Христийн амар амгалан дайсагналыг хөнөөдөг
Христийн хайр бидний амьдралыг дүүргэх үед бид зөрчилдөөнд номхон даруу байдал, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлээр ханддаг.
Хайрт ах, эгч нар аа, ачаалалтай зүрхний сорил хийхэд зүрхний ачаалал нэмэгддэг. Алхалтын ачааллыг даадаг зүрх өгсүүр газар дахь гүйлтийн ачааллыг даахгүй байж болно. Ийнхүү ачаалалтай зүрхний сорилоор энгийн үед илрэхгүй далд өвчнийг олж тогтоож болдог. Харин олж илрүүлсэн ямар ч асуудлыг өдөр тутмын амьдралд ноцтой хүндрэл учруулахаас нь өмнө эмчлэх боломжтой.
КОВИД-19 бол яах ч аргагүй дэлхий дахины ачаалалтай зүрхний сорил байлаа! Сорилын хариу өөр өөр байсан. Аюулгүй, үр дүнтэй вакцин гаргаж авлаа. 1 Мэргэжлийн эмч, багш, асрагчид болон бусад хүн амь биеэ хайрлалгүй золиос гаргасан бөгөөд одоо ч гаргасаар байна. Олон хүн өгөөмөр зан, сайхан сэтгэлээ харуулсан ба харуулсаар байна. Гэхдээ үүний хажуугаар далд байсан сул талууд ч илрэн гарсан. Эмзэг бүлгийнхэн зовж шаналсан бөгөөд зовж шаналсан хэвээр байна. Эдгээр далд тэгш бус байдлыг шийдвэрлэхээр ажиллаж буй хүмүүст урам зориг өгч, талархвал зохино.
Цар тахал нь мөн Аврагчийн Сүм, Сүмийн гишүүдийн сүнслэг байдлын ачаалалтай зүрхний сорил байлаа. Хариу нь бас л өөр өөр. “Илүү дээд түвшинд, илүү ариун арга замаар” 2 тохинуулах; Ирээд, Намайг дага сургалтын хөтөлбөр; гэрт төвлөрсөн, Сүмээр дэмжсэн хөтөлбөрөөр сайн мэдээнээс суралцах зэрэг нь бидний амьдралыг адисалсан. Олон хүн энэхүү хүнд хэцүү цаг үед энэрэл хайраар тусалж, тайтгаруулсан бөгөөд ийн үйлдсэн хэвээр байна. 3
Гэсэн ч сүнслэг байдлын зүрхний сорил зарим талаар маргаан зөрчилдөөн, хагарал хуваагдал руу чиглэсэн хандлага байгааг харуулсан. Энэ нь бидэнд зүрх сэтгэлээ өөрчилж, Аврагчийн үнэнч шавь болохын тулд хийх ажил байна гэдгийг илтгэж байна. Энэ нь шинэ биш ч гэлээ эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудал юм. 4
Аврагч нифайчууд дээр ирэхдээ “та нарын дунд … ямар ч сөргөлдөөн байх ёсгүй. … Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” 5 болохыг заасан. Биднийг бие биетэйгээ уурлаж маргалдах үед Сатан инээж, харин тэнгэрийн Бурхан мэгшин уйлдаг. 6
Хамгийн багаар бодоход, хоёр шалтгаанаар Сатан инээж, Бурхан мэгшин уйлдаг. Нэгдүгээрт, зөрчилдөөн нь Есүс Христийн болон Түүний “сайн үйл, … нигүүлсэл мөн ач ивээлээр” 7 хүлээн авдаг авралын талаарх дэлхийнхэнд хүргэх ёстой нэгдмэл гэрчлэлийг маань сулруулдаг. Аврагч “… та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” 8 хэмээн хэлсэн. Нөгөө талаас нь авч үзвэл, бас л үнэн. Бид бие биедээ хайраа харуулахгүй байх аваас Түүний шавь биш гэдгийг бүгд мэднэ. Шавь нарынх нь дунд 10 зөрчилдөөн, дайсагнал байх аваас хожмын өдрүүдэд хийгдэх Түүний ажлыг эрсдэлд оруулдаг. 9 Хоёрдугаарт, сүнслэг байдлын хувьд зөрчилдөөн нь хувь хүн талаасаа бидэнд хортой. Бид амар амгалан, баяр баясгалан, амар тайван байдал, Сүнсийг мэдрэх чадвараа алддаг.
