Бүлэг 29
Хааны оронд шүүгчид сонгогдохыг Мозая санал болгов—Зөв шударга бус хаад өөрсдийн хүмүүсийг нүгэлд удирддаг—Залуу Алма хүмүүсийн саналаар ерөнхий шүүгчээр сонгогдов—Түүнчлэн тэрээр Сүмийн дээрх дээд прист байв—Ахмад Алма болон Мозая нас нөгчив. Ойролцоогоор МЭӨ 92–91 он.
1 Эдүгээ Мозая үүнийг хийснийхээ дараа бүх нутаг даяар, бүх хүний дунд, хэн тэдний хаан байвал зохих талаар тэдний хүслийг мэдэхийг хүсэн тунхаг илгээв.
2 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн санал ирж, өгүүлсэн нь: Бид таны хүү Аарон бидний хаан болон бидний захирагч байхыг хүсэж байна.
3 Эдүгээ Аарон Нифайн нутаг өөд явсан байв, тиймийн тул хаан түүний мэдэлд хаант улсыг шилжүүлж чадсангүй; бас Аарон ч хаант улсыг өөртөө авахыг хүссэнгүй; Мозаягийн хөвгүүдийн хэн нь ч хаант улсыг өөрсөд дээрээ авах хүсэлгүй байв.
4 Тиймийн тул Мозая хаан хүмүүсийн дунд дахин илгээв; тийм ээ, тэрээр бүр бичиглэгдсэн үгийг хүмүүсийн дунд илгээв. Мөн эдгээр нь бичигдсэн тэрхүү үгс буюу, өгүүлсэн нь:
5 Болгоогтун, ай хүмүүс та нар минь, өөрөөр хэлбэл ах дүүс минь, учир нь би та нарыг тийнхүү хүндэтгэн үзнэ, та нар эргэцүүлэхийн тулд дуудагдсан тэрхүү байр суурийг эргэцүүлж үзвэл зохино хэмээн би хүснэ—учир нь та нар хаантай байх хүсэлтэй буюу.
6 Эдүгээ хаант улс зүй ёсоор харьяалагдах тэр нь татгалзлаа, мөн хаант улсыг тэр өөр дээрээ эс авах болно гэдгийг би та нарт зарлая.
7 Мөн эдүгээ хэрэв түүний оронд өөр нэг нь томилогдох аваас, болгоогтун би та нарын дунд зөрөлдөөн гарах вий хэмээн санаа зовном. Мөн хэн мэдэх билээ, энэ хаант улс харьяалагдах миний хүү, зангаа хувирган уурлаж мөн энэ хүмүүсийн нэг хэсгийг өөрийн хойноос дагуулж одох вий, тэгвэл та нарын дунд дайнууд мөн зөрчилдөөнүүд үүсэж, тэгснээр их цус урсган, мөн Их Эзэний замыг гажуудуулахад хүргэн, тийм ээ, мөн олон хүний бодгалийг устгаж болзошгүй буюу.
8 Эдүгээ би та нарт хэлнэ, ухаалаг байцгаая мөн эдгээр зүйлийг эргэцүүлэн бодоцгооё, учир нь миний хүүг устгах эрх бидэнд үгүй, мөн хэрэв түүний оронд өөр нэг нь тохоогдвол түүнийг устгах эрх ч бас бидэнд үгүй.
9 Мөн хэрэв миний хүү бардамнал мөн хоосон зүйлсдээ дахин эргэх аваас, тэр хэлсэн тэр зүйлсээсээ буцан, мөн хаант улсыг эзэгнэх эрхээ шаардах болно, ингэх нь түүнийг мөн түүнчлэн энэ хүмүүсийг их нүгэл үйлдэхэд хүргэх бөлгөө.
10 Мөн эдүгээ ухаалаг байцгаая мөн эдгээр зүйлийг урьдаас харцгаая, мөн энэ хүмүүсийн амар амгаланг бататгах түүнийг хийцгээе.
11 Тиймийн тул би өөрийн өдрүүдийн үлдсэн хугацаанд та нарын хаан байх болно; гэсэн хэдий ч, манай хуулийн дагуу энэ хүмүүсийг шүүх шүүгчдийг томилцгооё; мөн бид энэ хүмүүсийн хэрэг явдлыг шинээр журамлах болно, учир нь Бурханы зарлигуудын дагуу энэ хүмүүсийг шүүх мэргэн хүмүүсийг шүүгчид байхаар бид томилох болно.
