Ирж, бидэнтэй нэгд
Таны нөхцөл байдал, хувийн түүх эсвэл гэрчлэлийн тань хүчирхэг байдал ямар байхаас үл хамааран танд зориулсан орон зай энэ сүмд байна.
Нэг удаа нэгэн эр өөрийгөө дэлхийн бүх шашны цугларсан том танхимд байгаагаар зүүдэлжээ. Шашин бүр хүсүүштэй, олон үнэт зүйлтэй болохыг тэр зүүдэндээ анзаарсан байна.
Тэгээд дараа нь тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлсөн нэгэн найрсаг хостой танилцаж, тэднээс “Танайх гишүүдээсээ юу шаарддаг вэ?” гэж асуув.
Тэд “Бид юу ч шаарддаггүй ээ,” “Харин Их Эзэн биднээс бүхнээ зориулахыг хүсдэг юм” гэв.
Тэд цааш үргэлжлүүлэн, сүмийн дуудлагат ажил, гэрийн болон айлчлагч багш, бүрэн цагийн номлол, долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш, халамж болон хүмүүнлэгийн үйлчлэл мөн хичээл заах гэх мэт үүргүүдийн талаар тайлбарлажээ.
Мөнөөх эр “Та нар хийсэн бүх ажлынх нь төлөө хүмүүстээ цалин өгдөг үү?” гэж асуув.
“Өө, үгүй дээ,” “Тэд үнэ хөлсгүйгээр үйлчилдэг юм” хэмээн хосууд тайлбарлав.
“Түүнчлэн” хэмээн хосууд үргэлжлүүлэн, “зургаан сар тутам болдог Ерөнхий чуулганд оролцох эсвэл үзэхийн тулд манай сүмийн гишүүд амралтын өдрүүдийнхээ 10 цагийг зарцуулдаг” хэмээн ярив.
“Хүмүүсийн хэлэх үгсийг арван цаг сонсдог гэж үү?” хэмээн гайхсанаа,
“Тэгвэл долоо хоног бүр болдог сүмийн цуглаан чинь хэр удаан үргэлжилдэг вэ?” хэмээн асуув.
“Ням гараг бүр, гурван цаг!”
“Хөөх, тийм үү” хэмээн дуу алдан, “Танай сүмийн гишүүд та нарын хэлсэн бүх зүйлийг хийдэг гэж үү? хэмээн асуув.
“Тэдгээрээс гадна бүр ихийг хийдэг. Бид гэр бүлийн түүхийн ажил, өсвөр үеийнхний чуулган, галын дэргэдэх ярилцлага, судраас судлах, удирдагчдын сургалт, өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагаанууд, өглөөний семинар, сүмийн байрыг цэвэрлэх, түүнчлэн мэдээж Их Эзэний эрүүл мэндийн хууль, гачигдаж буй хүмүүст туслахад зориулдаг сар тутмын мацаг барилт, аравны нэг зэргийн талаар дурдаагүй шүү дээ.”
Өнөөх эр “Одоо би бүр гайхчихлаа. Хүмүүс яагаад ийм сүмд нэгдэхийг хүсдэг юм бол?” хэмээн асуув.
Хосууд инээмсэглэн, “Таныг ингэж асуухгүй нь гэж бодлоо” хэмээв.
Хүмүүс яагаад ийм сүмд нэгдэхийг хүсдэг юм бол?
Дэлхий даяар өөр олон сүмийн гишүүдийн тоо буурч байхад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бусад олон сүмүүдтэй харьцуулахад цөөхөн ч гэлээ дэлхий дээрх хамгийн хурдацтай өсч буй сүмүүдийн нэгд ордог юм. 2013 оны 9-р сарын байдлаар сүм дэлхий даяар 15 сая гаруй гишүүнтэй болсон байна.
Үүнд олон шалтгаан байгаа ч цөөн хэдийг нь би дурдъя.
