Ерөнхий чуулган
Үнэхээр сайхан, үнэхээр энгийн
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:7

Үнэхээр сайхан, үнэхээр энгийн

Бид тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагуудаа хүлээж авахдаа сайн мэдээг энгийнээр нь байлгах болтугай.

Оршил

Би энэ чуулганд оролцож буй хүн бүхэнтэй халуун дотноор мэндчилж байна.

Би өнөөдөр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний хоёр хэсгийг, дараа нь дэлхийн өнцөг булан бүрд буй хожмын үеийн гэгээнтнүүдийн эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн сэтгэл хөдөлгөм дөрвөн түүхийг дүрслэн ярих гэж байна. Сэргээгдсэн сайн мэдээний эхний хэсэг болох Бурханы аврал, өргөмжлөлийн ажил нь тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагууд дээр төвлөрдөг. Хоёр дахь хэсэг болох сайн мэдээ нь тодорхой, үнэ цэнтэй, энгийн гэдгийг бидэнд сануулдаг.

Тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагууд

Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид “Христэд ирж мөн Түүгээр төгөлдөржих” 1 ёстой. Бид Христэд ирж, бусад хүнд мөн адил ийн ирэхэд нь тусалснаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд гар бие оролцдог ба энэ ажил тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлага дээр төвлөрдөг. 2 Эдгээр тэнгэрлэг үүрэг хариуцлага нь Сургаал ба Гэрээний 110-р хэсэгт цэдэглэгдсэн Мосе, Елиас, Елиа нарын сэргээсэн санваарын түлхүүрүүдтэй 3 болон Есүс Христийн бидэнд өгсөн хөршөө өөрийн адил хайрла 4 хэмээх хоёр дахь агуу зарлигтай эн зэрэгцдэг. Эдгээрийг бүх гишүүнд нээлттэй байдаг, шинэчлэгдсэн Ерөнхий гарын авлагын эхний хоёр хуудаснаас олж үзэж болно.

Хэрэв “Ерөнхий гарын авлага” эсвэл “тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлага” гэсэн үгсийг сонсох нь төвөгтэй, сүрдмээр санагдаж байгаа бол бүү тэг. Эдгээр үүрэг хариуцлага энгийн, сүнслэг, урам өгсөн, биелүүлэх боломжтой байдаг. Үүнд:

  1. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  2. Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  3. Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  4. Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх гэх зэрэг үүрэг хариуцлага орно.

Та эдгээрийг над шиг, хайртай Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих газрын зураг мэтээр харж байж болох юм.

Аврал, өргөмжлөлийн ажлын бүрэлдэхүүн хэсгүүд

Сайн мэдээ бол тодорхой, үнэ цэнтэй, энгийн билээ

Есүс Христийн сайн мэдээг “зүгээр л сайхан, бас гайхалтай энгийн зүйл” гэцгээдэг. 5 Харин дэлхий бол өөр юм. Энэ нь ярвигтай, төвөгтэй, үймээн самуун, хэрүүл тэмцлээр дүүрэн байдаг. Бид дэлхийн туйлын нийтлэг, төвөгтэй байдлыг сайн мэдээг хүлээн авч, хэрэгжүүлэх арга замдаа оруулахгүй байхыг хичээснээр адислагддаг.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн ажигласнаар, “Есүс Христийн сайн мэдээ бидэнд өчүүхэн бөгөөд энгийн олон зүйлийг заадаг. Эцсийн эцэст, урт хугацааны дараа эдгээр өчүүхэн мэт санагдах зүйл бүхэлдээ агуу зүйлсийг авчирна гэдгийг бидэнд сануулж байх хэрэгтэй.” 6 Есүс Христ өөрөө Буулга минь аятай, ачаа минь хөнгөн хэмээн хэлсэн. 7 Бид бүгд сайн мэдээг амьдралдаа болон гэр бүл, анги, чуулга, тойрог, гадсандаа энгийн байлгахыг хичээх ёстой.

Та бүхэн хуваалцах гэж буй дараах түүхүүдийг маань сонсохдоо, эдгээрийг нэг талаас урамшуулах, нөгөө талаас мэдээлэх зорилгоор нухацтай сонгож авсан гэдгийг ойлгоорой. Эдгээр хожмын үеийн гэгээнтэн бүрийн үйлдлүүд дөнгөж сая танилцуулсан тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагуудын аль нэгийг биелүүлэнгээ сайн мэдээг тодорхой, үнэ цэнтэй, энгийн байдлаар хэрэгжүүлж, бид бүхэнд үлгэр дуурайл болж байна.

