Түүний дуу хоолойг сонсох нь
Маш олон өрсөлдөгч дуу хоолойгоор дүүрсэн дэлхийд Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь дуу хоолойг сонсож, дагах боломжоор биднийг хангасан.
Өнөө өглөө хадам ах эхнэрийн маань ээждээ олон жилийн өмнө бичсэн зурвасыг өгсөн юм. Тэр үед Хомэр эгч жаахан байжээ. Тэр “Хайрт ээж минь, би өнөөдөр гэрчлэлээ хуваалцаагүйг уучлаарай. Гэсэн ч би тандаа хайртай шүү” гэсэн байв. Биднийг үдийн хоол идэхээр явах үед энэ их сонирхолтой юм байна гэж надад бодогдов. Тэгээд би суугаад, “Хайрт ерөнхийлөгч Нэлсон, би өнөөдөр хэлэх үгээ хэлээгүйг уучлаарай. Гэхдээ би танд хайртай” гэж бичив. Ингэж бичсэн нь ямар нэг байдлаар зөв гэж санагдаагүй юм. Тэгээд ч бид энд ирчихсэн байна. Өнөөдрийн энэ хуралдаанаар хүмүүсийн хэлсэн зүйл дээр нэмж үг хэлэхдээ би баяртай байна.
Олон жилийн өмнө би шинэхэн нисгэгчээр жолоодуулсан нэгэн жижиг онгоцоор аялсан юм. Нислэг өндөрлөх дөхөж, бид газардахад бэлэн болов. Газарт ойртох үед онгоцны бүхээг дотор “дээшээ хөөр” гэсэн түгшүүрийн дохио дуугарахыг би сонслоо. Уг нисгэгч илүү туршлагатай хоёрдугаар нисгэгч рүүгээ хартал тэрээр нисэх зурваснаас холуур доошил гэж заангаа, “Одоо!” гэж хэлэв.
Онгоц маань огцом зүүн тийш эргэж, доошлон мөн буцаж өндрөө аваад, газардах байрлалд дахин орж, хүрэх газраа аюулгүй ирсэн юм. Хожим нь бид өөр нэг онгоц хөөрөх зөвшөөрөл авсан байсныг мэдэж билээ. Хэрэв бид түгшүүрийн дохионы зааврыг дагасан бол өөдөөс ирж буй онгоцноос холуур өнгөрөх биш, харин яг чиглэн ирэх байв. Энэ туршлага надад хоёр чухал сургамж өгсөн. Нэгдүгээрт, амьдралын эгзэгтэй агшинд бид анхаарлыг маань татахыг хичээж буй олон дуу хоолойг сонсдог. Хоёрдугаарт, бид зөв дуу хоолойг олж сонсох нь туйлын чухал юм.
Өрсөлдөгч дуу хоолойнууд
Бид анхаарлыг маань татах зорилготой олон дуу хоолой бүхий дэлхийд амьдарч байна. Ноцтой мэдээ, жиргээ, блог, подкастууд болон Алекса, Сири мөн бусдын өгдөг итгэмээр зөвлөгөөний алинд нь итгэх ёстойгоо мэдэхэд амаргүй байдаг. Заримдаа бид олны жишгийг үнэний хамгийн сайн эх сурвалж гэж бодоод, амьдралдаа бусдаас удирдамж авдаг. Зарим үед бид “хоёр замын хооронд тээнэгэлзэж,” “хүйтэн ч биш, халуун ч биш” байхыг сонгодог. Гэсэн ч зарим үед бид илүү амархан санагдсаныг нь дагаж, ганцхан дуу хоолой юм уу аль нэг зүйл дээр төвлөрч эсвэл зөвхөн өөрсдийнхөө бодох чадварт хэт их найддаг.
Эдгээр арга тустай байж болох ч үргэлж найдвартай байдаггүй гэдгийг туршлага харуулдаг. Олны анхаарлыг татсан зүйл үргэлж хамгийн сайн нь байдаггүй. Хоёр замын хооронд тээнэгэлзэх нь ямар ч чиглэл өгдөггүй. Ая тухаа бодох нь хэзээ ч чухал зүйл рүү хөтөлдөггүй. Цор ганц дуу хоолой эсвэл зүйл дээр хэт төвлөрөх нь бидний харах чадварыг бууруулдаг. Түүнчлэн зөвхөн өөрийнхөө бодолд найдах нь дүйнгэ бодол санаа руу хөтөлдөг. Бид сэрэмжтэй байхгүй бол буруу дуу хоолойнууд биднийг сайн мэдээний төвөөс холдуулж, итгэлээ хадгалахад хэцүү газарт аваачдаг ба бид тэндээс хоосрол, хорсол, харууслыг л олох болно.