12 Эдүгээ хүн хүнээр шүүгдсэнээс Бурханаар шүүгдсэн нь дээр, учир нь Бурханы шүүлтүүд үргэлж шударга, харин хүний шүүлтүүд үргэлж шударга байдаггүй.
13 Тиймийн тул, хэрэв та нар Бурханы хуулиудыг тогтоож, мөн түүний зарлигуудын дагуу энэ хүмүүсийг шүүх шударга хүмүүсийг хаанаа болгох нь боломжтой байсан аваас, тийм ээ, хэрэв та нар миний эцэг Бенжамин энэ хүмүүсийн төлөө хийсний адилыг хийх хүмүүсийг хаадаа болгох байсан аваас—Би та нарт хэлнэ, хэрэв үргэлж ийм байж чаддагсан бол та нар өөрсдийн дээр захирах хаадыг үргэлж байлгах нь зохистой бөлгөө.
14 Мөн та нарт Бурханы зарлигуудыг сургахаар, мөн дайн бас зөрчилдөөн, хулгай, дээрэм, аллага, бас аливаа алдсуудыг байлгахгүйн тулд уг нутаг даяар амар амгаланг тогтоохоор би бүр өөрөө эзэмшиж буй бүх хүч мөн чадлаараа хөдөлмөрлөсөөр ирсэн бөлгөө;
15 Мөн алдсыг үйлдсэн хэнийг боловч, түүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь дагуу, эцэг өвгөдөөр маань бидэнд өгөгдсөн хуулийн дагуу би шийтгэж ирсэн билээ.
16 Эдүгээ би та нарт хэлнэ, хүн бүхэн шударга биш учраас та нар хаан эсвээс хаадыг өөрсдийн дээр захируулах нь зохистой бус бөлгөө.
17 Учир нь болгоогтун, ёс бус нэг хаан ямар их алдсыг, тийм ээ, мөн ямар агуу их устгалыг бий болгодог билээ!
18 Тийм ээ, Ноа хааныг, түүний ёс бус үйлүүд болон түүний жигшүүрт хэргүүдийг, мөн түүнчлэн түүний хүмүүсийн ёс бус үйлүүд болон жигшүүрт хэргүүдийг санагтун. Ямар аймшигт устгал тэдэн дээр ирснийг болгоогтун; мөн түүнчлэн алдсуудынхаа учир тэд боолчлолд оруулагдсан бөлгөө.
19 Мөн тэдний чин сэтгэлийн наманчлалын учир бүхнээс мэргэн Бүтээгч нь оролцоогүй аваас, одоог хүртэл тэд гарцаагүй боолчлолд үлдэх ёстой байсан билээ.
20 Гэвч болгоогтун, тэд өөрсдийгөө түүний өмнө даруусгасан учир тэднийг тэрээр чөлөөлсөн юм; мөн тэд түүнд хүчтэйгээр гуйж залбирсан учир тэрээр тэднийг боолчлолоос чөлөөлсөн юм; мөн найдлагаа түүнд тавих тэдний зүг Их Эзэн нигүүлслийн мутраа сунгаж хүмүүсийн үрсийн дунд бүх нөхцөлд өөрийн хүчээр ийн ажилладаг.
21 Мөн болгоогтун, эдүгээ би та нарт хэлнэ, та нар алдсыг үйлдэгч хааныг их тэмцэл, мөн их цус урсгалгүйгээр буулгаж чадахгүй.
22 Учир нь болгоогтун, тэрээр алдсыг үйлдэгч найзуудтай, мөн өөрийгөө хүрээлүүлэн харуулуудыг байлгадаг; мөн түүнээс өмнө зөв шударгаар засаглаж байсан тэдний хуулийг тэр урж тасчдаг; мөн тэр Бурханы зарлигуудыг хөл дороо дэвсэлдэг;
23 Мөн тэр хуулиудыг, тийм ээ, өөрийн ёс бусын дагуу хуулиудыг тогтоож, мөн тэдгээрийг хүмүүсийнхээ дунд илгээдэг; мөн түүний хуулиудыг дагаагүй хэнийг боловч тэр устгагдахаар болгодог; мөн түүний эсрэг тэмцсэн хэнд боловч их цэргээ тэдний эсрэг байлдуулахаар тэрээр илгээж, мөн хэрэв тэр чадвал тэднийг устгах болно; мөн зөв шударга бус хаан бүх зөв шударгын замуудыг тийн гажуудуулдаг буюу.