Есүс Христ “Хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь … бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” 11 хэмээн тайлбарласан. Хэрэв би амархан гомдож эсвэл өөр үзэл бодолд уурлаж, шүүж хариу үйлдэл үзүүлбэл сүнслэг байдлын зүрхний сорилд “унана.” Энэ сорилд унасан тул намайг засаршгүй гэж байгаа юм биш. Харин ч энэ нь өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг маань онцолдог бөгөөд үүнийг мэдэх нь сайн хэрэг.
Аврагчийг Америк тивд очсоны дараа хүмүүс нэгдэж, “бүх нутагт зөрчилдөөн огт бай[гаагүй].” 12 Хүмүүс бүгд адил эсвэл нэг үзэл бодолтой байсан тул нэгдмэл байсан гэж та бодож байна уу? Үгүй л болов уу. Харин хүмүүс Аврагчийн шавь байхыг бүхнээс дээгүүр тавьсан тул зөрчилдөөн, дайсагнал алга болсон юм. Тэдний ялгаатай талууд Аврагчийг хайрлах нэгдмэл хайрынх нь дэргэд өчүүхэн жижиг зүйл байсан бөгөөд тэд “Бурханы хаант улсын өв залгамжлагчид” 13 юм. Үүний үр дүнд “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй ….” 14
Нэгдмэл байхын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. 15 Энэ нь биднийг Бурханы хайрыг зүрх сэтгэлдээ соёолуулж 16 , мөнхийн хувь заяандаа анхаарлаа төвлөрүүлэх үед өсөн хөгждөг. 17 Бид Бурханы хүүхдүүд 18 гэх нийтлэг үндсэн шинж чанараараа мөн сэргээгдсэн сайн мэдээний үнэнд тууштай байх гэсэн үүрэг амлалтаараа нэгддэг. Бурханыг гэх бидний хайр мөн Есүс Христийн шавь байх нь бусдад чин сэтгэлээсээ санаа тавих хүслийг бадраадаг. Бид өнгө өнгийн цэцэгс адил бусдын өөр өөр зан чанар, харах өнцөг, авьяас чадварыг үнэлдэг. 19 Хэрэв бид Есүс Христийн шавь байх замаа хувийн ашиг сонирхол, үзэл бодлоос дээгүүр тавьж чадахгүй бол нэн тэргүүнд тавьдаг зүйлсээ дахин нэг эргэн харж, өөрчлөгдөх ёстой.
Бид магадгүй “Чи надтай санал нийлэх юм бол бид мэдээж нэгдэж чадна!” гэж хэлэхийг хүсэж байж болно. Гэхдээ “Нэгдмэл байдлыг хөхиүлэн дэмжихийн тулд би юу хийж болох вэ? Би энэ хүнд Христэд илүү ойртоход нь хэрхэн тусалж чадах вэ? Зөрчилдөөнийг багасгаж, Сүмийн гишүүдийг бусдын зовлонг ойлгодог, бусдад санаа тавьдаг болгохын тулд би юу хийж болох вэ?” гэж асуух нь хавьгүй дээр хандлага юм.
Христийг гэх хайр бидний амьдралыг дүүргэх үед 20 бид хэрүүл маргаанд номхон даруу байдал, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлээр ханддаг. 21 Бид эмзэглэхийн оронд хөршийнхөө нөхцөл байдалд илүү санаа тавьдаг. Бид “нэгдмэл саналд хүрэхэд туслахыг эрэлхийлдэг.” 22 “Үзэл бодлынх нь талаар бүү заргалд,” санал нийлэхгүй байгаа хүнээ бүү шүү, тэднийг бүдрэхэд бүү хүргэ. 23 Үүний оронд, тантай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг амьдралынхаа туршлага дээр үндэслэн чадах чинээгээрээ хичээж байна гэж бод.
