Дуу ба савангийн бөмбөлөг
Ерөнхийлөгч Кимбаллыг үхэртэй хамт дуулж байсан тухай бодмогц Алисын инээд хүрэв.
Тэр дүүгийнхээ аяганд гоймон аягалж өглөө. Тэр таван дүүтэй; тэдэндээ бүгдэд нь хайртай. Тэдэнд туслах нь сайхан санагддаг ч айлын том байх заримдаа хэцүү байдаг. Шинээр дүү мэндлэх болгонд тэр өмнөхөөсөө ч илүү туслах хэрэгтэй болдог. Гэр нь маш бужигнаантай байдаг.
“Сүм дээр өнөөдөр юу сурав?” гэж аав нь асуулаа.
“Есүс!” гэж Алисын бяцхан дүү Сара хариулав. Тэр тавган дээр алимны сүмс түрхлээ.
Алис инээмсэглэв. Сара үнэхээр өхөөрдөм бас нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа.
“Би ерөнхийлөгч Кимбаллын талаар сурсан …” гэж Алисыг хэлж эхэлж байхад ээж нь нөгөө өрөөнөөс дуудав. Шинээр төрсөн дүүд нь аавынх нь тусламж хэрэг болжээ.
“Уучлаарай. Би удахгүй эргээд ирнэ ээ” гэж аав нь хэллээ.
Аавыгаа ээжид нь тусалж байх зуур Алис бусдадаа тусалж байлаа. Эрикийг аягатай сүүгээ асгахад, Алис цэвэрлэв. Гэтэл Сара уйлж эхлэх нь тэр. Алис очоод, тэврэв. Клара дахиад гоймон нэмүүлэхийг хүсэхэд, Алис нэмж өгөв.
Аавыг нь эргэж ирэхэд гал тогоонд чимээтэй, замбараагүй хэвээрээ байлаа. Тайван байхыг мэдрэхэд амархан байдаг ч болоосой гэж Алис хүсэв.
Өдрийн хоол арай гэж нэг юм дууслаа. Алис аяга тавгаа угаалтуурт хураахад нь дүү нартаа туслав. Алис аяга таваг хагалахааргүй том болсон байсан учраас аяга таваг угаах үүрэгтэй байлаа. Тэр угаалтуураа савантай усаар дүүргэв.
Гэрийн ажил хийдэггүй байсан ч болоосой гэж Алис боджээ. Дараа нь тэр Хүүхдийн хэсэгт ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын талаар юу сурч мэдсэнээ санав. Тэр ч бас бага байхдаа гэрийн ажил хийдэг байсан. Тэр үнээгээ сааж байхдаа сүмийн дуу дуулдаг байсан.
Алис ерөнхийлөгч Кимбаллыг үнээтэй хоршин дуулж байгаагаар төсөөлөв. Түүний инээд хүрэв.
Дараа нь түүнд нэг санаа төрлөө. Тэр яг бошиглогч шиг байж болно шүү дээ! Тэр дууны номоо нээгээд, эхний дууллыг гаргав.
Номоо дэлгээтэй байлгахын тулд Алис номоо цонхны тавиур дээр тавив. Тэр номынхоо нэг буланг савтай цэцгийн доогуур шургуулаад, нөгөө булан дээр нь том аяга тавилаа. Ингээд тэр ажлаа хийж байхдаа номоо харж болохоор болов.
Алис таваг, аяга, халбагаа угааж байхдаа сүмийн дуулал дуулж байв. Бүлээн савангийн хөөс түүний гарт тааламжтай санагдав. Мөн дууллууд түүний зүрх сэтгэлийг аз жаргалтай болгож байлаа.
Маргааш нь Алис дахин дуулж эхлэв. Дараа өдөр нь ч мөн адил. Тэр дуулал бүрийн үгийг санахыг хичээж байв. Тэгээд тэр дараагийн дууллыг дуулж эхэллээ. Алис шинэ дуулал хүртэл сурч байлаа. Тэр төгөлдөр хуур хэдэн жил заалгасан тул мэдэхгүй дуулал гарч ирэх үед төгөлдөр хуур дээрээ нотуудыг нь тоглон сурдаг байв.
Удалгүй Алис аяга угаахдаа дургүйцэхээ больжээ. Заримдаа бүр үүнийг хийхдээ дуртай болов. Түүнд Есүсийн тухай дуулж, сонсох нь таатай байлаа. Шинэ дуулал сурах нь яг л шинэ найзтай болохтой адил байв. Амьдрал хэчнээн чимээ шуугиантай байсан ч сүмийн дуулал түүнд амар амгаланг мэдрэхэд тусалсан юм.