Аврагчийн сүм
Нэгдүгээрт, Есүс Христ өөрөө энэ сүмийг бидний энэ эрин үед сэргээсэн юм. Та эндээс Түүний нэрээр үйлдэх буюу нүглүүдийн өршөөлийн төлөөх баптисм болон Ариун Сүнсний бэлэг хүртээх, газар мөн тэнгэрт лацдан холбох эрх мэдлийг олох болно.1
Энэ сүмд нэгдсэн хүмүүс Аврагч Есүс Христэд хайртай бөгөөд Түүнийг дагахыг хүсдэг юм. Бурхан хүн төрөлхтөнтэй ахин ярьдаг хэмээх мэдлэгт тэд баясдаг. Тэд ариун санваарын ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулах үедээ өөрсдийн амьдралд Бурханы хүчийг мэдэрдэг.2 Ариун сүмд орохдоо тэд Түүний оршихуйд байгаагаа ойлгодог билээ. Тэд ариун судруудаас3 уншиж, Түүний бошиглогч нарын заасан зүйлийн дагуу амьдрахдаа өөрсдийн ихэд хайрладаг Аврагчид илүү ойрхон болж, өсөж хөгждөг.
Бодит итгэл
Сүм биднийг сайныг үйлдэх боломжуудаар хангадаг нь хоёр дахь шалтгаан болно.
Бурханд итгэх нь сайшаалтай боловч ихэнх хүмүүс сүнслэг удирдамж бүхий сургаалыг сонсох эсвэл тэнгэрт байрлах өөрсдийн харшийн4 талаар мөрөөдөхөөс илүү ихийг хийхийг хүсдэг. Тэд итгэлээ бодит үйлдэл болгохыг мөн ханцуй шамлан, энэхүү агуу үйлсэд оролцохыг хүсдэг.
Тэд бидэнтэй нэгдэх үед эдгээр зүйлс-авьяас чадвар, энэрэл хайр, цаг заваа сайн үйлс хийхэд зориулах олон боломж тэдэнд бий болох болно. Дэлхий даяар явагддаг цуглаануудад санваартнууд маань цалин хөлс авдаггүй учраас манай гишүүд өөрсдөө үйлчлэл хийдэг юм. Тэд сүнслэг удирдамжаар дуудагддаг. Заримдаа бид өөрсдийн саналаар, заримдаа “бусдын саналаар” ч хийнэ. Бид оногдсон үүргээ ачаа дарамт гэж боддоггүй бөгөөд харин Бурхан болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхийн тулд баяр баясалтайгаар хийдэг гэрээгээ гүйцэлдүүлэх боломж гэж хардаг билээ.
Эрхэм үнэт адислалууд
Хүмүүсийн энэ сүмд нэгдэх гурав дахь шалтгаан бол дагалдагчийн замаар алхсанаар үнэт адислалууд руу хөтөлдөгт оршино.
Баптисм бол дагалдагчийн замаар аялах эхлэлийн цэг гэж бид үздэг. Өдөр тутам Есүс Христтэй хамт алхах бидний аялал нь энэ амьдралын зорилго болох амар амгалан, ирэх дэлхий дэх бүрэн дүүрэн аз жаргал, мөнхийн аврал руу удирддаг.
Энэхүү замыг итгэлтэйгээр дагадаг хүмүүс амьдралын олон алдаа төөрөгдөл, харамсал гуниг, гэмшил зовлонгоос хол байж чаддаг.
Сүнсэн дотроо ядуу, зүрх сэтгэлдээ шударга хүмүүс эндээс мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг олдог.
Зовж шаналж, гуниглан, гашуудаж байгаа хүмүүс эндээс мөн эдгэрлийг олдог.
Нүглийнхээ ачааг үүрч байгаа хүмүүс эндээс өршөөл, эрх чөлөө, амралтыг олж авдаг.
Холдон явсан хүмүүст
Үнэний эрэл нь сая сая хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм рүү хөтөлсөн. Гэсэн хэдий ч, нэгэн үед хайртай байсан сүмээсээ холдон явсан хүмүүс бас байдаг.
“Сургаал тийм гайхалтай юм бол хүмүүс яагаад холдон явдаг юм бэ?” гэж асуух хүн байж болно.
