Өндөр жишгүүд болон зарчмуудад үнэнч байх нь
2013 оны Мючелийн сэдвийг Сургаал ба Гэрээ 87:8-аас авсан юм. Энэ шүлэгт “Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд;” гэсэн байдаг. Ирж байгаа энэ жилд залуу эрэгтэй бүр, Би ариун газруудад байдаг уу? гэсэн асуултыг тунгаан бодох болно гэдэгт би итгэлтэй байна.
Би дэлхий даяар зоригт залуу эрэгтэйчүүдтэй уулзахдаа мянга мянган залуу эрэгтэйчүүд үүнийг олон арга замаар хийж байгааг би харсан. Та нар нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр ариун сүмд орох бүрдээ хамгийн ариун газарт зогсож байна гэсэн үг. Ариун сүмд орох боломж бүрийг ашиглаж байхыг бас ариун сүмд орохоор үргэлж зохистой байхад би та нарыг урамшуулан дэмжиж байна. Та нар Бурханы өмнө хүлээсэн үүргээ өдөр бүр биелүүлснээр ариун газруудад байж, бусдыг дэмжиж байгаа нь тэр. Та нар ням гараг бүр ариун ёслолыг бэлтгэж, адислан, түгээснээр ариун газруудад байгаа гэсэн үг. Та нар сайн мэдээг хуваалцаж, бусдад үйлчилж, тэднийг хүчирхэгжүүлэх чадвартай, ийм хүсэлтэй бөгөөд зохистой үйлчлэгч болж үйлдсэнээрээ ариун газруудад зогсож байгаа гэсэн үг.
Сануулж, тайлбарлан, ухуулж, заахын хамт бүхнийг Христэд урих үүрэг Аароны санваартан та нарынх билээ (С ба Г 20:59-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) хэлсэн нь: Хэрэв та нар хэн нэгнээс илүүгээр өндөр жишгүүд болон зарчмуудад үнэнч байхгүй юм бол түүнийг өргөн дэмжиж чадахгүй. … Та нар өөрийнхөө зүрх сэтгэлд гэрлийг бий болгож чадахгүй бол бусдын зүрх сэтгэлд гал асааж чадахгүй.1 Залуу эрэгтэйчүүд ээ, энэ бол та бүхэн гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд байнга ажиллах ёстой мөн гэрчлэлээ хуваалцахад үргэлж бэлэн бай гэсэн үг юм.
Та нар бол Их Эзэний мутарт зэмсэг байх ариун үүрэг хариуцлагатай хүмүүс. Та нар залбиран, судруудыг судалж, зарлигуудыг сахихыг хичээн, Сүнсний өдөөлтүүдийг анхааралтай сонсвол өндөр жишгүүд болон зарчмуудад үнэнч байж чадна. Үүний үр дүнд та нар хаана ч байлаа гэсэн тэр газар ариун газар байх болно. Тэгвэл зохих нөхцөл бүрдсэн үед бусдыг дэмжин, тэдэнд туслах хүч чадал, зориг, чадвар та нарт байх болно. Ариун газруудад байдаг хүмүүст Их Эзэний амласан хүч хийгээд хамгаалалт байх болно.
Бид Их Эзэнд хэчнээн ойр байх тусам “амьдралдаа Түүний Сүнсийг мэдэрч, хүч чадалтай, тууштай зөв шударга байж, ‘ариун газруудад зогсон … бүү шилжин нүүлгэгд;’ байх хүсэл эрмэлзэл, зоригтой байх болно хэмээх амлалтыг бидэнд өгснийх нь төлөө би Ерөнхийлөгч Томас С.Монсонг хайрладаг” (С ба Г 87:8).
Бидний эргэн тойрон дахь нөхцөл байдал болон нийгмийн ёс суртахууны жишгүүд бидний нүдний өмнө задран доройтож байгаа үед бид Түүнд итгэдэг хүмүүст Их Эзэний өгсөн дараах үнэ цэнэтэй амлалтыг санаж болно: ‘Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална’ (Исаиа 41:10).”2