Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч
Та нарын төрөлхийн зөн билэг бол сайныг үйлдэх, сайн байх явдал бөгөөд Ариун Сүнсийг дагаснаар та нарын ёс суртахууны хүч болон нөлөө өсөн нэмэгдэх болно.
Олон жилийн тэртээгээс аливаа улс нийгэм эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчинд тулгуурласаар ирсэн билээ. Эмэгтэйчүүдийн ёс суртахууны суурь нь нийгэм дэх цорын ганц эерэг нөлөө биш боловч олон нийтийн эрх ашигт ер бусын ач тустай гэдэг нь нотлогдсон юм. Энэ нөлөө нь бидний амьдралд маш элбэг байдаг учраас эмэгтэйчүүдийн оруулж буй энэ хувь нэмэр ихэнхдээ тэр бүр талархал хүлээдэггүй байж магадгүй юм. Би сайн эмэгтэйчүүдийн нөлөөлөлд талархлаа илэрхийлж, эмэгтэйчүүдийн хүч болон байр суурь, дуу хоолойд заналхийлж буй зарим гүн ухаан болон чиг хандлагыг тодорхойлон мөн өөрсдөдөө буй ёс суртахууны хүчээ өсгөн тордоосой хэмээн эмэгтэйчүүдээсээ хүсмээр байна.
Эмэгтэйчүүд энэ дэлхийд төрөхдөө тодорхой нэг сайн чанар-тэнгэрлэг бэлгийг өөрсөдтэйгөө хамт авчирдаг бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар эмэгтэйчүүд итгэл, эр зориг, өрөвч сэтгэл, өсөлт хөгжил зэрэг гайхалтай чанаруудыг хүмүүс хоорондын харилцаанд болон соёл иргэншил дотор маш чадамгай бий болгодог. Паул анх Тимотын “чин сэтгэлийн итгэл”-ийг олж хараад магтахдаа энэ итгэл нь “анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан”1 хэмээн тэмдэглэсэн байдаг.
Олон жилийн өмнө би Мексикт амьдарч байхдаа Паулын үг ямар утгатай болохыг өөрийн биеэр ойлгосон юм. Бурханд итгэх итгэл нь амьдралыг нь чимсэн, Мексик дэх сүмийн эмэгтэйчүүдийн нэг болох нэгэн залуу ээжийг би санаж байна. Энэ гайхалтай эмэгтэй эргэн тойрондоо байгаа бүх хүмүүст сайнаар нөлөөлөх ёс суртахууны хүчийг өөрөөсөө цацруулдаг байлаа. Тэрээр нөхрийнхөө хамт тэдний хувьд хамгийн чухал ач холбогдолтой зүйлсийг хийхийн тулд зугаа цэнгэл, материаллаг зүйлс зэргийг ямар ч эргэлзээгүйгээр золиосолсон юм. Үр хүүхдүүдээ асарч тойлох түүний чадвар нь хүний хэрээс хэтэрсэн гэмээр гайхалтай байв. Түүний үүрэг хариуцлагууд маш их, хийх ёстой зүйлүүд нь нэгэн хэвийн давтагддаг байсан ч тэрээр үргэлж гайхалтай амар тайван бөгөөд Бурханы ажлыг хийж байна гэсэн мэдрэмжтэй байдаг байлаа. Аврагчтай адил үйлчлэлээр болон золиослолоор дамжуулан бусдыг адислах үйлдэл нь түүнийг гайхалтай болгосон билээ. Тэрээр хайрын амьд жишээ байсан юм.
Би ээжийнхээ болон эхнэрийнхээ ёс суртахууны хүч чадлаар ихэд адислагдсан хүн. Мөн миний талархаж явдаг эмэгтэйчүүдийн нэг бол Анна Дэйнз юм. Анна болон түүний нөхөр Хэнри мөн тэдний дөрвөн хүүхэд нь Америкийн Нэгдсэн Улсын Нью Жерси дэх сүмийн анхдагчид байсан юм. 1930-аад оны эхээр Хэнриг Рутгерс Их Сургуульд докторант оюутан байх үеэс эхлэн Анна тэр хоёр өөрсдийн амьдардаг газар болох Метүчэнд олон нийтэд түгэн тархсан мормончуудыг ялгаварлах үзлийг арилгах харин ч тэр газрыг эцэг эхчүүд хүүхдүүдээ өсгөхөд илүү сайхан газар болгохын тулд сургуулийн болон олон нийтийн байгууллагуудтай олон цагаар хамтран ажилладаг байв.
