2013
Хүчирхэг суралцагчид болон багш нар болоход залуучууддаа туслах нь
2013 оны нэгдүгээр сар


Хүчирхэг суралцагчид болон багш нар болоход нь залуучуудад хэрхэн туслах вэ?

Залуучуудын сургалтын шинэ материал Ирээд, Намайг дага: Залуучуудад зориулсан суралцах удирдамж) нь сайн мэдээнд хөрвөхөд нь залуучуудад туслах үр ашигтай дөрвөн арга замыг эцэг эхчүүд, багш нар, удирдагчдад санал болгож байгаа болно.

Есүс Христийн бага насны тухай судрын түүхээс 12 настай Аврагч “сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байсныг” бид мэддэг билээ.

“Түүний ухаан болон хариултууд нь түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46–47 [Лук 2:46, зүүлт тайлбар в]).

Аврагч бага наснаасаа эхлэн сайн мэдээнээс суралцах болон заахад идэвхтэй оролцсон юм. Аврагч сүмд Өөрөөс нь илүү эрдэм боловсролтой, илүү туршлагажсан хүмүүст сайн мэдээний зарчмуудыг зааж байжээ. Гэвч Тэрбээр сайн мэдээнээс суралцаж, заах нь “Эцэгийнх нь ажлын” (Лук 2:49) хэсэг бөгөөд дэлхий дээр Түүний гүйцэтгэх гол үүрэг гэдгийг ойлгодог байсан юм.

Есүс Христ бүр бага байхдаа сайн мэдээнээс гарамгай суралцагч, гарамгай багш байсан нь эргэлзээгүй ч, сургаалыг ойлгох болон заах чадвар нь улам өсч байжээ. Тэрбээр “бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байсныг” (С ба Г 93:13) судрууд бидэнд өгүүлдэг. Өнөөдөр залуучууд зөв зүйлийг мэдэхийн төлөө өөрсдийн амьдралаа зориулснаараа Аврагч болон Түүний сайн мэдээнд жинхэнэ ёсоор хөрвөж, мэргэн ухааны хувьд “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өсөн хөгжиж чадна.

Залуучуудад зориулсан шинэ сургалтын материалын удирдамжинд, “Та бүхэн залуучуудыг сайн мэдээнд хөрвөхөд нь туслахын тулд Их Эзэнээр дуудагдсан юм” хэмээн Тэргүүн Зөвлөл тэмдэглэжээ.1 Бид Аврагчийн үйлчлэлийг судалж, түүнийг дуурайснаар залуучуудыгаа амьдрах ухаанд суралцах, эрдэм мэдлэг эзэмших болон Есүс Христийн сайн мэдээг заахад нь үр ашигтайгаар дэмжиж чадна. Бид Аврагчийн нэгэн адил өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэж, залуучуудын хэрэгцээнд хариулт өгч, үнэнийг нээн илрүүлэхэд тэднийг урамшуулан дэмжиж, итгэлийнхээ дагуу үйлдсэнээр хөрвөхөд нь тэдэнд тусалж чадна.

Сүнслэг байдлын хувьд бэлтгэ

Аврагч мөнх бус амьдрал дахь үйлчлэлээ эхлэхээс өмнө шаргуу суралцах, залбирах, мацаг барих замаар Өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэсэн юм. Тэр “Бурхантай хамт байхаар цөл рүү Сүнсээр хөтлөгдөж,” “дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсан” билээ (Иoсеф Смитийн Орчуулга, Maтай 4:1–2 [Maтай 4:1, зүүлт тайлбар б]). Аврагч мацаг барилтынхаа төгсгөлд Сатаны олон уруу таталттай тулгарсан юм. Өмнө нь судруудыг судалсан нь уруу таталт бүрийг судрын шүлгүүдээр хариулахад Есүст тусалсан юм (Maтай 4:3–10-ыг үзнэ үү). Сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байсан нь бүх амьдралдаа тохиолдсон уруу таталтуудыг амжилттай даван туулах боломжийг төдийгүй бүх үйлчлэлийнхээ туршид сайн мэдээг өндөр үр өгөөжтэйгөөр заах боломжийг Түүнд олгосон юм.

Залуучуудад заах нь сургалтын материалыг заахаасаа өмнө яаруу гүйлгэн уншихаас илүү их бэлтгэлийг шаарддаг. Их Эзэн ийн зарлиг болгосон юм, “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл” (С ба Г 11:21). Бид үнэн сургаалыг мэдэхийн тулд судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг залбирч судалснаар сүнслэг байдлын хувьд бэлтгэгдэж чадна. Биднийг ийм байдлаар бэлтгэхэд сургаалын үнэнийг Ариун Сүнс баталж, бидний хуваалцдаг сургаалын амьд мөн чанарыг ойлгоход бидэнд өдөөлт өгөх болно.

