Хагарсан сав шиг
Та эсвэл таны хайртай хүмүүс сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орох үед та хэрхэн хандах вэ?
Есүс Христийн шавь нар “бүгд энэрэнгүй”1 байх ёстой хэмээн төлөөлөгч Петр бичсэн билээ. Үүнтэй уялдуулан би хүнд, хөнгөн хэлбэрээр, богино хугацаанд эсвэл бүх насаараа сэтгэцийн өвчнөөр юм уу сэтгэл санааны хямралын зарим хэлбэрээр зовж шаналж буй тэдгээр хүмүүст хандан, үг хэлэхийг хүсч байна. Бид сэтгэл мэдрэлийн болон сэтгэцийн өвчний талаар мөн удамшлын хандлага, хромосомын согог, солиорол, паранойд, шизофрен зэргийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярихыг сонсохдоо энэ нь хэчнээн эмзэг асуудал болохыг мэдэрдэг. Эдгээр зовлон зүдгүүр нь хэдийгээр хүнд хэцүү ч мөнх бус амьдралд тохиолдох зүйлүүдийн л зарим хэсэг бөгөөд даралт ихсэхэд эсвэл хорт хавдар гэнэт илрэхэд бид хүлээн зөвшөөрөхөөсөө ичдэггүйтэй адил сэтгэцийн өвчнөөсөө санаа зовж, ичих хэрэггүй юм.
Юуны өмнө бид эдгээр хүнд асуудлуудын талаар сэтгэлийн тайтгарал олж авч, ойлгох гэж хичээх үедээ Бурхантай адил болох гэсэн бидний итгэлтэй оролдлого олон удаа соригдож, шалгагдах ёстой унасан ертөнцөд амьдрахаар сонгож, амьдарч байгаа гэдгээ санаж байх нь нэн чухал юм. Үүнийг хийхэд Аврагчийг илгээсэн Эцэг болон ирсэн Хүү хоёрын төлөөс хэмжээлшгүй их байсан ч Бурханы төлөвлөгөөн дэх хамгийн агуу баталгаа нь Түүнд итгэх итгэлийнхээ хэмжээгээр шалгуур, сорилтуудыг ялгуусан байдалтайгаар даван туулахад бидэнд туслах Аврагч, Гэтэлгэгч амлагдсан явдал юм. Энэхүү бурханлаг хайрын тухай бидний ойлголт нь биднийг өөрсдийн багаахан зовлонг эхлээд тэвчиж чадахуйц,дараа нь ойлгож чадахуйц, эцэст нь ариусгахуйц болгодог билээ.
Дээр дурдсан өвчнүүдийн тухай ярихаа түр азнаад “сэтгэцийн гүн хямрал” буюу “сэтгэл гутрал” гэдэг нэрээр нь олон хүн мэддэг тэр өвчин дээр анхаарлаа хандуулья. Үүний талаар ярихдаа би бүх хүмүүст тохиолддог бүтэлгүй өдрүүд, татвар төлөх эцсийн хугацаа, ажил амжихгүй бухимдах үе эсвэл бидэнд үргэлж тохиолддог сэтгэл санаагаар унагаах зүйлсийн талаар яриагүй гэдгийг ойлгоорой. Хүн бүрд сэтгэл тавгүйтэх эсвэл урам хугарах зүйлс тохиолддог. Мормоны Номонд Аммон болон түүний дүү нар номлолынхоо хүнд хэцүү цаг үедээ ихэд шантарсан тухай өгүүлдэг.2 Бидэнд ч гэсэн заримдаа, магадгүй маш олон удаа урам хугарах эсвэл гутрах зүйл тохиолдоно. Гэвч өнөөдөр би үүнээс хамаагүй ноцтой бөгөөд амьдралд бүрэн дүүрэн оролцох тухайн хүний чадварыг нь хязгаарладаг өвчин эмгэгийн талаар буюу тэдгээр өвчтэй хүмүүс толгойгоо сэгсэрч, арай шийдэмгий байвал алга болчихно гэж хэн ч баттайгаар хэлж чадахааргүй сэтгэлийн гүн шархны талаар ярьж байна!