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

Нэгдүгээрт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах. Дани улсын иргэн Жэнс сайн мэдээний дагуу амьдрахын тулд өдөр бүр залбирч, Ариун Сүнсний өдөөлтүүдийг анзаардаг нэгэн юм. Тэр Сүнсний удирдамжийг мэдэрсэн үедээ даруй үйлдэж сурсан.

Дани улсын иргэн Жэнс

Жэнс дараах түүхийг хуваалцсан юм:

“Бид амар жимэр жижигхэн тосгоныхоо төвд, цөөрмийн ойролцоо сүрлэн дээвэртэй, мод оролцуулан барьсан, тохилог жижигхэн байшинд амьдардаг.

Жаргалтай тосгон
Тосгоны цөөрөм

Дани улсын тийм гэж төсөөлөхийн аргагүй дэндүү сайхан зуны цаг агаартай тэр үдэш хаалга, цонх нээлттэй, бүх зүйл амар амгалан, нам гүм байв. Сайхан гэрэл гэгээтэй, зуны урт үдшүүд үргэлжилж байсан болохоор би угаалгын өрөөний шатсан гэрлийг солих гэж яарахгүй байлаа.

Угаалгын өрөөний гэрэл

Гэнэт надад чийдэнгээ аль болох хурдан солих хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрөв! Үүнтэй зэрэгцээд, манай эхнэр Марианны оройн хоол бэлэн болсон тул намайг болон хүүхдүүдийг гараа угаа гэж хэлж байгаа нь сонсогдлоо!

Би гэрлээд удсан байсан болохоор, гараа угаахаас өөр юм хийхэд тохиромжгүй цаг гэдгийг мэдэж байсан ч гэрлийн шинэ чийдэн авахаар дэлгүүр лүү хурдан гарчихаад ирье гэж Марианнд хэлж байгаагаа сонсов. Надад тэр даруйд гарч явах хүчтэй мэдрэмж төрсөн юм.

Хүнсний дэлгүүр цөөрмийн нөгөө талд байсан ба бид тийшээ ихэвчлэн алхаж очдог ч энэ удаа би дугуйгаа шүүрэн авлаа. Цөөрмийн хажуугаар дугуйтай өнгөрөхдөө 2 орчим настай бяцхан хүү усны яг хажуугаар, цөөрмийн захаар ганцаараа явж байгааг би анзаарсан бөгөөд тэр гэнэт ус руу уначихав! Хүү хормын дотор алга болсон юм!

Түүний унахыг надаас өөр хүн харсангүй. Би дугуйгаа газарт шидэж, бүсэлхийгээр татсан цөөрөм рүү гүйсэн чигтээ, үсрэн орлоо. Ус тэр чигтээ ногоон ургамал, замгаар дүүрсэн тул усан доторхыг харах боломжгүй байсан. Тэгтэл би аль нэг талдаа хөдөлгөөн мэдэрлээ. Усанд гараа дүртэл, нэг цамц баригдаж, би бяцхан хүүг татаж гаргав. Түүний амьсгал тасалдан, хахаж цацан ханиалгаж, уйлж эхэллээ. Хүүг удалгүй эцэг эх дээр нь аваачиж өгсөн юм.”

Жэнс ба түүний гэр бүл

Жэнс ахад гэнэт гэрлийн чийдэнгээ солих хачин сэдэл төрсөн байсан ч Ариун Сүнсний өдөөлтийг таньж мэдэх тусламжийн төлөө тэрээр өглөө бүхэн залбирдаг төдийгүй өөрийг нь Бурханы хүүхдүүдийг адислах зэмсэг болгон ашиглахын төлөө залбирдаг. Жэнс өдөр бүр тэнгэрлэг удирдамж эрэлхийлэн, зохистой байхыг хичээж, сайн мэдээний дагуу амьдардаг бөгөөд удирдамж ирэх үед хэр чадлаараа дагаж үйлддэг.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахыг үзүүлсэн нэгэн жишээг хуваалцъя. Нэг өдөр Колумб дахь Кукута гадасны ерөнхийлөгч гадасныхаа Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй хамт өсвөр насны ахтайгаа хүнд бэрхийг туулж буй хоёр залуу эмэгтэй дээр айлчилж очсон байна. Аав нь дөнгөж саяхан, ээж нь жилийн өмнө нас барсан байв. Ах дүү гурав энгийн, жижиг оромждоо харж хандах хүнгүй үлджээ. Ханыг нь бүдүүн баараг модоор хийж, гялгар уутаар доторлосон ба долгиотсон нимгэн төмөр дээвэр нь зөвхөн тэдний унтдаг хэсгийг халхалсан байв.

