2010–2019
Таны санваарын тоглолтын схем
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Таны санваарын тоглолтын схем

Христийн шавь гэдгээ хэрхэн нотлох тоглолтын схемээ зохиож боловсруул.

Өнгөрсөн 12-р сард Тэргүүн Зөвлөлөөс 11 настай хөвгүүд “12 нас хүрэх оныхоо 1-р сараас … Аароны санваарын чуулгад … оролцож эхлэх” тухай мэдэгдэл хийж, зарласан билээ.

Үүний үр дүнд, энэ оны эхээр төрсөн өдөр нь болтлоо Хүүхдийн хэсэгтээ явна гэж бодож байсан 11 настай нэлээд хэдэн хөвгүүн гайхсан боловч одоо Сүмийн хамгийн шинэ томилогдсон диконууд болж, ням гаргуудад ариун ёслол түгээж байна.

Энэхүү өөрчлөлтөд диконууд эсвэл эцэг эхчүүдийн хэн нь илүү гайхширсан бол гэж би боддог. Эдгээр бараг 80000 шинэхэн диконы ихэнх нь өнөө орой энэхүү том Чуулганы төвд бидэнтэй хамт байгаа бөгөөд бас зарим нь техник технологоор дамжуулан оролцож байна. Санваарын агуу ахан дүүсийн барилдлагад тавтай морилно уу!

Энэхүү өөрчлөлт нь энэ цуглааныг түүхэн ач холбогдолтой болгож байна. Учир нь Ерөнхий чуулганы Санваарын нэгдсэн хуралдаанд урьд өмнө хэзээ ч оролцож байгаагүй олон Аароны санваартан оролцож байх шиг байна. Энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан би гол төлөв Аароны санваартан залуу эрэгтэйчүүдэд хандан үгээ хэлье.

Спортоос олж авсан сургамж

Суралцагчийн хувиар та нарын олонх нь өөрсдийн авьяас чадвар, сонирхол, хоббигоо сургууль дээрх хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд эсвэл спорт гэх мэт хувиараа авдаг хичээл, баг, бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулан мөн хөгжүүлж байдаг.

Би амьдралынхаа турш спортод дуртай байсан болохоор спортын ур чадвараа өндөр түвшинд хүртэл хөгжүүлж буй хүмүүсийг хараад, үргэлж биширдэг. Хэн нэгний хувьд, ямар нэг зүйлд үнэхээр сайн байхын тулд төрөлх авьяасаас гадна чанд сахилга бат, золиос, олон цагийн нөр их бэлтгэл сургууль хэрэгтэй. Ийм тамирчид ихэвчлэн дасгалжуулагчаасаа зарим үед хатуу санагдах шүүмж үг сонсдог бөгөөд одоогийн хүсэл сонирхлоо ирээдүйн агуу зүйлийн төлөө хойш тавихад бэлэн байдаг.

Бид мэргэжлийн спортоор хамгийн өндөр түвшний амжилт үзүүлсэн Сүмийн гишүүн, санваартнуудыг мэднэ. Сайн жишээ олон байгаа боловч цаг хэмнэхийн тулд зөвхөн заримыг нь энд дурдъя. Та бүгд дараах тамирчдаас заримыг нь таних байх: бэйсболоор—Жэрэми Гутри, Брайс Харпэр, сагсан бөмбөгөөр—Жабари Паркэр, Жиммэр Фрэдитт, хөлбөмбөгөөр—Рикардо Рохас, рэгбигээр—Виллиам Хопоатэ, америк хөлбөмбөгөөр—Тайсом Хилл, Даниел Сорэнсэн нар байна. Тэдний хүн нэг бүр тус тусын спортод чухал хувь нэмэр оруулсан билээ.

