Бүлэг 25
Зарахемла дахь Мюлекийн удам нифайчууд болов—Тэд Алмагийн болон Зенифийн хүмүүсийн тухай олж мэдэв—Лимхайд болон түүний бүх хүнд Алма баптисм хүртээв—Бурханы сүм байгуулах эрх мэдлийг Мозая Алмад олгов. Ойролцоогоор МЭӨ 120 он.
1 Мөн эдүгээ Мозая хаан бүх хүнийг нэгдэн цугларцгаах болгов.
2 Эдүгээ Нифайн хүүхдүүд, өөрөөр хэлбэл Нифайн удам болох тэд, Мюлекийн болон аглаг буйдад түүнтэй хамт ирсэн тэдний удам болох Зарахемлагийн хүмүүс шиг тийм олон байсангүй.
3 Мөн Нифайн хүмүүс болон Зарахемлагийн хүмүүс нийлээд ч леменчүүд шиг тийм олон байсангүй; тийм ээ, тэд тооных нь хагаст ч хүрэхгүй байв.
4 Мөн эдүгээ Нифайн хүмүүс бүгд, мөн түүнчлэн Зарахемлагийн хүмүүс бүгдээрээ нэгдэн чуулсан байв, мөн тэд хоёр хэсэгт цугларцгаасан байв.
5 Мөнхүү улиран тохиох дор Зенифийн цэдгүүдийг Мозая өөрийн хүмүүст уншиж мөн уншуулав; тийм ээ, тэд Зарахемла нутгийг орхисон тэр цагаас тэднийг эргэж ирснийг хүртэлх Зенифийн хүмүүсийн цэдгүүдийг тэрээр уншив.
6 Мөн түүнчлэн Алма болон түүний ах дүүсийн Зарахемла нутгийг орхисон цагаас тэд дахин эргэж ирснийг хүртэлх мөн тэдний бүх зүдгүүрийн шастирыг тэрээр уншсан бөлгөө.
7 Мөн эдүгээ, Мозая цэдгүүдийг уншихаа төгсгөл болгосны дараа, нутагтаа үлдсэн түүний хүмүүс гайхаж мөн гайхширсан ажээ.
8 Учир нь тэд юу бодохоо мэдсэнгүй; учир нь тэд боолчлолоос чөлөөлөгдсөн тэднийг хараад үлэмж агуу баяр хөөрөөр дүүргэгдсэн байв.
9 Мөн үүнээс гадна, тэд леменчүүдэд алагдсан ах дүүсээ дурсахдаа гашуудлаар дүүрэн байв, мөн бүр гашуудлын их нулимс асгаруулсан буюу.
10 Мөн түүнчлэн, тэд Бурханаас шууд ирэх сайн сайхны, мөн Алма болон түүний ах дүүсийг леменчүүдийн гараас мөн боолчлолоос чөлөөлсөн түүний хүчний тухай бодохдоо, тэд дуу хоолойгоо өргөн мөн Бурханд талархал илэрхийлэв.
11 Үүнээс гадна, тэд өөрсдийнх нь ах дүүс болох леменчүүдийн, тэдний нүгэлт мөн бохирдсон байдлын тухай бодохдоо тэдний бодгалиудын сайн сайхны төлөө зовлон мөн шаналлаар дүүргэгдэв.
12 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн охидыг эхнэр болгон авцгаасан Амюлон болон түүний ах дүүсийн хүүхдүүд эцгүүдийнхээ үйлүүдэд дургүйцсэн болой, мөн тэд эцгүүдийнхээ нэрээр цаашид дуудагдахыг хүссэнгүй, тиймийн тул тэд Нифайн хүүхдүүд гэж дуудагдаж мөн нифайчууд гэж нэрлэгдэгсдийн дунд тоологдож болохын тулд өөрсөд дээрээ Нифайн нэрийг авчээ.
13 Мөн эдүгээ Зарахемлагийн хүмүүс бүгд нифайчуудтай хамт тоологдож байв, мөн энэ нь уг хаант улс Нифайн удам байсан тэднээс бусад хэний ч мэдэлд үл шилжүүлэгдэж байсны учир болой.
14 Мөн эдүгээ улиран тохиох дор Мозая хүмүүст ярих мөн уншихаа төгсгөл болгоод, тэрээр Алмаг түүнчлэн хүмүүст ярихыг хүсэв.
15 Мөн тэд том хэсгүүд болон нэгдэн чуулж байх үед Алма тэдэнд ярьсан болой, мөн тэрээр хүмүүст наманчлал мөн Их Эзэнд итгэх итгэлийг номлон, нэг хэсгээс нөгөөд явав.
16 Мөн тэрээр Лимхайн хүмүүст мөн түүний ах дүүст, боолчлолоос чөлөөлөгдсөн тэд бүгдэд, тэднийг чөлөөлсөн нь Их Эзэн байсныг тэд санах ёстой хэмээн ухуулав.
17 Мөнхүү улиран тохиох дор Алма хүмүүст олон зүйлийг зааж, мөн тэдэнд ярихаа төгсгөл болгосны дараа, Лимхай хаан баптисм хүртэх хүсэлтэй байжээ; мөн түүний хүмүүс бүгд түүнчлэн баптисм хүртэх хүсэлтэй байв.
18 Тиймийн тул, Алма урагшлан усанд орж мөн тэдэнд баптисм хүртээв; тийм ээ, тэрээр ах дүүстээ Мормоны Усанд баптисм хүртээсний адил тийм маягаар тэдэнд баптисм хүртээв; тийм ээ, мөн түүний баптисм хүртээсэн бүгд Бурханы сүмд хамаарагдсан болой; мөн энэ нь Алмагийн үгсэд итгэсэн тэдний итгэлийн учир бөлгөө.
19 Мөнхүү улиран тохиох дор Мозая хаан Зарахемлагийн бүх нутаг даяар сүмүүд байгуулж болохыг Алмад зөвшөөрөв; мөн сүм бүрийн дээрх пристүүдийг болон багш нарыг томилох хүчийг түүнд өгөв.
20 Эдүгээ бүгд нэг багшаар удирдагдаж чадахааргүй тийм олон хүн байсан учир энэ нь хийгдсэн болой; бас тэд бүгд Бурханы үгийг нэг цуглаан дээр сонсож чадахааргүй байв;
21 Тиймийн тул сүмүүд хэмээн нэрлэгдэх өөр өөр хэсгүүдэд тэд өөрсдөө цугларцгаав, сүм болгон өөр өөрийн пристүүд мөн өөр өөрийн багш нартай, мөн прист бүр Алмагийн амаар түүнд өгөгдсөний дагуу үгийг номлож байв.
22 Мөн тийн, тэнд олон сүм байсан хэдий ч тэд бүгд нэг сүм байв, тийм ээ, бүр Бурханы сүм болой; учир нь наманчлал болон Бурханд итгэх итгэлээс өөр юу ч бүх сүмд номлогддоггүй байв.
23 Мөн эдүгээ Зарахемлагийн нутагт долоон сүм байв. Мөнхүү улиран тохиох дор өөрсдийн дээр Христийн буюу Бурханы нэрийг авах хүсэлтэй байсан хэн боловч, тэд Бурханы сүмүүдэд нэгдэв;
24 Мөн тэд Бурханы хүмүүс гэж нэрлэгдэв. Мөн Их Эзэн тэдний дээр Сүнсээ юүлж, мөн тэд адислагдан, уг нутагт дэгжсэн бөлгөө.