Итгэл, найдвар ба харилцаа
Хүсэл, итгэл хийгээд найдвар биднийг гэрлэлт рүү хөтөлдөг хүмүүс хоорондын харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг.
Та эхнэр болох хүнийхээ сайн ба сул талын тухай жагсаалт гаргасан уу? Өсвөр насны хүүгийн минь ихэд сонирхон асуусан энэ асуулт миний тэмдэглэл дэх нэгэн жагсаалтаас үүдэлтэй юм. Энэ бол зүгээр л хэн нэгний сайн ба сул талын тухай жагсаалт биш байлаа. Энэ жагсаалтыг би 30 жилийн өмнө хүүгийнхээ ээжид гэрлэх санал тавихаасаа өмнө хийсэн юм. Хэчнээн эрэгтэйчүүд үүнтэй адил жагсаалт хийдгийг би мэдэхгүй, гэвч би 24 настай, коллежийн оюутан байхдаа гэрлэх тухай тунгаан бодоод, ийм жагсаалт гаргах нь зөв гэж шийдсэн юм.
Хайр сэтгэлтэй хүнээ сонгоход анхаарах зүйлсийн тухай миний хүү тэр өдөр ямар асуултууд асуусныг би санахгүй байна. Хүү маань нөгөөх жагсаалтыг ихэд сонирхон үзсээр байлаа. “Ээжийн талаар Аав жагсаалт хийсэн байна! Нааш ирээд үзээч!” гэж тэр дүү нартаа хандан хашигирсныг би огт мартдаггүй юм. Гэвч одоо эргээд санахад тэр надаас олон асуулт асууж болох байсан гэж би бодож байна. Жишээлбэл:
Та ээжид хайргүй байсан юм уу? гэж тэр эхлээд асуух ёстой байсан. Би энэ асуултанд тийм ээ гэж хариулах байсан. Чухам тиймээс л би жагсаалт хийсэн хэрэг шүү дээ. Би үнэхээр түүнд хайртай байсан, иймээс би аз жаргалтай байхыг юу юунаас илүү хүсдэг байлаа. Тэр жагсаалтанд би түүнд хайртай байсан уу үгүй юү гэдэг нь гол биш харин би түүнийг яаж аз жаргалтай болгох вэ? гэдэг дээр илүү анхаарсан юм.
Та хоёр хамт байж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг байсан уу? Би дахиад л тийм гэж хариулах байсан. Чухам тиймээс л би жагсаалт гаргасан хэрэг шүү дээ. Надтай хамт байснаар тэр аз жаргалтай болох байх гэсэн найдвараа бодит болгон харахад энэ жагсаалт надад тусласан юм.
Ээж тантай суух тэр хүн мөн байсан гэдэгт та итгэж байсан уу? Энэ бол хамгийн ээдрээтэй асуулт байх байлаа. Би энэ асуултанд мөн л тийм ээ гэж хариулах байсан. Ээж чинь “миний гэрлэж болох хамгийн тохиромжтой хүн” байсан гэдэгт би итгэдэг байсан ч, итгэл минь миний үйлдлээр ажил хэрэг болохыг би хүсдэг байсан юм.
Номлолын ерөнхийлөгч маань надад итгэлийн тухай бас хүсэл эрмэлзэл, итгэл найдвараас улбаатай түүний үр дагавруудын тухай олон зүйл заадаг байлаа. Тэр үед эдгээр сургаалууд мөнхийн ханиа судлахад надад хэрхэн нөлөөлөхийг би бүрэн ойлгоогүй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам би уг асуудлыг илүү сайн ойлгодог болсон гэж боддог. Надад үзүүлсэн нөлөөнийх нь төлөө би Ерөнхийлөгч Ф.Рей Хокинст маш их баярлаж явдаг. Намайг 20 настай номлогч байхад манай номлолын залуу ерөнхийлөгч судар нээж, итгэлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тайлбарласан нь амьдралынхаа талаар чухал шийдвэр гаргахад хожим нь надад нөлөөлсөн юм.
Итгэлийн талаарх Алмагийн сургаалууд
Итгэлийн тухай Ерөнхийлөгч Хокинсийн хуваалцсан зүйлсийн дотор зорамчуудын дундах ядууст заасан Алмагийн сургаалууд байсан юм. Алма хүсэл хэмээн өөрийн дүрсэлсэн итгэлийн өчүүхэн хэсэгтэй байх хэрэгтэйг тогтоосон юм (Aлма 32:27-г үзнэ үү). Ямар нэг зүйлийг бий болгох хүсэл бол итгэлээ нэмэгдүүлэхэд шаардлагатай алхам хийхэд бидэнд хүчтэй нөлөө үзүүлдэг.