Тэдгээр тамирчин өөрсдийн спортод маш их амжилт гаргахын зэрэгцээ төгс тамирчин эсвэл төгс хүмүүс биш гэдгээ хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрдөг. Тэд спортдоо хамгийн шилдэг нь байж, сайн мэдээний дагуу амьдрахын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Тэд унавал босож, эцсээ хүртэл тэвчихийн төлөө хичээж зүтгэдэг.

Тоглолтын схемээ судал

Багийн спортод тоглолтын бодлогуудыг тухайн тэмцээний нөхцөл байдалд тохируулан боловсруулж, тоглолтын схемд нэгтгэдэг. Тамирчид тоглолтын бодлого бүр дэх өөрсдийн тусгай даалгаврыг судалдаг. Амжилттай тоглогчид тоглолтын схемээ маш сайн судалсан байдаг бөгөөд нэг тоглолтын бодлого сонгогдоход тэд хаана очиж, юу хийх ёстойгоо бараг зөнгөөрөө гэмээр маш сайн мэддэг.

Тоглолтын схемтэй дасгалжуулагч

Дэйв Кауп/REUTERS/stock.adobe.com-ын зураг

Тоглотын схем

Үүнтэй адилаар санваартнууд бид ч баг (чуулга)-тай, бидэнд бас тоглолтын схем (ариун судрууд, өнөө үеийн бошиглогчдын үгс) бий.

Та багийнхаа гишүүдийг хүчирхэгжүүлдэг үү?

Та тоглолтын схемээ хэр сайн судалсан бэ?

Та өөрийнхөө үүрэг даалгаврыг бүрэн ойлгодог уу?

Санваарын чуулга

Эсэргүүцлийг сөрөн зогсох нь

Энэхүү харьцуулалтыг гүнзгийрүүлэн авч үзвэл, агуу дасгалжуулагчид багийнхныхаа сул болон давуу талуудыг мэдэхээс гадна эсрэг багийнхнаа ч мөн мэддэг. Тэд ялалтад хүргэх хамгийн сайн боломжтой тоглолтын төлөвлөгөөг боловсруулдаг. Та нарын хувьд яадаг вэ?

Та нар ямар сорилтод хамгийн эмзэг гэдгээ мэдэхээс гадна дайсан хэрхэн хавчиж, зоригийг тань мохоохыг таамаглаж чадна. Та нар эсэргүүцэл тулгарах үед хэрхэн хариу үйлдэл хийхээ мэдэж болохын тулд хувийн тоглолтын төлөвлөгөө боловсруулж, тоглолтын схем гаргасан уу?

Та нар ёс суртахууны төрөл бүрийн сорилттой тулгарахдаа, бусадтай хамт эсвэл ганцаараа дэлгэц рүү ширтэж байхдаа тоглолтын төлөвлөгөөгөө мэдэх болно. Хэрэв танай найз архи уухыг эсвэл мансууруулах бодис хэрэглэж үзэхийг санал болгох үед та тоглолтын бодлогоо мэднэ. Та дадлага хийсэн учраас хэрхэн хариу үйлдэхээ урьдаас мэддэг.

Тоглолтын схем, төлөвлөгөө, үүргээ гүйцэтгэх баттай итгэл үнэмшилтэй байгаа тохиолдолд уруу таталт таны дээр хүч султай байгааг олж мэдэх болно. Та хэрхэн хариу үйлдэж, юу хийх талаар шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байх болно. Уруу таталттай тулгарах бүрдээ шийдвэр гаргаад байх шаардлагагүй.

Арван хоёр Төлөөлөгчийн нэг саяхан энэ зарчмыг дүрсэлсэн түүхийг хуваалцсан. Тэрээр ахлах сургуулийн сурагч буюу прист байхдаа найз нартайгаа хамт явж байв. Тэднийг идэх хоол унд худалдаж авсныхаа дараа гадуур машинаар явж байхад нэг нь нэгэн төрлийн кино үзэхийг санал болгожээ. Асуудал нь тэр кино өөрийнх нь үзэх ёсгүй кино гэдгийг тэр мэдсэнд байв. Тэрээр үүссэн нөхцөл байдлын талаар тэр даруйдаа шахалт дарамт мэдэрч, тавгүйтсэн ч түүнд энэ талаар төлөвлөгөө байв. Энэ нь түүний санваарын тоглолтын схемэнд зориулан төлөвлөсөн хуудас байлаа.