Эхнэр маань 20 гаруй жил хуулийн салбарт ажилласан. Өмгөөлөгчийн хувьд тэр ихэвчлэн өөрөөс нь өөр үзэл бодлыг илт дэмждэг хүмүүстэй хамт ажилладаг байсан. Гэсэн ч тэр бүдүүлэг зан гаргахгүйгээр мөн уурлаж уцаарлахгүйгээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж сурсан юм. Эсрэг талын өмгөөлөгчид тэрээр “Бид энэ асуудал дээр санал нийлэхгүй юм байна гэдгээ мэдлээ. Чи надад таалагддаг. Би чиний үзэл бодлыг хүндэлж байгаа тул миний үзэл бодлыг ч гэсэн хүндэлнэ байх гэж найдаж байна” гэж хэлдэг. Өөр өөр үзэл бодолтой ч гэсэн ихэнхдээ энэ нь харилцан бие биеэ хүндэлж, бүр найз нөхөд болох боломжийг олгодог байв.
Өмнө нь дайсан байсан хүмүүс ч гэсэн Аврагчийн шавь байснаар нэгдэж чадна. 24 2006 онд би Финландын Сүмийн эхэн үеийн хөрвөгчид байсан аав, өвөө хоёртоо хүндлэл үзүүлэхээр Хельсинки ариун сүмийг онцгойлон адислах ёслолд очсон юм. Миний аав мөн өөр олон финланд хүн Финландад ариун сүмтэй болохыг олон арван жил мөрөөдсөн. Тухайн үед Ариун сүмийн бүсэд Финланд, Эстони, Латви, Литва, Беларусь, Орос зэрэг орнууд ордог байв.
Онцгойлон адислах үеэр, би гайхалтай зүйл сурч билээ. Үйл ажиллагаагаа явуулж эхлэх эхний өдрийг орос гишүүдэд ариун сүмийн ёслолуудаа гүйцэтгүүлэх боломж олгоход тусгайлан зориулсан байлаа. Энэ нь ямар хачирхалтай байсныг тайлбарлахад хэцүү. Орос, Финланд хоёр хэдэн зууны туршид олон удаа дайтаж байсан. Манай аав зөвхөн Орос улсад ч биш, бүх орос хүнд итгэдэггүй, дургүй нэгэн байв. Энэ үзэл бодлоо тэр сэтгэлийнхээ угаас илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь Орост дургүй финландчуудын нийтлэг хандлага байлаа. Тэр 19-р зуунд Финланд, Орос гэсэн хоёр гүрний хооронд болсон дайны талаарх туулиудыг цээжээр мэддэг байв. Дэлхийн II дайны үеэр Финланд, Орос хоёр дахин хоёр талд дайтсан ч энэ нь түүний үзэл бодлыг өөрчлөөгүй юм.
Финландын Хельсинки ариун сүмийг онцгойлон адислахаас нэг жилийн өмнө, таван финланд гишүүнээс бүрдсэн ариун сүмийн хороо онцгойлон адислах төлөвлөгөөг ярилцахаар уулзав. Цуглааны үеэр нэг нь Оросын гэгээнтнүүд онцгойлон адислах ёслолд оролцохоор хэдэн өдөр явж ирэх бөгөөд ариун сүмийн адислалуудаа гэр лүүгээ буцахын өмнө хүлээн авна гэж найдаж байгаа талаар онцолжээ. Хорооны дарга Свэн Экланд ах, финландчууд бага зэрэг хүлээж болох бөгөөд ариун сүмд ариун сүмийн ёслолуудыг хамгийн түрүүнд хийлгэх хүмүүс нь оросууд байх ёстой хэмээн хэлэв. Үүнтэй хорооны гишүүд бүгд санал нийлжээ. Итгэлтэй финланд хожмын үеийн гэгээнтнүүд орос гэгээнтнүүдэд боломж олгох үүднээс ариун сүмийн адислалуудаа хойшлуулсан юм.
