Анхны Үзэгдлийн тухай миний анхны залбирал
Жинг Жуан Чен, Тайвань
Намайг номлогчдоос ярилцлага авч байх үед надад тохиолдсон зарим сорилт бэрхшээл шийдэгдсэн учраас би баптисм хүртэхээр шийдсэн юм. Ийнхүү шийдсэн нь Мормоны Ном үнэн үү гэдгийг эсвэл Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан нь үнэн үү гэдэг талаар залбирч, гэрчлэлтэй болсных биш юм. Номлогчид намайг эдгээр зүйлсийн талаар залбирахад урьсан ч би залбираагүй юм. Би зөвхөн номлогчдын заасан зүйлд л итгэж байлаа.
Баптисм хийлгэснээс хойш гурван жилийн дараа цуглааны байрын индэр дээрээс нэг эгч Мормоны Ном болон Иосеф Смитийн тухай гэрчлэлээ хуваалцаж байв. Тэр эгч: “Бид Мормоны Ном үнэн үү гэдгийг мөн Иосеф Смитэд тохиолдсон явдлын тухай үнэхээр залбирч үзсэн үү?” гэсэн асуултыг тунгаан бодохыг хүн бүрээс хүслээ. Энэ асуулт надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учраас “Би эдгээр зүйлсийн талаар огт залбираагүй. Харин одоо залбирах ёстой, залбирах ч болно” гэж дотроо бодлоо.
Тэр үед миний итгэл сулхан, судруудын тухай гэрчлэл нимгэн байсан учраас үйлдэл хийх хүсэл эрмэлзэл надад төрөв. Тэр орой би Тэнгэрлэг Эцэгт хандан Иосеф Смитийн талаар Мормоны Ном үнэн үү гэдгийг мэдэхийн тулд залбирлаа.
Би эхний удаа бас хоёр дахь удаагаа залбираад юу ч мэдэрсэнгүй. Би санаагаар унахгүйн тулд Иосеф ганцаараа залбирахын тулд ойн цоорхой руу хэрхэн очсон тухай дүрсэлсэн Иосеф Смит--Түүх 1:14–17 дээр судраа нээв.
“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.
Миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. … Мөнөөх гэрэл над дээр тогтоход би хоёр Хүнийг харав.”
Эдгээр үгсийг уншихад бүх биеэр минь цахилгаан гүйдэл гүйх шиг болж би чичирч эхлэв. Би Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг үнэхээр харсныг тэр даруй мэдлээ. Бурхан Мормоны Номыг Өөрийн бошиглогчоор дамжуулан орчуулсан учраас энэ ном бидэнд байгаа гэдгийг би мэдэж байлаа.
Тэнгэрлэг Эцэг Анхны Үзэгдэл үнэнийг ийнхүү надад гэрчилсний төлөө би баярлан талархаж явдаг билээ. Хэрэв сайн мэдээ сэргээгдээгүй бол би Гэтэлгэгчээ мэдэхгүй байх байсан гэдгийг ойлгосон юм. Сайн мэдээний бүрэн байдал үнэн гэдгийг би мэднэ. Хэрэв би эцсийг хүртэл итгэлтэйгээр тэвчвэл Бурханы адислалуудыг хүлээн авах болно гэдгээ би мэдэрсэн.