Тэр гүнзгий амьсгаа авч, зоригоо чангалаад “Би ийм төрлийн кино үзмээргүй байна. Намайг гэрт минь буулгаад өгчих” гэж хэлэхэд тэд хүргээд өгөв. Энгийн тоглолт ялалтад хүргэжээ! Хэдэн жилийн дараа, тэр орой түүнтэй хамт явж байсан найзуудынх нь нэг энэ жишээ өөрийнх нь амьдралд тохиолдсон ижил төстэй нөхцөл байдалтай зоригтой нүүр тулах үед нь хэрхэн асар их хүч болж байсныг нотолсон тухай ярьжээ.

Тоглолтын схемийн хуудсууд

Би хэдэн ах нараас тоглолтын схемэндээ оруулж болох тоглолтын бодлогын талаар зөвлөгөө хүссэн юм. Тэдний сүнслэг өдөөлт бүхий зөвлөгөөг одоо хэлье. Үүнд:

  • Илүү агуу гэрлийн төлөө мөн Есүс Христийн талаар гэрчлэлтэй болохын төлөө өдөр бүр залбир.

  • Эцэг эх, бишоп, Залуу эрэгтэйчүүдийн болон чуулгын удирдагчдынхаа заасан зүйлийг анхааралтай сонс.

  • Порнографаас болон ёс суртахуунгүй олон нийтийн цахим мэдээллээс зайлсхий.

  • Бурханд өгсөн амлалтаа санаж, түүнийгээ сахихын төлөө хичээ.

  • Агуу бошиглогчдын тухай судрууд дахь түүхүүдийг судалж, тэдний сайн зан чанаруудыг даган дуурай.

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг үйлчлэлээр дамжуулан адисал.

  • Ямар хүн болохыг хүсэж байгаа шигээ хүн болоход тань туслах сайн найзуудыг эрэлхийл.

  • Гэр бүлийн түүхийн аппликэйшныг сайтар эзэмшиж, гэр бүлийнхээ түүхийг судал.

  • Хилэнцэт нөлөөллөөс зайлсхийж зугтаж болох орогнох газруудыг төлөвлө.

  • Санваарын чуулгынхаа бусад гишүүнийг хайрла. Тэднийг хүчирхэгжихэд нь тусал.

Бидний урьд нь зургийг нь харсан тамирчидтай би ярилцаж үзсэн. Тэд өөрсдийгөө мэргэжлийн тамирчны хувьд юу хийдэг гэдгээрээ тодорхойлдоггүй, харин Тэнгэрлэг Эцэгийн хайртай хөвгүүд, Бурханы санваартнуудын хувьд хэн бэ гэдгээрээ тодорхойлдог нь надад сонирхолтой санагдсан.

Одоо тэдний бодлыг сонсоцгооё.

  • Дикон байхдаа зангиа зангидахыг сурч байгаа Жиммэр Фрэдитт “би сайн мэдээний үнэний талаарх өөрт байгаа мэдлэг болоод итгэлдээ ихээхэн тулгуурлаж сурсан. Энэ нь намайг … зохистой санваартан мөн хамгийн чухал нь сайн үлгэр жишээ болоход удирдан чиглүүлдэг” гэж хэлсэн юм.

    Дикон Жиммэр Фрэдитт
  • Брайс Харпэр нөхөр хүнийхээ хувиар “Би алдар нэр, эд хөрөнгө, Хамгийн Үнэ Цэнтэй Тоглогчийн шагнал намайг аз жаргалтай болгоно гэж боддог байсан. Гэхдээ нэг л зүйл дутагдаад байлаа. Тиймээс би … өөрийгөө бэлтгээд, ариун сүмд [орсон]. Би одоо Тэнгэрлэг Эцэгт хүргэх зам дээр гарсан ба мөнхийн гэр бүлтэй болсон. Энэ бол дэлхий дээрх хамгийн агуу баяр баясал юм!” гэж захидалдаа бичжээ.