Буруу дуу хоолойг сонсох
Би нэг зүйрлэл болон судрын жишээ ашиглан, хэлэх гэсэн санаагаа дүрслэн харуулъя. Ууланд авирагчид 8000 метрээс дээших өндрийг “үхлийн бүс” гэж нэрлэдэг. Учир нь ийм өндөрт амьдралыг тэтгэх хангалттай хүчилтөрөгч байдаггүй. Үүнтэй адил сүнслэг байдлын үхлийн бүс гэж бас бий. Хэрэв бид итгэл оршдоггүй газар хэт удаан байвал гэм хоргүй мэт санагдах дуу хоолойнууд биднийг сүнслэг хүчилтөрөгчөөс холдуулах болно.
Мормоны Номон дээрээс бид ийм зүйлийг биеэрээ мэдэрсэн Корихорын тухай уншдаг. Түүний сургаал “эгэл оюунд [таалагдсан]” учраас тэр ихэд алдаршжээ. Тэрээр эцэг эхчүүд болон бошиглогчид эрх чөлөөг хязгаарлаж, харанхуй бүдүүлэг байдалд байлгах мунхаг уламжлалыг заадаг гэж хэлжээ. Зарлигууд нь зохиомлоор үүссэн хорио цээр төдий зүйл учраас хүмүүс хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байх ёстой гэж тэр хэлсэн. Түүний хувьд, Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл бол “галзуурсан сэтгэлийн нөлөө” бөгөөд энэ нь харагддаггүй учир оршдоггүй Түүнд итгэх итгэлээс төрсөн зүйл байв.
Корихор маш их үймээн тарьсан учраас түүнийг ерөнхий шүүгчийн болон дээд санваартны өмнө авчиржээ. Тэнд тэр “дуу хадаан ярьж,” удирдагчдыг шүүмжилж мөн тэмдэг шаардав. Тэмдэг ч өгөгдсөн. Тэр дуугарч ч чадахгүй байсан төдийгүй бүр хэлгүй болжээ. Корихор мэхлэгдсэн гэдгээ ойлгож, өөрийнхөө үгүйсгэсэн үнэ цэнтэй үнэний талаар бодон, “би ямагт мэддэг байсан” хэмээн гашуудсан.
Корихор зорамчуудаар дэвслэгдэн үхэх хүртлээ хоол хүнс гуйж явжээ. Түүний түүхийг өгүүлсэн дараах сүүлчийн шүлэгт чухал санаа агуулагддаг. “Мөн тийн чөтгөр эцсийн өдөр өөрийн хүүхдийг эс дэмждэгийг, харин тэднийг яаран там уруу чирдгийг бид харав.”
Зөв дуу хоолой
Тэнгэрлэг Эцэг маань бидэнд сайн сайхныг хүсдэг учраас Өөрийнх нь дуу хоолойг сонсох боломжийг бидэнд олгодог. Ихэвчлэн бид Ариун Сүнсээр өгөгдсөн санаа бодлоор дамжуулан Түүнийг сонсдог. Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн. Тэр Эцэг мөн Хүүг гэрчилдэг ба “[бидэнд] бүх зүйлийг заахаар” илгээгдэж, “[бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] харуулах” болно.
Сүнс хүн бүрд өөр өөрөөр ярьдаг бөгөөд нэг хүнд өөр өөр цаг үед өөр өөр арга замаар ярьж болно. Тиймээс Түүний бидэнтэй ярьдаг олон арга замаас суралцах нь насан туршийн эрэл хайгуул юм. Заримдаа Тэр бидний “оюунд мөн зүрх сэтгэлд [маань]” намуухан боловч хүчтэй, “сонссон тэдний биенийх нь төвд” нэвтрэн орох дуу хоолойгоор ярьдаг. Өөр үед Түүнээс ирэх мэдрэмж “[бидний] оюун бодлыг эзэмдэж” эсвэл “бодол санааг [эзэгнэдэг].” Зарим үед цээжин бие маань “[бидний] дотор [шатдаг].” Бусад үед Тэр бидний бодгалийг баяр баяслаар дүүргэж, оюун санааг маань гэгээрүүлж эсвэл бидний айж эмээсэн зүрх сэтгэлд амар амгаланг ярьдаг.
Түүний дуу хоолойг олж сонсох
Бид Эцэгийнхээ дуу хоолойг олон газраас олох болно. Бид үүнийг залбирч, судруудыг судалж, сүмд явж, итгэл өсгөх ярилцлага хийх эсвэл ариун сүм рүү явах үедээ сонсох болно. Үүнийг бид энэ амралтын өдрүүдэд чуулганаас олох нь гарцаагүй.
Өнөөдөр бид 15 хүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжлээ. Тэдний сүнслэг байдал болон туршлага бидэнд зайлшгүй хэрэгтэй өвөрмөц үзэл бодлыг тэдэнд өгдөг. Тэдний захиасыг олоход хялбар бөгөөд маш тодорхой байдаг. Бурханы биднийг мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлийг тэд бидэнд хэлдэг.