Перугийн Лима Сурко гадасны Эстефани Мелеро хувиараа илчлэлт хүлээн авахын ач холбогдлыг залуу эмэгтэйчүүдэд заах үедээ тэрээр, 14 настайдаа гэрчлэлтэй болохыг эрэлхийлсэн өөрийн хувийн туршлагаа хуваалцахад сүнслэгээр өдөөгдсөн ажээ. Сайн мэдээ үнэн үү гэдгийг мэдэхийн тулд тэрээр чин сэтгэлийн оргилуун хүсэлтэйгээр залбирахад нэгэн дуу хоолой түүний зүрх сэтгэлд: “Энэ нь үнэн гэдгийг чи аль хэдийнээс мэднэ шүү дээ, Эстефани” хэмээн шивнэснийг тэр хэзээ ч мартдаггүй ажээ.

Бид заадаг сургаалаа судалж, түүгээр амьдарснаар бид зүгээр нэг багш нар биш харин үнэнийг гэрчлэгчид болно.

Тунгаан бодох асуултууд: Аврагч заахын тулд Өөрийгөө хэрхэн бэлтгэснийг өөр ямар судрууд харуулдаг вэ? Заахын тулд өөрийгөө бэлтгэх таны хүч чармайлт заасан зүйлийн чинь үр өгөөжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэгцээн дээр анхаарал төвлөрүүл

Аврагч баян залуу захирагчтай ярилцсан яриандаа зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг ойлгодог байснаа харуулсан юм. Захирагч залуу: “Мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуусан юм. Аврагч зарлигуудыг сахихын ач холбогдлыг заасны дараа, залуу захирагч, “Би энэ бүгдийг [зарлигуудыг] хар багаасаа л сахисан” гэж хариулжээ. Есүс залуу захирагчийн зүрх сэтгэлд “нэг л зүйл” дутагдаж байгааг мэдээд сайхь залууд эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгээд ирж, ирээд, Намайг дага гэжээ. (Лук 18:18–23-ыг үзнэ үү.) Бид илчлэлтийн төлөө залбирч, залуучуудын хүсэл сонирхол, итгэл найдварыг мэдсэнээр Аврагчийн адилаар тэдэнд хэрхэн заах болон сайн мэдээгээр амьдрах үр өгөөжтэй арга замыг тэдэнд хэрхэн таниулахыг мэдэх болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер, манай “залуу хүмүүс дайсны нутаг дээр өсөн торниж байна” гэж хэлсэн билээ.2 Эцэг эхчүүд, багш нар бид залуучуудад тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийг ойлгодог байх ёстой. Колумбын Колорадо Гадасны залуучуудын Ням гарагийн хичээлийн багш Кевин Таутай, “Залуучуудад тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийг гарын авлагаас заах боломжгүй. Энэ бол багш нар бид залуучуудыг өдөр бүр Сатантай тэмцэх тэмцэлд бэлтгэх чадвартай байхын тулд хувийн илчлэлт хүлээн авах ёстой гэсэн үг юм. Багш та зөвхөн ням гарагт гарын авлагаа авчирч, хичээл зааснаар үүргээ гүйцэтгэлээ гэж бодох ёсгүй” хэмээн хэлжээ.

Сайн мэдээнээс суралцаж, түүгээр амьдрахад залуучуудад туслах нь эцэг эх, удирдагчид, зөвлөгчид болон багш нарын хамтын нэгдмэл хүч чармайлтыг шаардана. Бид Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлснээр залуучуудыг уруу таталт болон тэдэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдэд бэлтгэх сургаалыг үр ашигтайгаар зааж чадна.

Тунгаан бодох асуултууд: Өнөөдрийн дэлхий таныг залуу байх үеийнхээс ямар ялгаатай байна вэ? Залуучуудад ямар сорилт бэрхшээл тулгарч байна гэж та үздэг вэ? Тэднийг сайн мэдээний сургаалуудыг ойлгосон үед нь тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж чадна гэж та боддог вэ?

