Энэ нь юунд хүргэх юм бол?
Бид өөр өөр хувилбарыг харж, тэдгээр нь юунд хүргэх юм бол гэж тунгаан бодох үедээ сайн сонголт хийх буюу сайн шийдвэр гаргадаг.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ биднийг ирээдүйнхээ талаар бодоход урамшуулдаг. Энэ нь мөнх бус амьдралын зорилгыг болон үүний дараах амьдралын бодит байдлыг тайлбарладаг. Энэ нь өнөөдөр бидний үйлдлийг чиглүүлэх ирээдүйн талаарх агуу санаануудыг заадаг.
Үүний эсрэгээр, зөвхөн өнөөдөртөө санаа тавьдаг, өнөөдөр мөнгөө үрж, өнөөдрийг зугаатай өнгөрүүлж, ирээдүйнхээ талаар боддоггүй хүмүүсийг бид бүгдээрээ мэддэг.
Хэрэв бид ирээдүйнхээ талаар үргэлж тунгаан боддог байвал бидний өнөөдөр болон ирээдүй илүү аз жаргалтай байх болно. Бид шийдвэр гаргаж байхдаа “Энэ нь юунд хүргэх юм бол?” гэж үргэлж асуудаг байх хэрэгтэй.
I.
Зарим шийдвэр ямар нэгэн зүйл хийх эсвэл огт юу ч хийхгүй байх хоёрын хооронд байдаг. Би ийм төрлийн сонголтын жишээг Нэгдсэн Улсад болсон гадасны цуглаан дээр олон жилийн өмнө сонссон.
Энэ явдал коллежийн гоёхон хотхонд болсон байлаа. Залуу оюутнууд хамтдаа зүлгэн дээр сууж байв. Энэ явдлын талаар ярьсан хүн тэднийг сагсгар том сүүлтэй модны хөөрхөн хэрэм хэрхэн үзэсгэлэнт хар модны ёроолоор тойрон тоглохыг ажиглаад сууж байсан гэжээ. Уг хэрэм заримдаа газраар, заримдаа дээшээ доошоо, заримдаа бүр ёроол хавиар гүйж байв. Гэхдээ яагаад энэ ердийн үйл явдал цугларсан оюутнуудын анхаарлыг татсан юм бол?
Хажуухан талд нь зүлгэн дээр Ирландын сэттэр нохой элгээрээ тэрийн хэвтсэн байлаа. Уг нохой дээр оюутнуудын анхаарал төвлөрч, харин хэрэм дээр нохойн анхаарал төвлөрсөн байв. Хэрэм модыг тойрон хэсэгхэн хугацаанд харагдахаа болих бүрд сэттэр чимээгүйхэн мөлхөж, бага багаар урагшлаад, урьдынхаа хэвтэж байсан байдалдаа эргэж орж байсан ажээ. Энэ нь оюутнуудын сонирхлыг татаж байв. Чимээгүй, хөдөлгөөнгүй суусан байсан тэдний нүд үр дүн нь улам бүр илэрхий болж байгаа үйл явдлаас салахгүй байлаа.
Эцэст нь, сэттэр хэрэм рүү харайхад хангалттай ойртож, ухасхийн түүнийг амаараа зуув. Оюутнууд айн дуу алдаж, бөөнөөрөө яаран гүйж очин, жижигхэн амьтныг нохойноос салгасан ч хэт оройтсон байлаа. Хэрэм үхсэн байв.
Тэнд сууж байсан хүмүүсийн хэн нэгэн нь хүссэн үедээ гараа далайж эсвэл хашхирч, уг хэрмийг сэрэмжлүүлж болох байсан. Гэтэл тэд гарцаагүй гарах үр дагаврыг учран учиртал зүгээр л хараад сууж байв. Хэн ч “Энэ нь юунд хүргэх юм бол?” гэж асуусангүй. Ийм юм болохыг мэдэж байсан ч бүх зүйл болж өнгөрөхөд бүгд үр дагавраас нь сэргийлэх гэж хэчнээн яарсан ч дэндүү оройтсон байлаа. Тэд нулимс дуслуулан гашуудахаас өөрөөр тусалж чадсангүй.