Итгэлийн хоёр дахь тунхаг бол хүслээс юу ирдэг тухай Алмагийн заасан зүйл: итгэл юм. Тэрээр зорамчууд түүний үгсийг зүрх сэтгэлдээ байрлуулж, хүслээ итгэл болгон хувиргахын төлөө ажиллахыг тэдэнд зааварлажээ (27-р шүлэг-г үзнэ үү). Хүсэл итгэл хоёрын энэхүү нэгдэл бидний зүрх сэтгэлд томорсон үед бид түүнийг нэн чухал болохыг ойлгодог. Энэ нь бидний ухаан санааг тэлж, ойлголтыг гэгээрүүлж эхэлдэг юм. Энэ нь нэн хүсүүштэй болж эхэлдэг. (28-р шүлэг -г үзнэ үү.)
Найдвар бол итгэлийн өөр нэг чухал хэсэг юм. Итгэл бол юмсын тухай төгс мэдлэг биш гэдгийг Алма даруухан зорамчуудад заасан ажээ. Энэ бол “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд итгэх итгэл” (Aлма 32:21; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) юм. Найдвар бол итгэлийн чухал хэсэг гэдгийг Мормон бас заасан бөгөөд тэрээр, “Та нар найдваргүйгээр яахан итгэлийг олж чадах билээ?” хэмээн Моронайд хэлсэн юм. (Моронай 7:40). Найдварыг ирээдүйд ямар нэг зүйлийг улам сайн болохыг харах чадвар гэж дүрсэлж болно.1 Mиний жагсаалт бол “[найдварт] агуу аз жаргал, амар амгалан байдаг” (Aбрахам 1:2) хэмээн тодорхойлсон Абрахамын нэгэн адил, амьдралын ханиа сонгохын төлөө итгэлийн мэлмийгээр ирээдүйг угтан харах арга зам байсан юм.
Итгэлийн өчүүхэн хэсэг болох хүсэл надад байсан учраас, итгэлээ төгөлдөржүүлэхийн тулд надад итгэл, найдвар хэрэгтэй байлаа. Мөн Розалийг надтай гэрлээч гэж гуйснаар итгэлээ үйлдэл болгох нь надад хэрэгтэй байв. Тэр жагсаалт бол миний хүсэл, итгэл, найдварын илрэл байсан бөгөөд итгэлээ төгөлдөржүүлэхийн тулд шаардлагатай үйлдлийг хийх зоригийг надад өгснөөрөө чухал байсан юм. Итгэл хэрэв үйлсгүй бол үхмэл юм гэж Иаков сургасан билээ (Иаков 2:17-г үзнэ үү). Хүсэл, итгэл, найдвар гэсэн эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд намайг том асуулт руу хөтлөөгүй бол би гэрлэлтэндээ агуу аз жаргал, амар амгаланг олоход эдгээр зүйлс надад хэмжээлшгүй ихээр тусалсан юм. (Харамсалтай нь, намайг Розалитай гэрлэх саналаа анх тавихад тэр татгалзсан хариу өгсөн ч, энэ бол түүх болж өнгөрсөн юм. Үйл явдал бидний төлөвлөснөөр эсвэл бидний товлосон цагт болоогүй үед ч, итгэл бидний амьдралд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байдаг.) Розалигийн татгалзсан хариу бид хоёрт хоёуланд тэвчээртэй байж сайн бодох хугацааг олгосон бөгөөд бид хоёр хожим нь 1982 оны арванхоёрдугаар сарын цастай нэг өдөр хуримласан билээ.
Итгэл бидний хийдэг бүх зүйлд түүний дотор болзох болон ирээдүйн ханиа сонгон судлахад нэн чухал юм. Хүсэл, итгэл, найдвар нь чухамдаа бидний хүсэн хүлээх ёстой агуу аз жаргал, амар амгалан бөгөөд гэрлэлт рүү хөтлөх харилцааг хөгжүүлэхийн тулд үйлдэл хийхийг биднээс шаарддаг билээ. Та аз жаргалын төлөвлөгөөг дагахыг хүсдэг үү? Төлөвлөгөөг дагах нь илүү аз жаргал, амар амгалан руу хөтөлдөг гэдэгт та итгэдэг үү? (Төлөвлөгөөг дагаж, ариун сүмд гэрлэх нь илүү агуу аз жаргал, амар амгалан руу хөтөлдөг гэсэн миний үгэнд итгэгтүн.) Та аз жаргалтай гэрлэлтэд найддаг уу? Найдвар ирээдүйд өөрийн чинь байдлыг улам сайжруулна гэдэгт итгэдэг үү? Хэрэв та эдгээр асуултуудад тийм гэж хариулбал итгэлээ үйлдлээр гүйцээх шаардлагатай байгаа гэсэн үг. Хэн нэгнийг болзоонд урь! Болзох саналыг хүлээн ав! Өөртэйгөө адил санаа бодолтой залуу насанд хүрэгчидтэй уулзан танилцах боломжийг өөртөө олго. Эцэст нь, илүү агуу аз жаргал, амар амгалан руу хөтлөх замыг сонгон дага.