Сайн мэдээний үнэнүүдийг нээж илрүүлэхэд залуучуудыг урь

Аврагч Өөрийн шавь нарт үнэнийг нээж илрүүлэн, хувийн гэрчлэлтэй болоход нь тэднийг урамшуулан дэмжих арга барилуудыг заадаг байжээ. Тэр нифайчуудад заахдаа ингэж хэлсэн юм:

“Та нар сул дорой, иймээс энэ үед та нарт ярихаар Эцэгээр надад зарлиг болгогдсон бүх үгсийг минь та нар ойлгож чадахгүйг би ухамсарлаж байна.

“Тиймийн тул, та нар гэр гэртээ харьцгаа, мөн миний хэлсэн зүйлсийг эргэцүүлж, мөн, та нар ойлгож, мөн би та нарт дахин ирэх маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэж болохын тулд миний нэрээр Эцэгээс асуу” (3 Нифай 17:2–3).

Христтэй адилаар заах нь мэдээллийг зүгээр хуваалцахаас илүү чухал зүйл. Энэ нь сургаалыг өөрсдөө ойлгоход залуучуудыг удирдах явдал мөн. Бид сайн мэдээний тухай тэдэнд лекц уншихаар уруу татагдаж мэдэх ч хэрэв асуултуудын хариултыг өөрсдөө олж, хувийн гэрчлэлтэй болоход нь туслан, өөр асуултуудтай тулгарсан үед хариултыг хэрхэн олохыг тэдэнд зааж сургавал бид илүү үр өгөөжтэй зааж чадна. Ирээд, Намайг дага: Залуучуудад зориулсан суралцах удирдамж-д онцлон тэмдэглэснээр бид бас тэднийг сайн мэдээгээр амьдарч байгаа туршлагаасаа хуваалцаж, үнэн гэдгийг нь мэддэг зүйлсийнхээ талаар үе тэнгийнхэндээ гэрчлэхэд нь урьж болно.

Бүсийн Далын Ахлагч бөгөөд Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч Ким Б.Кларк, диконы нэг чуулгын зөвлөгч диконуудтай хамт хийсэн залбирлын тухай өөртэй нь ярилцсан түүхийг саяхан ярьжээ. Санаандгүй байтал, диконы чуулгын ерөнхийлөгч гараа өргөж, “Би чуулгаас нэг асуулт асууя. Та нараас хэчнээн хүн энэ долоо хоногт өглөө, орой бүр залбирах хүсэлтэй байна вэ?” гэж асуув. Энэ зорилтыг биелүүлж чадах эсэхдээ итгэлтэй биш байсан нэг залуу эрэгтэйгээс бусад чуулгын бүх гишүүд гараа өргөлөө. Зөвлөгч буцаж суудалдаа суугаад, чуулгын гишүүд нөгөөх итгэлтэй биш байсан үе тэнгийн гишүүндээ залбирлын тухай хэрхэн зааж, гэрчилж байгааг нь ажиглан, уг зорилтыг хүлээн авах итгэлийг түүнд төрүүлэхэд тусалж байгааг харж байлаа.

Тунгаан бодох асуултууд: Багш нар ангийн гишүүдийг суралцах үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг ямар арга замаар урамшуулан дэмжихийг та харсан бэ? Та өөрийн ажилладаг залуучууддаа сайн мэдээг судлах дадлыг хөгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Ярилцлагаас гадна, сайн мэдээг судлахад залуучуудыг идэвхтэй оролцуулах өөр ямар арга замууд байна вэ?

Хөрвөлтийг урамшуулан дэмж

Хөрвөлт бол насан туршийн үйл явц бөгөөд сайн мэдээнээс өдөр бүр суралцах, түүгээр өдөр бүр амьдрах явдал мөн. Хөрвөлт нь сайн мэдээний тухай зөвхөн мэдээд зогсохгүй, биднээс үйлдэл хийж өөрчлөгдөхийг шаарддаг.3 Аврагч сайн самари хүний өрөвч нинжин сэтгэлийн тухай шавь нартаа заасны дараа тэдэнд, “Явж, үүний адил үйлдэгтүн” (Лук 10:37) гэжээ. Тэрбээр тэднийг зөвхөн үгийг сонсогчид байх төдийгүй, Түүний сургаалуудад итгэх итгэлээрээ үйлдэхийг нь урамшуулан дэмждэг байв.

Бид залуучуудыг сайн мэдээгээр амьдрахад шаргуу тэвчээртэй урамшуулан дэмжих ёстой. Учир нь хүн нэг удаа зааснаар хөрвөдөггүй. Бид тэднийг Ирээд, Намайг дага гэсэн урилгыг хэрэгжүүлэхэд нь урамшуулан дэмжсэнээр залуучууд үнэн сургаалыг ойлгож, сайн мэдээг судлах загварыг бий болгон, зөв шударга амьдарсан үед хөрвөлт хамгийн амжилттай болно.