24 Мөн эдүгээ болгоогтун би та нарт хэлнэ, та нарын дээр ийм жигшүүрт хэргүүд ирэх нь зохистой биш бөлгөө.
25 Тиймийн тул, зөв болох, мөн Их Эзэний мутраар тэдэнд өгөгдсөн, мөн эцэг өвгөдөөр маань бидэнд өгөгдсөн уг хуулиудын дагуу та нар шүүгдэж болохын тулд та нар энэ хүмүүсийн саналаар шүүгчдийг сонгогтун.
26 Эдүгээ хүмүүсийн санал зөв зүйлийн эсрэгийг хүсэх нь нийтлэг биш байдаг; харин хүмүүсийн цөөнх хэсэг нь зөв бус зүйлийг хүсэх нь элбэг; тиймийн тул ажил хэргээ хүмүүсийн саналаар хийхийг—үүнийг та нар хуулиа болгон мөн дагах болно.
27 Мөн хэрэв хүмүүсийн санал алдсыг сонгох цаг ирвэл, Бурханы шүүлтүүд та нарын дээр ирэх цаг нь тэр болой; тийм ээ, тэрээр бүр үүнээс урьд энэ нутагт зочилсны адил аймшигт устгалаар та нарын дээр зочлох цаг нь тэр болно.
28 Мөн эдүгээ хэрэв та нарт шүүгчид байвал, мөн тэд та нарыг өгөгдсөн тэр хуулийн дагуу шүүхгүй бол, та нар тэднийг илүү дээд шүүгчээр шүүлгэхээр болгож чадна.
29 Хэрэв танай илүү дээд шүүгчид зөв шударга шүүлтүүдээр шүүхгүй бол, та нар цөөн тооны доод шүүгчдийг нэгтгэн цуглуулж, мөн тэд танай дээд шүүгчдийг хүмүүсийн саналын дагуу шүүх болно.
30 Мөн Их Эзэнээс эмээх айдсандаа эдгээр зүйлийг хийхийг би та нарт зарлиг болгоно; мөн эдгээр зүйлийг хийж мөн та нар хаангүй бай хэмээн би та нарт зарлиг болгоно; хэрэв энэ хүмүүс нүгэл болоод алдсуудыг үйлдвэл тэдгээр нь өөрсдийнх нь толгой дээр хариулагдах болно.
31 Учир нь болгоогтун би та нарт хэлнэ, олон хүний нүглүүд тэдний хаадын алдсаас болж байсан; тиймийн тул тэдний алдсууд хаадынх нь толгой дээр хариулагддаг болой.
32 Мөн эдүгээ энэ тэгш бус байдал энэ нутагт, ялангуяа энэ миний хүмүүсийн дунд цаашид бүү байгаасай хэмээн хүснэ би; харин энэ нутаг эрх чөлөөний нутаг байж, мөн хүн бүр өөрийн эрх мөн боломжуудыг адилхан эдлээсэй хэмээн би хүснэ, Их Эзэн биднийг амьдарч мөн уг нутгийг өвлөж болох нь зохистой хэмээн үзэх хугацааны турш, тийм ээ, бүр бидний үр удмын хэн нь ч уг нутгийн гадаргуу дээр оршин байх тэр хугацааны турш буюу.
33 Мөн Мозая хаан тэдэнд илүү олон зүйлийг бичсэн болой, шударга хааны бүх сорилт мөн бэрхшээлүүдийг тэдэнд дэлгэн, тийм ээ, хүмүүсийнхээ төлөө гэх бүх бодгалийн зовлонг, мөн түүнчлэн хаандаа хандсан хүмүүсийн бүх гомдлыг буюу; мөн тэр энэ бүгдийг тэдэнд тайлбарлав.
34 Мөн тэрээр эдгээр зүйл байх нь зохистой бус; харин хүн бүр өөрийн хувийг үүрч болохын тулд ачаа нь бүх хүний дээр ирвэл зохихыг тэдэнд хэлсэн болой.
