2013
Гэрлийг хуваалцахуй
2013 оны нэгдүгээр сар


Гэрлийг хуваалцахуй

Долорес Собиески, Калифорни, АНУ

АНУ-ын Өмнөд Калифорнид аянгын цахилгаан цахилж, аадар бороо цутгасан нэгэн ер бусын бүгчим халуун өдөр боллоо. Би сэрүүхэн гэртээ амарч, кино үзэхээр зэхэж байлаа. Би кино үзэхээр суунгуутаа найз Шерилл рүү утасдах хэрэгтэйгээ мэдэрлээ.

Түүн рүү утасдаад тэднийд өглөөнөөс хойш цахилгаан тасарсныг мэдэв. Найз маань хөлдүү хүнс нь гэсч, сүү нь гашлах байх гэж санаа нь зовж байсан учир бид түүний хоол хүнсийг манай гэрийн хөргөгчинд зөөж хийлээ.

Маргааш орой нь Шерилл бид хоёр түүний гэрийн өмнө зогсож байв. Замын энэ талын бүх байшин харанхуй байхад гудамжны нөгөө талд цахилгаан гэрэлтэй байв. Нэг байшин миний анхаарлыг онцгой татлаа. Гудамжны нөгөө талд хурц гэрэл гялалзсан байшингийн сэрүүн лавринд суугаа хүмүүс хөгжилтэй ярилцан чанга инээлдэж харагдана.

Дараагийн хэдэн өдөр ч энэ дүр зураг миний санаанаас гарсангүй. Тийм эсрэг, тэсрэг байдалд би үнэхээр их гайхсан. Гудамжны нэг талд тас харанхуй байхад нөгөө талд хурц гэрэл гялалзаж байдаг. Гудамжны нэг талд хүмүүс харанхуйд сууж байхад хөршүүд нь гэрэлтэй байдаг.

Би энэ дүр зургийг гудамжины нэг талд хүмүүс сайн мэдээний гэрлийн ач тусыг амьдралдаа эдэлж байхад нөгөө талд нь бусад хүмүүс харанхуйд сууж байгаатай зүйрлүүлэн олонтоо боддог байж билээ. Би өөрийгөө сүмийн найз нартайгаа сэрүүн лавринд сайн мэдээний гэрэлд баясан түүнийг бусадтай хуваалцахгүй сууж байгаагаар төсөөлөн бодов.

Дэлхийд хүн бүр нэгэн гэрэлтэй өөрөөр хэлбэл Христийн Гэрэлтэй төрдөг билээ. Сүмийн гишүүд бид сайн мэдээг хуваалцсанаар энэхүү гэрлээ нэмэгдүүлэх онцгой боломжтой юм. Аврагч ийн заасан байдаг:

Болгоогтун, хүмүүс лаа асаагаад мөн үүнийгээ тогоон дор нуудаг бил үү? Үгүй ээ, харин лааны тавиур дээр тавьж, мөн энэ нь гэрт байгаа бүгдэд гэрэл өгдөг;

Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршууулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг (3 Нифай 12: 15–16).

Сүмийн гишүүд бид Христийн тухай гэрчлэлээрээ бүх хүмүүсийг ялангуяа сүнсний харанхуйд байгаа хүмүүсийг гэрэлтүүлэх үүрэг хариуцлагатай билээ. Би дээрх туршлагын дараа Тэнгэрлэг Эцэгийн нинжин сэтгэлт хүү байж ая тухтай сэрүүн лаврингаасаа босч харанхуйд суугаа хөршүүддээ сайн мэдээний гэрлийг хүргэхээр шийдэж билээ.