Жишээлбэл, Анна Метүчэн ЗЭХХ(Залуу Эрэгтэйчүүдийн Христийн Холбоо)-нд сайн дураараа үйлчилж энэ байгууллагын хувьд чухал нэгэн болсон юм. Нэг жилийн дотор тэрээр ээжүүдийн туслах бүлгийн ерөнхийлөгчөөр томилогдож, дараа нь ЗЭХХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн гурван эмэгтэй гишүүний нэгээр үйлчлэх саналыг хүлээж авсан юм. Тэрээр ямар ч эсэргүүцэлгүйгээр сонгогдсон бөгөөд хэдхэн жилийн өмнө хожмын үеийн гэгээнтнүүдийг өөрсдийнхөө байранд цуглаан хийхийг нь зөвшөөрдөггүй байсан тэр зөвлөлдөө нэгдэж чадсан билээ!”2
Намайг өсвөр насан дээрээ байхад манай гэр бүл Шинэ Брунсвик тойрогт нүүж ирсэн юм. Дэйнз эгч намайг анзаарч, миний авъяас, чадварт итгэл хүлээлгэдэг гэдгээ ойр ойрхон хэлдэг байлаа. Түүний урмын үгс надад илүү өндөр зорилгуудад хүрэх урам зориг хайрласан юм. Нэгэн удаа би түүний цагаа олсон бөгөөд маш чухал сануулгын ачаар гарцаагүй харамсал дагуулах нөхцөл байдлаас зайлсхийж чадсан юм. Анна Дэйнз хэдийгээр одоо амьд биш ч түүний нөлөө нь түүний үр удмын, миний мөн бусад тоолж баршгүй олон хүний амьдралд мэдрэгдэж, ач тусаа өгсөөр л байна.
Миний эмээ Адена Уорник Свэнсон санваарын үйлчлэлд хичээнгүй байхыг надад заасан юм. Тэрээр намайг ариун ёслолын талх, усны адислалыг чээжлэхэд урамшуулдаг байсан бөгөөд ингэснээр намайг тэдгээр адислалыг илүү сайн ойлгож, мэдрэмжтэйгээр илэрхийлж чадна хэмээн тайлбарладаг байв. Мөн гадасны патриарх байсан өвөөг эмээ минь хэрхэн дэмжиж байхыг нь ажигласнаар ариун нандин зүйлүүдэд хүндэтгэл бишрэлтэй хандах чанар надад бий болсон билээ. Свэнсон эмээ минь хэзээ ч машин жолоодохыг сураагүй боловч тэрээр хөвгүүдэд хэрхэн санваартан эрчүүд болоход нь туслахыг мэддэг байсан юм.
Эмэгтэй хүний ёс суртахууны нөлөө хамгийн хүчтэй мэдрэгдэж эсвэл хамгийн үр ашигтайгаар хэрэгждэг газар бол гэр орон нь юм. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ тэдний хэрэгцээг хангах, заах мөн хүүхдүүдээ халамжлахын тулд эцэг, эх хоёул хамт хоршин ажилладаг уламжлалт гэр бүлээс өөр илүү сайн орчин байхгүй билээ. Ийм боломж байхгүй үед хүмүүс нөхцөл байдалдаа тохируулан, ач тусыг нь хуулбарлахыг хичээдэг.
Ээжүүд ямар ч үед ямар ч хүн, бусад ямар ч харилцаанаас илүү нөлөөг хүүхдүүддээ үзүүлж чаддаг. Ээж хүний үлгэр жишээгээр болон заадаг зүйлсийн хүчээр түүний хөвгүүд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэхийг сурч, ёс суртахууны өндөр жишгүүдийг болон сахилга батыг өөрсдийн амьдралд төлөвшүүлж чаддаг. Түүний охид нь өөрсдийн ариун журамтай байдлаа хадгалах, хичнээн хэцүү байсан ч үргэлж зөв зүйлийн төлөө ахин дахин зогсож байхад суралцдаг. Эх хүний хайр, өндөр хүлээлт нь түүний хүүхдүүдийг шалтаг тоочилгүй хариуцлагатай байх, боловсролын болон хувийн өсөлт хөгжилдөө нухацтай хандах мөн эргэн тойрондоо байгаа бүх хүний сайхны төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулахад нь удирдан чиглүүлж байдаг юм. Нэгэн удаа ахлагч Нийл А. Максвэлл: “Хүн төрөлхтний үнэн түүх бүхэлдээ илчлэгдэх үед бид буун дууны цуурайг онцлох болов уу эсвэл урам хайрласан бүүвэйн дууг онцлох болов уу? Байлдааны галын түр зогсолт нь цэрэг эрсээр хийгддэг үү эсвэл гэртээ болон эргэн тойрондоо амар амгаланг бүтээгч эмэгтэйчүүдээр хийгддэг үү? Өлгий дотор болон гал тогоонд болсон зүйлүүд Конгресст болсон зүйлүүдээс ч илүү хүч чадал, үр нөлөөтэй гэдэг нь нотлогдох болов уу?”3 хэмээн асуусан байдаг.
