2010–2019
Залбирлын хариу
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Залбирлын хариу

Эцэг бидний хэн болохыг, хэрэгцээ маань юу болохыг мэддэг бөгөөд төгс арга замаар бидэнд туслах болно.

Есүс Христийн сайн мэдээний чухал бөгөөд тайтгаруулагч сургаал бол Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдээ төгс төгөлдөр хайраар хайрладаг явдал юм. Уг төгс хайрын учир Тэрбээр биднийг хэрэгцээ, хүслийн маань дагуу адислахын зэрэгцээ Өөрийн хязгааргүй мэргэн ухааны дагуу адисалдаг. Бошиглогч Нифай энгийн үгээр “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би” хэмээн хэлсэн.

Хэдийгээр бид анзаардаггүй эсвэл ойлгодоггүй ч Тэнгэрлэг Эцэг маань бидний өдөр тутмын амьдралын цаг мөч бүрд оролцдог явдал тэрхүү төгс хайрынх нь нэг хэсэг юм. Бид зүрхнийхээ угаас, чин сэтгэлээсээ залбиран, Эцэгийн бурханлаг удирдамжийг эрэлхийлдэг. Бид гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлж, Аврагчтайгаа илүү адил болохыг хичээх үед Ариун Сүнсний нөлөөлөл, өдөөлтөөр дамжуулан бурханлаг удирдамжийг тасралтгүй хүлээн авах эрхтэй болдог.

Судрууд бидэнд “Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг” бөгөөд Тэрээр “бүх зүйлийг мэддэг, учир нь бүх зүйл мэлмийнх нь өмнө байдаг” хэмээн заадаг.

Бошиглогч Мормон үүний нэг жишээ юм. Тэр хийсэн ажлынхаа үр дүнг амьд ахуйдаа хараагүй. Гэхдээ Их Эзэн түүнийг хянамгай чиглүүлж байгааг тэр ойлгож байсан. Тэрээр өөрийн цэдэгт Нифайн жижиг ялтаснуудыг оруулах хэрэгтэй гэсэн өдөөлтийг авах үедээ, “Мөн би үүнийг мэргэн зорилгын учир хийх бөлгөө; өөрөөр хэлбэл энэ нь, надад байх Их Эзэний Сүнсний нөлөөний дагуу надад ийн шивнэнэ. Мөн эдүгээ, би бүх зүйлийг мэдэхгүй; гэвч Их Эзэн ирэх бүх зүйлийг мэднэ; иймийн тул, тэрээр тааллынхаа дагуу надад оршин ажиллах буюу” хэмээн бичсэн. Хэдийгээр гар бичмэлийн 116 хуудас ирээдүйд алдагдахыг Мормон мэдээгүй ч Их Эзэн энэ явдал болохоос бүр өмнө энэ саад бэрхшээлийг хэрхэн даван гарах арга замыг бэлтгэсэн.

Эцэг бидний хэн болохыг, хэрэгцээ маань юу болохыг мэддэг бөгөөд төгс арга замаар бидэнд туслах болно. Заримдаа тэдгээр тусламж тэнгэрлэг тусламжийг хүссэн яг тэр мөчид эсвэл төд удалгүй ирдэг. Заримдаа чин сэтгэлийн, зүй зохистой хүслийг маань бидний хүсэн хүлээсэн арга замаар хариулдаггүй ч Бурхан үүнээс ч илүү агуу адислалыг бидэнд бэлдсэн байгааг олж мэддэг. Харин заримдаа бидний зөв шударга хүсэл энэ амьдралд биелэхгүй байх тохиолдол бий. Тэнгэр дэх Эцэг маань бидний Түүнд хандсан чин сэтгэлийн хүсэлтийг хэрхэн хариулдгийг гурван өөр түүхээр жишээ болгон тайлбарлая.

Манай хамгийн бага хүү Францын Парис номлолд номлогчоор үйлчлэхээр дуудагдсан юм. Үйлчлэхээр бэлтгэхэд нь бид түүнтэй хамт цамц, хослол, зангиа, оймс, гадуур хүрэм худалдан авахаар явсан. Харамсалтай нь авахыг хүссэн хүрэмнээс нь түүнд таарах хэмжээтэй нь дэлгүүрт бэлэн байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч яг тэр хэмжээтэй хүрэм хэдэн долоо хоногийн дараа дэлгүүрт нь ирэх ба манай хүүг Франц руу явахаас өмнө Прово дахь номлогчийг бэлтгэх төвд хүргэлтээр очно гэж хэллээ. Бид ч энэ талаар нэг их юм бодолгүй төлбөрөө хийв.

