2013
Уншихад бэлэн
2013 оны нэгдүгээр сар


Уншихад бэлэн

“Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн” (2 Tимот 1:7).

Хүүхдийн Хэсгийн бусад хүүхдүүд судруудаас ээлжээр уншиж байх үед Мэри сандлаа нааш цааш хөдөлгөн, тэдний уншихыг сонсож байлаа. Түүний унших ээлж битгий ирээсэй гэж тэр хүсч байлаа.

Мэригийн унших чадвар маш муу байв. Номын хуудсан дээрх үсгүүдийг харахад тэдгээр нь хөдлөөд байрлалаа өөрчлөөд байгаа юм шиг санагддаг ажээ. Тэр үгсийг удаан уншдаг бөгөөд заримдаа үгсийн дэс дараа нь алдагддаг байжээ. Заримдаа огт байхгүй үгийг уншдаг байв.

Мэригийн ээлж дөхөх тусам тэр бүр их айна. Тэгсээр ээлж нь болоход Мэри бүр босч чадсангүй.

“Би угаалгын өрөө рүү очих хэрэгтэй байна” гэж гэнэт хэлээд сандлаасаа үсрэн босохдоо судраа шалан дээр унагалаа. Мэри үүдний өрөөгөөр дамжин угаалгын өрөө рүү гүйв. Үүдний өрөө хүнгүй байсанд тэр баяртай байлаа. Тэр буланд зогсоод уйлж байлаа.

Хэдэн минутын дараа угаалгын өрөөнөөс Смит эгч түүнийг нэрээр нь дуудахыг сонслоо. “Мэри, юу болоо вэ?”

Мэри юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэр маш их ичсэн ажээ. Өөр нэг ч хүүхдэд ийм зовлон байсангүй. “Би уншиж чадахгүй ээ!” гэж тэр хашгираад толгойгоо зөрүүлсэн хоёр гарынхаа ард шургуулав.

“Уншиж чадахгүй гэв үү?” гэж Смит эгч асуугаад гайхан дуугүй болов. “Чамайг Хүүхдийн Хэсэгт үг хэлж байхыг би харсан. Чамайг уншиж чаддагийг би мэднэ шүү дээ.”

Мэри толгой дохив. “Би үгээ цээжилдэг. Би олон дахин сургуулилсан. Гэвч хүмүүсийн өмнө унших дадлага хийгээгүй. Би чанга уншиж чаддаггүй. Чанга уншихаараа олон алдаа гаргадаг. Бусад хүүхдүүд намайг шоолохыг би хүсэхгүй байна.”

“Өө, Мэри, намайг уучлаарай. Уншихад бэлэн болтол чинь би чамайг чанга уншуулахаар дуудахгүй” гэж Смит эгч хэллээ. “Бас манай ангиас хэн нь ч чамайг шоолохгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэд чинь чиний найзууд шүү дээ.”

“Сургууль дээр хүүхдүүд намайг шоолдог” гэж Мэри шивнэлээ.

Смит эгч Мэригийн нулимсыг арчаад “Ангидаа ор доо. ангийнхан чинь чамайг шоолохгүй. Чи хараарай” гэв.

Тэр хоёр ангид хамт буцаж орлоо. Мэригийн хажууд суудаг найз Бетси нь Мэригийн судрын үрчийсэн хуудсуудыг тэнийлгэн толигор болгосон байв. Мэрийг суухад Бетси судрыг нь түүнд өглөө.

“Одоо уншихыг хүсч байгаа хүн байна уу?” гэж Смит эгч асуув.

“Одоо Мэригийн ээлж ш дээ” гэж ангийн нэг хөвгүүн хэлэв.

Мэри эргэлзсэн ч ангийхнаа тойруулж хараад тэдний нөхөрсөг инээмсэглэлийг олж харав. Смит эгч мөн толгой дохиж, инээмсэглэв. Мэри бага зэрэг сандарсан ч хэвийн байдалтай болж уншиж эхлэв.

Тэр удаан уншиж, ганц нэг алдаа гаргасан ч түүнийг түгдэрсэн үед Бетси зөв үгийг Мэригийн чихэнд түргэн шивнэн хэлж байлаа. Мэри ангийнхаа бусад хүүхдүүд шиг сайн уншаагүй ч, хэн ч түүнийг шоолсонгүй. Дараа нь өөр хүүхдийн унших ээлж болж хичээл цааш үргэлжилжээ.

Хичээлийн дараа хүүхдүүдийг Хүүхдийн Хэсгийн өрөөнд орох үед Смит эгч Мэригийн чихэнд түүгээр бахархаж байна хэмээн шивнэн хэлжээ. Уншихад тохиолддог зовлонгоо цаашид нуух хэрэггүй болсондоо Мэри баяртай байлаа. “Дадлага л хийх хэрэгтэй юм байна” гэж тэр бодлоо. Ямар ч үед дэмжин туслах сайн найз нар түүнд сүмд байгааг мэдээд тэр инээмсэглэв.

Зураг чимэглэлийг АПРЕЛ Стотт