    Брайс Харпэр эхнэрийн хамт
  • Номлогчоор үйлчилсэн Даниел Сорэнсэн “Сайн тоглолтын схем нь багийн гишүүн бүрийн авьяас чадвар, хүч чадлыг ашигладаг сайн төлөвлөгөө юм. … Би Есүс Христийн сайн мэдээний сургаалыг судалж, амьдралдаа хэрэгжүүлснээр санваарт үйлчлэхийн тулд хүч чадлаа хэрхэн ашиглахаа мэддэг” гэж хэлсэн.

    Номлогч Даниел Сорэнсэн
  • Одоо номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж буй Жэрэми Гутри “12-той дикон … байхдаа [би] ‘энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх … үе’ [гэж] Сүнс гэрчилж байгааг мэдэрсэн юм. Энэ тоглолтын төлөвлөгөө бол Бурханд итгэх итгэл [ба] Аврагчаар дамжуулан наманчлах наманчлал юм. … Тоглолтын схем ариун судруудад мөн амьд бошиглогчдоор дамжуулан өгөгддөг” гэж хуваалцсан юм.

    Номлолын ерөнхийлөгч Жэрэми Гутри
  • Ахлагчийн албанд томилогдоод буй Жабари Паркэр “Хэрэв би баптисм хүртэх шийдвэр гаргаагүй байсан бол ямар хүн болох байснаа төсөөлөхөд ч бэрх байна. … Намайг өдөр бүр удирдан чиглүүлэх Бурхан амьдралд минь байдагт би маш их талархалтай байна” гэж хэлсэн.

    Санваарт томилогдож буй Жабари Паркэр
  • Одоогоор салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа Рикардо Рохас хэлэхдээ “[Бурханы] санваараар дамжуулан [бид] Түүний ажилд туслаж чадна. Бид үнэнийг хамгаалахын тулд ‘тууштай бөгөөд зоригтой’ байхаар дуудагдсан” гэв. Энэ нь түүнийг хөлбөмбөгийн талбай дээрээ ч санваар атгагчийн хувьд ч аль алинд нь амжилттай байхад тусалжээ.

    Салбарын ерөнхийлөгч Рикардо Рохас
  • Номлогч болсон Тайсом Хилл Есүс Христийн сайн мэдээ амьдралынх нь тоглолтын схем болсон гэж боддог. “Бурхан хичээл зүтгэлд минь сэтгэл хангалуун байгаа гэдгийг мэдсэнээр [Бурханы] төлөвлөгөөнд итгэх нь мөн үүн дэх үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх нь амьдралд асар их амар амгалан, аз жаргал авчирсан” гэж тэр хуваалцсан юм.

    Номлогч Тайсом Хилл
  • Жич хүү нь нэрийн адислал авч буй Виллиам Хопоатэ сайн мэдээ өөрт нь “дайсны төлөвлөгөөг мэдэж, галт сумыг тэсвэрлэх сүнслэг үр нөлөөгөөр ханган, бусдад илүү сайн үйлчлэхэд” тусалдаг гэж хэлсэн юм.

    Виллиам Хопоатэ хүүхдийн нэрийн адислал дээр

Та нарын хувьд яадаг вэ? Та нар Бурханы хүү, Түүний ариун санваар атгагч байх илүү чухал, ариун нандин мөн чанараа ухааран ойлгодог уу? Энэхүү мөнхийн мөн чанараа оюундаа санан, уруу таталт, саад бэрхшээлтэй үед та нарыг удирдан чиглүүлэх тоглолтын төлөвлөгөө, санваарын тоглолтын схемээ зохиож, боловсруулаарай. Довтолгооны болон хамгаалалтын төлөвлөгөөг аль алиныг авч үзээрэй.