Манай хүү 6-р сард номлогчийг бэлтгэх төвд орсон ба 8-р сард явах төлөвлөгдсөн хугацаанаас нь хэдхэн хоногийн өмнө түүний хүрэм хүргэлтээр очжээ. Тэр хүрмээ өмсөж ч үзэлгүй хувцас хунар, бусад юмтайгаа хамт яаравчлан ачаандаа хийсэн байлаа.

Хүүгийн маань үйлчилж байсан газар болох Парист өвөл ч болж, түүнийг хүрмээ гарган өмсөж үзтэл хэтэрхий багадсан тухай тэр бидэнд бичив. Нэгэнт ийм юм болсон учир бид Парисаас өөр нэг хүрэм авахад зориулан банкны данс руу нь мөнгө нэмж шилжүүлсэн бөгөөд тэр өөр хүрэм авсан юм. Нэгэнт нөгөө хүрмээ өмсөхгүйгээс хойш хэн нэгэнд өгчихнө биз хэмээн би түүн рүү жаахан ундууцангүй бичив.

Дараа нь би түүнээс дараах э-мэйлийг хүлээн авсан юм. “Энд маш хүйтэн байна. … Миний шинэ хүрэм давгүй бас овоо зузаан ч гэсэн эндхийн салхи биднийг нэвт салхилж байгаа мэт санагдаж байна. … Би харин нөгөө хүрмээ илүү сайн хүрэмтэй болох юмсан гэж залбирч байсан талаараа надад хэлсэн (манай байранд байдаг өөр) нэг номлогчид өгсөн. Тэр сургаалд хөрвөгдөөд хэдхэн жил болж байгаа бөгөөд түүнийг зөвхөн ээж нь … мөн баптисм хүртээсэн номлогч нь дэмжин тусалж байгаа юм байна. Тиймээс хүрэм түүний залбирлын хариу байсан бөгөөд үүнд би маш их баяртай байгаа” гэсэн байв.

Тэнгэрлэг Эцэг Францад гэрээсээ 10 мянган километрийн зайтай үйлчилж байгаа энэ номлогчид Парисын хүйтэн өвөлд өмсөх хүрэм үнэхээр хэрэгтэй гэдгийг мөн түүнийг хүрэм худалдан авах боломжгүйг мэдэж байсан хэрэг. Тэнгэрлэг Эцэг манай хүүгийн Ютагийн Прово дахь хувцасны дэлгүүрээс хүлээж авах хүрэм багадна гэдгийг ч бас мэдэж байсан. Тэрээр бас энэ хоёр номлогч Парист хамтдаа үйлчилнэ мөн тэр хүрэм юунаас ч илүү хэрэгтэй байсан нэгэн номлогчийн даруухан, чин сэтгэлийн залбирлынх нь хариу болно гэдгийг мэдэж байсан юм.

Аврагч

“Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.

Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон.

Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй” хэмээн заасан.

Бусад тохиолдолд, гарцаагүй шаардлагатай хүслийг маань бидний хүсэн хүлээсэн арга замаар хариулаагүй бол энэ нь бидний хожмын ашиг тусын тулд болсон байж болох юм. Жишээлбэл, Иаковын хүү Иосефт ах нар нь атаархан, түүнийг үзэн ядаж байсан ба бүр нууцаар алах төлөвлөгөө гаргадаг. Гэхдээ тэд түүнийг алалгүй, Египетэд боол болгон зардаг. Залбирлыг нь хүсэн хүлээсэн арга замаар хариулаагүй гэж боддог хүн байсан бол энэ нь Иосеф байх байсан. Бодит байдал дээр түүний гай зовлон эцсийн эцэст агуу адислалыг авчирсан ба тэр гэр бүлээ өлсгөлөнгөөс аварч чадсан билээ. Сүүлд нь Египетэд бүхний итгэлийг хүлээсэн удирдагч болсныхоо дараа тэр агуу итгэл, мэргэн ухаанаар ах нартаа хандан,

“Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.

Энэ нутагт хоёр жилийн турш өлсгөлөн болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй.

Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.

Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан” хэмээн хэлсэн.