Үгүй ээ, тэрхүү оюун ухаан, сүнсний харанхуй байдал нь ердийн нэг урам хугаралтаас илүү ноцтой зүйл юм. Бараг тэнгэр элч шиг миний нэгэн найзын 50 жил ханилсан эхнэр нь нас барахад би түүнийг сэтгэл гутралд орохыг харж байсан. Би дөнгөж төрсөн шинэ ээжүүдийг “төрсний дараах сэтгэл гутралд” орохыг ч бас харсан. Мөн энэ нь сэтгэл нь түгшсэн оюутнуудад, цэргийн ахмад дайчдад, өсөж том болсон үр хүүхдүүддээ санаа нь зовсон эмээ нарт ч тохиолдохыг би бас харсан.
Мөн гэр бүлээ тэжээх гэж зүтгэж байгаа залуу эцэгт ч тохиолдож байхыг би харсан. Миний хувьд ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан билээ. Гэр бүл маань санхүүгийн хэцүү байдалд орж, дээрээс нь би ядаргаанд орж байсан үе бий. Тэр үед миний сэтгэл санаа тогтворгүй болж, эрүүл ухаанаар сэтгэж чадахаа больсон байв. Бурханы нигүүлсэл мөн гэр бүлийнхний маань хайр халамж намайг үүрэг хариуцлагаа биелүүлж, үргэлжлүүлэн ажиллах хүчийг өгсөн. Олон жил өнгөрсөн ч би архаг эсвэл гүн хямралд орсон бусад хүмүүсийг ойлгож, тэднийг гүнээ хайрладаг болсон юм. Мэдээж, би бошиглогч Иосеф Смитийн хэлснээр “хамгийн харанхуй гүнзгий ангалыг эрж хай[н], бясалга[сан]”3 мөн цөхрөлтгүйгээр давж чадсан зарим агуу хүмүүс болох Абрахам Линкольн, Уинстон Черчилл болон Христтэй адил зан чанарыг хамгийн ихээр өөртөө агуулсан бөгөөд манай эриний хамгийн зөөлөн, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, найм дахь бошиглогч болохоосоо хэдхэн жилийн өмнө сэтгэлийн гүн хямралтайгаа тэмцэж, ялан гарч чадсан ахлагч Жорж Альберт Смит зэрэг хүмүүсээс хүч зоригийг авдаг билээ.
Та эсвэл таны хайртай хүмүүс сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орвол та хэрхэн хандах вэ? Юуны түрүүнд таны ойлгож чадахаас ч илүүгээр таныг хайрладаг Тэнгэр дэх Эцэгтээ итгэх итгэлээ хэзээ ч бүү алд. Өнгөрсөн бямба гарагийн орой ерөнхийлөгч Монсон Халамжийн Нийгэмлэгийн эгч нарт хандан, “Хайр хэзээ ч өөрчлөгддөггүй. … Та гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах эрхтэй байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Бурханы хайр үргэлж тантай хамт байдаг”4 хэмээн хэлсэн. Энэ нь үргэлж энгийн байдаг. Үүнд хэзээ ч бүү эргэлз мөн зүрх сэтгэлээ бүү хатууруул. Таны амьдралд Их Эзэний Сүнсийг авчирдаг бөгөөд цаг хугацааны туршид шалгарсан шашны үйлээ итгэлтэйгээр дагаарай. Өөрийнхөө сүнслэг сайн сайхны төлөө та түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээс зөвлөгөө ав. Санваарын адислалуудыг эрэлхийлж, нандигнан хайрла. Ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж, Есүс Христийн Цагаатгалын төгс амлалтуудаас зууран барь. Гайхамшгуудад итгэ. Амьдрал дахь итгэл найдвар нь алдагдсан хүмүүсийг би харсан. Итгэл найдвар нь хэзээ ч алга болдоггүй. Хэрэв гайхамшгууд нь даруй эсвэл бүрэн дүүрнээр ирэхгүй байвал мөн огт тохиохгүй байгаа мэт санагдвал Аврагчийн өөрийнх нь зовж шаналсан жишээ болох тэрхүү гашуун аяганаас уухаас өөр аргагүй болсон үедээ түүнээс ууж, ирээдүйд ирэх илүү аз жаргалтай өдрүүддээ найдан, хүчтэй байхаа5 санагтун.
