Гэрээгээ сахиснаар ирэх хүч чадал, баяр баясал мөн хайр
Та бүхнийг Аврагчаа хэр хайрладаг талаар мөн гэрээгээ хэрхэн баяр хөөртэйгөөр сахидаг талаараа нэг дүгнэлт хийж үзээрэй хэмээн уриалж байна.
Би зүрх сэтгэлийг минь хөндөх нэгэн түүхээр эхэлье.
Нэгэн үдэш нэг эр өөрийн таван хонийг саравчинд шөнийг өнгөрүүлэг хэмээн дууджээ. Гэр бүлийнхэн нь түүнийг ихэд анхааран, ажиглаж байсан бөгөөд түүнийг “Нааш ир” хэмээн хоньдоо дуудахад, таван хонь нь толгойгоо дээш өргөн, түүний зүг шууд харлаа. Дөрвөн хонь нь шууд гүйлдэн ирцгээв. Тэрээр нинжин сэтгэлээр хонь бүрийнхээ толгойг зөөлөн илэв. Тэдгээр хоньд түүний дуу хоолойг таньдаг байсан бөгөөд түүнд хайртай байлаа.
Харин тав дахь хонь түүн рүү ирсэнгүй. Тэр нь эм хонь байсан бөгөөд таван долоо хоногийн өмнө эзэн нь түүнийг зэрлэг, дуулгаваргүй, бусад хоньдоо төөрүүлдэг гээд өгсөн байжээ. Шинэ эзэн нь хонийг авч, түүнийг номхруулж, сургахын тулд эхлээд өөрийн талбайд хэд хоног уяжээ. Тэрээр хонинд эзнээ болон бусад хоньдоо хайрлахыг тэвчээртэйгээр заасан ба сүүлд нь түүний хүзүүн дэх олсыг богиносгон, гадсанд уяхаа болив.
Тэрхүү үдэш гэр бүлийнхнийгээ харж байхад тэрээр талбайн захад буй хонь руугаа дөхөж очоод “Нааш ир. Чи одоо уяатай биш. Чи эрх чөлөөтэй” хэмээн зөөлнөөр дахин хэлэв. Дараа нь тэрээр хонио хайрлан гараа сунгаад толгой дээр нь тавин, түүнийг бусад хоньдын байрлаж байгаа саравч руу дагуулан явав.1
Энэхүү түүхээр дамжуулан, бидэнд гэрээгээ хэрхэн сахих талаар хамдаа суралцахад маань Ариун Сүнс туслаасай хэмээн би залбирч байна. Гэрээ хийх болон түүнийгээ сахих гэдэг нь, Тэнгэр дэх Эцэгтэйгээ болон Есүс Христтэй өөрсдийгөө холбох сонголтыг хэлж байгаа билээ. Энэ нь Аврагчийг дагахаар шийдэхийг хэлж байгаа юм. Энэ нь бид Түүнд итгэж найдан, Цагаатгалын хязгааргүй бэлгээр дамжуулан биднийг чөлөөлөхийн тулд Түүний хийсэн төлөөсөнд талархлаа илэрхийлэх гэсэн чин сэтгэлийн хүсэл билээ.
Ахлагч Жэффри Р.Холланд “гэрээ нь талуудын хоорондох сүнслэг гэрээ бөгөөд Эцэг Бурханы Хүү, Их Эзэн Есүс Христийн замаар амьдарч, сэтгэж, үйлдэх болно хэмээн бидний Түүнд өгсөн ариун амлалт юм. Үүний хариуд Эцэг, Хүү болон Ариун Сүнс нь мөнх амьдралын бүрэн сүр жавхланг бидэнд өгөхөөр амласан юм”2 хэмээн тайлбарласан билээ. Энэхүү талуудыг холбогч гэрээнд Их Эзэн нөхцөл тавьж, харин бид тэдгээрийг биелүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бид гэрээ хийж, түүнийгээ сахиснаар Аврагчтай адил болох гэсэн хүсэл эрмэлзлээ харуулдаг юм.3 Үүний хамгийн төгс жишээ нь бидний дуртай дуулалд “Таны яв гэсэн газар би явна.… Таны хэл гэснийг би хэлнэ. Таны хүссэн нэгэн би болно” хэмээн өгүүлсэнтэй адилаар хандахыг хичээхэд оршино.”4
Бид яагаад гэрээ хийж мөн сахидаг вэ?