Ууган хүү маань коллежид байхдаа, төгссөнийхөө дараа гайхалтай сайхан, тогтмол ажилтай болох боломжтой маш аятайхан, оюутны хагас цагийн ажилд орсон юм. Тэр дөрвөн жилийн турш оюутны энэ ажилдаа шаргуу хөдөлмөрлөж, өндөр ур чадвартай, хамт олон, дарга нарынхаа хүндлэлийг олсон ажилтан болов. Төгсөх жилийнх нь эцсээр тэнгэрээс зохицуулсан гэж хэлж болохоор (хүүгийн маань бодож байснаар) хүлээж байсан тогтмол ажлын байр нь гарсан ба аль ч талаас нь харахад тэр хамгийн тохирсон ажил горилогч байсан бөгөөд уг ажилд орох нь тодорхой гэж бодож байлаа.

Гэтэл түүнийг ажилд авсангүй. Бидний хэн нь ч яагаад гэдгийг ойлгосонгүй. Тэр өөрийгөө сайн бэлдэж, ярилцлагадаа ч амжилттай оролцсон бөгөөд шаардлагад хамгийн сайн нийцсэн ажил горилогч байсан төдийгүй асар их итгэл, хүлээлттэй залбирсан байлаа! Тэр гутарч, сэтгэлээр унасан ба энэ үйл явдал биднийг мэл гайхахад хүргэсэн юм. Бурхан яагаад түүний зөв шударга хүслийг дэмжсэнгүй вэ?

Үүний хариулт хэдэн жилийн дараа л тодорхой болсон юм. Хэрэв тэр төгссөнийхөө дараа мөрөөдлийнхөө ажилд орсон бол мөнхийн ач тус, адислал авчирч, амьдралыг нь орвонгоор нь өөрчлөх боломжийг алдах байсан юм. Бурхан (үргэлж мэддэгийн адил) төгсгөлийг эхнээс нь мэдэж байсан ба энэ тохиолдолд төсөөлж байснаас нь илүү үр ашигтай үр дагаврыг авчрахын тулд олон зөв шударга залбиралд “үгүй” гэж хариулсан байлаа.

Харин заримдаа бидний зөв шударга, чин сэтгэлийн, цөхрөлтгүй гуйсан залбирлын маань хариу энэ амьдралд ирдэггүй.

Патриша Паркинсон эгч төрөхдөө хараа сайтай төрсөн боловч долоон настайд нь хараа нь муудаж эхэлжээ. Есөн настайдаа Пат эгч гэрээс нь 145 орчим км зайтай байрладаг Юта мужийн Огден хот дахь Ютагийн хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд явж эхэлсэн ба сургуулийнхаа дотуур байранд байрлаж, гэрээ санахаас авахуулаад есөн настай хүүхдийн мэдэрч болох бүхий л мэдрэмжийг амсжээ.

11 насандаа тэр хараагаа бүрэн алдав. Пат 15 насандаа гэртээ амьдрахаар буцан ирж, орон нутгийнхаа сургуульд явж эхлэв. Тэр коллежид суралцан, харилцааны эмгэг, сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба их сургуулийн элсэлтийн албаны ажилтнуудын эргэлзээг тайлах зоримог хүчин чармайлт гаргасны дараа магистрын хөтөлбөрт хамрагдаж, хэл ярианы эмгэг судлалаар магистрын зэрэг хамгаалсан юм. Пат одоо бага ангийн 53 сурагчтай ажилладаг бөгөөд сургуулийнхаа захиргаанд хэл ярианы эмгэг судлалын 4 мэргэжилтнийг ахлан ажилладаг. Тэр өөрийн гэсэн гэр орон, машин тэрэгтэй бөгөөд хэрэгтэй үед нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд нь жолоог нь барьж өгдөг байна.

Патриша Паркинсон эгч

10 настай байхад нь муудаж байгаа харааг нь сайжруулах хагалгаанд Патыг оруулахаар төлөвлөсөн аж. Эцэг эх нь эмчилгээний хувьд яг юу хийх гэж байгааг үргэлж хэлдэг байсан ч яагаад ч юм энэ хагалгааны талаар түүнд хэлээгүй байна. Энэ хагалгааг хийхээр болсон талаар эцэг эхийгээ хэлэхэд ээжийнх нь хэлснээр Пат “хямралд оржээ.” Пат хажуу өрөө рүү гүйн орсон ч эргэн гарч ирээд, эцэг эхдээ бага зэрэг бухимдангуй “Юу гээч. Би үүнийг мэднэ, Бурхан ч мэднэ. Харин та хоёр үүнийг мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Би үлдсэн амьдралынхаа туршид хараагүй байна!” гэж хэлжээ.

