2022
Ганцаараа биш
2022 оны 1, 2-р сар


Ганцаараа биш

Дамиан гэрийнхнийгээ бүгдээрээ түүнтэй хамт сүмд ирдэг ч болоосой гэж хүсэж байв.

boy holding bag to travel

Тэр үүргэвчин доторхоо шалгаад, хэрэгтэй зүйлсээ авсан эсэхээ харав. Сүмийн хувцас? Байна. Гутал? Байна. Мормоны Ном Байна. Тэр үүргэвчээ цахилгааныг нь татаж үүрээд, хаалга руу явлаа.

Дамиан “Ээж ээ!” гэж дуудав. “Би Абуэла, Абуэло хоёрынх руу явлаа шүү!”

Ээж нь алчуур эвхэж байв. “Эмээ өвөөдөө туслахаа мартав аа!” Ээж нь босож зогсоод, Дамианыг чанга тэвэрлээ. “Тэдэнтэй цуг сүмд явах дуртайг чинь мэднэ ээ. Маргааш цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэж ээж нь хэлэв.

“Тэгнэ ээ” гэж Дамиан хариуллаа. Гэхдээ та надтай хамт явдаг ч болоосой гэж тэр бодлоо.

Дамиан автобусны буудал руу явав. Бямба гараг бүр тэрээр Эквадор дахь өөрийн амьдардаг хотоос Абуэла, Абуэло хоёрын гэр лүү автобусаар явдаг. Тэр тэдэнтэй хамт хоноод, маргааш нь сүм рүү цуг явдаг юм.

Ням гаргийн өглөө Дамиан сүм рүү явахаар хувцсаа өмслөө. Тэр цамцаа товчлоод, гутлаа углан, Абуэла, Абуэло хоёртой хамт сүм рүү явав.

Дамиан сүмд явах дуртай. Тэр дуу дуулж, ариун ёслолоос хүртэх дуртай. Тэр мөн найзуудтайгаа уулзах дуртай. Гэвч тэр гэр бүлийнхээ бусад гишүүнийг өөртэйгөө хамт сүмд яваасай гэж хүсдэг.

Тэр өдрийнхөө үдээс хойш Дамиан Абуэла, Абуэло хоёртой хамт Рүиз ах эгчийнд очив. Тэд хамтдаа гэр бүлийн үдэш хийх гэж байлаа. Абуэла хоолны дараа идэх амттан болгож бялуу авчрав.

Гэр бүлийн үдшийн хичээл нь Есүс Христийн тухай байлаа. Дамиан хичээлийг сонсонгоо Есүс Христийн зургийг өнгөөр ялган будав. “Есүс бидний мэдэрдэг бүх зүйлийг ойлгодог. Биднийг гунигтай байхад хүртэл шүү дээ” гэж Рүиз ах хэлэв.

Дамиан Есүсийн зураг руу харлаа. Есүс түүний мэдэрч байгаа зүйлийг мэддэг гэдэг нь түүнийг баярлуулав.

Хаалтын залбирал хэлсний дараа Абуэла “Би бялуу авчирсан. Хэн идмээр байна?” гэхэд

“Би!” гэж Дамиан хэлэв. Дамиан өтгөн, чихэрлэг амттанд дуртай ба Абуэлагийн бялуу хамгийн амттай нь.

Гэр бүлийн үдэш дууссаны дараа Дамиан гэртээ харихаар Абуэлатай хамт автобусны буудал руу явлаа. Дамиан газар ширтэж байв.

“Ямар нэг юм болоо юу?” гэж Абуэла асуулаа.

Тэр хөмсгөө зангидаж, “Гэрийнхэн маань бидэнтэй хамт сүмд явдаг ч болоосой гэж би хүсэж байна” гэхэд

“Би ч бас” гэж Абуэла хариулав. Тэр Дамианыг тэврээд, “Гэхдээ гэрийнхнээс чинь гадна Абуэло бас бусад олон хүн чамайг хайрладаг” гэв.

Автобус ирээд зогслоо. Дамиан цонхны хажууд суун, автобусыг хөдлөх үед Абуэла руу даллав.

Тэр Абуэлагийн хэлсэн үгийн талаар бодов. Дамиан ээж, ах, эгч нарынхаа тухай бодлоо. Тэд өөрийг нь маш их хайрладаг гэдгийг тэр мэдэж байв. Тэр Хүүхдийн хэсгийнхээ багш, Рүизийн гэр бүл болон Абуэла, Абуэло хоёрын талаар бодлоо. Тэд бүгд түүнд хайртай.

Тэр бүгдээс илүү Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг өөрт нь хайртай гэдгийг тэр мэдэж байв. Энэ нь түүнийг дахин ганцаардахгүй болгосон юм.

Page from the January/February 2022 Friend Magazine.

Зургийг Жулисса Мора