Энэ бодит түүх бол нэг төрлийн сургаалт зүйрлэл юм. Энэ нь бидний өөрсдийн болон эргэн тойрныхоо хүмүүсийн амьдрал, нөхцөл байдлаас олж хардаг зүйлсэд хамаарна. Бидний хайртай хүнд юм уу зүйлсэд аюул занал нүүрлэж байгааг харах үед үг хэлэх үү эсвэл чимээгүй өнгөрөөх үү гэсэн сонголт бидэнд байдаг. Тиймээс бид өөрсдөөсөө “Энэ нь юунд хүргэх юм бол?” гэж асуух нь зүйтэй. Үр дагавар нь шууд бөгөөд ноцтой байх үед бид юу ч хийлгүй зүгээр сууж болохгүй. Цаг хугацаа байгаа дээр бид зохих сэрэмжлүүлгийг өгөх эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд зохих дэмжлэгийг үзүүлэх ёстой.
Миний сая дурдсан шийдвэрүүдийг гаргахад ямар нэгэн үйлдэл хийх эсвэл огт юу ч хийлгүй суух хоёрын хооронд сонгох шаардлага гарна. Энэ үйлдлийг хийх үү эсвэл нөгөө үйлдлийг хийх үү гэдэг нь хамгийн түгээмэл сонголтууд юм. Эдгээрт сайн, муу хоёрын хооронд хийх сонголт ордог ч ихэнхдээ хоёр сайны дундаас сонгох хэрэг гардаг. Ийм нөхцөлд ч гэсэн энэ нь юунд хүргэхийг асуух нь зүйтэй. Бид хоёр сайн зүйлийн хооронд, ялангуяа цагаа хэрхэн өнгөрүүлэхтэй холбоотой олон сонголтыг хийдэг. Видео тоглоом тоглох юм уу мессежээр харилцах эсвэл зурагт үзэж, гар утсаараа ярих нь муу зүйл биш ээ. Гэхдээ эдгээрт “алдагдсан боломжийн өртөг” хэмээн нэрлэдэг зүйл орсон байдаг буюу энэ нь нэг сайн зүйлийг хийж цаг өнгөрөөхдөө өөр зүйл хийх боломжоо алддаг гэсэн үг юм. Бид бүхий л талаараа сайн үйл ажиллагаанд цаг заваа зарцуулснаар юуг алдаж байгаагаа сайтар бодон хэмжих хэрэгтэй гэдгийг та нар харж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Хэдэн жилийн өмнө би “Сайн, илүү сайн, хамгийн сайн” гэсэн нэртэй үг хэлсэн. Уг үгэндээ би “ямар нэг зүйл зүгээр л сайн учир үүнийг хийх хангалттай шалтгаан биш. Бидний хийж болох сайн зүйлсийн тоо тэдгээрийг хийх цагийн боломжоос хавьгүй их байдаг. Иймээс бид зарим онцгой сайн зүйлд тэргүүн зэргийн анхаарал тавих шаардлагатай болдог. … Илүү сайн эсвэл хамгийн сайн сонголтуудыг сонгохын тулд зарим сайн сонголтыг алгасах хэрэгтэй” хэмээн хэлсэн.
Урт хугацааны үр дагаврыг нь хар. Одоо гаргаж байгаа бидний шийдвэр ирээдүйд маань хэрхэн нөлөөлөх вэ? Боловсролтой болох, сайн мэдээг судлах, ариун ёслолоос хүртэх замаар гэрээгээ шинэчлэх мөн ариун сүмд орохын ач холбогдлыг санаж байгаарай.
II.
“Энэ нь юунд хүргэх юм бол?” гэж асуух нь бид өөрсдөдөө хэн гэдэг нэр хаяг өгөх эсвэл юу гэж бодохоо сонгоход мөн хэрэгтэй. Юу юунаас чухал нь бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах хувь заяаны боломжтой. Үүнээс бусад нэр нь, бүр ажил мэргэжил, арьсны өнгө, биеийн төрх байдал эсвэл алдар нэр нь мөнхийн талаас авч үзэхэд зуурдынх буюу шалихгүй өчүүхэн зүйлс юм. Өөрсдийнхөө өмнө тавьсан зорилгод тань хязгаар тавих тийм нэрээр өөрсдийгөө нэрлэж эсвэл өөрсдийнхөө талаар бодож болохгүй.