Амьдралыг бүтээх хүч бол эмэгтэй хүний хамгийн ариун нандин үүрэг юм. Бие махбод нь тэнгэрлэг гарал үүсэлтэй4 бөгөөд Бурханы селестиел5 хаант улсын хамгийн дээд хэсэгт хүрэхийн тулд бид бие махбодын төрөлт мөн сүнслэг дахин төрөлтийг биеэр үзэх ёстой гэдгийг бид мэддэг. Тиймээс эмэгтэйчүүд “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”6 Бурханы ажил ба алдар суугийн салшгүй хэсгийг гүйцэтгэдэг (зарим тохиолдолд өөрсдийн амьдралыг эрсдэлд оруулан байж үүнийг хийдэг) юм. Эмээ нар болон ээжүүд нь үлгэр жишээ болох хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн бэлгийн цэвэр ариун байдлыг мөн гэрлэлтийн өмнөх ариун явдлыг болон гэрлэлтийн дараах үнэнч байдлыг үр удамдаа заах замаар амьдралын эх булгийн хамгаалагчид байсаар ирсэн билээ. Ийнхүү тэдний улс нийгмийг соёлжуулах нөлөө үргэлж байсаар ирсэн ба эрэгтэйчүүдийн хамгийн сайн чанарыг ч тэд илрүүлж чаддаг билээ. Мөн тэд эрүүл хүүхэд өсгөх аюулгүй, эрүүл орчинг бий болгож чадсан юм.
Эгч нар аа, зарим хүмүүс Ээжүүдийн баярын өдрөөр санаа зовоотол магтдаг шиг би та нарыг хэтрүүлэн магтахыг хүсэхгүй байна. Та нар төгс байх шаардлагагүй;7 би та нарыг төгс гэж ч хэлээгүй. (Яг одоо миний хажууханд сууж байгаа нэг хүнийг эс тооцвол). Гэвч энэ танхимд сууж байгаа миний мэддэг нэг төгс хүн байж ч магадгүй. Та нар ганц бие эсвэл гэрлэсэн, хүүхэд төрүүлсэн эсвэл төрүүлээгүй ч бай мөн та нар хөгшин, залуу, эсвэл энэ хоёрын дунд байсан ч хамаагүй, та нарын ёс суртахууны хүч бол амин чухал бөгөөд магадгүй эрчүүд бид та нарынхаа энэхүү чанарт болон та нартаа хангалттай талархдаггүй байх гэдгээ л би хэлэхийг хүссэн юм. Та нарын нөлөөг сулруулах мөн үгүй хийх олон чиг хандлага, хүчнүүд байдаг бөгөөд тэдгээр нь хувь хүн, гэр бүлд болон нийгэмд томоохон хор хохирол учруулдаг. Анхааруулга, сэрэмжлүүлэг болгох зорилгоор би гурван зүйлийг дурдъя.
Эмэгтэйчүүдийн ёс суртахууны нөлөөг дордуулдаг нэгэн аюултай ойлголт бол гэрлэлт ба эх хүн болох мөн гэртээ хүүхдүүдээ харах зэргийг үнэ цэнэгүй болгох гэсэн гүн ухаан юм. Зарим хүмүүс гэртээ суух явдал нь эмэгтэй хүнийг дорд үзсэн үйлдэл хэмээн илт эсэргүүцдэг төдийгүй хүүхдүүдээ өсгөх байнгын шаардлагыг шударга бус явдал хэмээн үздэг.8 Тэд гэртээ сууж, үр хүүхдүүдээ өсгөх явдлаар доог тохуу хийдэг. Энэ бол шударга эсвэл зөв зүйл биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил мэргэжил дээрээ гаргасан амжилт бүтээлийн үнэ цэнийг бид хэзээ ч доогуур үнэлдэггүй. Бид бүгдээрээ л үүнээс үр шимийг нь хүртдэг. Гэсэн хэдий ч гэр бүлд эцэг, эх байхаас илүү эрхэм ажил үгүй гэдгийг бид ойлгодог. Гэр бүлийн амжилтаас илүү мэргэжил, илүү эд баялаг, илүү эрх мэдэл эсвэл нэр алдар гэж байхгүй. Эмэгтэй хүн юу ч хийж бүтээсэн байсан, түүний ёс суртахууны нөлөө хаана ч гэрт байдгаас нь илүү сайнаар ашиглагдаж чадахгүй юм.
