Судрууд
Мозая 22


Бүлэг 22

Хүмүүсийг леменчүүдийн боолчлолоос оргуулах төлөвлөгөө хийгдэв—Леменчүүдийг согтоов—Уг хүмүүс оргож, Зарахемлад эргэж ирээд, мөн Мозая хааны харьяат болов. Ойролцоогоор МЭӨ 121–120 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Аммон болон Лимхай хаан өөрсдийгөө хэрхэн боолчлолоос чөлөөлөх талаар хүмүүстэйгээ зөвлөлдөж эхлэв; мөн тэд бүр бүх хүнийг цуглахаар болгов; мөн энэ байдлын талаар хүмүүсийн саналыг мэдэж болохын тулд тэд үүнийг үйлдэв.

2 Мөнхүү улиран тохиох дор тэд эмэгтэйчүүд мөн хүүхдүүдээ, мөн бог мөн бод малаа, мөн майхнуудаа авч мөн аглаг буйд тийш одохоос өөр, өөрсдийгөө боолчлолоос чөлөөлөх ямар ч зам тэдэнд олдсонгүй; учир нь леменчүүд маш олон тоотой байсан тул, илдээр өөрсдийгөө боолчлолоос чөлөөлнө хэмээн бодож тэдэнтэй тэмцэлдэх нь Лимхайн хүмүүсийн хувьд боломжгүй байв.

3 Эдүгээ улиран тохиох дор Гидеон урагшлан мөн хааны өмнө зогсоод, мөн түүнд хэлэв: Эдүгээ, ай хаантан, бид өөрсдийн ах дүүс леменчүүдтэй тэмцэлдэж байхад та миний үгсийг өдийг хүртэл олон удаа сонссон билээ.

4 Мөн эдүгээ ай хаантан, хэрэв та намайг ашиггүй зарц хэмээн эс тооцсон, өөрөөр хэлбэл эдүгээг хүртэл миний үгсийг ямар нэгэн хэмжээгээр сонсож, мөн тэдгээр нь танд тус болсон аваас, тэрчлэн энэ үед таныг үгсийг минь анхааран сонсоосой хэмээн хүснэ би, мөн би таны зарц байж мөн энэ хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх болно.

5 Мөн хаан түүнд, тэрээр ярьж болно хэмээн зөвшөөрөв. Мөн Гидеон түүнд хэлсэн нь:

6 Хотын ар талд буй арын ханан дахь гарцыг болгоогтун. Леменчүүд, өөрөөр хэлбэл леменчүүдийн харуулууд шөнөөр согтуу байдаг; тиймийн тул энэ бүх хүн бог мөн бод малаа аглаг буйд тийш шөнөөр тууж болохын тулд тэдгээрийг цуглуулцгаа хэмээн тэдний дунд зар тараая.

7 Мөн би таны зарлигийн дагуу явж мөн леменчүүдэд дарсны сүүлчийн албыг төлье, мөн тэд согтох болно; мөн тэднийг согтоод мөн унтаж байх зуур тэдний буудлын зүүн талын нууц гарцаар бид гарах болно.

8 Тийн бид эмэгтэйчүүд мөн хүүхдүүдтэйгээ, бог мөн бод малтайгаа аглаг буйд тийш дайжих болно; мөн бид Шилом нутгийг тойрон явах болно.

9 Мөнхүү улиран тохиох дор Гидеоны үгсийг хаан анхааран сонсов.

10 Мөн Лимхай хаан өөрийн хүмүүсийг мал сүргээ цуглуулах болгов; мөн тэр леменчүүдэд алба болгон дарс илгээв; мөн түүнчлэн тэрээр тэдэнд бэлэг болгон илүү дарс илгээв; мөн тэд Лимхай хааны өөрсдөд нь илгээсэн дарснаас ханатлаа уусан болой.

11 Мөнхүү улиран тохиох дор Лимхай хааны хүмүүс шөнөөр бог мөн бод малтайгаа аглаг буйдад одож, мөн тэд Шилом нутгийг тойрон аглаг буйдад аялж, мөн Аммон болон түүний ах дүүсээр удирдагдан Зарахемла нутгийн зүг эргэв.

12 Мөн тэд тээж чадахын хэрээр бүх алт, мөнгө, мөн үнэт зүйлсээ мөн түүнчлэн хэрэгцээт зүйлсээ аглаг буйд тийш авч явсан байв; мөн тэд аянаа үргэлжлүүлэв.

13 Мөн аглаг буйдад олон өдөр байсны дараа тэд Зарахемла нутагт хүрэлцэн ирэв, мөн Мозаягийн хүмүүстэй нэгдэж, мөн түүний харьяатууд болов.

14 Мөнхүү улиран тохиох дор Мозая тэднийг баяртай хүлээн авав; мөн түүнчлэн тэрээр тэдний цэдгүүдийг, мөн түүнчлэн Лимхайн хүмүүсийн олсон тэрхүү цэдгүүдийг хүлээж авав.

15 Мөн эдүгээ улиран тохиох дор леменчүүд Лимхайн хүмүүс шөнөөр уг нутгаас дайжин одсоныг олж мэдээд, тэд тэднийг мөрдөн хөөлгөхөөр аглаг буйд тийш их цэрэг илгээсэн болой;

16 Мөн тэд хоёр өдөр тэднийг мөрдсөний эцэст, мөрийг нь дагаж чадахаа болив; тиймийн тул тэд аглаг буйдад төөрчээ.