Ариун сүмийн хорооны цуглаанд суусан Бүсийн ерөнхийлөгч Дэннис Б.Нюэншвандэр хожим нь “Би яг тэр мөчид финландчуудаар урьд өмнө хэзээ ч бахархаж байгаагүйгээрээ бахархаж билээ. Зүүн Европын хөрш оронтойгоо адармаатай түүхтэй Финландын гишүүд олон жилийн дараа өөрсдийн газар шороон дээр ариун сүмийг барьж байгуулсанд баярлаж байгаа сэтгэлээ хазаарлах хэрэгтэй болсон. Оросуудад түрүүлж ариун сүмд орох боломж олгосон явдал бол хайр, золиосны илрэл байсан юм” 25 гэж бичжээ.
Энэхүү сайхан сэтгэлийн илрэлийн талаар аавдаа хэлэхэд, түүний зүрх сэтгэл зөөлөрч, мэгшин уйлсан бөгөөд энэ нь тэсвэр хатуужилтай финланд хүмүүсээс тэр болгон гараад байдаггүй зан байв. Тэрээр тэр цагаас хойш, амьсгал хураатлаа гурван жилийн туршид Оросын талаар ямар ч сөрөг үзэл бодлоо илэрхийлээгүй юм. Аавыг маань эх орон нэгт финландчуудынх нь үлгэр жишээ сүнслэгээр өдөөсөн бөгөөд тэр Есүс Христийн шавь байхыг бусад сонголтуудаас дээгүүр тавьсан билээ. Тэглээ гээд финландчууд ч финланд хүн байхаа болиогүй, оросууд ч орос хүн байхаа болиогүй. Аль аль нь дайсагналыг үгүй хийхийн тулд соёл, түүх, туршлагаа огоороогүй. Ингэх ч шаардлагагүй байв. Харин үүний оронд тэд Есүс Христийн шавь байхыг хамгийн түрүүний сонголтоо болгосон юм. 26
Тэд чадаж байгаа бол бид ч бас чадна. Бид өөрсдийн өв уламжлал, соёл, туршлагыг Есүс Христийн Сүмд авчирч болно. Самуел ч лемен үндэс угсаанаасаа ичээгүй, 27 Мормон ч нифай үндэстнээсээ нүүр буруулаагүй. 28 Гэхдээ тэр хоёр хоёулаа Аврагчийн шавь байхыг нэгдүгээрт тавьсан.
Бид нэгдмэл биш бол Түүнийх биш билээ. 29 Бурханыг гэх хайраа мөн Аврагчийн шавь байхыг анхаарвал зохих бусад бүх зүйлийнхээ дээгүүр тавьцгаая 30 хэмээх урилгыг би өгч байна. Нэг байх гэрээ буюу шавь байхад дагалддаг гэрээгээ бүгд сахицгаая.
Христийн шавь амжилттай болж буй дэлхийн өнцөг булан бүрд байдаг гэгээнтнүүдийнхээ үлгэр жишээг дагацгаая. “Бидний амар тайван мөн, … бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан … [Цагаатгагч золиосоороо] дайсагналыг хөнөөсөн 31 тэрхүү Есүс Христэд бид итгэж найдаж чадна. Түүнчлэн дэлхийнхэнд хүргэх Есүс Христийн талаарх гэрчлэл маань бэхжиж, сүнслэг байдлын хувьд бид эрүүл хэвээр үлдэнэ. 32 Биднийг “зөрчилдөөнөөс зайлсхийж,” “Их Эзэнтэй хайран доор нэг үзэл бодолтой болж, итгэлээр нэгдэхэд” 33 Түүний амар амгалан биднийх болно гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен. Есүс Христийн нэрээр, амен.