Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг доор өгөв:
“Бурханы гайхалтай мэргэн ухаан,” хуудас 20: Дэлхийн мэргэн ухааныг Бурханы мэргэн ухаантай харьцуулж ярилц. Та 2 Нифай 9:28–29-ыг уншиж, дэлхийн мэргэн ухаан сайн мэдээний заадаг мэргэн ухаанаас өөр байдаг нөхцөл байдлуудын тухай бодохыг суралцагчдаас хүсч болно. Дээрх нөхцөл байдал бүрд аль мэргэн ухааныг дагахаа шийд.
“2013 оны Мючелийн сэдэв,” хуудас 50: 2013 оны Мючелийн сэдвийн тухай Элайн С.Далтон, Давид Л.Бек нарын өгүүллүүдийг унш. Гэр бүлийн гишүүн бүр гэр орноо аз жаргалтай газар болгоход туслах арга замын тухай тунгаан бодоход тэднийг урь. Та ариун сүмийн зургийг гэртээ тавьж, гэр бүлээрээ ариун сүмд явах зорилго тавьж болно.
“Байнга дадлага хий,” хуудас 56: Гэр бүлийнхээ авьяас чадварын шоу зохион байгуулахыг бод. Гэр бүлийн гишүүн бүр ур чадвар болон хийсэн зүйлээ үзүүлж бусадтай хуваалцахаар бэлтгэхийг зөвлө. “Байнга дадлага хий” өгүүллийг уншсаны дараа, авьяас чадвараа хөгжүүлж, бусадтай хуваалцах нь бидний эргэн тойрон дахь хүмүүсийг хэрхэн адисалж болох тухай ярилц.
“Ариун сүмийн тухай Эвелиний гэрчлэл,” хуудас 70: “Гэр бүлийн гэрчлэлийн” дүрслэл зураг гарга. Зургуудыг өрөөнд байрлуулж, өөрийн итгэдэг зүйлсийг дүрсэлсэн зургуудыг гэр бүлийн гишүүдээр сонгуул: жишээ нь өөрийн чинь гэр бүлийн зураг, ариун сүм, Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн болон баптисмын зураг, аравны нэгийн хуудас, даруухан хувцасласан залуучуудын зураг байж болно. Та яагаад эдгээр бүх зүйлд итгэдэг болохоо ярьснаар хичээлээ дуусгаж болно.
Харанхуйд заасан хичээл
Аравдугаар сарын нэг өдөр гэр бүлийн үдшийн үеэр байн байн сахилгагүйтдэг манай охин Жулия, “Бид гэр бүлийн үдшээ харанхуйд хийж огт үзээгүй ш дээ. Ингэж болох уу?” гэж асуув. Бид түүнд харанхуйд юуг, хэрхэн заах билээ хэмээн гайхан бодож билээ.
Гэрлийг унтраахад харанхуй биднийг нөмрөн авлаа. Тэгтэл манай нөхөр гар утсаа асааж, Христийн Гэрлийн тухай зааж эхлэв. Христийн Гэрэл биднийг хэрхэн харанхуйгаас гаргаж, гэр бүлээрээ Түүнд эргэж очиход биднийг хэрхэн удирддагийг харуулав. Гар утасны гэрэл төдийлөн хурц биш ч, уншиж байгаа зүйлээ харж болохоор байв.
Гар утасны гэрэл үе үе автоматаар унтарч байсан ч Аврагч Есүс Христгүйгээр бидний амьдрал ямархуу байх байсныг бид охиндоо харуулж чадсан юм. Сүнс хүчтэй мэдрэгдэж, охин маань маш их хүндэтгэлтэй болж билээ. Бүр одоо ч гэсэн тэрээр гэр бүлийн тэр үдшийг болон заагдсан захиасыг санасаар байдаг.
Валквириа Лима дос Сантос, Бразил