Итгэлийн тунхаг дахь сургаал ба зарчмууд
Итгэлийн тунхаг бүр нь Есүс Христийн сайн мэдээний талаарх бидний ойлголтод онцгой хувь нэмэр оруулдаг.
Би Ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээр үг хэлэх даалгавар авангуутаа Хүүхдийн хэсгийн нэгэн гайхалтай багшийн тухай санаж билээ. Түүний чин хүсэл нь биднийг санваар хүлээж авахуйц, зөв зохистой байхад бэлтгэх явдал байв. Тэр багш Хүүхдийн хэсгийн төгсөлтийн шаардлага болох Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүдийн нэрсийг Итгэлийн тунхагтай хамт чээжлүүлэх гэж биднийг их шалгадаг байлаа. Хэрэв бид бүгдээрээ Итгэлийн арвангурван тунхгийг чээжээр хэлж чадвал сүүлчийн хичээл дээрээ өөрсдийн очих дуртай нэг газар руу ангиараа зугаалах болно гэж багш маань амласан юм.
Бид Юта мужийн хойд хэсэгт байдаг Логан хавцлын өмнөх эхний толгойн дээд талд байдаг чулуутай энгэрийг зугаалах газраа болгон сонгов. Түүдэг асааж, зайдас шаран, зефир хайлуулж идэж болохоор нэг жижигхэн талбай хадан дунд байдаг байв. Бид энэ газрыг настай, хөдөлгөөн удаантай багшаа бодолгүйгээр сонгосон байж билээ. Хэрвээ бид сайн бодож үзсэн бол тэр газар руу авирах нь багшид маань хэчнээн хэцүү болохыг мэдэх байв. Гэвч багш маань амлалтаа биелүүлэхийг хичээн, биднийг зоригтойгоор дагаж явсан билээ.
Эхлээд бид нэг жижигхэн толгой өөд гарлаа. Тэр үед бидний авиралтад саад болохоор цахилгааны шонгийн моднууд байгаагүй юм. Багш маань бага зэргийн тусламжтайгаар өндөр толгой өөд гарч чадлаа. Бид тэр толгойн орой дээр гараад цааш “Яст мэлхийн нуруу” гэдэг чулуутай энгэр рүү уруудан буув.
Багш маань зорьсон газартаа хүрсний дараа амьсгаагаа дарах гэж хэсэг зуур амрах хэрэгтэй болсон юм. Хоолоо идэхээр суух үед багш маань сүүлчийн хичээлийг заах тэнхээтэй болсон байлаа. Өнгөрсөн хоёр жилийн турш манай хүүхдийн хэсгийн ангид хичээл заах нь түүнд тун сайхан байсан тухай багш минь яриад биднийг Итгэлийн тунхгийг амжилттай чээжилсэнд магтсан юм. Итгэлийн тунхгийн аль ч дугаарыг бид бүгдээрээ чээжээр хэлж чадаж байлаа. Итгэлийн тунхагт агуулагдсан сургаал, зарчмуудыг ойлголгүй чээжлэх нь зүгээр л олон үг чээжилснээс ялгаагүй зүйл болно гэж багш хэлээд биднийг Итгэлийн тунхаг дахь сургаал бүрийг судалж мэдэхэд урамшуулсан билээ. Итгэлийн тунхагт орших сургаал нь жижиг хэсгүүд болон хуваагддаг гэж тэр тайлбарласан юм.
I. Бурхан Тэргүүтэн ба Христийн үндсэн сургаал
Итгэлийн нэг дэх тунхгаас бид Бурхан Тэргүүтэн нь Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гэсэн гурван хүнээс бүрддэгийг мэдэж авдаг.
Хоёр дахь тунхаг нь бид энэ дэлхий дээрх өөрсдийн үйлдлүүддээ хариуцлага хүлээдэг болохыг заадаг.
Гурав дахь тунхагт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн авралын төлөөх Аврагчийн үүргийг тодорхойлдог.
Дөрөв дэх тунхагт үндсэн зарчмууд болон ёслолуудын ач холбогдлын талаар заадаг.
Сайн мэдээг судалж мэдэхийг онцолж хэлсэн багшийн маань хүчтэй үгс надад сүнслэг удирдамжийн эх сурвалж болсоор ирсэн юм. Судрууд биднийг үнэний жишиг рүү удирддаг бөгөөд үүгээр бид хүлээн авдаг мэдлэгээ үнэн эсвэл худал болохыг ялган таньдаг. Бүх үнэнүүдийн үндэс суурь, эх сурвалж болсон үнэн сургаал Бурханаас ирдэг билээ. Үнэн сургаалын номлол ба зарчмууд нь бидний Их Эзэн, Аврагчийн сайн мэдээнд оршдог. Худал бүхний эцэг болох Сатанаас худал сургаалууд ирдэг юм. Тэрээр илчлэгдсэн үнэнүүдийг мушгин гуйвуулах, өөрчлөх мөн хувиргахыг хүсдэг. Мөн бидний заримыг тэнгэрлэг гэртээ буцаж очих аянаасаа замаа алдан, төөрөхөд хүргэхийн тулд тэрээр биднийг хууран мэхлэх гэж оролддог.