1. Гэрээгээ сахих нь бидэнд хүч чадал өгч мөн биднийг хүчирхэгжүүлж, хамгаалдаг.
Нифай Их Эзэний гэрээгээ сахигчдад өгдөг олон тооны адислалыг үзэгдлээр харсан. “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, … Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”5 гэсэн байдаг.
Саяхан би нэгэн шинэ найзтайгаа уулзсан билээ. Тэр залуу эмэгтэй ариун сүмд хувийн хишгээ хүртсэнийхээ дараа урьд өмнө нь давахад хэцүү байдаг байсан уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал нь нэмэгдсэн болохыг мэдэрсэн талаараа надад гэрчилсэн юм.
Бид гэрээгээ сахихын хэрээр нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхэд туслах эр зориг, хүч чадлыг хүлээн авдаг. Сэтгэл нь эмтэрсэн нэгэн эмэгтэй, хэцүү асуудалтай тулгарсан хүүтэй байлаа. Тэрээр Халамжийн Нийгэмлэгийн эгч нарыг гэрээгээ сахигчид хэмээн итгэдэг учраас тэднээс хүүгийнх нь төлөө мацаг барьж, залбирахыг зориг гарган хүссэн байна. Тэгэхэд өөр нэгэн эгч би ч гэсэн яг ийм залбирал хийж өгөхийг эгч нараасаа гуйх ёстой байж дээ гэв. Олон жилийн өмнө түүний хүү нь мөн асуудал гаргадаг байж. Гэр бүлд маань тохиолдсон тэрхүү зовлонгоос үүрэлцэхийг эгч нараасаа гуйх байж дээ гэдгээ эгч илэрхийлжээ. Аврагч: “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно”6 хэмээн хэлсэн.
Эгч нар аа, бид бүхэнд үүрэх ачаа мөн бусадтай хуваалцах ачаа бий. Нэг нэгнийхээ ачааг үүрэлц гэсэн нь өөрсдийн гэрээг сахь гэсэн урилга юм. Анхны Халамжийн Нийгэмлэгийн эгч нарт Люси Мак Смит эгчийн өгсөн “Бид тэнгэрт хамтдаа сууж болохын тулд нэг нэгнээ нандигнан хайрлаж, нэг нэгнээ харж хандаж, нэг нэгнээ тайтгаруулан мөн удирдамж хүлээн авах ёстой”7 гэсэн зөвлөгөө урьд өмнөхөөс илүү нэн хамаатай болоод байна. Энэ нь гэрээгээ сахих болон айлчлагч багшийн ажлаа хийх хамгийн сайн үлгэр жишээ юм!
Мормоны Номонд бошиглогч Алма ч гэсэн дуулгаваргүй хүүхэдтэй байхын зовлонг туулсан тухай өгүүлдэг. Гэхдээ Алма, Их Эзэнд гүнээ хөрвөгдөж, нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж сурсан, түүнчлэн гэрээгээ сахидаг сайн мэдээний ах, эгч нараар адислагдсан нэгэн байлаа. Мозаягийн номонд хүүгийнхээ төлөө хэлсэн Алмагийн залбирал агуу их итгэлийн талаар өгүүлсэн байдгийг бид сайн мэднэ. Харин сударт “Их Эзэн өөрийн хүмүүсийн залбирлуудыг, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч, … Алмагийн залбирлуудыг сонссон”8 хэмээн өгүүлсэн байдаг.