35 Мөн түүнчлэн тэрээр зөв шударга биш хаан тэдний дээр хаанчилж байхад, тэдний туулах бүх хэцүү талыг тэдэнд дэлгэн үзүүлэв;
36 Тийм ээ, түүний бүх алдас болон жигшүүрт хэргүүд, мөн бүх дайн, зөрчилдөөнүүд, цус урсалт, бас хулгай, дээрэм, түүнчлэн садар самууныг үйлдэх, мөн дурдагдахын аргагүй бүх төрлийн алдас—тэдгээр нь Бурханы зарлигуудад илт харш учир тэдгээр зүйл байх ёсгүйг тэдэнд хэлж өгөв.
37 Мөн эдүгээ улиран тохиох дор, Мозая хаан эдгээр зүйлийг хүмүүсийн дунд илгээсний дараа тэд түүний үгсийн үнэнд үнэмшив.
38 Тиймийн тул тэд хаантай байх хүслээ орхиж, мөн бүх нутаг даяар хүн бүр адил тэгш эрхтэй байна хэмээн үлэмж догдолж байв; тийм ээ, мөн хүн бүр нүглүүдээ хариуцахад бэлэн буйгаа илэрхийлэв.
39 Тиймийн тул, улиран тохиох дор тэдэнд өгөгдсөн хуулийн дагуу өөрсдийг нь шүүх шүүгчид хэн байх талаар саналаа өгөхөөр тэд нутаг даяар хэсгүүдэд нэгдэн цугларав; мөн тэд өөрсдөд нь олгогдсон эрх чөлөөний учир үлэмж баясав.
40 Мөн Мозаяд хандсан тэдний хайр нь хүчтэй болсон ажгуу; тийм ээ, тэд түүнийг өөр бусад ямар ч хүнээс илүү хүндэлсэн аж; учир нь тэд түүнийг бодгалийг ялзраах тэрхүү мөнгийг, тийм ээ, эд баялгийг эрэлхийлэгч дарлагч хэмээн үзээгүй болой; учир нь тэрээр баялгийг тэднээс шаардсангүй, бас цус урсгахад ч баяссан нь үгүй; харин тэрээр уг нутагт амар амгаланг тогтоож, мөн тэрээр тэд бүх төрлийн боолчлолоос чөлөөлөгдөх нь зохистой хэмээн хүмүүстээ зөвшөөрчээ; тиймийн тул тэд түүнийг, тийм ээ, үлэмж хэмжээлшгүй ихээр хүндэтгэв.
41 Мөнхүү улиран тохиох дор тэдний дээр захирах, эсвээс тэднийг хуулийн дагуу шүүх шүүгчдийг тэд томилсон болой; мөн тэд үүнийг бүх нутаг даяар хийв.
42 Мөнхүү улиран тохиох дор Алма анхны ерөнхий шүүгч байхаар томилогдов, мөн тэрээр түүнчлэн дээд прист байсан болой, учир нь эцэг нь түүнд уг албыг дамжуулсан байв, мөн сүмийн бүх хэргийн талаарх хариуцлагыг түүнд өгсөн байсан бөлгөө.
43 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Их Эзэний замуудаар алхаж, мөн тэрээр түүний зарлигуудыг сахиж, мөн зөв шударга шүүлтүүдээр тэр шүүсэн болой; мөн уг нутаг даяар үргэлжийн амгалан байв.
44 Мөн тийн Зарахемлагийн бүх нутаг даяар, нифайчууд гэж нэрлэгдсэн бүх хүний дунд шүүгчдийн засаглал эхлэв; мөн Алма анхны ерөнхий шүүгч байв.
45 Мөн эдүгээ улиран тохиох дор түүний эцэг наян хоёр настайдаа нас эцэслэв, тэрээр Бурханы зарлигуудыг гүйцэлдүүлэхээр амьдарсан болой.
46 Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн Мозая засаглалынхаа гучин гурав дахь жилд, жаран гурван настайдаа насан эцэслэв; мөн Лихай Иерусалимыг орхисон цагаас хойш нийтдээ ийн таван зуун есөн жил болжээ.
47 Мөн Нифайн ард түмний дээрх хаадын засаглал ийн төгсөв; мөн тэдний сүмийг үндэслэгч асан Алмагийн өдрүүд тийн төгсөв.