Судрууд нь бидэнд хуурамч сургаалуудаас хэрхэн зайлсхийж болох талаар заадаг. Жишээлбэл:
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай.”
“Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” (2 Тимот 3:16–17) хэмээн Паул Тимотод явуулсан захидалдаа бичсэн байдаг.
Гар утсанд батарей хэрэгтэй байдагтай адил сүмд энэ сургаал хэрэгтэй. Гар утаснаас батарейг нь салгачихвал гар утас хэрэггүй зүйл болно. Тэгвэл үнэн сургаалыг заадаггүй сүм үүнтэй адил хэрэггүй юм. Ийм сүм биднийг Тэнгэрлэг Эцэгтээ болон мөнхийн гэртээ эргэж очиход маань удирдаж чадахгүй.
II. Санваарын зохион байгуулалт ба дэг жаяг
Христийн үндсэн сургаалыг ойлгож эхэлсний дараа итгэлийн тав, зургаа дахь тунхаг санваарын зохион байгуулалт ба дэг жаягийг бидэнд заадаг. Их Эзэний удирдлагаар Иосеф Смит санваарын эрх мэдэл ба Бурханы хүчийг ашиглан, Аврагчийн сүмийг байгуулсан билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Христ энэ дэлхий дээр байхдаа өөрөө үндэслэн байгуулж, удирдаж байсан тэрхүү сүмтэй адил байгууллага юм.
1829 оны 5-р сарын нэгэн сайхан өдөр Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байхдаа нүглийн уучлалын төлөөх баптисмын сургаалын тухай уншаад залбирахаар ой руу явсан билээ. 1800-гаад оны эхэн үеэр баптисмын талаар өөр өөр сүмүүд олон янзаар заадаг байсан нь бүгд үнэн байх боломжгүйг Иосеф, Оливер хоёр мэдэж байлаа. Тэд баптисмын зөв хэлбэрийн талаар болон баптисм хийх эрх мэдэл хэнд байх ёстойг олж мэдэхийг хүссэн юм.
Их Эзэнд хандсан тэдний гуйлтын хариуд тэнгэр элч Иохан Баптист тэдэн дээр хүрч иржээ. Тэрээр тэдний толгой дээр гараа тавин, “Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, … Аароны санваарыг хүртээж байна” (С ба Г 13:1) гэж хэлээд баптисм хүртээх эрх мэдлийг тэдэнд олгосон юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд үнэхээр гайхамшигтай өдөр болсон билээ! Ийнхүү санваар дэлхий дээр сэргээгдсэн юм.
Бид санваар хүртэхдээ Бурханы нэрээр үйлдэх мөн үнэний болон зөвт байдлын замаар удирдах эрх мэдлийг хүлээн авдаг. Энэхүү эрх мэдэл нь дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд туслах чухал эх сурвалжаас үүдэлтэй шударга хүч, нөлөө бөгөөд энэ нь үхлийн дараа ч гэсэн бидэнд үлддэг. Есүс Христийн үнэн сүм байгуулагдахаас өмнө санваар сэргээгдэх шаардлагатай байсан юм. Бид Итгэлийн тав, зургаа дахь тунхгаас энэхүү үндсэн хичээлийг сурдаг.
III. Мөнх бус аян дахь мөнхийн эх сурвалжууд
Дараагийн долоо, найм, ес дэх итгэлийн тунхгуудад мөнх бус амьдралын аянд бидэнд зааварчилж болох эх сурвалжуудын тухай заадаг. Их Эзэний сургаалуудыг дагаж, өөрсдийгөө хилэнцээс хамгаалж болох замыг заах сүнсний бэлгүүд бидэнд өгөгдсөн юм. Судрууд өөр нэгэн хөтөч болдог бөгөөд хэрэв бид Бурханы үгийг нухацтайгаар уншвал Тэр бидэнд мөнх амьдрал руу хөтлөх замыг үзүүлэх болно.
Итгэлийн ес дэх тунхаг нь Бурхан олон агуу бөгөөд чухал үнэнүүдийг өөрийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд илчилсэн, илчилж байгаа мөн ирээдүйд ч илчлэх болно гэдгийг бидэнд заадаг. Бид Сүнсний намуухан зөөлөн дуу хоолойг сонсож, судруудаа уншихаас гадна сүмийн удирдагчид нь зааж байгаа хичээлүүдээрээ бидний амьдралыг адислахаар сонгогдон, дуудагдаж, томилогдсон бидний удирдамжийн өөр нэгэн эх сурвалж гэдгийг мэддэг билээ.