Ах нар аа, түүнчлэн миний энд хэлэх үгийг үзэж, унших эгч нар аа, та бүхэн удирдагчид тань яагаад бидний заасан сургамж, зөвлөгөөг өгдгийг мэддэг байх гэж би найдаж байна. Бид та нарт хайртай бөгөөд бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ ч мөн адил та нарыг хайрладаг. Тэдний бидэнд зориулсан төлөвлөгөө бол “аз жаргалын агуу төлөвлөгөө” юм (Алма 42:8). Тэрхүү төлөвлөгөө болон Тэдний зарлиг, ёслол, гэрээнүүд энэ болон ирэх амьдралд биднийг хамгийн агуу аз жаргал, баяр баясгалан руу хөтлөх болно. Эцэгт болон Хүүд үйлчлэгчдийн хувьд бид Тэдний Ариун Сүнсээр дамжуулан бидэнд өгсөн удирдамжийн дагуу зааж, зөвлөдөг билээ. Бидэнд үнэнийг хэлэхээс мөн “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох” (Сургаал ба Гэрээ 14:7) мөнх амьдралд хүргэх зам хэмээн Тэдний тоймлон өгсөн зүйлийг хийхэд та бүхнийг урамшуулахаас өөр хүсэл байхгүй.
III.
Одоо гаргасан шийдвэр ирээдүйд гаргах шийдвэрт тань хэрхэн нөлөөлөх талаар бас нэгэн жишээ хэлье. Энэ жишээ ирээдүйн чухал зорилгод хүрэхийн тулд өнөө үед золиос хийх сонголттой холбоотой.
Колумбын Кали дахь гадасны чуулганаар нэгэн эгч тухайн үед хамгийн ойр байх ариун сүм нь алс холын Перуд байсан ч сүйт залуутайгаа ариун сүмд гэрлэхийг хүсэж байсан талаараа ярьсан юм. Тэд удаан хугацааны туршид автобусны билет худалдаж авахаар мөнгөө цуглуулсан аж. Эцэст нь тэд Богота хүрэх автобусанд суугаад, тэнд очиход Перугийн Лима хүрэх автобусны бүх суудал дууссан байв. Тэд гэрлэлгүйгээр гэртээ харих юм уу ариун сүмээс гадуур гэрлэж болох байлаа. Аз болоход өөр нэг боломж олдов. Тэд таван өдөр, таван шөнийн аяллын туршид автобусны шалан дээр сууж явна гэвэл Лима хүрэх тэр автобусанд сууж болох байлаа. Тэд шалан дээр сууж явахаар болжээ. Хэдийгээр автобусан дахь зарим хүн тэдэнд суудлаа түр зуур тавьж өгч, өөрсдөө шалан дээр сууж чилээгээ гаргадаг байсан ч энэ нь хэцүү байсныг тэр хэлсэн юм.
Түүний хэлсэн үгээс энэ эгч нөхөртэйгөө хамт ийм байдлаар ч гэсэн ариун сүмд очиж чадсандаа ямар их талархаж байгаагаа илэрхийлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Учир нь ийн явсан нь сайн мэдээний тухай мөн ариун сүмд гэрлэх талаарх тэдний бодлыг өөрчилсөн байлаа. Их Эзэн тэдний гаргасан золиосын хариуд өсөлт хөгжлөөр шагнасан байв. Ариун сүмд очих таван өдрийн аяллынхаа үеэр тэд золиос гаргалгүйгээр ариун сүмд олон удаа орсноос илүү сүнслэг байдлын хувьд өссөнөө тэр эмэгтэй анзаарчээ.
Тэрхүү гэрчлэлийг сонссоноос хойш олон жил өнгөрсөн ч уг залуу хос өөр сонголт хийсэн юм уу ариун сүмд гэрлэхийн тулд шаардлагатай золиосыг гаргахаас татгалзсан бол амьдрал нь ямар байх байсан бол гэж би боддог байсан.
Ах нар аа, бид амьдралынхаа туршид зарим нь том, харин зарим нь өчүүхэн жижиг гээд тоолохын аргагүй олон сонголт хийдэг. Эргээд бодоход, бидний зарим сонголт амьдралыг маань ямар их өөрчилснийг бид харж болдог. Бид өөр өөр хувилбарыг харж, тэдгээр нь юунд хүргэх юм бол гэж тунгаан бодох үедээ сайн сонголт хийх буюу сайн шийдвэр гаргадаг. Үүнийг хийх үедээ бид ерөнхийлөгч Рассэл М.Нэлсоны төгсгөлийг харан эхлүүл гэсэн зөвлөгөөг дагадаг. Бидний хувьд төгсгөл нь Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдрал руу хөтөлдөг гэрээн дээр байдаг.
Би Христийг гэрчлэн, Түүний Цагаатгалын үр нөлөөг болон Түүний үүрдийн сайн мэдээний бусад үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.