Та боломжийнхоо хэрээр өвчнөөс урьдчилан сэргийлэн, автомашиныхаа халах, хурд нэмэх эсвэл шатахуун дуусах зэрэгт анхаарлаа хандуулдгийн нэгэн адилаар танд эсвэл таны тусалж чадах хэн нэгэнд стрессын шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажигла. Та “хоосролын сэтгэл гутрал”-д орвол зохих тохиргоонуудыг хий. Ядаргаа бол бид бүхний нийтлэг дайсан учраас хурдаа сааруулж, амарч, биеэ сэргээж мөн хүч чадлаа нөхөж авах хэрэгтэй. Хэрэв бид эрүүл мэнддээ цаг гаргахгүй бол дараа нь өвчинд цаг зарцуулах нь ойлгомжтой гэдгийг эмч нар бидэнд сануулдаг.
Байдал тань муудсан хэвээр байвал мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай, ёс зүй сайтай, нэр хүнд бүхий хүмүүсээс зөвлөгөө ав. Тэдэнтэй өөрийн өвчний түүх болон асуудлынхаа талаар илэн далангүй ярилцаарай. Тэдний өгсөн зөвлөгөө, зааварт залбиралтай мөн хариуцлагатай ханд. Хэрэв таны мухар олгой үрэвссэн бол Бурхан таныг санваарын адислал авч, боломжтой байгаа хамгийн сайн эмнэлгийн тусламж, үйлчилгээг аваасай гэж хүсч байгаа. Сэтгэл санааны хямралуудын хувьд ч мөн адил хандаасай гэж Тэрээр хүсдэг. Тэнгэр дэх бидний Эцэг энэ гайхамшигт эрин үед бидэнд зориулан өгсөн гайхамшигт бэлгүүдээ бүгдийг нь ашиглаасай гэж биднээс хүсдэг юм.
Хэрвээ та өвдсөн бол эсвэл өвчтэй хэн нэгнийг асардаг бол хийх ажилдаа дарагдахгүй байхыг хичээ. Бүхнийг хийж чадна гэж бүү бодоорой. Харин чадах зүйлээ л хий. Таны гаргасан амжилтууд өчүүхэн жижиг байсан ч тэдгээрт талархалтай байж мөн тэвчээртэй байгаарай. Судруудад Их Эзэн “хөдөлгөөнгүй” эсвэл “дуугүй” байхыг мөн хүлээхийг олонтоо тушаасан байдаг.6 Зарим зүйлсийг тэвчээртэйгээр даван туулах нь бидний мөнх бус амьдралын сургуулийн нэгээхэн хэсэг юм.
Өвчтэй нэгнийг асардаг хүмүүсийн хувьд хэн нэгний эрүүл мэндэд туслах гэж хичээхдээ өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь бүү хаяарай. Эдгээр бүх зүйлсэд ухаалаг ханд. Та “өөрт буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй”7 юм. Бидний өгч чадах эсэхээс үл хамааран, бид залбирч мөн “чин сэтгэлээсээ”8 хайрлаж чадна. “Энэрэл бол удаан тэсвэрлэдэг, сайхан сэтгэлтэй; … амар өдөөн хатгагддаггүй, … харин бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг билээ. Энэрэл хэзээ ч дуусдаггүй.”9
Бидэнд аливаа өвчин зовлон эсвэл хүнд хэцүү сорилтууд тулгарсан ч амьдралд итгэл найдвартай мөн талархалтай байх зүйл олон байдгийг санацгаая. Бидэнд ямар нэгэн хязгаарлагдмал зүйлүүд эсвэл өвчин зовлон байдаг ч бид үүрд мөнх байх болно. Стэфани Кларк Нийлсон болон түүний гэр бүлтэй бид 30 гаруй жил нөхөрлөсөн найз нөхөд юм. 2008 оны 8 сарын 16-нд Стэфани болон түүний нөхөр Кристиан онгоцны осолд орсон бөгөөд гэр бүлийнхэн нь хохирогчийг таних гэж ирэхэд ослын галд түлэгдсэн учраас тэд Стэфаниг хөлний хумсных нь будгаар нь мөн гэдгийг тогтоожээ. Түүнд амьд үлдэх найвар бараг байхгүй байв. Тэр гурван сар ухаан орохгүй байсны дараа сэрж, өөрийгөө харав. Тэрээр өөрийгөө ямар болсныг харсны дараа сэтгэлээр унаж, аймшигтай гүн хямралд орсон юм. Долоогоос доош насны 4 хүүхэдтэй тэрээр хүүхдүүддээ өөрийгөө хэзээ ч харуулахгүй байхаар шийджээ. Амьд байснаас үхэх нь дээр юм байна гэж тэр бодож байжээ. Надад Стэфани нэг удаа миний ажлын өрөөнд “Тэд намайг мартаж, би тэдний амьдралаас чимээгүйхэн алга болох нь илүү хялбар арга юм байна гэж бодож байсан” тухайгаа хэлсэн юм.
