Манай гэр бүлд зориулсан Бурханы төлөвлөгөө
“Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөгөөр гэр бүлүүд үүрд хамт байж чадна” (Children’s Songbook, 188).
Би аав, ээж хоёрыгоо аймаар их санаж, орон дээр нь сууж байтал утас дуугарав.
“Хөөе, Ливай. Юу болсныг таа даа? “Чиний эмэгтэй дүү Нора өнөөдөр мэндэллээ!” гэж аав хэллээ.
Аав баяртай байсан ч дуунд нь ямар нэг зүйлд санаа нь зовж байгаа нь мэдрэгдэв.
“Миний дүү том юм уу?” гэж би асуув.
Аав хормын төдийд дуугүй байснаа “900 граммаас бага зэрэг илүү” гэв. Ингэж хэлэхэд аавын дуунд яах аргагүй санаа зовсон байдал илрэв. Нора Христийн Мэндэлсний Баярын үеэр төрөх ёстой байтал есдүгээр сард гарчихлаа. “Нора үнэхээр хуруун чинээхэн жижиг” гэж аав хэллээ. Ливай, түүний төлөө залбирч байгаарай. Манай гэр бүлийн хувьд юу хамгийн сайн болохыг Тэнгэрлэг Эцэг мэдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байхын төлөө залбираарай.”
Би утсаа тавьсны дараа гал тогооны өрөөнд орж, шөл хийх гэж ээжийн бэлтгэсэн ууттай вандуйг өргөж үзлээ. Ууттай вандуйн жин нь бараг л Норагийн хүндийн жинтэй адил болохыг уутан дээрх бичиг харуулна. Өөдсийн чинээхэн бяцхан дүүгийн минь биеийн жин, хэмжээ нь ямар бол гэдгийг төсөөлөхийг хичээж би ууттай вандуйг гартаа өргөж үзлээ.
Би дэлхийн өмнөх амьдрал болон авралын төлөвлөгөөний тухай мэддэг зүйлээ санан, “Түүний сүнс дөнгөж саяхныг хүртэл Тэнгэрлэг Эцэгтэй хамт байсан ш дээ” гэж бодлоо. Нора амьдарч чадахгүй байлаа ч, бид гэр бүлээрээ лацдан холбуулсан учраас түүнтэй дахин уулзах болно гэдгийг би мэдэж байлаа. Гэхдээ тэр бидэнтэй хамт дэлхий дээр амьдрах болно гэдэгт би бас итгэлтэй байлаа.
Аав, ээж хоёр дараагийн хэдэн сарын турш эмнэлэгт байлаа. Өвөө эмээ хоёр намайг болон дүү нарыг минь асрахын тулд манайд ирлээ. Тойргийн гишүүд манай гэр бүлийн төлөө мацаг барьж залбиран, Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар заримдаа бидэнд хоол авчирч өгдөг байв. Нора ямар байдалтай байгааг хүн бүр мэдэхийг хүснэ.
Нэг орой аав, ээж хоёр биднийг бүгдийг нь том өрөөнд цуглуулав. Аав бишоптой хамт Нораг адислахаар явах гэж байгааг бидэнд хэллээ. Аав костюмоо өмсөн, зангиагаа зүүгээд явлаа. Түүнийг явсны дараа ээж биднийг цуглуулж, залбирал хэлэх болов.
“Аавыг Норад санваарын адислал өгөхөд нь адисална уу” гэж ээж залбирав. Ээжийн дуу улам аяархан болж байлаа. Хэрэв энэ нь Таны хүсэл аваас түүнийг эрүүл болж гэртээ ирэхийг зөвшөөрнө үү.”
Биднийг залбирч байхад Ариун Сүнс өрөөг амар амгалан, хайраар дүүргэснийг би мэдэрч байлаа. Норад юу ч тохиолдлоо гэсэн энэ нь Түүний төлөвлөгөөний хэсэг байх болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг надад хэлсэнтэй адил байлаа.
Тэр шөнө оройхон аав гэртээ ирж, эмнэлэг дээр тохиолдсон гайхамшгийн тухай бидэнд ярив. Норагийн өрөө ихэнхдээ чимээ шуугиантай байдаг байж. Тэнд гэрэл анивчин, дохио өгдөг олон машин, аппарат, тоног төхөөрөмж, өөдсийн чинээхэн нялх хүүхдүүдэд туслахын тулд яаруу сандруу орж, гарах олон эмч, сувилагч гээд үргэлж чимээ шуугиантай байдаг байжээ. Гэвч аав, бишоп хоёрыг тэнд очиход бүх зүйл өөр болсон гэнэ. Бүх машинууд нам гүм болжээ. Сувилагчид нялх хүүхдүүдийн дэргэд сууж, ном сонин уншин тэднийг харж байлаа. Аав, бишоп хоёрыг Норад адислал өгөх үеэр ямар ч чимээ шуугиан саад болоогүй ажээ.
Нора дэлхий дээр өсөх үү эсвэл Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар удахгүй буцах уу гэдгийг би мэдэхгүй. Гэвч Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, хариулдгийг би мэднэ. Мөн манай гэр бүлийн гишүүн бүрд зориулсан төлөвлөгөө Түүнд бий гэдгийг санах үедээ би амар амгаланг мэдэрдэг.