Довтолгооны төлөвлөгөө нь гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг ба шулуун бөгөөд нарийн зам дээр үлдэх шийдвэрийг батжуулдаг. Үүний жишээ нь тогтмол залбирах, судраас судлах, Сүмд яван, ариун сүмд орох, аравны нэгээ төлөх ба Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр байдаг зөвлөгөөг дагах юм.

Хамгаалалтын төлөвлөгөөнд уруу таталттай хэрхэн нүүр тулах талаар урьдчилан төлөвлөх төлөвлөгөө ордог. Хувийн жишгээ зөрчихөд хүргэх сорилтод орохдоо та нар юу хийхээ урьдчилан мэднэ гэсэн үг юм.

Үүний тулд та нарт тоглолтын схем хэрэг болно.

Өнөөдөр та залбирах хүсэлгүй байна уу? Аль хэдийн төлөвлөсөн тоглолтын бодлогоо хэрэгжүүлэх цаг болжээ.

Таны гэрчлэл суларч байгаа мэт санагдаж байна уу? Үүнд зориулсан тоглолтын бодлого танд бий. Та юу хийх ёстойгоо мэднэ шүү дээ.

Бурханы мэлмийд бүгд Од

Та нар Бурханы ариун санваарыг атгадаг хүмүүс. Төмөр бариулаас баттай атгах шийдвэр тань та нарыг тийм л байхаар бүтээгдсэн тэрхүү мөнхийн нэгэн болгож хувиргана.

Тэрээр та нарыг мэддэг бөгөөд та нарыг хайрладаг. Тэр та нарыг адисалж, алхам бүрийг тань удирдан чиглүүлэх болно.

Та өөрийгөө онцгой нэгэн биш, гайхалтай зүйлсийг гүйцэлдүүлэхүйц хангалттай сайн биш гэж боддог байж магадгүй. Гэвч тийм биш ээ. Бурхан “Дэлхийн сул дорой зүйлүүд урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд хийгээд хүчтэнүүдийг унагах болно” гэж тунхагласныг та мэдэхгүй гэж үү?

Тэгээд та өөрийгөө сул дорой мэт мэдэрч байна уу? Ач холбогдолгүй гэж бодож байна уу? Та дөнгөж сая эгнээндээ орж зогслоо. Баяр хүргэе!

Та өөрийгөө чухал биш гэж мэдэрч байна уу? Өөрийгөө дорд үзэж байна уу? Магадгүй, та Бурханд хэрэгтэй нэгэн байх.

Давид, Голиат хоёр

Давид байлдааны талбарт сүрдмээр дайсан болох Голиаттай тулалдахаар гарч ирснээс илүү агуу жишээ байна уу? Тоглоомын төлөвлөгөөтэй Давид Их Эзэнд итгэн найдаж байсан тул зөвхөн өөрийгөө авраад зогсоогүй, Израилын армийг аварсан! Та Их Эзэний талд байна гэж өөрийгөө зоригжуулах үед Бурхан тантай хамт байх болно гэдгийг мэд. “Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?”

Тэрээр үүдийг нээж, өөрсдөдөө байсныг ч мэдээгүй байсан хүч тэнхээ, боломжоо олоход бидэнд тусалж чадна.

Та нарын итгэлтэй дасгалжуулагчид болох эцэг эх, бишоп, Залуу эрэгтэйчүүдийн удирдагчдаа сонс. Тоглолтын схемээсээ суралц. Судруудаас унш. Өнөө үеийн бошиглогчдын хэлсэн үгсийг судал. Христийн шавь гэдгээ хэрхэн нотлох тоглолтын төлөвлөгөөгөө зохиож боловсруул.

