Бүлэг 28
Мозаягийн хөвгүүд леменчүүдэд номлохоор явав—Мозая хоёр үзмэрч чулуу хэрэглэн, жаредчуудын ялтаснуудыг орчуулав. Ойролцоогоор МЭӨ 92 он.
1 Эдүгээ улиран тохиох дор Мозаягийн хөвгүүд эдгээр бүх зүйлийг хийсний дараа тэд өөрсөдтэйгөө цөөн тооны хүнийг авч мөн хаан эцэгтээ эргэж очив, мөн тэднийг, сонгож авсан хүмүүсийн хамт, тэд сонссон зүйлсээ номлож, мөн тэд Бурханы үгийг өөрсдийн ах дүүс, леменчүүдэд хүргэж болохын тулд Нифайн нутаг өөд явахыг зөвшөөрөөч хэмээн түүнээс хүсэв—
2 Магадгүй тэднийг Их Эзэн Бурханых нь мэдлэгт тэд авчирч, мөн эцэг өвгөдийнх нь алдсыг тэдэнд үнэмшүүлж болохын тулд буюу; мөн Их Эзэн Бурханых нь тэдэнд өгсөн бүх нутагт зөрчилдөөнүүд дахин байхгүйн төлөө, тэд нэг нэгэнтэйгээ найрсаг болж болохын тулд, түүнчлэн тэд Их Эзэн Бурхандаа баясахад хүргэгдэж болохын тулд, магадгүй нифайчуудад хандсан тэдний үзэн ядалтыг тэд анагааж болохын тулд болой.
3 Эдүгээ тэд бүтээл бүрд аврал тунхаглагдвал зохино хэмээн хүсэж байв, учир нь тэд нэгээхэн ч хүмүүний бодгаль мөхөхийг тэвчиж үл чадах байв; тийм ээ, бүр ямар нэгэн бодгаль төгсгөлгүй тарчлалыг амсана гэдэг чухам тэрхүү бодол тэднийг чичирч мөн дагжихад хүргэсэн ажээ.
4 Мөн Их Эзэний Сүнс тэдний дээр тийн нөлөөлсөн болой, учир нь тэд адгийн нүгэлтнүүд байв. Мөн Их Эзэн хязгааргүй нигүүлсэлдээ тэднийг хэлтрүүлбэл зохино хэмээн үзэв; гэсэн хэдий ч тэд үүрд хаягдах вий хэмээн ихэд зовж мөн айж, алдсуудынхаа учир бодгалийн их тарчлалыг амссан ажгуу.
5 Мөнхүү улиран тохиох дор Нифайн нутаг өөд явж болохын тулд тэд эцгээсээ олон хоног гуйсан аж.
6 Мөн Мозая хаан явж мөн леменчүүдийн дунд үгийг номлохоор явахыг нь хөвгүүддээ зөвшөөрөх эсэхээ Их Эзэнээс лавлав.
7 Мөн Их Эзэн Мозаяд хэлэв: Тэднийг явахыг зөвшөөрөгтүн, учир нь олон нь тэдний үгсэд итгэх болно, мөн тэд мөнх амьдралыг авах болно; мөн би хөвгүүдийг чинь леменчүүдийн гараас чөлөөлөх болно.
8 Мөнхүү улиран тохиох дор тэд хүссэнийхээ дагуу яван мөн хийж болно хэмээн Мозая зөвшөөрөв.
9 Мөн тэд леменчүүдийн дунд үгийг номлохоор яван аглаг буйд тийш аянаа хөөв; мөн тэдний үйл явдлын шастирыг би хожим өгөх болно.
10 Эдүгээ хаант улсыг шилжүүлэх хүн Мозая хаанд байсангүй, учир нь түүний хөвгүүдээс хэн нь ч хаант улсыг хүлээн авахгүй байв.
11 Тиймийн тул тэрээр Бурханы зарлигуудын дагуу өөрийн хадгалж мөн хамгаалж үлдээсэн бүх зүйлийг, мөн гуулин ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн цэдгүүдийг, мөн түүнчлэн Нифайн ялтаснуудыг авав, харин эхлээд Лимхайн гараар түүнд хүргэгдсэн, Лимхайн хүмүүсийн олсон алтан ялтаснууд дээр байсан цэдгүүдийг орчуулж мөн бичүүлжээ;
12 Мөн хүмүүсийнхээ агуу их зовнилын учир тэр үүнийг хийв; учир нь тэд устгагдсан тэр хүмүүсийн талаар мэдэх хэмжээлшгүй хүсэлтэй байв.
13 Мөн эдүгээ тэрээр хоёр дугуй хүрээнд суулгагдсан тэрхүү хоёр чулууны тусламжтайгаар тэдгээрийг орчуулав.
14 Эдүгээ эдгээр зүйл эхлэлээс бэлтгэгдсэн байсан болой, мөн хэлнүүдийг хөрвүүлэх зорилгын учир үеэс үед дамжуулагдсан байв;
15 Мөн тэдгээр нь Их Эзэний мутраар хамгаалагдаж мөн хадгалагдан үлдсэн ажгуу, тэрээр өөрийн хүмүүсийн алдсууд мөн жигшүүрт хэргүүдийг уг нутгийг эзэмших бүтээл бүрд мэдүүлж болохын тулд бөлгөө;
16 Мөн эдгээр зүйл өөрт нь байгаа хэн боловч, хуучин цагийн заншлаар үзмэрч гэж нэрлэгддэг буюу.
17 Эдүгээ Мозая эдгээр цэдгийг орчуулж дууссаны дараа, болгоогтун, энэ нь устгагдсан хүмүүсийн шастирыг өгүүлсэн болой, тэдний устгагдсан үеэс урагш мөнөөх агуу цамхаг барихад, Их Эзэн хүмүүсийн хэлийг будилуулж мөн тэд бүх дэлхийн гадаргуугаар нэг тархсан тэр цагийг хүртэлх, тийм ээ, мөн бүр тэр цагаас урагш Адамыг бүтээсэн цагийг хүртэлх шастирыг өгүүлсэн болой.
18 Эдүгээ энэ шастир Мозаягийн хүмүүсийг үлэмж гашуудахад хүргэв, тийм ээ, тэд харамслаар дүүрэн байв; гэсэн хэдий ч, энэ нь тэдэнд их мэдлэгийг өгсөнд тэд баяссан болой.
19 Мөн энэхүү шастир хожим бичиглэгдэх болно; учир нь болгоогтун, энэ шастирт бичигдсэн зүйлийг бүх хүн мэдэх нь чухал болой.
20 Мөн эдүгээ, би та нарт хэлсэнчлэн, Мозая хаан эдгээр зүйлийг хийснийхээ дараа, гуулин ялтаснуудыг, мөн тэрээр өөрийн хадгалсан бүх зүйлийг авч, мөн тэдгээрийг Алмагийн хүү Алмагийн мэдэлд шилжүүлэв; тийм ээ, бүх цэдгийг, мөн түүнчлэн хөрвүүлэгчдийг, мөн тэдгээрийг түүний мэдэлд шилжүүлж, мөн тэрээр тэдгээрийг хамгаалж мөн хадгалан үлдээж, мөн түүнчлэн хүмүүсийн цэдгийг хөтөлж, Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас тэдгээр нь гардуулагдсаар ирсний адил тэдгээрийг нэг үеэс нөгөөд гардуулж байхыг түүнд зарлиг болгов.