Хоёр удирдагч тэндээс гараад, тэдэнд туслах хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Тойргийн зөвлөлөөр тэдэнд туслах төлөвлөгөө гаргаж эхлэв. Тойргийн болон гадасны удирдагчид, Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулга, залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүд мөн олон гэр бүл нийлж, бүгдээрээ энэ гэр бүлийг адислах үүрэг даалгаврыг өөрсдөө авав.

Барьж буй байшин
Барьж буй байшин

Тойргийн байгууллагууд барилга дээр ажилладаг тойргийнхоо хэдэн гишүүнтэй холбоо барьж, зарим нь загварыг нь гаргахад тусалж, зарим нь цаг зав, хөдөлмөрөө зориулж, зарим нь хоол хийж өгч, бусад нь шаардлагатай материалыг хандивлажээ.

Барьж дууссан байшин

Энэ жижиг байшинг барьж дуусгасан өдөр бол тусалж дэмжсэн хүмүүсийн хувьд болон тойргийн гурван залуу гишүүний хувьд баяр баясгалантай өдөр байлаа. Энэ өнчин хүүхдүүд тойргийнхоо гэр бүлийн халуун дотно, урамшуулсан харилцааг мэдэрч, өөрсдийгөө ганцаараа биш, Бурхан үргэлж тэдний төлөө байдаг гэдгийг мэдэж авсан. Хүрч, тусалсан хүмүүс энэ гэр бүлийг гэсэн Аврагчийн хайрыг мэдэрсэн ба Түүний мутраар үйлчилж байгаа мэт тэдэнд үйлчилсэн юм.

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих талаар энэхүү жишээ та бүгдэд таалагдана гэж би бодож байна. Капе Вердед амьдардаг 17 настай Клэйтон тойргийнхоо семинарын ангид нэг өдөр очоод, үр дүн нь юу болохыг огт төсөөлөөгүй байв. Гэвч семинарт явснаар түүний болон бусдын амьдрал мөнхөд өөрчлөгдсөн юм.

Клэйтон ээж, ах хоёртойгоо сүмд хэсэг хугацааны өмнө баптисм хүртсэн боловч гэр бүл нь сүмд явахаа больсон байлаа. Түүний семинарт хамрагдсан ганц үйлдэл гэр бүлд нь нөлөө бүхий өөрчлөлтийг авчирсан юм.

Семинарын ангийн бусад өсвөр үеийнхэн түүнийг халуун дотно, найрсаг хүлээж авчээ. Тэд Клэйтонд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, өөр үйл ажиллагаанд оролцоход урамшуулсан байна. Тэр уг үйл ажиллагаанд оролцож, удалгүй Сүмийн бусад цуглаанд ч оролцож эхлэв. Ухаалаг бишоп нь Клэйтоны сүнслэг чадавхыг олж харж, түүнийг өөрийнхөө туслах болоход урив. “Тэр мөчөөс Клэйтон бусад залууст үлгэр жишээ болж, нөлөөлж эхэлсэн” хэмээн бишоп Крүз хэлсэн.

Клэйтон сүмд эхлээд ээжийгээ, дараа нь ахыгаа буцааж урив. Дараа нь тэр найзууд руугаа хүрээллээ тэлсэн юм. Найзуудынх нь нэг нь түүнтэй чацуу, Вилсон гэдэг хүү байв. Вилсон номлогчидтой анх уулзаад л баптисм хүртмээр байгаагаа хэлжээ. Клэйтон Вилсонтой аль хэдийн маш их зүйл хуваалцсан байсанд номлогчдын сэтгэл хөдөлж, гайхаж байлаа.

Капе Вердегийн залуу эрэгтэйчүүд
Бусдыг сүмд ирэхэд урьж байгаа нь
Өсөж буй идэвхтэй өсвөр үеийнхэн

Клэйтон хүчин чармайлтаа ингээд зогсоосонгүй. Тэрээр бусад шашин шүтлэгтэй найзуудтайгаа сайн мэдээг хуваалцахаас гадна идэвх султай бусад гишүүнийг эргэж ирэхэд нь тусалсан юм. Өнөөдөр тойрогт нь өсвөр үеийн идэвхтэй 35 залуу хүү байгаа бөгөөд Клэйтоны хайрлах, хуваалцах, урих хүчин чармайлтын нөлөөгөөр семинарын гайхалтай хөтөлбөр хэрэгжиж байна. Клэйтон ах Клэбэртэйгээ хамт бүрэн цагийн номлолдоо үйлчлэхээр бэлтгэж байгаа.