Их Эзэн “наманчилдаг сүнсэнд”9 үргэлж баярладаг болохыг бид мэднэ, гэхдээ бид юуны түрүүнд гэрээ хийж, сахих талаар ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн хэлсэн “эрт эхэлж, тууштай бай”10 гэсэн зааврыг үр хүүхдүүд минь дагаасай гэж хүсдэг. Саяхан санваарын болон туслах бүлгийн удирдагчдын зөвлөл дээр “Бид үнэхээр найман настай хүүхдүүдийг гэрээгээ сахиж чадна гэж бодож байна уу?” гэсэн нэгийг бодуулахаар, чухал асуултыг тавьж, ярилцсан юм. Бид хамтдаа зөвлөлдсөнөөр хүүхдүүдэд баптисмын ариун нандин гэрээг хийж мөн сахихад нь туслах нэг арга зам нь энгийн амлалт өгч, түүнийгээ биелүүлэхэд нь тэдэнд туслах хэрэгтэй гэсэн санал гарч ирсэн билээ.
Итгэлтэй эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, хэрхэн хамгийн сайнаараа зааж сургахыг мэдэх бүрэн эрхтэй. Эцэг эхчүүд хувийн илчлэлт эрэлхийлж, түүний дагуу үйлдэн, хамтдаа зөвлөлдөж мөн сайн мэдээний энгийн зарчмуудыг зааж сургаснаар өөрсдийн гэр бүлийг хүчирхэгжүүлж, хамгаалах хүч чадлыг олж авна. Мөн гэр бүлийн бусад гишүүд ч үүнд тусалж болно. Миний хайртай өвөө амлалтаа биелүүлэх нь ямар чухал болохыг “Амлалт өгөхөөсөө өмнө үүнийг хэр чухал болохыг сайтар тунгаан бод. Харин амлалтаа өгсөн л бол түүнийгээ зүрхэндээ сийл. Өөрийн зүрхэнд сийл” гэсэн энгийн нэгэн дуугаар бидэнд зааж өгсөн билээ. Өвөө маань амлалтуудаа сэтгэл зүрхэндээ сийлдэг байсан учраас энэхүү богино дууг өөрийн хайр энэрэл, итгэл үнэмшил болон хүч чадлаараа заасан юм.
Миний танил нэгэн ухаалаг эмэгтэй гэрээгээ сахих талаар хийж буй оролдлогодоо хүүхдүүдээ зориуд оролцуулдаг. Тэр эмэгтэй өөрийн хөрш, найз нөхөд болон тойргийнхоо гишүүдийн ачааг баяр хөөртэйгээр үүрэлцэж, тайтгарал хэрэгтэй нэгэнд тайтгарал өгдөг . Саяхан түүний охин, аав нь нас бараад удаагүй байсан өөрийн бяцхан найзыг яаж тайтгаруулах вэ гэж тусламж хүсч, ирсэнд гайхах зүйл байгаагүй. Найзыгаа тайтгаруулах гэсэн түүний хүсэл болон үйлдэл нь баптисмынхаа гэрээг сахих бас нэгэн арга болохыг түүнд зааж өгөхөд яг тохирох тийм үе байлаа. Анхны гэрээ болох баптисмынхаа гэрээг сахихад нь бид хүүхдүүддээ тусалж чадахгүй бол хэрхэн ариун сүмийн гэрээнүүд хийж мөн тэднийг сахихад нь тусалж чадах билээ?
Ахлагч Ричард Г.Скотт “Дэлхийд бидний өгч чадах хамгийн агуу адислалуудын нэг нь сайн мэдээ заагддаг бөгөөд гэрээнүүд сахигддаг, хайр энэрлээр дүүрэн, Христэд төвлөрсөн гэр орон юм”11 хэмээн тэмдэглэсэн. Бид хүүхдүүддээ ариун сүмийн гэрээг хийж, сахихад нь бэлтгэх тэрхүү гэр орныг бий болгож болох ямар арга замууд байна вэ?
