2013
Залуу эмэгтэйчүүд ба номлолд явах шийдвэр
2013 оны нэгдүгээр сар


Залуу эмэгтэйчүүд ба номлолд явах шийдвэр

Насанд хүрсэн залуу эмэгтэйчүүд нь бүрэн цагийн номлолын үйлчлэлийн талаар өгөгдсөн бошиглогчийн зөвлөгөөг хэрэгжүүлсэн нь

2012 оны 10-р сарын ерөнхий чуулганаар Ерөнхийлөгч Томас С.Монсон “Зохистой залуу эмэгтэйчүүд хэрэв хүсвэл 21 биш харин 19 наснаасаа номлолд үйлчлэх боломжтой” хэмээн зарласан. Тэрээр хэлэхдээ: “залуу эмэгтэйчүүд залуу эрэгтэйчүүдийн адил номлолд заавал үйлчлэх албагүй ч тэдний оруулдаг хувь нэмэр агуу бөгөөд тэднийг номлолд үйлчлэхийг дэмжин хүлээн авдаг”1 гэсэн юм.

Эгч нар номлолд үйлчлэх эсэхээ хэрхэн шийддэг вэ? Доор өгүүлсэн түүхүүдэд эгч нар аль нь тэдний хувьд зөв болохыг Сүнсээр удирдуулан хэрхэн шийдсэн тухай өгүүлдэг.

Дутагдаж байсан зүйл

Хүүхэд байхад минь том болоод номлолд үйлчлэх үү гэж хэн нэг нь асуусан бол би үгүй гэж хариулах байсан. Харин том болж, бас ах эгч нараа номлолд үйлчлэхийг хараад энэ тухай бодол маань бага зэрэг нааштай болж байсан ч номлолд явах нь миний хийх зүйл биш юм шиг санагдсан хэвээр байв.

Би 21 нас хүрээд номлолд явах эсэх тухай боддог болсон ч энэ талаар хэзээ ч нухацтайгаар залбирч байсангүй. Цаг хугацаа өнгөрөх тусам надад ямар нэг зүйл дутагдаад байх шиг санагдах болов. Би ээждээ энэ тухай хэлтэл ээж маань намайг номлолын талаар бодож үзэхийг санал болгов. Миний насан дээр түүнд бас тиймэрхүү мэдрэмжүүд төрсөн бөгөөд номлолд үйлчлэх нь түүний хариулт байсан чиний хариулт ч мөн адил байж болно гэж ээж маань хэлэв.

Номлолын тухай залбирахаасаа би үнэхээр их айж байв. Номлолын талаар нухацтайгаар боддоггүй байсан нэг шалтгаан нь би өөрийгөө үүнийг хийх хангалттай хүчтэй биш гэж боддог байсных юм. Би тав тухтай амьдралаа орхиж, магадгүй бүр шинэ хэл сурах хэрэгтэй болно. Би өөрийгөө сайн мэдээний тухай заах хангалттай мэдлэггүй хэмээн бодож байв. Гэвч би зорилготойгоор залбирсны дараа айдас маань алга болж, Их Эзэн надад хайртай бас намайг номлолд үйлчлэхийг хүсч байгаа гэсэн баттай хариултыг хүлээн авсан юм.

Хариултаа хүлээн авсны дараа өөртөө итгэх итгэлтэй болсондоо би маш их гайхсан. Сэтгэлийн зовнил болон өөртөө итгэлгүй байдал маань алга болсон. Харин ч сайн мэдээг заана гэхээр сэтгэл маань догдолж би номлолын хуудсуудыг бөглөж эхэлсэн. Ингээд удалгүй би Юта мужийн Солт Лейк хотын Ариун Сүмийн талбайн номлолд дуудагдсан юм.

Ребека Кейлер Монсон

Ребека Кейлер Монсон

17 нас хүрмэгц хүмүүс намайг номлолд үйлчлэх үү хэмээн асууж эхэлсэн ч сайн шийдээгүй байсан тул би тэдэнд хариулдаггүй байв.

Гэвч 21 нас хүрэх үеэрээ би энэ тухай их бодож эхэлсэн. Би патриархын адислалаа уншиж, эцэг эхтэйгээ зөвлөж мөн залбирсан.

Надад номлолд үйлчлэх хүсэл төрөхгүй бас номлолд үйлчлэх хэрэгтэй гэж санагдахгүй байв. Би Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн “эгч нар номлолд үйлчилж болох ч заавал үйлчлэх албагүй”2 хэмээх зөвлөгөөг санасан. Би мөн Сургаал ба Гэрээн дэх “Хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (4:3) гэсэн зөвлөгөөг санасан.

