Би санваар авч чадах болов уу?
Арт Крейтер, Нью-Йорк, АНУ
Олон жилийн өмнө би Скааф ахын гэрийн багшийн хамтрагч байхдаа эхнэрт нь санваарын адислал өгөхөөр эмнэлэг дээр очиж билээ. Скааф эгч Анни Леддар гэгч эмэгтэйтэй нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан юм. Анни Леддар эмчилгээгүй хавдраар өвчлөн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд амьд явах хугацаа нь тун богинохон болсон байлаа.
Би адислал өгөхөөсөө өмнө хоёр орны хооронд татсан хөшгийг хаах гэснээ Анниг адислалыг хараг гэж бодоод нээлттэй орхив. Бид юу хийх гэж байгаагаа тайлбарлан, адислалыг харах уу гэж түүнээс асуулаа. Тэр адислалыг харахыг хүсч байна гэлээ. Нас барсан түүний нөхөр өөр сүмийн үйлчлэгч байсан гэнэ. Тиймээс тэр бид юунд итгэдгийг сонирхлоо. Скааф ах бид хоёрыг адислал өгөхөд Анни сонсож байв.
Хэд хоногийн дараа Скааф эгчийг эмнэлгээс гэртээ гарах үеэр Анни санваарын адислал авч болох уу гэж хүслээ. Скааф ах бид хоёр түүнд адислал өгөхийн тулд эмнэлэг дээр дуртайяа очив. Аннигийн хавдар эмчлэгдээгүй ч, эрүүл мэндийн байдал нь их сайжирсан.
Тэр эмэгтэй сайн мэдээний тухай тодорхой мэдэхийг сонирхсон болохоор би номлогчдоос эмнэлэг дээр очин, түүнд заахыг хүслээ. Тэр сайн мэдээний захиасыг чин сэтгэлээсээ сонсож, баптисм хүртэхээр сонгосон юм. Баптисмынх нь дараа бид Анниг долоо хоног бүр тэргэнцэрт нь суулгаж, сүм рүү аваачихын тулд эмнэлэг дээр ирдэг байв.
Анни өвчтэй учраас ойр зуур явах нь хүндрэлтэй байсан ч Их Эзэнд үйлчлэх өөрийн гэсэн арга замыг удалгүй олсон юм. Бид түүнд бичгийн машин авчирч өгөхөд тэр өдөр эмнэлэг дээр гэр бүлийн түүхээ бичихэд хэдэн цаг зарцуулдаг болов. Анни эмч нарын бодсоноос гурван жил илүү амьдарч, нас барахаасаа өмнө гэр бүлийнхээ гишүүдийн хэдэн зуун нэрийг ариун сүмийн ёслолуудад зориулан бэлтгэсэн юм.
Аннийг нас барсны дараа Скааф эгч Аннигийн өвөг дээдсээс олон эмэгтэйчүүдийн төлөө ариун сүмийн ёслолуудыг төлөөлөн гүйцэтгэжээ.
Миний мэдэхээр Анни бол гэр бүлээсээ Сүмд элссэн цорын ганц гишүүн байлаа. Түүний гэр бүлийн амьд байгаа гишүүд Сүмд элсээгүй ч, нас барсан өвөг дээдсээс нь олон хүн тэдний өмнөөс гүйцэтгэсэн төлөөлөх ёслолын төлөө баяртай байсан гэдэгт би итгэлтэй байна.
Бидний уулзсан хүмүүс сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг бид огт мэддэггүй. Санваарын адислалыг гэрчилснийх нь дараа Аннигийн зүрх сэтгэлд бидний суулгасан гэрчлэлийн үр цэцэглэн, Тэнгэрлэг Эцэгийн хэдэн зуун хүүхдийг адисалсных нь төлөө би баярлан талархаж явдаг билээ.