Бага насны хүүхдүүдэд зориулав
Ариун сүмийн тухай Эвелиний гэрчлэл
Эвелин Хүүхдийн Хэсэгт ирэх дуртай байлаа. Залбирал хэлэх болоход тэр үргэлж гараа өргөнө. Тэр бас багшдаа туслах дуртай байлаа.
Харин өнөөдөр Эвелин анх удаа үг хэлэх гэж байлаа. Түүнийг ангийн өмнө гарч очтол гэдэс нь эвгүйрхэх шиг болов. Дараа нь зүрх нь түргэн цохилж эхлэв. Түг, түг, түг. Түг, түг, түг. Түг, түг.
Эвелин ангийн өмнө гараад “Сайн байцгаана уу? Миний нэр Эвелин. Манайхан саяхан бүгдээрээ ариун сүм явсан. Тиймээс бид үүрд хамтдаа байж чадна” гэв.
Эвелин өөрийнхөө өмссөн цагаан хувцасны тухай Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдэд ярилаа. Ариун сүм ч бас цагаан байлаа. Тэр аав, ээж хоёр, эгчтэйгээ үүрд хамт байхаар лацдан холбуулсан тухайгаа тэдэнд ярив.
“Тэнгэрлэг Эцэг надад хайртайг би мэднэ” гэж Эвелин хэллээ. “Гэрийнхэнтэйгээ үүрд байхын тулд ариун сүм явах боломжийг Тэнгэрлэг Эцэг бидэнд олгодог” гэж
Эвелин яриад суудалдаа буцаж суув. Тэр баяртай байлаа. Дулаахан гэрэл бүх биеэр нь гүйх шиг түүнд санагджээ. Тэр ариун сүм явсандаа баяртай байлаа.