Гэхдээ түүний мөнхийн зорилгын учир болон нөхөр, гэр бүл, найз нөхөд, дөрвөн хөөрхөн хүүхдийнх нь залбирлын хариуд Стэфани өөрийн устгалын гүн харанхуй хавцлаас эргэн ирсэн. Жил зургаан сарын өмнө Нийлсоны гэр бүлд тав дахь хүүхэд нь мэндэлсэн бөгөөд Стэфани Америк даяар хамгийн их түгсэн “эхчүүдэд зориулсан блог хөтлөгч” болсон юм. Энэхүү блогийг дагагч 4 сая хүнд эх хүн байх нь түүний амьдралын “бурханлаг зорилго” гэдгийг мөн энэхүү үзэсгэлэнт дэлхий дээр түүнд өгөгдсөн бүхий л зүйлийг өдөр болгон нандигнан хайрлах ёстой гэдгээ нээлтэй зарлаж байв.
Ах эгч нар минь, та нар сэтгэцийн юм уу сэтгэл санааны эсвэл бие махбодын эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болон зовж шаналж байсан ч амьдралаасаа бүү татгалзаарай, үнэ цэнийг нь бүү үгүйсгээрэй! Бурханд итгэ. Түүний хайраас зууран барь. Хэзээ нэгэн цагт нар мандаж, мөнх бус амьдралын бүх сүүдэр алга болно гэдгийг ойлго. Зарим үед бидэнд Дуулал номонд бичигдсэнтэй адил “хагархай сав шиг”10 санагдах үе байвч сав нь өөрөө бурханлаг ваарчны гарт байгааг санах ёстой. Гэмтсэн оюун санаа нь хугарсан яс болон шархалсан зүрх сэтгэл эдгэрдгийн адилаар эдгэрнэ. Бурхан тэдгээр засваруудыг хийж байх үед бид тэдгээр хүмүүст энэрэнгүй, шүүмжлэлгүй, сайхан сэтгэлээр хандаж туслах ёстой.
Би Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын тулгуур чулуу, зүйрлэшгүй бэлэг болох ариун амилалтыг гэрчилж байна! Би төлөөлөгч Паулын хамтаар “үхэгсдийн амилалт нь муудах байдал дотор таригдаж, … алдар дотор амилуулагдана, … мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана”11 гэдгийг гэрчилж байна. Мөнх бус амьдралдаа хөгжлийн бэрхшээлтэй байсан бидний хайрт хүмүүс алдар суу, сүр жавхлантай, зүйрлэшгүй төгс төгөлдөр бие махбод, оюун ухаантайгаар бидний өмнө зогсох болно гэдгийг гэрчилж байна. Тэр мөч ямар гайхалтай сайхан байх бол! Гэхдээ тэр үед бид тийм гайхамшгийг гэрчилсэндээ өөрсдөө баяртай байх уу эсвэл бүрэн төгс бөгөөд “эцсийн эцэст эрх чөлөөтэй”12 болсон тэднийг харсандаа харин илүү баярлах болов уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Христийн бүрэн төгс энэрэл тод томруунаар илрэх тэр мөч хүртэл “бүгд энэрэнгүй”13 байх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.