-
Бид ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зөв зохистой байх нь ямар утга учиртай болох талаар хамтдаа судалж болно.
-
Бид Ариун Сүнсийг хэрхэн сонсох талаар мөн хамт судалж болно. Ариун сүмийн хишиг хүртэх нь илчлэлтээр хүлээн авагддаг тул бид тэрхүү чухал ур чадвараас суралцах ёстой.
-
Бид баптисм болон ариун ёслолын ариун нандин бэлэг тэмдгүүд зэргээс эхлэн тэмдгүүдээр дамжуулан хэрхэн сурч болох талаар хамтдаа судалж болох юм.
-
Бидний бие махбод яагаад ариун нандин болохыг, зарим үед түүнийг яагаад ариун сүмтэй адилтгаж үздэг талаар болон даруу хувцаслалт ба биеэ авч явах байдал нь ариун сүмийн хувцаслалтын ариун шинж чанартай хэрхэн холбоотой болох талаар ч хамтдаа судалж болно.
-
Бид судар дээрх аз жаргалын төлөвлөгөөний талаар судалж болно. Бид судраас Тэнгэр дэх Эцэгийнхээ төлөвлөгөө болон Цагаатгалын тухай илүү ихийг олж мэдэх тусам ариун сүмд шүтэн бишрэх хандлага маань төдий чинээ илүү утга учиртай байх болно.
-
Бид хамтдаа өвөг дээдсийнхээ түүхээс сурч, гэр бүлийн түүхээ судлан, индексжүүлж, нас барсан хайртай хүмүүсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг хийж болно.
-
Мөн бид, хувийн хишиг, ёслол, лацдан холболт, санваар, түлхүүрүүд болон ариун сүмтэй холбоотой өөр бусад үгсийн утга учрыг хамтдаа судалж болох билээ.
-
Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийхийн тулд бид ариун сүмд ордог бөгөөд гэрээнүүдээ сахихын тулд гэртээ буцаж ирдэг гэдгийг бид зааж чадна!12
Бид бүгд зааж байхдаа “сайн, илүү сайн, хамгийн сайн” гэсэн зарчмын талаар заахаа мартахгүй байя.13 Бид үр хүүхдүүддээ ариун сүмийн талаар заах нь сайн юм. Тэднийг гэрээ хийж, түүнийгээ сахихад бэлтгэж мөн туслах нь илүү сайн. Харин бид баптисмынхаа болон ариун сүмийнхээ гэрээг баяртайгаар сахин биелүүлдэг болохоо өөрсдийн үлгэр жишээгээр үзүүлж байх нь бүр хамгийн сайн юм! Эгч нар аа, бид үр хүүхдүүдээ халамжилж, зааж сурган; гэрээний замаар алхах үедээ өсч хөгжихөд нь бэлтгэх үедээ авралын ажилд амин чухал үүрэг гүйцэтгэж байгаагаа ухамсарладаг уу? Бид өөрсдийн хийсэн гэрээгээ дээдлэн сахиснаар энэ бүхнийг хийх хүч чадал бидэнд ирэх болно.
2. Гэрээгээ сахих нь жинхэнэ аз жаргалыг олж авахад нэн чухал.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Ариун гэрээнүүдийг бид дээдлэн хүндлэх ёстой бөгөөд тэдгээрийг итгэлтэйгээр сахих нь аз жаргалтай байхад шаардлагатай юм” 14 гэж заасан байдаг. 2 Нифай дээр “Мөнхүү улиран тохиох дор бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”15 хэмээн энгийнээр өгүүлсэн байдаг. Энэхүү бүлгийн эхэнд Нифай болон түүний хүмүүс ариун сүмийг дөнгөж барьж, босгосон тухай өгүүлдэг. Тэгэхлээр тэд аз жаргалтай гэрээгээ сахигчид байсан нь гарцаагүй юм! Алмагийн номоос “Гэвч болгоогтун Нифайн хүмүүсийн дунд, Нифайн өдрүүдээс, тийм ээ, энэ цаг үеэс хойш, ... Моронайн өдрүүдээс илүү аз жаргалтай үе хэзээ ч байсангүй”16 гэснийг олж уншиж болно. Яагаад тэр вэ? Өмнөх хэсгээс нь тэд “Их Эзэний зарлигуудыг дагахад итгэлтэй байсан”17 тухай бид олж мэдэж болно. Гэрээгээ сахигчид нь тушаалуудыг сахигчид байдаг билээ!