Заримдаа бид тэдгээр хүмүүсийг гомдсон, залхуурсан эсвэл нүгэл үйлдсэнээс болоод холдсон байх гэж боддог. Үнэндээ, энэ нь тийм ч энгийн зүйл биш юм. Чухамдаа, олон янзын нөхцөл байдалд тохирох ганцхан шалтгаан гэж байхгүй.
Хайртай гишүүдийн маань зарим нь сүмээс өөрсдийгөө тусгаарласан нь дээр юм болов уу хэмээх асуултыг тавин, олон жилийн турш дотроо бодон, шаналж явдаг.
Асуулт асуун, түүнийхээ хариултыг олж авсан залуу хүүгээр дамжуулан сэргээгдсэн, хувийн сонгох эрхийг чанд эрхэмлэдэг энэ сүмд үнэнийг эрхэмлэн хайдаг хүмүүсийг бид хүндэлдэг. Аялал нь тэднийг бидний хайрладаг сүм болон бидний олж мэдсэн тэрхүү үнэнээс хөндийрүүлэхэд зүрх сэтгэл маань шимширдэг ч ухамсрынхаа дагуу Бүхнийг Чадагч Бурханаа шүтэх эрх нь бидэнд байгаа онцгой эрх хэмээн зарладаг шигээ бид бусдын тэр эрхийг хүндэлдэг.5
Хариулагдаагүй асуултууд
Зарим хүмүүс өнгөрсөн үед хийгдсэн болон хэлэгдсэн зүйлсийн тухай хариулагдаагүй зарим асуултуудын талаар шаналсаар байдаг. Сүнслэг өдөөлт бүхий, хүндлүүштэй, тэнгэрлэг олон үйл явдлыг багтаасан сүмийн сүүлийн 200 жилийн түүхэнд хүмүүсийн оюунд асуулт бий болгоход хүргэсэн зарим зүйлс хэлэгдэж, хийгдсэн гэдгийг бид нээлттэй хүлээн зөвшөөрдөг.
Заримдаа бидэнд ердөө л бүх мэдээлэл байхгүйн улмаас асуултууд гарч ирдэг бөгөөд бидэнд бага зэрэг илүү тэвчээр хэрэгтэй болдог. Бүх үнэн яваандаа илэрч, мэдэгдэхэд өмнө нь бидэнд ойлгомжгүй байсан зүйлс бидний санаанд хүрэхүйцээр ойлгомжтой болох болно.
Зарим үед “баримт” гэж яг юу болох тухай олон өөр үзэл гардаг. Нарийвчилсан судалгаанаас харахад зарим хүмүүст эргэлзээ төрүүлдэг асуултууд нь бусад хүмүүсийн итгэлийг бэхжүүлж ч болно.
Төгс биш хүмүүсийн алдаа
Шулуухан хэлэхэд сүмийн гишүүд эсвэл удирдагчид алдаа гаргах үе бий. Бидний эрхэмлэн үздэг үнэт зүйлс, зарчим юм уу сургаалуудтай зохицохгүй хэлэгдсэн эсвэл хийгдсэн зүйлс байж болно.
Сүм төгс хүмүүсээр удирдагдсан бол төгс байх байсан гэж би төсөөлж байна. Бурхан төгс бөгөөд Түүний сургаал ариун юм. Гэхдээ Тэр биднээр буюу Өөрийн төгс бус хүүхдүүдээр, алдаа гаргадаг төгс бус хүмүүсээр дамжуулан ажилладаг билээ.
Мормоны Номын эхний хуудаснаас бид “Мөн эдүгээ, хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүний алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд, Бурханы зүйлүүдийг бүү буруушаа”6 хэмээн уншдаг.
Ийм л байсан бөгөөд Христ дэлхий дээр Өөрийн биеэр хаанчлах тэрхүү төгс өдрийг хүртэл ийм л байх болно.
Хүмүүний гаргасан алдаанаас болж зарим хүмүүс бүдэрдэг нь харамсалтай. Гэвч үүнийг үл хайхран Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн үнэн гутаагдахгүй, сулрахгүй мөн устгагдахгүй.
Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч бөгөөд энэ сүмийн ажил мөн зөвлөлийг шууд харж буй хүний хувьд энэ сүм болон сүмийн гишүүдэд нөлөөлөх ач холбогдол бүхий ямар ч шийдвэрийг Мөнхийн Эцэгийн сүнслэг өдөөлт, удирдамж, зөвшөөрлийг хичээнгүйлэн эрэлхийлэхгүйгээр гаргадаггүй гэдгийг албан ёсоор гэрчилж байна. Энэ бол Есүс Христийн сүм. Бурхан Өөрийн сүмийг томилогдсон замаас хазайхыг эсвэл тэнгэрлэг хувь заяагаа гүйцэлдүүлж чадахгүй болохыг зөвшөөрөхгүй.
Энд таны орон зай байгаа.
Сүмээс өөрсдийгөө хөндийрүүлсэн хүмүүст хандан, хайрт найзууд минь, танд зориулсан газар энд байна хэмээн хэлье.
Ирж; авьяас чадвар, бэлэг оюун болон эрч хүчээ биднийх дээр нэмээч. Үр дүнд нь бид бүгдээрээ илүү их сайжрах болно.
Зарим нь “Гэхдээ миний эргэлзээ яах вэ?” гэж асууж магадгүй.
Асуулттай байна гэдэг нь хэвийн зүйл юм. Чин сэтгэлийн асуултын жижиг үр ихэнхдээ соёолж, ойлголтын агуу том мод болон ургадаг. Ноцтой эсвэл эмзэг асуултуудын талаар хэзээ нэгэн цагт эргэлзэж байгаагүй сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн зорилгуудын нэг бол зарим үед итгэлийн үрийг бүр эргэлзээ бүхий болон итгэлгүй байдлын элсэрхэг хөрсөнд тарьж, арчилж ургуулах явдал ч байдаг. Итгэл бол үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах нь юм.7
Тиймийн тул, хайрт ах эгч нар, найз нөхөд минь, итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз.8 Эргэлзээ биднийг олзлон, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дамжин ирдэг хайр, амар амгалан, бэлгүүдээс маань холдуулахыг бид хэзээ ч зөвшөөрч болохгүй.
Зарим хүмүүс “Би энэ сүмд, та нар шиг хүмүүсийн дунд тохирохгүй ээ.” гэж хэлж магадгүй.
Та бидний зүрх сэтгэл рүү өнгийн харж чаддаг бол өөрийнхөө бодож байгаагаас ч илүү сайн тохирч байгаагаа олж харах байх. Танд тохиолддог уйтгар гуниг, зовлон зүдгүүр болон найдвар бидэнд ч бас байдгийг олж хараад та гайхаж магадгүй. Ар гэр эсвэл хүмүүжил тань олон хожмын үеийн гэгээнтнээс анзаарсан зүйлсээс тань өөр мэт санагдаж болно, гэхдээ тэр нь адислал байж болох юм. Ах эгч нар болон хайрт найзууд аа, та нарын онцгой авьяас чадвар, чадамж бидэнд хэрэгтэй. Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрон дахь хувь хүн болон бүлэг хүмүүсийн онцлог талууд нь энэ сүмийн хүчирхэг байдал юм.
Зарим хүмүүс, “Би танай жишигт хүрэхүйцээр амьдарч чадахгүй байх” гэж хэлж болох юм.
Ирэх бас нэг шалтгаан! Төгс бус, зовж шаналж буй мөн ядарсан хүмүүсийг халамжлахын тулд сүм байгуулагдсан. Зарлигуудыг дагахдаа хараахан төгс болоогүй ч бүхий л зүрх сэтгэлээрээ дагахыг хүсдэг хүмүүсээр сүм дүүрсэн байдаг.
Зарим нь, “Би танай сүмийн хоёр нүүр гаргадаг гишүүнийг мэднэ. Түүн шиг гишүүнтэй сүмд би хэзээ ч нэгдэж чадахгүй” гэж хэлж магадгүй.