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Эцэст нь гэр бүлүүдийг мөнхөд холбох талаар гайхалтай сайхан жишээ хуваалцъя. Украины Харьковоос ирсэн Лидиа ариун сүмийн талаар номлогчдоос анх олж мэджээ. Лидиа тэр даруй ариун сүмд орох чин хүсэлтэй байгаагаа мэдэрч, баптисм хүртсэнийхээ дараа ариун сүмийн эрхийн бичиг авахаар бэлдэж эхлэв.

Лидиа Германы Фрайбург ариун сүмд орж, хишиг хүртэн, дараагийн хэдэн өдөр төлөөлөн гүйцэтгэх ажил хийсэн. Украины Киев ариун сүмийг онцгойлон адисалсны дараа Лидиа ариун сүмд ойр ойрхон ордог болжээ. Тэр нөхөр Анатолитойгоо тэнд мөнхөд лацдан холбогдсон бөгөөд хожим нь тэднийг ариун сүмийн номлогчдоор үйлчлүүлэхээр дуудсан юм. Тэд хамтдаа 15000 гаруй өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллажээ.

Ариун сүмд буй украин хос

Лидиагаас ариун сүмийн ажлын талаарх бодлыг нь асуухад, “Би ариун сүм дотор юу хүлээн авсан бэ? Би Бурхантай шинэ гэрээнүүд байгуулсан. Миний гэрчлэл хүчирхэгжсэн. Би хувийн илчлэлт хүлээн авч сурсан. Би нас барсан өвөг дээдсийнхээ төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэх боломжтой болсон. Түүнчлэн бусдыг хайрлаж, үйлчлэх боломжтой болсон” гэж хариулсан юм. Тэрээр “Их Эзэн биднийг ариун сүмд ойр ойрхон харахыг хүсдэг” гэсэн туйлын үнэнээр яриагаа төгсгөсөн.

Дүгнэлт

Би энэ дөрвөн түүхэд гарч буй, янз бүрийн нөхцөл байдалтай эдгээр хожмын үеийн гэгээнтний сайн сайхан байдлаас урам авсан. Сайн мэдээний энгийн зарчмуудыг энгийнээр хэрэгжүүлсэн үед гарсан гайхамшигт үр дүнгээс олон зүйлийг сурч болохоор байна. Бид ч гэсэн тэдэнтэй адил зүйлсийг хийх боломжтой билээ.

Данийн иргэн Жэнс өдөөлтүүдэд мэдрэмтгий хандсан шиг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд; Колумбын Кукута гадасны гишүүд тойргийнхоо өнчин хүүхдүүдийг орон байраар хангаж харуулсан шиг тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлахын тулд; Африкийн арлын орон Капе Верде дэх Клэйтон найз нөхөд, гэр бүлийнхнээ урьсан шиг бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урихын тулд; эцэст нь Украйны Лидиа эгч өөрийн ариун сүмийн ёслолууд, гэр бүлийн түүхийн хичээл зүтгэл, ариун сүмийн үйлчлэл зэргээр дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд холбохын тулд тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагуудыг өөрсөд дээрээ авч харуулсан шиг бид сайн мэдээний дагуу энгийнээр амьдрах болтугай.

Ингэх нь баяр баясгалан, амар амгаланг авчрах нь дамжиггүй. Би Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг амлаж бас гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Moронай 10:32

  2. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү. Даллин Х.Өүкс, “Мелкизедек санваар ба түлхүүрүүд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82-ыг мөн үзнэ үү: “Эрин үеийн анхны ариун сүмийг Огайогийн Көртландад онцгойлон адисалсны дараа Мосе, Елиас, Елиа гэсэн гурван бошиглогч Израилыг цуглуулах, Их Эзэний ариун сүмийн ажилд хамаарах ‘энэ эрин үеийн түлхүүрүүдийг’ сэргээжээ. Квинтин Л.Күк “Бурхантай уулзахаар бэлтгэ,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 142-ыг үзнэ үү: “Эртний бошиглогчид Есүс Христийн сайн мэдээний мөнхийн авралын ёслолуудын төлөө санваарын түлхүүрүүдийг сэргээсэн. … Эдгээр түлхүүр Сүмийн үндсэн зорилгыг тогтоодог тэнгэрлэгээр оноогдсон үүргүүдийн төлөө ‘тэнгэрийн хүчийг” [Сургаал ба Гэрээ 38:38] өгдөг.”

  4. Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  5. Matthew Cowley Speaks: Discourses of Elder Matthew Cowley of the Quorum of the Twelve of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1954), xii-ыг үзнэ үү.

  6. Даллин Х.Өүкс, “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110.

  7. Матай 11:30-ийг үзнэ үү.