Өөрийн сүнсийг хүчирхэгжүүлэхдээ, дайсны урхинаас зайлсхийхдээ ашиглах тоглолтын бодлогуудаа урьдчилаад мэдэж ав.

Үүнийг хий. Тэгвэл Бурхан таныг ашиглах нь гарцаагүй.

Өөрсдийгөө сайн мэдээнээс салгаж, төөрөлдөн яваа хүмүүс энд байж магадгүй. Зарим нь суудал дээрээ суугаад, тоглолтыг холоос хардаг байх. Дасгалжуулагч нь талбайд гаргаж тоглуулахыг хичээсэн ч вандан сандал дээрээ сууж үлдэхийг сонгодог хүмүүс ч байж болно. Нэг багийн гишүүний хувиар та нар тэднийг аварч, дэмжиж, хайрлаасай хэмээн би та нарыг урьж байна!

Бусад нь тоглолтод оролцохыг хүсдэг мөн тийн үйлддэг. Хэр зэрэг авьяас чадвартай байх нь чухал биш, харин талбай дээр гарах хэр их хүсэлтэй байгаа нь хамгийн чухал байдаг. Тэд өөрсдийнх нь дугаарыг дуудахыг хүлээгээд суудаггүй. Учир нь тэд “хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” хэмээх судрыг мэддэг.

Та өөрөө эгнээнд ороод, зогсож болно.

Та санваарын тоглолтын схемээ судалж, хэрэгжүүлснээр үүнийг хийдэг.

Та замын туршид бүдэрч, унах ч болно. Бүр маш олон удаа ч унаж магадгүй. Та бол төгс биш. Унах бол чанаржуулах үйл явц бөгөөд энэ нь танд өөрийнхөө зан байдлыг сайжруулж, илүү их нинжин сэтгэлээр илүү сайн үйлчлэх боломж олгодог. Аврагч, Түүний хязгааргүй Цагаатгал хоёр чин сэтгэлийн наманчлалаар маань дамжуулан алдаагаа засах боломжийг олгодог.

Агуу тамирчид тэмцээнийхээ ганцхан жижиг зүйлийг төгс болгохын төлөө олон зуун цагийг зарцуулдаг. Санваар атгагчийн хувьд та ч гэсэн тийм сэтгэлгээтэй байвал зохино. Бүтэлгүйтвэл наманчил. Алдаанаасаа суралц. Дасгал сургуулиа хий. Дараагийн удаа та илүү сайн хийх болно. Эцэст нь энэ бүхэн зөвхөн өөрөөс тань шалтгаална. Та тоглолтын схемээ судлах уу?

Би та нарыг Их Эзэнд итгээрэй хэмээн шавдуулж байна. Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Тэгээд тоглолтондоо ор.

Мэргэжлийн спортыг хамгийн өндөр түвшинд тоглодог хүмүүс тийм ч олон байдаггүй ч шавь байх тал дээр Христийг дагахыг сонгосон хүмүүсийн олон жишээ байдаг.

Үнэндээ, Их Эзэний замуудыг судалж, шавийн зам дээр гаран, Бурханы төлөвлөгөөний дагуу амьдрахыг хичээх нь та нарын амьдралын эрхэм зорилго юм. Та нарыг Бурхан руу эргэн ирэхэд Бурхан таныг дэмнэж, адислах болно. Та нар Түүний мэлмийд од учраас үүнийг чадна.

Таныг ариун санваараа атгахуйц зохистой амьдрах амлалт өгч, ариун үүргээ өдөр бүр гүйцэтгэхээр хичээгээсэй хэмээн би залбирч байна. Би та бүхнийг ийнхүү үйлдэх чадавх, хүсэл эрмэлзлээр адисалж байна. Би та нарын атгаж буй санваарын хүч, амьд бошиглогчид, Есүс Христийн тухай болон Түүний Аврагч, Гэтэлгэгчийн үүргийн талаар өөрийн гэрчлэлийг нэмж байна. Есүс Христийн нэрээр, амен.