Хэрвээ та итгэж буй зүйлийнхээ дагуу төгс амьдарч чадалгүй унасан хүнийг хоёр нүүртэн хэмээн тодорхойлж байгаа бол бид бүгдээрээ хоёр нүүртэн болно. Бид Христтэй адил байх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч хэн маань ч хараахан адил биш юм. Гэвч бид өөрсдийн алдаа болон нүгэл үйлдэх хандлагаа орхихыг чин сэтгэлээсээ хүсдэг. Есүс Христийн цагаатгалын тусламжтайгаар бид илүү сайн хүмүүс болохыг бодгал, зүрх сэтгэлээсээ эрмэлздэг.
Хэрвээ энэ нь таны хүсэл бол нөхцөл байдал, хувийн түүх эсвэл гэрчлэлийн тань хүчирхэг байдал ямар байх нь хамаагүй танд зориулсан орон зай энэ сүмд байна. Ирж, бидэнтэй нэгдээрэй!
Ирж, бидэнтэй нэгд!
Хүмүүний төгс бус байдлыг үл хайхран, энэ сүмийн гишүүдийн дундаас энэ дэлхийн санал болгох хамгийн эрхэм сайн олон хүнийг та олох болно гэдэгт би итгэлтэй байна. Есүс Христийн сүм элэгсэг дотно, хүнлэг энэрэнгүй, шударга зөв, ажилч хичээнгүй байдлаараа анхаарал татдаг мэт санагддаг.
Хэрвээ та эндээс төгс хүнийг олно гэж бодож байгаа бол урам тань хугарах болно. Харин Христийн ариун сургаал, “шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч”9 Бурханы үг болон Ариун Сүнсний цэвэршүүлэгч нөлөөг хайж байгаа бол эндээс та олох болно. Бөхөж буй итгэлийн энэ үед, олон хүн тэнгэрийн тэврэлтээс өөрсдийгөө холдуулж байгаа энэ үед яг л тан шиг Бурхан болон найз нөхдөдөө үйлчилснээр Аврагчдаа илүү ойртон очихоор, Түүнийг мэдэхээр тэмүүлж буй хүмүүсийг та олох болно. Ирж, бидэнтэй нэгдээрэй!
Та нар бас явахыг хүсэж байна уу?
Аврагчийн амьдрал дахь олон хүн Түүнийг орхин явсан үе миний санаанд орж байна.10 Есүс арванхоёр шавиасаа:
“Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуухад
“Симон Петр Түүнд Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна”11 хэмээн хариулдаг.
Энэ асуултад хариулах үе бидэнд ч бий. Бид бас холдон явах уу? Эсвэл бид Петртэй адил мөнх амийн үгсээс зууран барих уу?
Хэрэв та үнэн, утга учир, итгэлээ үйлдэл болгох арга замыг хайж байгаа бол, хэрэв та өөрийн байх ёстой газраа хайж байгаа бол: Ирж, бидэнтэй нэгдээрэй!
Хэрэв та нэгэн цагт сонгож байсан итгэлээсээ холдсон байгаа бол: Эргэн ирж, бидэнтэй нэгдээрэй!
Хэрэв та бууж өгөх гэж байгаа бол: Дахиад жаахан тэсээрэй. Танд зориулсан орон зай энд байна.
Эдгээр үгсийг сонсож эсвэл уншиж байгаа бүхий л хүмүүсийг: Ирж, бидэнтэй нэгдээч. Эелдэг зөөлөн Христийн дуудлагад анхаарлаа хандуулаач. Загалмайгаа үүрч, Түүнийг дагаач12 хэмээн би гуйж байна.
Ирж, бидэнтэй нэгдээрэй! Учир нь эндээс та үнэлж боломгүй үнэ цэнэтэй зүйлээ олох болно.
Та эндээс мөнх амийн үгс, адислагдсан гэтэлгэлийн амлалт, амар амгалан болон аз жаргалд хүрэх замыг олох болно хэмээн би гэрчилж байна.
Үнэнийг эрэлхийлэх таны эрэл нь ирж, бидэнтэй нэгдэх хүслээр зүрх сэтгэлд тань нөлөөлөх болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.