шүүлтийг тогтоох болно.

5 Миний зөв шударга байдал ойрхон; миний аврал өгөгдсөн, мөн миний мутар ард түмнийг шүүх болно. Арлууд намайг найдан хүлээнэ, мөн тэд мутарт минь итгэх болно.

6 Харцаа тэнгэрт хандуулагтун, мөн доош газрыг харагтун; өөрөөр хэлбэл тэнгэр нь утаа мэт замхран, мөн газар дэлхий нь хувцас адил үжрэх болно; мөн түүнд орших тэд ийм байдлаар үхэх болно. Харин миний аврал үүрд байх болно, мөн миний зөв шударга байдал устгагдахгүй байх болно.

7 Намайг анхаарагтун, зөв шударгыг мэддэг та нар, би хуулиа зүрх сэтгэлд нь бичсэн ард түмэн та нар, хүмүүсийн зэмлэлээс бүү эмээгтүн, бас тэдний доромжлолуудаас битгий ай.

8 Учир нь удган эрвээхэй тэднийг хувцас адил идэж дуусгах болно, мөн өт тэднийг ноос адил идэх болно. Харин миний зөв шударга байдал үүрд, мөн миний аврал үеэс үед байх болно.

9 Сэр, сэрэгтүн! Хүчээ авагтун, ай Их Эзэний мутар; эртний өдрүүдийн адил сэр. Рахабыг хэрчиж, мөн лууг шархдуулсан тэр нь та бус уу?

10 Гүнээс гүн ус, далайг хатаасан нь; далайн гүнийг суллагдагсдад гатлах зам болгосон тэр нь та бус уу?

11 Тиймийн тул, Их Эзэнээр гэтэлгэгдэгсэд эргэж ирнэ, мөн Сионд дуулсаар орох болно; мөн үүрдийн баясал мөн ариун байдал тэдний тэргүүн дээр байх болно; мөн тэд баяр мөн баяслыг олж авах болно; харуусал болон гашуудал зайлан одох болно.

12 Би бол тэрбээр; тийм ээ, би бол та нарыг тайтгаруулагч тэр болой. Болгоогтун, үхэх тэр хүнээс мөн өвс адил болгогдох тэр хүний хүүгээс айх чи хэн билээ?

13 Мөн тэнгэрийг асарлан мөн газрын суурийг тавьсан, чамайг бүтээгч Их Эзэнийг мартаж, мөн тэрээр устгахад бэлэн байгаа мэт дарлагчийн уур омгийн учир өдөр бүр үргэлж айх чи хэн билээ? Мөнхүү дарлагчийн уур омог хаана байна?

14 Олзлогдон цөлөгдсөн нь тэрээр суллагдаж болохын тулд, мөн тэрээр нүхэнд үхэхгүй байхын тулд, мөн тэрээр талхнаасаа салах вий хэмээх учир яаран сандрах бөлгөө.

15 Харин би бол давалгаа нь хүрхэрсэн Их Эзэн чиний Бурхан; Түмний Их Эзэн гэдэг нь миний нэр болой.

16 Мөн би үгсээ аманд чинь хийж, мөн мутрын сүүдрээрээ чамайг халхалсан, би тэнгэрийг бүтээж мөн дэлхийн суурийг тавихын тулд мөн Сионд: Болгоогтун, та нар бол миний ард түмэн хэмээн хэлэхийн тулд болой.

17 Сэр, сэр, бос, ай Иерусалим, Их Эзэний мутарт байх түүний хилэгнэлийн аяганаас уусан тэр—чи салгалах аяганаас шаарыг нь ч шавхан, хоослон уусан буюу—

18 Мөн Иерусалимын төрүүлсэн хөвгүүдийн бүгдийн дунд түүнийг удирдах нэгээхэн ч алга; мөн түүний өсгөсөн хөвгүүд бүгдээс түүний гараас хөтлөх хэн ч үгүй болой.

19 Чиний төлөө—чиний хоосрол мөн устгал, мөн өлсгөлөн болон илдний төлөө—харамсах энэ хоёр хөвгүүн чам дээр ирэв, мөн хэнээр би чамайг тайтгаруулах билээ?

20 Чиний хөвгүүд, энэ хоёроос бусад нь ухаан алджээ; тэд гудамж бүрийн эхэнд хэвтэнэ; тэд урхинд орсон зэрлэг бух адил, Бурханы тань зэмлэлээр болон Их Эзэний хилэнгээр дүүрэн байна.

21 Тиймийн тул эдүгээ үүнийг сонс, зовсон, мөн дарс бус зүйлд согтсон та нар:

22 Их Эзэн тань ийн хэлж байна, Их Эзэн мөн чиний Бурхан өөрийн хүмүүсийн төлөө өмгөөлөх ажгуу; болгоогтун, би салгалах аягыг, миний хилэнгийн аяганы шаарыг чиний гараас авсан буюу; чи үүнээс хойш үүнийг дахин уухгүй байх болно.

23 Харин би чамайг зовоогч тэдний гарт үүнийг тавих болно; чиний бодгальд: Доош бөхий, бид дээгүүр чинь явж болохын тулд хэмээн хэлсэн тэдэнд буюу—мөн чи өөрийн биеийг дээгүүр тань явсан тэдэнд газар мөн гудамж мэт дэвссэн буюу.

24 Сэрэгтүн, сэрэгтүн, хүчээ авагтун, ай Сион; гоёмсог өмсгөлөө өмс, ай Иерусалим, ариун хот; учир нь үүнээс хойш хөвч хөндүүлээгүй болон цэвэр бус нь чамд орохгүй.

25 Шороо тоосоо сэгсрэн хая; босоод суу, ай Иерусалим; хүзүүн дэх хүлээснээсээ өөрийгөө сулла, ай Сионы олзлогдсон охин.