Арапахое Колорадо гадасны Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Криста Уорник ийн ярьжээ: “Нас нэлээд ахисан үедээ ч миний сонсоогүй тийм олон сорилт өнөөдөр залуучуудад тулгарч байна. Би ихэвчлэн өөрөө бие дааж гэрчлэлээ хөгжүүлж, Залуу Эмэгтэйчүүдийн ангид сурсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх чадвартай болсон. Залуучуудад итгэлээ ашиглах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгөх нь бүр бага наснаасаа эхлэн тулгуур гэрчлэлтэй болж түүнийгээ хөгжүүлэхэд тэдэнд туслах болно.”

Хөрвөлтөд тулгардаг сорилт бол бид зөвхөн сайн мэдээнээс суралцах нь биш, харин сурч мэдсэн зүйлийнхээ ачаар өөрчлөгдөх явдал мөн. Залуучуудад зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлт” (Aлма 5:14) тэр дороо гардаггүй харин тэд байнга суралцах дадал хэвшлийг хөгжүүлж, үргэлж залбиран, зарлигуудыг сахисан үед алгуураар ирэх болно гэдгийг ойлгоход бид тэдэнд туслах хэрэгтэй. Тэд эдгээр зүйлсийг хийснээр хүсэл сонирхол, зан харьцаа, ажил үйлсэд нь Тэнгэрлэг Эцэгийн хүсэл биеллээ олсныг мэдрэх болно.

Тунгаан бодох асуултууд: Сайн мэдээнээс суралцаж, түүгээр амьдрах таны хүч чармайлтууд хөрвөлтөд чинь ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Таныг эцэг эх, Сүмийн багш нар, удирдагчид чинь хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Залуучуудаа дэмжих нь

Ирээд, Намайг дага гэсэн урилга нь залуучуудыг дэмжих хүч чармайлтын зөвхөн нэг хэсэг нь юм. Илүү бүрэн дүүрэн хөрвөхөд залуу хүн бүр өөрөө хариуцлага хүлээхээс гадна “хүүхдүүд нь Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг мэдэхэд туслах үндсэн үүргийг эцэг эхчүүд хүлээдэг.”4 Бид залуучуудтай ажиллахдаа эцэг эхэд нь дэмжлэг үзүүлж, Аврагчийн үлгэр жишээг дагаснаар, сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байж, залуучуудын хэрэгцээнд анхаарал төвлөрүүлэн, сайн мэдээний үнэнүүдийг нээж илрүүлэхэд тэднийг урьж, итгэлээрээ үйлдэж, хөрвөгдөх боломжийг тэдэнд олгож чадна. Бид Есүс Христийн үлгэр жишээг дагахыг хичээснээр илүү сайн суралцагчид, улам сайн багш нар болж, ирээдүйн улс нийгмийн болон Сүмийн удирдагчдад хүчтэй суралцагчид, багш нар болоход нь тусалж чадна.

Эшлэл

  1. Teaching the Gospel in the Savior’s Way (Ирээд, Намайг дага: Залуучуудад зориулсан суралцах удирдамж, 2012), 2.

  2. Боид K.Пакер, “Counsel to Youth,” Лиахона ба Ensign, 2011 оны 11-р сар, 16.

  3. Даллин Х.Өүкс, “The Challenge to Become,” Лиахона 2001 оны 1-р сар, 40; Ensign, 2000 оны 11-р сар, 33.

  4. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.1.

Сүнслэг байдлын бэлтгэл буюу суралцах, залбирал, мацаг барилт нь Сүнсний нөлөөг мэдрэхэд багш, суралцагч хоёуланд нь тусалдаг.

Христ Эммаугийн зам дээр, Уолтер Рейн © IRI

Залуучууд сайн мэдээгээр амьдардаг туршлагаа хуваалцсанаар бие биеэ хүчирхэгжүүлдэг.

Гэрэл зураг чимэглэлийг Грэйг Даймонд

Сайн мэдээний үнэнүүдийг нээж илрүүлэхэд хүүхдүүддээ туслахад эцэг эхчүүд үндсэн үүргийг хүлээх бөгөөд залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүр илүү бүрэн хөрвөгдөхөд өөрсдөө үүрэг хариуцлага хүлээдэг. Залуучуудын удирдагчид, багш нар эдгээр хүч чармайлтуудыг дэмждэг билээ.

Гэрэл зураг чимэглэлийг Ричард Ромни