Хүйсийн ялгааны талаарх чиг хандлага эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч чадалд хэд хэдэн арга замаар заналхийлдэг. Хувийн болон эдийн засгийн тав тухаа бодож үр хөндүүлэх нь эмэгтэй хүний хамгийн ариун нандин хүчнүүд рүү дайралт хийж буй хэрэг бөгөөд эмэгтэй хүний ёс суртахууны хүчийг устгадаг. Бэлгийн ёс суртахуунгүй байдал болон биеийн хэсгүүдийг ил гаргасан хувцаслалт нь эмэгтэй хүний үнэ цэнийг бууруулаад зогсохгүй эмэгтэй хүний тачаангуй байдал нь түүний үнэ цэнийг тодорхойлдог гэсэн худал ойлголтыг хөхиүлэн дэмждэг.
Эмэгтэйчүүд ариун журамтай байх ёстой бөгөөд харин эрэгтэйчүүд бэлгийн ёс суртахуунгүй зан авир гаргаж болдог гэсэн буруу ойлголт манай соёлд орж ирээд удаж байна. Энэ жишиг бол шударга бус гэдэг нь тодорхой бөгөөд энэ нь шүүмжлэгдэж мөн няцаагдсаар ирсэн. Энэ няцаалтаас болоод эрэгтэйчүүд илүү өндөр, бат бөх ёс суртахууны жишигтэй болох ёстой атал харин ч эсрэгээрээ байна. Нийгэм маань эмэгтэйчүүд, охидуудын ёс суртахуунгүй байдлыг хөхиүлэн дэмжиж байна. Өмнө нь эмэгтэйчүүдийн өндөр жишгүүд эрэгтэйчүүдээс амлалт болон үүрэг хариуцлага шаарддаг байсан бол өнөөдөр бодлогогүй бэлгийн харилцаа, эцэггүй гэр бүлүүд, ядуурал нэмэгдэж, газар авсаар байна. Энэ замбараагүй байдал нь эмэгтэйчүүдийн ёс суртахууны нөлөөг дээрэмдэж, нийгмийг бүхэлд нь доройтуулж байна.9 Энэхүү үнэ цэнэгүй тохиролцооны үр дүнд эрэгтэйчүүд “чөлөөтэй явж”, эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их зовж байна.
Гурав дахь санаа зовоосон зүйл нь тэгш байдал гэдэг нэрийн дор эр, эм хүйсийн ялгааг арилгахыг хүсэгчдээс гарч ирж байна. Энэ байдал нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн илүү эршүүд шинж чанарууд болох түрэмгий, хатуу ширүүн, сөргөлдөөнч байдлыг хүлээн зөвшөөрөхөд өдөөдөг. Одоо үед кинонд болон компьютер тоглоомд эмэгтэйчүүд хэрцгий догшин дүр бүтээж, хүмүүсийг алж, устгаж сүйтгэх нь элбэг болсон байна. Эрэгтэйчүүдийг ийм дүрээр харах нь бодгальд маш хөнөөлтэй байдаг бол эмэгтэйчүүдийг ийм дүрээр харах нь бүр илүү хор хөнөөлтэй юм.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Маргарит Д.Надолд: “Дэлхий дээр хангалттай танхай эмэгтэйчүүд байгаа; харин бидэнд уян зөөлөн эмэгтэйчүүд хэрэгтэй. Дэлхий дээр ширүүн эмэгтэйчүүд хангалттай бий; тиймээс бидэнд нинжин сэтгэлт эмэгтэйчүүд л хэрэгтэй. Дэлхий дээр бүдүүлэг эмэгтэйчүүд хангалттай бий; харин бидэнд эелдэг эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Нэр алдартай ба чинээлэг эмэгтэйчүүд хангалттай бий; тиймээс бидэнд илүү их итгэлтэй эмэгтэйчүүд хэрэгтэй. Шунал хангалттай байгаа учраас бидэнд илүү их сайн сайхан байдал хэрэгтэй юм. Ихэрхүү зан хангалттай байна; иймд бидэнд илүү их ариун нандин чанар хэрэгтэй. Нэр алдар хангалттай их байна; тиймээс бидэнд илүү их цэвэр ариун байдал хэрэгтэй”10 хэмээн заасан юм. Эр, эм хүйсийн ялгааг бүдгэрүүлснээр бид эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай бөгөөд бие биенээ нөхдөг мөн нийлж илүү сайн сайхан зүйлийг бүтээдэг бэлгүүдээ алдаж эхэлдэг юм.