IV. Гишүүн номлогчид
Итгэлийн арав, арваннэг, арванхоёр дахь тунхгууд нь олон өөр үндэстэнтэй, олон янзын хууль тогтоомжтой энэ дэлхий дээр номлолын ажлыг хэрхэн явуулах талаар болон сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар бидэнд зааварчилдаг. Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж, Израилыг цуглуулах тухай ч бид мөн сурдаг. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө төлөө сонгогчид бөгөөд юу зөв болохыг ухамсрынхаа дагуу шүүн тунгааж, Бурханы үгийг хүлээн авах эсвэл хүлээн авахгүй байх эрхтэй гэдгийг бидэнд заадаг. Эцэст нь, бид Есүс Христийн сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд түгээн дэлгэрүүлэхдээ өөрсдийн очсон улс үндэстэн бүрийн засгийн газарт хүндэтгэлтэй хандах ёстойг сурч мэдсэн билээ. Орон бүрийн хуулийг дуулгавартай даган, дээдлэн хүндэлж, дэмжих ёстой гэдэгт бид үнэхээр итгэдэг.
V. Эзэмшихийг хичээвэл зохих зан чанарууд
Итгэлийн арвангурав дахь тунхаг нь бид амьдралаа хэрхэн авч явах, бусадтай хэрхэн харилцах талаарх чухал ойлголтыг өгдөг. Энэ тунхагт “Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг; чухамдаа бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг хүлцэн тэвчих болно гэдэгт найддаг гэсэн Паулын зөвлөгөөг бид дагадаг хэмээн хэлж болно. Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг” гэсэн байдаг.
Бид бүгд эдгээр зан чанаруудыг эзэмшихийн төлөө чармайж, энэ талаар бусдад сайн үлгэр дуурайл үзүүлж амьдрах ёстой билээ. Итгэлийн тунхагт заадаг үнэнүүд нь гар утсан доторх эд ангиуд шиг бие биеэсээ хамааралтай байдаг. Гар утасны эд ангиудыг нэмж угсардаг үйлдвэрийн шат дамжлагууд шиг Итгэлийн тунхаг нь сэргээлтийн үндсэн сургаалуудыг бидэнд өгдөг. Итгэлийн тунхаг бүр нь Есүс Христийн сайн мэдээний талаарх бидний ойлголтод онцгой хувь нэмэр оруулдаг.
Манай хүүхдийн ангийн багш хаант улсын сургаалыг судлах баттай шийдвэр гаргахад минь надад тусалсан юм. Итгэлийн энгийн тунхгууд дотроос гүнзгий утгыг нь эрж олохыг ч тэрээр мөн зааж өгсөн. Хэрэв би эдгээр ариун үнэнүүдийг сурч мэдэхэд цаг зав гаргавал тэрхүү мэдлэг нь амьдралыг минь сайжруулах болно гэж багш маань амласан бөгөөд энэ нь үнэн байсныг би та нарт гэрчилж байна.
Логан хавцлын толгой дээр багш маань энэхүү гайхамшигт хичээлээ заасны дараа бид төлөвлөснөөсөө бага зэрэг удсан болохоо мэдсэн юм. Бид орой болж эхэлснийг анзаарснаар өөр нэг асуудал тулгарч билээ.
Бидний сонгосон газарт очиход багшид маань хэцүүхэн байсан бол буцаад явах нь бидэнд их хэцүү байв. Энэ нь бид зугаалах газраа буруу сонгосныг харуулж байлаа. Өндөр толгойн орой дээрээс доош буух нь бидэнд их хэцүү байсан бөгөөд настай багшид маань бүр ч хэцүү байв.
Бид багшийгаа огцом өндөр толгойн орой дээр мацан гарахад нь туслах гэж зүдэрч байтал хоёр цагдаа хүрч ирэв. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч биднийг төөрчихсөн байх гэж санаа зовоод биднийг хайж олуулахаар цагдаа дуудсан байжээ. Сэтгэлд хоногшсон үйл явдлууд болон бидний сурсан зүйлс зэрэг нь миний амьдрал дахь мартахын аргагүй дурсамжтай үйл явдлуудын нэг болсон юм.
Би залуу эрэгтэйчүүд та бүхнийг Итгэлийн тунхаг болон тэдгээрийн заадаг сургаалуудыг судалж, өөрийн болгохдоо оюуны чадавхаа ашиглахад хөхиүлэн дэмжиж байна. Итгэлийн тунхаг дахь сургаалууд бол сүм дэх хамгийн чухал, хамгийн товч тодорхой сургаал юм. Хэрэв та Есүс Христийн сайн мэдээг судлахдаа тэдгээрийг удирдамж болгон ашиглах аваас та өөрийгөө сэргээгдсэн үнэний тухай гэрчлэлийг дэлхийд тунхаглахад бэлэн болсноо мэдэх болно. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд итгэлийн үндэс сууриа энгийн, үнэн зөв мөн дорвитой арга замуудаар тунхаглаж чадна.
Би Итгэлийн арвангурван тунхаг үнэн гэдэг гэрчлэлээ бидний Их Эзэн Есүс Христийн нэрээр нэмж хэллээ, амен.