Миний төрсөн өдрийн хүсэл
Анжелика Карбонелл Дигал, Филиппин
Би 18-тайдаа сайн мэдээг хүлээн авахдаа бүхнээс илүү амтат тэрхүү жимсийг амталснаа ойлгосон. Би агуу баяр баяслыг мэдэрсэн ч, төөрч, замаа олохгүй тэнүүчилж явсан гэр бүлийнхээ гишүүдийн тухай бодож байлаа. Би гэр бүлээсээ ганцаархнаа Сүмийн гишүүн байсандаа ихэд харамсдаг байсан ч тэдний нүд, чихийг үнэнд хэрхэн нээхийг сайн мэддэггүй байлаа.
Номлогчдын үгийг сонсоход гэрийнхнээ итгүүлэхээр би олон арга замаар оролдож үзсэн. Гэвч намайг хичээх тусам тэд улам эргэлздэг болов.
Миний урам хугарч цаашид сүмд явахаа больё гэж бодож билээ. Гэвч нэг удаа залбиртал: “Үүний дараа намайг үгүйсгэх аваас, намайг мэдэхгүй байсан нь та нарт дээр байх болно” (2 Нифай 31:14) гэсэн судрын үгс санаанд орж ирлээ. Би шаргуу залбирч, судруудыг уншин, Сүмийн цуглаануудад явж, амьдралд минь ирсэн адислалууд дээр анхаарал төвлөрүүлдэг болов. Үүний үр дүнд сэтгэлийн эмзэглэл арилж эхэллээ.
Төрсөн өдрөө ойртох тусам төрсөн өдрийн үдэшлэгээ гэртээ хийж, Сүмийн гишүүн найз нараа бүгдийг нь түүний дотор бүрэн цагийн номлогчдыг урихаар сүнсээр нөлөөлөгдсөнөө би мэдэрлээ. Би гэрийнхнээ Сүмийн гишүүдтэй ойр дотно харилцаатай байхыг хүсдэг байлаа. Миний бодлоор Сүмийн гишүүд бол дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүс юм. Миний хувьд төрсөн өдрийн үдэшлэг нь гэр бүлийн үдэш болох ёстой байлаа.
Тэр өдрөөс хойш байдал өөрчлөгдөв. Номлогчид манайхаар үргэлж ирдэг болж, манай гэрийхний дотны найзууд болов. Нэг өдөр аав маань манай гэрийнхэн бүгдээрээ номлогчдын үгийг сонсож, сүмд явахыг хүсч байгаагаа хэлэв. Би мэл гайхаж хоцров.
Намайг баптисм хүртсэнээс хойш гурван жилийн дараа гэрийнхэн маань бүгдээрээ баптисм хүртлээ. Баптисмын ёслолын үеэр ээж гэрчлэлээ хэлж, аав номлогчдод талархал илэрхийлэв. Тойргийн гишүүд тэднийг хөрвөсөнд маш их баярласан.
Ямар сайхан юм бэ? Миний урсгасан нулимс, тавьсан зорилго маань үр дүнд хүрсэн юм. Гэвч бүхнээс чухал нь номлогчид болон тойргийн гишүүдийн хайр, нөхөрлөлийн ачаар аавын минь зүрх сэтгэл зөөлөрч уярсан явдал байлаа. Есүс Христийн сайн мэдээгээр амьдардаг үлгэр жишээнийхээ улмаас бүх гишүүд номлогчид байдаг. Гэрийнхэн маань Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хүлээн авсны төлөө би баярлан талархаж явдаг. Энэ төлөвлөгөө үүрд хамт байх боломжийг гэр бүлүүдэд олгодог билээ.