Судрын тэр үгс намайг номлолд явахгүй гэсэн шийдвэрээ гаргахад тусалсан. Их Эзэнд залбиран өөрийн гаргасан шийдвэрээ хэлэх үедээ би амар амгалан ба бүрэн цагийн үйлчлэлээр бус ч би үргэлж номлогч байж чадна гэсэн баталгааг хүлээн авсан юм. Үүнээс хойш би гэрчлэлээ олон арга замаар хуваалцаж болно гэдгийг сурсан. Бид гэрчлэлээ Их Эзэний өгөөмөр сэтгэлийн тухай яриагаар, айлчлагч багшаа хийхдээ эсвэл гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажлаар дамжуулан хуваалцаж болдог. Би сайн мэдээний дагуу, Сүнсний удирдамжийг дагахыг хичээн амьдарч өөрийгөө номлолын ажилд бэлтгэж байгаа.

Эми Саймон

Зоригтой бай

2010 оны эхээр надад зарим нэг бэрхшээл тулгарсан байлаа. Би толгойгоо сэргээхээр салхинд гарч алхав. Алхаж байх зуураа би өнгөрсөн зүйлст санаа зоволгүй харин ирээдүйнхээ тухай бодох хэрэгтэй хэмээн шивнэх Сүнсийг мэдэрсэн юм. Сургуулиа төгсөх зорилгынхоо тухай бодож эхэлтэл номлолын тухай бодол сүнслэгээр өдөөгдөн толгойд орж ирэв. Урьд нь би хэзээ ч номлолын тухай бодож байсангүй. Гэвч энэ бодол маань толгойноос гарсангүй бүр сэтгэл маань догдолж, үйлчлэх хүсэл төрөв. Гэсэн хэдий ч ийм том шийдвэр гарахын тулд илүү сайн бодох хугацаа хэрэгтэй хэмээн би шийдлээ.

Дараагийн хэдэн сар нь номлолд үйлчлэх сүнслэг өдөөлтүүдээр дүүрэн байлаа. Сүнслэг өдөөлтийг мэдрэхэд номлолд үйлчлэх хүсэл төрж, сэтгэл маань догдолж байсан ч эргэлзээ бас айдас төрдөг байв. Эмэгтэйчүүдийг номлолд үйлчлэхийг дэмждэг ч заавал үйлчлэх шаардлагагүй гэдгийг би мэдэж байсан. Энэ үеэр би намайг юу ч сонгосон Их Эзэн баяртай байх болно гэсэн санваарын адислал хүлээн авсан.

Дараагийн зун нь би номлолд үйлчилсэн охинтой нэг байранд амьдарсан юм. Тэр номлолд үйлчлэхээр шийдэхийнхээ өмнө бас шийдсэн хойноо ч айж байсан гэж надад хэлсэн. Тэр надад Сүнс айдас ба эргэлзээгээр дамжуулан ярьдаггүй гэдгийг ойлгоход тусалсан юм 2 Tимот 1:7). Түүнтэй ярилцаж байхдаа би Сүнсийг мэдэрсэн. Би өрөөндөө ороод номлолд үйлчилж байгаа нэг найзаасаа ирсэн захиаг уншлаа. Захианд намайг Иошуа 1:9-г уншихыг хүссэн байсан бөгөөд Сүнс намайг уншихыг хүсч байгааг би мэдэрсэн.

“Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун” гэсэн эдгээр үгс зүрх сэтгэлд маань шууд хүрсэн. Надад яг л Их Эзэнтэй нүүр тулан ярьж байгаа мэт санагдсан билээ. Номлолд үйлчилж чадна гэдгээ би мэдсэн. Надад айх хэрэг байхгүй учир нь үүнийг би ганцаараа хийхгүй Их Эзэн надтай хамт байх болно.

Энэ явдлаас хойш нэг сарын дараа би Иошуа 1:9 -г уриагаа болгосон Филиппины Айлоло Номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авсан.

Кристен Николь Даннер

Өөр номлол

Би насан туршдаа бүрэн цагийн номлолд үйлчлэхээр төлөвлөж байлаа. Харин АНУ-ын Юта мужийн Бригам Янгийн Их Сургуульд орсныхоо дараа би санаа зовж эхэлсэн. Би үнэхээр номлолд үйлчлэх хэрэгтэй эсэхээ яаж мэдэх вэ? 21 нас хүрэхээсээ жилийн өмнөөс би Тэнгэрлэг Эцэгээс номлолд үйлчлэх хэрэгтэй эсэхээ асуун гуйж эхэлсэн. Гэтэл шашны хичээл заадаг нэг профессорын хэлсэн “Их Эзэн зогсоол дээр тавьсан машиныг жолоодож чадахгүй” гэсэн үгс миний амьдралыг өөрчилсөн юм. Би ямар нэг үйлдэл хийхээр шийдсэн.