Би, “Мөн эдүгээ хүмүүс эдгээр үгийг дуулаад [баптисмын гэрээг тайлбарласан үгийг хэлж байна], тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашгирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ”18 гэх судрын хэсгийг унших дуртай. Би тэдний зүрх сэтгэлийн хүсэлд хайртай. Тэд баяр хөөртэйгөөр гэрээгээ хийж, сахих үнэхээрийн их хүсэлтэй байсан билээ!
Нэгэн залуу эмэгтэй нэгэн ням гаригт “Би ариун ёслолоос хүртэнэ!” хэмээн баяртайгаар дуу алдсан юм. Бид хэзээ хамгийн сүүлд энэхүү онцгой эрхтэй байгаадаа баярласан бэ? Мөн бид үүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ? Энэ бүхнийг бид Аврагчаа үргэлж дурсан санаж, үргэлж Түүний тушаалуудыг дагаж, мөн үргэлж Түүний Ариун өдрийг ариунаар сахиснаараа харуулдаг. Бид Түүнийг дурсан санаж байгаагаа хувийн болон гэр бүлийнхээ залбирлыг үргэлж хийснээр, өдөр болгон судраасаа уншиж судалснаар мөн долоо хоног болгон гэр бүлийнхээ цуглааныг хийснээрээ харуулдаг. Хэрвээ бид анхаарлаа эдгээр чухал зүйлсээс огт өөр зүгт хандуулах юм уу, хайхрамжгүй хандсан тохиолдолд нүглээ наманчилж, дахин эхэлж болно.
“Эцэгт минь байгаа бүхнийг”19 хүлээн авахын тулд хүртсэн байх ёстой нэн ариун бөгөөд авралын ёслолуудыг илүү утга учиртай болгож, амь оруулдаг зүйл нь гэрээ хийж, баяр баясалтайгаар түүнийгээ сахих явдал байдаг. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа ёслолууд болон гэрээнүүдийг “сүнслэг байдлын онцгой цэг” гэсэн байдаг. Тэрээр “Хожмын үеийн гэгээнтнүүд нь гэрээт хүмүүс юм. Бид баптисм хүртсэн өдрөөсөө эхлэн өөрсдийн амьдралын “сүнслэг байдлын онцгой цэгт” хүрэх болгондоо Бурханд амлалт өгч, Тэр ч мөн бидэнд амлалт өгдөг. Тэрээр өөрийн эрх бүхий үйлчлэгчдээрээ дамжуулж өгсөн Өөрийн амлалтыг үргэлж биелүүлж байдаг, харин бид Түүнтэй гэрээ хийж, тэрхүү гэрээгээ сахиж байгаа эсэх нь бидний амьдралын хамгийн том шалгуур юм”20 хэмээн заасан байдаг.
3. Гэрээгээ сахиснаар бид Тэнгэр дэх Эцэг болон Аврагчдаа хайраа үзүүлдэг.
Бид гэрээгээ илүү хичээл зүтгэлтэйгээр сахих шалтгаануудаас, хайр нь хамгаас эрхэм шалтгаан юм. Хайрын зарчмын талаар эргэцүүлэн бодоход Хуучин Гэрээн дэх нэгэн шүлэг миний зүрх сэтгэлийг уяраадаг. Иаков, Рахел хоёрын хайр дурлалын түүхийг уншихдаа сэтгэл нь хөдлөөгүй хүн гэж бидний дунд байхгүй биз ээ. Сударт: “Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ”?21 гэсэн байдаг. Эгч нар аа бид үүн шиг гүн бөгөөд бүхнээ зориулсан хайраар гэрээгээ сахиж чаддаг уу?