Иосеф Смитийн итгэлийн үлгэр жишээ
Иосеф Смитийн итгэлийг хүсэл, итгэл, найдварын нэгдлийн үлгэр жишээ болгон дагацгаая.
Иосеф Есүс Христийн үнэн Сүмийг олохыг хүссэн билээ. Түүний хүсэл маш их хүчтэй байсан учраас “Та нарын хэн нэгэнд нь мэргэн ухаан дутвал Бурханаас гуйг” (Иaков 1:5) гэсэн судрууд руу түүнийг хөтөлсөн юм. Тэрбээр энэ судрыг тунгаан бодсон юм. Тэрээр мэргэн ухаантай байхыг хүсч, хэрэв Бурханаас гуйвал үүнийг хүлээн авах болно гэдэгт итгэж байлаа. Тэрээр учир шалтгааны уялдаа холбоотой зүйлийг хийж, Бурханд хандан залбирч, гуйсан юм. Энэ тухай хормын төдийд бодоод үз. Иосеф үнэнийг мэдэх хүсэлтэй байлаа. Тэр Иаковын үгсэд итгэсэн юм. Тэр хариу авна гэдэгт найдаж байв. Хэрэв Иосеф тэр үед итгэлээ ашиглаагүй бол бид өнөөдөр энд байхгүй байсан. Тэр итгэлээ ашигласан учраас ойн цоорхойд очиж, залбирсан юм. Иосеф ойн цоорхой руу очиж залбирахаар явахдаа хариу авна хэмээн хүсэн хүлээж байсан гэдэгт би итгэдэг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирнэ гэдгийг тэр хүсэн хүлээгээгүй байж болох ч хариу хүлээн авна гэдэгт итгэлтэй байсан юм. Итгэлийн ямар агуу үлгэр жишээ вэ! Тэрбээр хүсч, итгэж, найдан тэгээд үйлдсэн юм.
14 настай хөвгүүний итгэл дэлхийг өөрчилсөн. Ариун ойн цоорхой дахь Иосефын залбирлын ачаар тэнгэр нээгдэж, Бурхан бошиглогчоор дамжуулан хүүхдүүдтэйгээ дахин ярьж эхэлсэн билээ.
Итгэлээ харуулах та нарын олон боломжийн нэг
Их Эзэн өнөө үед Бошиглогчоороо дамжуулан ярьсаар байна. Жил хагасын өмнө Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн хэлжээ:
“Гэрлэлтийн тухай ул суурьтай бодож, үүрд мөнхийг хамтдаа туулах ханиа эрж олох цаг та нарт ирээд байна. Хэрэв та нар ухаалгаар сонгож, гал голомтоо бадраахад амжилт олно гэдэгт шийдвэр төгс байх юм бол гэрлэлтээс өөр энэ дэлхийд та нарт агуу аз жаргалыг юу ч авчирч чадахгүй.
“Гэрлэхдээ, … зөвхөн Их Эзэний өргөөнд гэрлэх хүсэлтэй бай. Санваартнуудын хувьд өөр сонголт байх ёсгүй. Гэрлэх боломжоо алдахгүйн тулд анхааралтай сэргэг бай. Ирээдүйн хань болох хүнтэйгээ зохистой харилцаа тогтоож цагийг хамтдаа сайхан өнгөрүүлэхийн сацуу ойр дотно үерхэн нөхөрлөх хэрэгтэй.2
Та хүсэл, итгэл, найдвараа над шиг жагсаалтаар харуулах шаардлагагүй байж болно. Гэвч та нар эдгээр чанарыг харуулбал эдгээр нь түүнтэй хамт агуу аз жаргалыг олох амьдралын ханиа эрж олоход Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар итгэлээ гүйцэлдүүлэхэд тань туслах болно. Таны хүсэл, итгэл, найдвар нь ухаалаг сонголт хийхэд тань бас туслах болно.
Мөнхийн гэрлэлтийн зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө хичээн чармайхаас ирэх адислалууд нь “хамгийн эрхэм, … амтат бүхнээс дээд амтат, … цэвэр бүхнээс илүү цэвэр” хэмээн Алмагийн дүрсэлсэн сайн мэдээний үр жимсийг амтлахад та нарыг удирдах болно.” Тэрээр цааш нь хэлэхдээ, “Та нар бүр цадталаа, та нар өлсөхгүй бас цангахгүй болтлоо [эдгээр жимсэн] дээр найрлах болно” (Aлма 32:42) гэжээ. Ирээдүйгээс айхын оронд итгэлээ ашигла. Тэгвэл энэ нь Их Эзэний амлалтуудыг олж авах боломжийг та нарт нээж өгөх болно.