Түүний дуу хоолойг эдгээр газрын аль нэгээс эрэлхийлэх нь сайн боловч тэдгээрийн олноос нь эрэлхийлбэл бүр сайн. Бид уг дуу хоолойг сонсоод, өгөгдсөн удирдамжийг дагах хэрэгтэй. Төлөөлөгч Иаков “Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун” хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Томас С.Монсон нэг удаа: “Бид сонсдог. Бид хүлээдэг. Бид тэр намуун, зөөлөн дуу хоолойг сонсдог. Энэ дуу хоолойг ярих үед эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд дуулгавартай дагадаг” хэмээн заасан.
Удирдамж удаан ирэх үед
Ажлын талбарт гараад удаагүй байхад Хомэр эгч бид хоёрт өөр ажилд орох санал ирсэн юм. Энэ нь тухайн үедээ бидний хувьд маш том шийдвэр мэт санагдсан. Бид судалж, мацаг барьж, залбирсан боловч хариулт ирэхгүй удав. Удалгүй бид шийдвэрээ гаргаад урагшилсан. Ийнхүү үйлдэхэд бидний сэтгэл тайван байсан ба удалгүй энэ нь бидний гаргасан хамгийн зөв шийдвэр байсныг олж мэдэв.
Үүний үр дүнд бид зарим үед хариултууд удаан ирдэг гэдгийг олж мэдсэн юм. Энэ нь цаг нь бүрдээгүй, хариулт шаардлагагүй эсвэл Бурхан бидэнд өөрсдөө шийдвэр гаргах итгэл хүлээлгэж байгаа гээд олон шалтгаантай байж болно. Бид ийм тохиолдлуудад талархдаг байх хэрэгтэй гэж ахлагч Ричард Г.Скотт нэгэн удаа заасан ба “Та нар зөв зохистой амьдарч, сонголт чинь Аврагчийн сургаалуудтай нийцэж байгаа үед, итгэлээрээ үйлдэж урагш алх. … Та нар буруу шийдвэр гаргалаа ч Бурхан та нарыг сэрэмжлүүлэх мэдрэмжгүйгээр алдааг тань лавшруулахгүй” гэсэн амлалтыг өгсөн.
Бид сонгох ёстой
Тиймээс, бид олон өөр дуу хоолойноос алиныг нь дуулгавартай дагахаа сонгох хэрэгтэй. Бид найдваргүй дуу хоолойнуудыг дагах уу эсвэл шийдвэр гаргахад маань биднийг чиглүүлж, аюулаас хамгаалах Эцэгийн дуу хоолойг сонсоход шаардагдах ажлыг хийх үү? Бид Түүний дуу хоолойг хэдий чинээ хичээнгүйлэн эрэлхийлнэ, үүнийг сонсоход төдий чинээ амар болдог. Энэ нь Түүний дуу хоолой чангарсандаа биш, харин бидний сонсох чадвар сайжирсных юм. Хэрэв бид “[Түүний] дүрмүүдийг анхааран сонсох, мөн [Түүний] зааварт чих тавих” аваас Тэрээр “[бидэнд] илүү ихийг өгөх болно” хэмээн Аврагч амласан. Энэ амлалт бидний хүн нэг бүрийн хувьд үнэн гэдгийг би гэрчилж байна.
Бараг нэг жилийн өмнө ах маань аймшигтай автомашины ослоор нас барсан. Жонын залуу нас амлалт, амжилт бүтээлээр дүүрэн байсан. Гэвч нас ахих тусам доройтсон бие, орон гаран ухаан санаа нь түүний амьдралыг улам дордуулж байв. Хүсэж найдаж байсанчлан энэ амьдралдаа эдгэрээгүй ч Жон итгэлээ алдалгүй эцсээ хүртэл хамгийн сайнаараа тэвчихээр зориг шулуудсан юм.
Жон төгс байгаагүй гэдгийг би мэднэ. Гэхдээ түүнд ийм тэвчээрийг юу өгсөн юм бол гэж би боддог. Олон дуу хоолой түүнийг цөхрөлийн ирмэг рүү хөтөлсөн боловч тэр тийшээ явахгүй байхыг сонгосон. Үүний оронд тэр амьдралаа сайн мэдээний төвөөс аргамжихын тулд чадах бүхнээ хийсэн билээ. Тэр Эзэнийхээ дуу хоолойг сайн мэдээнээс олно гэж мэдэж байсан учраас сайн мэдээний дагуу амьдарсан. Тэр заавар чиглүүлэг авна гэдгээ мэдэж байсан учраас л сайн мэдээний дагуу амьдарсан.
Дүгнэлт
Ах, эгч нар аа, маш олон өрсөлдөгч дуу хоолойгоор дүүрсэн дэлхийд Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь дуу хоолойг сонсож, дагах боломжоор биднийг хангасан. Хэрэв бид хичээнгүй байвал бидний эрэлхийлдэг удирдамж, бидэнд хэрэгтэй хүч чадлыг болон хүсдэг аз жаргалыг маань Эцэг, Хүү хоёр өгөх болно. Есүс Христийн нэрээр, амен.