2013
Таван минутын сургамж
2013 оны нэгдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Таван минутын сургамж

Ердөө тавхан минут хожигдсоноос болоод би суудалгүй хоцров. Ийн хожигдсон ч би их сургуулийн төгсөлтийн ёслолдоо оролцохоор шийдсэн.

Би их сургууль төгсөх жилийн эцсээр уламжлалт малгай, нөмрөг өмссөн бүх шинэ оюутнууд оролцох төгсөлтийн ёслолын ажиллагаанд оролцож, өндөр албан тушаалтай хүнээс дипломоо гардаж авах ёстой байлаа. Дөрвөн жилийн шаргуу сурлага хөдөлмөрийн үр дүнгээ үзэх энэхүү агшныг би тэсч ядан хүлээж байлаа. Ёслолын өглөө би их сургуулиас нэг захидал хүлээн авсан ч задалж үзэх зав байсангүй.

Ёслолын ажиллагаа 1:30-д эхлэх ёстой байв. Харин би үүнээс өмнө амжиж цээж зураг авахуулах хэрэгтэй байв. Харамсалтай нь гэрэл зургийн газар олон хүнтэй дараалал бий болсон байлаа. Ёслол эхлэх цаг ойртох тусам чаг чаг цохилох цаг руугаа би ойрхон ойрхон харсаар зогсож байлаа. Нэлээд удаан хүлээх шаардлагатай болсон ч би зургаа авахуулахаар шийдэв. Тэгээд ёслол эхлэхээс 10 минутын өмнө зургаа аваад ёслол болох танхим руу харайлгав.

Гэтэл намайг танхим руу хүрч ирэхэд хаалгануудыг хааж, харуулууд хамгаалалтанд гарсан байлаа. Намайг оруулчихаач гэж гуйсан ч, харуулууд татгалзаж, намайг 15 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байх ёстой гэв. Ийм журмын тухай би анх удаа сонссон болохоор эсэргүүцсэн ч, харуулууд намайг оруулсангүй. Би их сургуулийн диплом авах гэж дөрвөн жил шаргуу хөдөлмөрлөсөн ч, дипломоо ёслолын үйл ажиллагаан дээр хүлээн авч чадсангүй. Ингээд би бусад хүмүүсийн хамт хүлээлгийн танхимд суухаас аргагүй болов.

Гэртээ эргэж ирээд өглөө хүлээж авсан нөгөөх захидлыг задалж уншвал, ёслолын үйл ажиллагаа эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхгүй бол танхимд оруулахгүй гэсэн тодорхой заавар байлаа. Тэгээд би өөрийгөө Аврагчийн сургаалт зүйрлэлд гардаг мунхаг онгон охидын нэгтэй адилтган бодов:

“[Мунхаг онгон охидыг] худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найранд оров. Тэгээд хаалгаа хаажээ.

“Дараа нь бусад охид ирж, Эзэн, Эзэн бидэнд онгойлгож өгөөч” гэхэд

харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” (Maтай 25:10–12) гэв.

Чухал ёслолын ажиллагаанд оролцож чадаагүй нь миний гаргасан ялихгүй алдааны ноцтой үр дагавар мэт боловч энэ нь чухамдаа буруу сонголт ба муу үр дагавартай болохыг би ойлгосон билээ. Газарт байгаа савааны нэг үзүүрээс барьсан бол нөгөө үзүүрийг нь бас л хөдөлгөж таарна. Үүнтэй адил би зөвхөн үйлдлийг төдийгүй уг үйлдэлтэй холбоотой, нүдэнд үл харагдах үр дагаврыг бас сонгодог.

Үр дагаврыг нь харгалзахгүйгээр сонголт хийдэг байхыг Сатан биднээс хүсдэг. Тэр биднийг махан биеийн дур хүсэл буюу “маханбодийн тааллыг” (2 Нифай 2:29) бүхний түрүүнд тавьж, сэтгэл ханамжийг тэр дороо олоход олонтоо уруу татдаг.

Үүний эсрэгээр Тэнгэр дэх бидний Эцэг аз жаргал болон мөнхийн адислалууд дээр анхаарал төвлөрүүлэхийг биднээс хүсэн хүлээдэг. Тэрбээр биднийг шийдвэр гаргахдаа үр дагаврыг нь хүсэл эрмэлзэл буюу зорилгынхоо хэсэг болгодог байхыг биднээс хүсэн хүлээдэг: “Мөн тэд бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй;” (2 Нифай 2:27).

Би дипломоо албан ёсоор гардан авч чадаагүй нь харамсалтай ч, энэ явдал Хүргэн Хүүг хүрч ирэхэд түүгээр баяртайгаар хүлээн авагдахад саад болох сонголтыг хэзээ ч хийхгүй байх мөнхийн хүслийг надад заасан болохоор би үүнд нь талархалтай байдаг билээ. “Би та нарыг танихгүй” гэж Түүнийг хэлэхэд хаалганы гадна үлдэхгүй байж, харин Тэрээр “Эзнийхээ баяр баясгаланд ор” (Maтай 25:21) гэж хэлэхийг сонсох боломжийг надад олгох сонсголтууд хийхийг би ямагт хичээх болно.

Гэрэл зургийг © Photospin