Хэдэн жилийн өмнө Пат Калифорнид амьдардаг гэр бүлийн гишүүд дээрээ айлчлахаар очжээ. Гурван настай үеэл нь түүнийг гадаа зогсож байхад “Авга эгч Пат аа, та Тэнгэрлэг Эцэгээс шинэ нүд өгөхийг хүсэн гуйж болохгүй юм уу? Яагаад гэвэл Тэнгэрлэг Эцэгээс гуйх юм бол Тэр танд хүссэн болгоныг тань өгнө шүү дээ. Та зүгээр л хүсэх хэрэгтэй” гэжээ.

Пат энэ асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байсан ч “Тэнгэрлэг Эцэг заримдаа тэр маягаар ажилладаггүй. Заримдаа Тэр чамайг ямар нэгэн зүйл суралцаасай хэмээн хүсдэг. Тиймээс Тэр хүссэн болгоныг чинь өгдөггүй. Заримдаа чи хүлээх хэрэгтэй болдог. Тэнгэрлэг Эцэг болон Аврагч бидэнд юу сайн, юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Тиймээс Тэд чиний хүссэн үед, хүссэн бүхнийг чинь өгөхгүй” гэж хариулсан аж.

Би Патыг олон жилийн өмнөөс мэдэх бөгөөд түүний үргэлж эерэг, аз жаргалтай байдгийг биширдгээ саяхан түүнд хэлсэн юм. Тэр үүний хариуд “За, та надтай хамт манай гэрт байж үзээгүй, тийм үү? Надад янз бүрийн зүйл тохиолддог. Надад хүнд хэцүү сэтгэл гутралд орж байсан үе бий бөгөөд уйлах үе ч олон удаа гарч байсан.” Гэсэн хэдий ч тэр “Сонин байсан ч гэлээ хараагаа алдаж эхэлсэн мөчөөс эхлэн Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр надтай болон гэр бүлийнхэнтэй маань хамт байгааг би мэддэг байсан юм. Бид үүнийг хамгийн сайн чадахаараа зохицуулсан ба үүнийг хамгийн зөв замаар хийсэн гэж би боддог. Эцэст нь би хангалттай амжилтад хүрсэн ба ерөнхийдөө аз жаргалтай хүн болж чадсан. Түүний мутар бүх зүйлд оролцож байсныг би санадаг. Хараагүй болсондоо уурладаг уу гэж асуусан хүмүүст би ‘Хэнд би уурлана гэж? Үүнийг даван туулахад Тэнгэрлэг Эцэг надтай хамт байгаа. Би ганцаараа биш. Тэр үргэлж надтай хамт байдаг’ гэж хариулдаг” гэж нэмж хэлсэн.

Энэ тохиолдолд дахин хараатай болох Патын хүсэл энэ амьдралд биелэхгүй. Харин түүний эцгээсээ сурсан уриа бол “Энэ зүйл бас улиран одох болно” гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Эцэг таныг төдийгүй, таны сэтгэлийг мөн таны эргэн тойрон дахь хүн бүрийн сүнслэг болон зуурдын хэрэгцээг яг энэ мөчид мэддэг” хэмээн хэлсэн. Энэхүү агуу тайтгаруулагч үнэнийг миний дээр өгүүлсэн гурван туршлагаас харж болно.

Ах эгч нар аа, заримдаа залбирал маань бидний хүсэн хүлээснээр хурдан хариулагддаг. Харин заримдаа залбирлыг маань бидний найдан хүлээсэн арга замаар хариулдаггүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан бидний анх хүсэн хүлээж байснаас маань илүү агуу адислалуудыг бэлтгэсэн байгааг бид олж мэддэг. Заримдаа Бурханд хандсан зөв шударга гуйлт маань энэ амьдралд хариулагдахгүй. Ахлагч Нийл А.Максвэллын хэлснээр “Итгэл найдварт Бурханы цаг хугацаанд итгэх итгэл мөн адил багтдаг.”

Тэнгэрлэг Эцэг Өөрийн арга зам, цаг хугацаанд биднийг адисалж, бүх асуудал, шударга бус байдал, урам хугарах зүйлийг шийдвэрлэнэ хэмээн бидэнд амласан.

Хаан Бенжамины хэлсэн үгээс эш татъя. “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм.”

Бурхан бидний залбирлыг сонсдог гэдгийг би мэднэ. Хайраар дүүрэн, бүхнийг мэдэгч Эцэгийн хувьд Тэрээр бидний залбирлыг Өөрийн хязгааргүй мэргэн ухааны дагуу бидэнд хамгийн их ашиг тустай, биднийг хамгийн ихээр адислах арга замаар төгс хариулдаг гэдгийг би мэднэ. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.