Аврагч яагаад Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ сахиж, мөн дэлхийг нүглээс цагаатгах тэнгэрлэг үүрэг зорилгоо биелүүлэхэд бэлэн байсан юм бол? Тэрээр Тэнгэр дэх Өөрийн Эцэгтээ болон бидэнд мөн хайртай байсан учраас тэр. Эцэг нь яагаад Өөрийн Цорын Ганц, Төгс Хүүгээ гэм нүгэл, сэтгэлийн шаналал, өвчин зовлон, сул дорой байдал зэрэг энэ амьдралын шударга бус бүх зүйлсийг тэвчиж, даван туулуулахын тулд төсөөлөхийн аргагүй зовлон шаналлыг амсуулах ёстой байсан юм бол? “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн”22 хэмээх үгсээс бид үүний хариуг олдог билээ.
“Хэрвээ бидний төлөө хийгдсэн гэтэлгэлээр дамжуулан биднийх болсон олон адислалуудад бүрэн дүүрнээр талархдаг байсан бол Их Эзэн биднээс ямар ч зүйл хүссэн бид чин сэтгэлээсээ, дуртайяа хийх байсан биз ээ”23 хэмээн Жозеф Фийлдинг Смитийн өгүүлснээр, гэрээгээ сахих нь бидний Аврагч болон Гэтэлгэгчийнхээ цаглашгүй бөгөөд хязгааргүй Цагаатгалд талархаж байгаагаа болон биднийг төгс хайрладаг Тэнгэр дэх Эцэгтээ хайраа үзүүлж байгаа нэгэн арга юм.
Ахлагч Холланд “Би Шүүлтийн өдөр бидэнд юу тохиолдохыг сайн мэдэхгүй. Гэхдээ Эцэг маань бидэнтэй ярьж байхдаа Христ Петрээс асуусантай адил “Чи Надад хайртай юу?” гэсэн асуултыг асуухгүй байвал харин ч би гайхна”24 хэмээн сэтгэл хөдөлгөм хэлсэн байдаг. Энэхүү үдэш та бүхнийг Аврагчаа хэр хайрладаг талаар мөн гэрээгээ хэрхэн баяр хөөртэйгөөр сахидаг талаараа нэг дүгнэлт хийж үзээрэй хэмээн уриалж байна. Их Эзэн “Миний тушаалуудыг сахьдаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ”25 гэж хэлсэн байдаг. Бидний өдөр тутмын амьдралд Аврагчийн байнгын нөлөө хэчнээн их хэрэгтэй байдаг билээ!
Урьд өмнө нь замаасаа төөрч байсан эсвэл яг одоо асуудалтай байгаа хүмүүс ч гэсэн Сайн Хоньчны толгой дээр чинь тавьсан гарыг мэдэрч, Түүний “Нааш ир. Чи уяагүй болсон. Чи эрх чөлөөтэй” гэх дуу хоолойг сонсож чадна. Бидний Аврагч, “Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг”26 гэжээ. Тэр хайр энэрлээр Өөрийн гэрээг биелүүлж чадсан учраас ингэж хэлж чадна. Харин бид түүнтэй адил биелүүлж чадах уу? гэсэн асуулт байна. Бид гэрээгээ сахигчид байхын тулд итгэлтэй бөгөөд зүрх сэтгэлдээ баяр хөөртэйгөөр, агуу их хүсэлтэйгээр бүгд урагш тэмүүлэх болтугай. Ингэснээрээ бид Тэнгэр дэх Эцэгтээ болон Аврагчдаа өөрсдийн хайрыг илэрхийлэх юм. Би Бурханыг мөн Аврагчийг агуу их хайраар гэрчилж байна, Есүс Христийн нэрээр хэллээ, амен.