Айлчлагч багшийн захиас бичиг
Номлолын ажил
Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.
Хожмын Үеийн Гэгээнтнүүд “хүмүүний бодгалиудын авралын төлөө [Их Эзэний] талбайд хөдөлмөрлөхийн тулд” (С ба Г 138:56) илгээгдсэн бөгөөд энэхүү хөдөлмөрт номлолын ажил ордог билээ. Сайн мэдээг хуваалцахын тулд бид албан ёсоор номлолд дуудагдах шаардлагагүй. Бид эргэн тойрон дахь хүмүүсийнхээ амьдралыг сайн мэдээгээр адислахын төлөө өөрсдийгөө бэлтгэвэл Их Эзэн биднийг адислах болно. Айлчлагч багш нар сүнслэг байдлынхаа төлөө хүлээх үүрэг хариуцлагаа баяртайгаар хүлээн авч мөн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахад” (Moсе 1:39) нь тэдэнд тусалж чадна.
Бошиглогч Иосеф Смит 1842 онд Нийгмийн Халамжийн Бүлгийг зохион байгуулахдаа эмэгтэйчүүд зөвхөн ядуусыг халамжлах төдийгүй бас хүмүүсийг аврах ёстой хэмээн хэлжээ.1 Энэ нь өнөөдөр ч бидний зорилго хэвээр байгаа билээ.
“Их Эзэн … үнэний тухай гэрчлэлийг бусадтай хуваалцдаг хүмүүст итгэмжлэн олгосон юм” хэмээн Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф хэлжээ. “Түүгээр ч зогсохгүй Их Эзэн ‘[Түүний] сайн мэдээг баяслын дуугаар тунхаглан, [амаа] бүх цаг үед нээлттэй байлгахыг’ (С ба Г 28:16) Өөрийн Сүмийн гишүүдээс хүсэн хүлээдэг билээ. … Зарим үед гэрчлэлийн ганцхан өгүүлбэр хэн нэгний амьдралд үүрд мөнхөд нөлөөлсөн мартагдашгүй үйл явдал болох нь байдаг.2
Судруудаас
Бидний түүхээс
Хуучин Чехословакийн Ольга Коваровагийн түүх бол Нийгмийн Халамжийн Бүлгийн түүхэн дэх гишүүн номлогчийн ажлын үлгэр жишээ мөн. Ольга 1970-аад оны үед анагаах ухааны сургуулийн оюутан байсан бөгөөд сүнслэг байдлын хувьд үлэмж өлсөж цангаж байжээ. Тэр 75 настай Хожмын Үеийн Гэгээнтэн Отакар Войковкийг ажигладаг байсан гэнэ. “Тэр надтай анх тааралдахдаа далан тавтай байсан ч сэтгэл санаагаараа бол арван наймт шиг л гялалзаж байлаа. Хүмүүсийн сэтгэл санаа гундуухан байсан тэр үед энэ нь Чехословакт ер бусын хэрэг явдал байлаа” гэж Ольга ярилаа.
Ольга Отакараас тэр болон түүний гэр бүл хэрхэн баяр баясгалантай байж чаддагийг асуужээ. Тэд түүнийг Сүмийн гишүүдтэй танилцуулж, Мормоны Номыг түүнд өгсөн гэнэ. Ольга энэ номыг ихэд амтархан уншиж, удалгүй баптисм хүртэн гишүүнээр батлагджээ. Ольга тэр үеэс эхлэн улс төрийн дарангуйлал ноёрхож, шүтлэг бишрэлийг хавчдаг байсан эх орондоо сайн нөлөө үзүүлсээр ирсэн ажээ. Тэр жижигхэн салбартаа Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр үйлчилж, бусад хүмүүсийг Христэд авчран аврахад тусалжээ.3