Аавын тэмдэглэл
Энэ түүх Тахитид болсон юм.
Аллан гэрийнхээ гаднах сандал дээр сууж байлаа. Нар жаргаж байв. Улайран харагдах тэнгэр өөд далдуу мод сүндэрлэн байна.
Тэр уншиж байсан номынхоо хуудсыг эргүүллээ. Ямар ч зураггүй ном байсан ч Алланд энэ нь хамаагүй байлаа. Тэр энэ номыг унших дуртай.
Түүний нүд аавынхаа цэвэрхэн бичгийг дагуулан харж байв. Тэр уншиж буй хэсгээ санаж байлаа. Энэ хэсгийг унших тоолонд инээд нь хүрдэг байв.
Тэр үед аав нь гарч ирэв. “Яагаад инээсэн юм?” хэмээн асуухад,
“Би таны номуудаас нэгийг уншиж байна” гээд Аллан мишээв. “Би наргил модны самрын тухай хэсэгт дуртай.”
“Аан, чи миний тэмдэглэлийн тухай ярьж байна уу?” гэж аав нь хэлээд, Алланы дэргэд суув. “Тэмдэглэл маань миний амьдралын түүхийг өгүүлдэг. Гэхдээ энэ нь дан ганц миний тухай биш. Чиний тухай мөн ээж, ах, эгч нарын чинь тухай гардаг.”
“Яг Нифай шиг!” гэж Аллан хэлэв. “Тэр өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай түүхийг бичсэн.”
“Яг тийм!” гэж аав нь хэллээ.
“Би таны тухай хэсгүүдэд хамгийн дуртай. Жишээ нь, Тахитид номлогч байсан тухай түүхэнд” гэж Аллан хэлэв.
“Би чиний тухай хэсгүүдэд хамгийн дуртай” гэж аав нь хэллээ. “Чамайг ахлагч Бэднарын дунд нэрээр нэрлэсэн гэдгийг чи мэдэх үү?”
“Та хэзээ ч энэ тухай хэлж байгаагүй шүү дээ!” “Энэ талаар гардаг хэсгийг уншихыг тэсэн ядан хүлээж байна” гэж Аллан хэлэв.
Аав нь инээмсэглэн, “Тэмдэглэлд маань маш олон түүх байгаа. Би 8 настайгаасаа тэмдэглэл хөтөлж эхэлсэн.”
“Наймтайгаасаа юу?” гэж Аллан асуулаа. “Маш, маш урт хугацаа байна” гэхэд,
аав нь инээж, “Би тийм ч хөгшин биш шүү” гэлээ.
Аллан хэсэг бодсоноо, “Би удахгүй 8 хүрнэ шүү дээ. Төрсөн өдрөөрөө тэмдэглэлийн дэвтэр авч болох уу?” хэмээн асуув.
“Бололгүй яахав!” гэж аав нь хариуллаа.
“Тэгээд би дэвтэртээ түүхүүдээ бичээд, хэзээ нэг өдөр миний хүүхдүүд үүнийг унших болно.”
“Ёстой сайхан гэр бүлийн уламжлал шиг сонсогдож байна!” гэж аав нь хэлэв.