2013
Кайлигаас сайн талыг нь олж харсан минь
2013 оны нэгдүгээр сар


олж харсан минь

Бид хоёр бие биеэ үзэж чаддаггүй байв. Бид хоёр хэзээ нэгэн цагт найзууд болох болов уу?

girls in cafeteria

Зураг чимэглэлийг Тайя Морли

Дөрөвдүгээр ангид байхдаа би ангийнхаа хамгийн тэргүүний сурагч байлаа. Кайлийг (нэрийг өөрчлөв) эс тооцвол манай ангийн юм бүхэн надад таалагддаг байлаа. Тэр бараг хүн бүхэнтэй, түүний дотор надтай түнжин муутай байлаа. Би түүнийг бусад хүүхдүүдийг үүдний танхимд түлхэж байхыг харсан. Намайг бүр хэд дахин түлхсэн гээч. Тэр яагаад намайг дээрэлхдэгийг ойлгодоггүй учраас би гэртээ уйлсаар ирдэг байсан.

Хэн ч түүнтэй найзалдаггүй байлаа. Хоолны үеэр тэр ганцаараа ширээн дээр суудаг бөгөөд хэн ч түүнтэй ойрхон суудаггүй байв. Намайг Кайлигийн тухай ээжид ярихад ээж маань: “Түүнд ердөө найз л хэрэгтэй байгаа юм байна даа” хэмээн хэлсэн нь миний амьдралыг өөрчилсөн юм.

Энэ үгийг сонсоод би цочирдож билээ. Намайг элдэв янзаар доромжлон дууддаг хүнд сайн хандах боломжтой гэж үү? Би хэдийгээр дурамжхан байсан ч Кайлид сайн байж, түүнийг ойлгохыг хичээдэг болов. Кайлийг илүү сайн танин мэдсэн үедээ тэр үнэхээр сайн охин болохыг би мэдсэн юм. Удалгүй би түүний амьдрал миний төсөөлж байснаас хавьгүй муу болохыг мэдлээ. Гэр орны амьдрал нь тун хэцүү учраас тэр “гэр бүл” гэдэг үгийг яриандаа хэрэглэхээс зайлсхийдэг ажээ.

Нэг өдөр үдийн хоолны үеэр би найз нартайгаа хамт сууж байв. Кайли бусадтай эв түнжингүй байдаг учраас зарим охид ч түүнтэй мөн таарамжгүй байдаг байлаа. Тэд Кайлигээр доог тохуу хийж, түүнд сонсогдохоор чанга ярьж байлаа. Тэд “Бидэнтэй хамт хэзээ ч БҮҮ СУУ!” “Юун муухай үнэр вэ? Өө, Кайли байна ш дээ!” “Биднээс холхон байгаарай!” гэсэн үгсийг хэлж байлаа. Би тэдний үгийг чагнаад сууж байлаа.

Тэгтэл “Ямар нэг юм хий” гэсэн намуухан дуу хоолойг би зүрх сэтгэлдээ сонслоо. Намайг босоход олон хүүхдийн нүд над руу гайхан нэгэн зэрэг ширтэхийг би мэдэрлээ. “Больцгоо!” гэж би чангаар хэллээ. “Та нар хүний талаар яагаад ийм зүйлс хэлж байгаа юм бэ? Түүнтэй эелдгээр харьц!” Бүх хүүхдүүд чимээгүй болов. Би суухдаа Кайли рүү харав. Тэр эргэж харахдаа намайг талархсан харцаар харлаа.

Миний арванхоёр насны төрсөн өдөр ойртож байлаа. Би хэдэн найз нартайгаа хамт үдэшлэг хийхийг хүсч байлаа. Ээж надаас өөр хэнийг урих гэж байна? гэж асуухад би зүрх сэтгэлдээ: “Кайлийг урь” гэсэн нөгөөх намуухан дуу хоолойг сонсов.

“Би Кайлийг уримаар байна” гэж ээждээ хэллээ.

“Нээрээн үү?”

гэхэд нь би толгой дохилоо. Төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр би найз нартайгаа түүний дотор Кайлитэй ихэд дотноссон тул хичээлийн жилийн сүүлчийн гурван сарын турш тав дахь өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлдэг болсон байлаа. Кайли тав дахь өдөр бүр ирдэг болсон бөгөөд бид хоёр дотны найзууд болсон.

Одоо би наймдугаар ангид орж өөр мужид шилжсэн ч дотны найз найрынхаа нэг Кайлитэй байнга харилцаатай байгаа. Заримдаа бусад найз нар маань Кайли бид хоёрыг яаж ийм дотны найзууд болсныг асуудаг.

“Дөрөвдүгээр ангид байхад тэр намайг дээрэлхдэг байсан болохоор бид хоёр бие биедээ дургүй байсан” гэж би хэллээ.

“Тийм байтлаа яагаад ийм дотны найзууд болсон юм бэ?”

“Би түүнээс сайн талыг нь олж харсан юм. Хүн бүхэнд ямар нэг сайн тал заавал байдаг. Түүний сайн талыг олж харсан юм.”