Би номлолынхоо хуудсыг бөглөөд дуудлагаа хүлээн авч, номлолд өмсөх хувцсаа худалдан аваад Ютагаас Хойд Каролина дахь гэр рүүгээ явлаа. Энэ үед би чин сэтгэлээсээ залбиран, мацаг барьж номлолдоо бэлтгэдэг байв.

Хойд Каролина дахь гэртээ ирсний дараа сургууль дээр танилцсан нэг залуу надтай уулзахаар Ютагаас онгоцоор нисч ирэв. Бид өөрсдийнхөө харилцааны талаар нухацтайгаар ярилцсан.

Би дахиад л чин сэтгэлээсээ залбирахад Их Эзэн миний гаргах шийдвэрт итгэж байгаа гэсэн мэдрэмж надад дахин төрсөн юм. Би үүрэг хариуцлагаа ухамсарлаж байсан ч итгэлтэйгээр сонголтоо хийвэл Их Эзэн миний гаргасан ямар ч шийдвэрийг дэмжинэ гэдэг баталгааг мэдэрсэн.

Номлолд явахаас арван хоногийн өмнө найз маань надад гэрлэх санал тавьсан. Би сайн бодохын тулд номлолоо хойшлуулсан юм. Тэгээд би сүй тавих шийдвэр гаргахад энэ нь зөв гэдгийг Сүнс надад болон сүйт залууд маань баталсан билээ.

Хэдийгээр би бүрэн цагийн номлолд үйлчлээгүй ч үүнд бэлтгэх нь миний амьдралыг өөрчилсөн. Их Эзэнтэй ойр байсан нь надад эхнэр ба эх хүн байх номлолдоо бэлтгэхэд маань тусалсан юм.

Кэси Рэндалл

Амьдралын туршлагууд

Би хүүхэд байхаасаа л сайн мэдээг хайрлах хайр ба хүчтэй гэрчлэлээр адислагдсан байв. Би номлолд үйлчлэх хэрэгтэй гэж шийдсэн тэр үеэ яг тодорхой санадаггүй ч номлолд явах болно гэдгээ үргэлж мэддэг байлаа. Би номлолд үйлчлэхэд тэнцэхүйц зохистойгоор амьдарна хэмээн аль эртнээс зорилго тавьсан байв.

Номлолын хуудсаа бөглөж байхдаа би мацаг барьж, залбирч мөн ариун сүмд ордог байлаа. Бишоптойгоо хамтран ажиллаж байхдаа би номлолд үйлчлэх талаар урьд нь үргэлж мэдэрдэг байсан тайван мэдрэмжийг хүлээн авсан.

Номлолын хуудсаа бөглөх явцад заримдаа хэцүү, амьдрахад их мөнгө шаардлагатай тул сургуульд явж, ажил хийх хэрэгтэй мэт санагдаж байв. Тэр үед би гэрээсээ хол коллежид сурч байв. Бүх найзууд маань гэрлэж байгаа мэт санагдсан. Мөн намайг номлолд явсан хойгуур хайрладаг хүмүүс маань өөрчлөгдөх болно гэж бодохоор надад аймшигтай санагдаж байв.

Надад номлолд үйлчлэх шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчтэй сүнслэг тохиолдол байгаагүй тул хэцүү санагдсан үед би амархан эргэлзэж эхлэв. Гэвч Чили Сантъяго Зүүн Номлолд дуудлагаа авсны дараа, номлолоо эхлэхээсээ өмнө үйлчлэх тэдгээр хүмүүсээ хайрлах хайраар Их Эзэн намайг адисалсан юм. Одоо би номлолд үйлчлэхээр шийдсэн маань зөв байсан гэдэг насан туршийн гэрчлэлтэй болсон.

Maделин Бэйли

Эшлэлүүд

  1. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Чуулгандаа тавтай морилно уу” Лиахона, 2012 оны 11-р сар, 4–5.

  2. Гордон Б.Хинкли “To the Bishops of the Church,” Дэлхий дахины удирдагчдын сургалт 2004 оны 6-р сар, 27.

Зүүн талд: гэрэл зургийг Роберт Кэси; баруун талд: гэрэл зургийг Эмили Лейсман Беис © IRI

Дээд талд: гэрэл зургийг Дерек Исраелен; баруун талд: гэрэл зургийг Жеррил Гарнс