Би өнөөдөр эмэгтэйчүүд, охидуудаас өөрсдөдөө буй ёс суртахууны хүчийг хамгаалж, хөгжүүлээсэй хэмээн хүсч байна. Дэлхийд өөрсөдтэйгөө хамт авчирсан энэ ариун нандин чанар, өвөрмөц бэлгээ хайрлан хадгал. Та нарын төрөлхийн зөн билэг бол сайныг үйлдэх, сайн байх явдал бөгөөд Ариун Сүнсийг дагаснаар та нарын ёс суртахууны хүч болон нөлөө өсөх болно. Би залуу эмэгтэйчүүдэд хандан энэ ёс суртахууны хүчийг бүрэн дүүрнээр олж авахаасаа өмнө үүнийгээ бүү алдаарай хэмээн захиж байна. Та нар хэл яриагаа хатуу бүдүүлэг бус цэвэр зохистой байлгахад, хувцаслалтаа ихэрхүү бус даруу байлгахад, биеэ авч яваа байдлаа замбараагүй бус цэвэр ариун байлгахад онцлон анхаарна уу. Та нар өөрсдөө цэвэр ариун биш байвал бусдад цэвэр ариун байхад нь тусалж чадахгүй билээ.
Эгч нар аа, та нарын бүх харилцаан дотроос Бурхантай, та нарын Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа буюу та нарын ёс суртахууны хүч чадлын эх сурвалжыг та нар амьдралдаа үргэлж нэгдүгээрт тавих ёстой. Есүс Христийн хүч Эцэгийн хүсэлд өөрийгөө чин сэтгэлээ зориулсны үр дүнд ирсэн гэдгийг санаарай. Тэрээр үргэлж Өөрийн Эцгийн таалалд нийцэх зүйлүүдийг хийдэг байсан.11 Эцэг болон Хүүгийн ийм маягийн дагалдагч байхыг эрмэлзэж байвал та нарын нөлөө хэзээ ч буурахгүй.
Энэ нөлөөгөө айдасгүйгээр, хүлцэл өчихгүйгээр хэрэглэхээс бүү ай. “Харин та нарын доторх найдварын талаар асуух [хүн бүрт, эмэгтэйчүүдэд, мөн хүүхдүүдэд] хариу өгөхөд … ямагт бэлэн бай.”12 “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл.”13 “Харин хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүл.”14 “[Тэдэнд] залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг заа.”15
Эмэгтэйчүүдэд өгч буй эдгээр уриалгыг хэн нэгэн нь санаатайгаар бүү буруу ойлгоосой. Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүчийг магтаж бас урамшуулснаараа би эрэгтэйчүүдийг болон хөвгүүдийг үнэн, зөв шударга байдлын төлөө зогсох өөрсдийн хариуцлагаас чөлөөлөгдсөн гээгүй мөн тэдний үйлчлэх, золиослох ба тохинуулах үүрэг нь эмэгтэйчүүдийнхээс бага эсвэл эмэгтэйчүүд бүхнийг дангаараа хийж чадна гэж хэлээгүй юм шүү. Ах нар аа, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж, тэдний ачаанаас үүрэлцэж мөн өөрсдийнхөө ёс суртахууны хүч чадлыг хөгжүүлцгээе.
Хүндэт эгч нар аа, бид та нарын энэ дэлхийд мөн гэрлэлт, гэр бүлд болон сүмд авчирдаг ёс суртахууны хүчинд найддаг. Мөн бид та нарын залбирлаар болон итгэлээрээ тэнгэрээс авчирдаг адислалуудад найддаг. Бид мөн та нарын аюулгүй байдал, сайн сайхан, болон аз жаргалын төлөө мөн та нарын нөлөө үргэлжлээсэй хэмээн залбирдаг. Есүс Христийн нэрээр, амен.