2013
Мормоны Номоос хуваалц
2013 оны нэгдүгээр сар


МОРМОНЫ НОМНООС ХУВААЛЦ

Ахлагч Хуан А.Юседа

Мормоны Номыг уншиж байхдаа мэдэрсэн гурван зүйлийн улмаас би энэ номыг үнэн гэдгийг мэдсэн билээ.

Би 18-тай байхдаа төрж өссөн Перугийн Лимад амьдарч байлаа. Тэр үед манай аав удаан хугацаанд уулзаагүй нэг сайн найзтайгаа гэнэт уулзсан юм.

Найз нь наснаасаа залуу харагдаж, сайхан хувцасласан нь аавд гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Аав найзад нь яагаад ийм өөрчлөлт гарсныг сонирхон, “Чи хонжворт сугалаа хожоо юу?” гэж асуув. Найз нь “Сугалаа хожихоос илүү зүйл тохиолдсон. Би одоо Мормоны сүмийн гишүүн болсон. Тэгээд сайн мэдээг өөртэй чинь бас гэр бүлтэй чинь хуваалцахыг хүсч байна” гэж тэр хариулжээ.

Аав найзыгаа тоглож байна гэж бодоод “За тийм байж. Хэрэв чи номлогчдоо явуулахыг хүсч байгаа бол, тэг л дээ” гэв. Найз нь үүнийг үнэнээсээ ярьж байсан болохоор хоёр гурав хоногийн дараа номлогчид ирж, манай хаалгыг тогшив. Энэ явдал гайхамшигтай туршлагын эхлэл болсон юм.

Номлогчид бидэнд Мормоны Номын тухай зааж, нэг номыг унш гэж өгөв. Энэ явдал зун болсон бөгөөд би их сургуулийн нэгдүгээр курсийг төгсөөд амралтаараа хоёр сар гэртээ байсан юм. Тиймээс би тэр номыг үдээс хойш ярилцлага дууссаны дараа уншиж эхэллээ.

Тэгээд би тэр номыг нэг ч хуудас алгасалгүй, зогсолтгүй уншлаа. Ном үнэхээр гайхамшигтай байлаа. Би ном унших дуртай хүн, тиймээс олон ном уншсан. Гэвч энэ ном огт өөр байлаа. Би энэ номыг тавилгүй хэдэн цаг уншсаны дараа ээж “Хуан, гэрлээ унтраагаач! Дүү нар чинь унтаг л дээ!” гэж билээ. Тэгэхэд нь би, “За ганцхан минут, ердөө ганцхан минут уншаадахъя л даа” гэсээр цааш нь уншсаар байв. Бүр олон цаг уншсаны дараа би өлссөнгүй, цангасангүй, нойр ч хүрсэнгүй.

young man reading in bed

Тэгээд номыг уншиж дуусахаасаа өмнө үүнд ямар нэг онцгой зүйл байгааг мэдрэв. Би Мормоны Номыг анх удаа уншихдаа мэдэрсэн гурван зүйлийн талаар гэрчлэлтэй болж билээ.

Нэг дэх зүйл бол надад өмнө нь тохиолдсон ямар ч зүйлтэй зүйрлэх аргагүй амар амгаланг уг номыг унших үеэр би мэдэрсэн явдал мөн. Энэхүү амар амгалангийн мэдрэмж надад хэдэн цагийн турш байсан юм.

Миний мэдэрсэн хоёр дахь зүйл бол уг номыг унших үеэр би баяр баясгаланг мэдэрч байсан явдал юм. Би өмнө нь найз нартайгаа хамт байхад эсвээс үнэхээр дуртай ямар нэг зүйлээ худалдаж авахад би ингэтлээ баярлаж байсангүй. Эдгээр нь аз жаргалын мэдрэмж байсангүй, харин баяр баясгалангийн мэдрэмж байлаа. Үүнийг уншиж байхдаа би уйлж эхэлсэн ба энэ ном үнэхээр гайхалтай ном гэдгийг ухаарсан.

Миний мэдэрсэн гурав дахь зүйл бол гэгээрэл байв. Энэ номыг анх уншихад Нифай, Цагаатгал гэхчлэнгийн огт мэдэхгүй олон үг хэллэгийн улмаас ойлгоход их хэцүү байлаа. Гэвч хэдэн цаг уншсаны дараа миний оюун ухаан нээгдэж, сэтгэл зүрхэнд гэрэл асах шиг болж, номыг цааш нь унших тусам улам сайн ойлгож эхэллээ.

Дээрх гурван туршлага бол Сүнс бидэнд ирдэг арга замуудын зарим нь юм гэдгийг би хожим нь ухаарсан. Би Сүнсийг хүлээн авсан болохоор баптисм хүртэхэд бэлэн байсан ч гэр бүлийнхээ бусад гишүүдийг гэрчлэлтэй болтол нь хүлээх хэрэгтэй байлаа. 1972 оны дөрөвдүгээр сарын 6-нд би ээж, эгч нарынхаа хамт баптисм хүртлээ. Манай аав, хоёр дүүгийн маань хамт бидний баптисм дээр байсан бөгөөд хэдэн сарын дараа тэд бас баптисм хүртэв.

Сүм болон сайн мэдээ миний амьдралд зөв цагт ирсэн юм. Би их сургуульд сурсныхаа анхны жил хүмүүний олон философи болон амьдрах арга замуудын тухай үзэл баримтлалтай танилцсан бөгөөд эдгээр нь өмнө нь миний мэддэгээс өөр байв. Хүүхэд ахуй үедээ бусад сүмүүдээс сурч мэдсэн зүйлсийг маань шинэ үзэл баримтлал эргэлзээтэй болголоо.

Үүний учрыг олоход надад хэцүү байлаа. Бусад хүмүүсийн хувьд ердийн зүйл мэт санагддаг олон зүйл зөв биш байсныг би ухаарч эхэлсэн. Гэвч шинээр ухаарч ойлгосон зүйлсээ хамгаалахад миний мэдлэг хангалтгүй байв.

Баптисм хүртсэний дараа их сургуульдаа буцаж ороход маш өөр санагдлаа. Бусдад эрхэмлэн ярих ямар нэг зүйл эдүгээ надад байлаа. “Үгүй ээ, баярлалаа. Би үүнийг хийхгүй ээ” хэмээн би эдүгээ итгэлтэйгээр хэлж чадна. Мөн яагаад ингэж хэлэх ёстойгоо би мэдэж байлаа. Сүм, Мормоны Ном хоёр миний амьдралд зөв цагт ирсэн юм. Энэ хоёр зүйл миний амьдралыг өөрчилсөн учир би үнэхээр баяртай байдаг.

Би Сүмд элсэх шийдвэр гаргасныхаа төлөө адислагдсан юм. Сүмд би хамгийн сайн найз нараа олсон. Би өмнө нь их ичимхий байсан бөгөөд ганцаараа байж, ном уншиж, судлан, ганцаараа байх дуртай байлаа. Харин Сүмийн ачаар би жинхэнэ найз гэж юу болохыг мэдсэн. Би Сүмд нэгэн гайхалтай залуу эмэгтэйтэй танилцаж, гэрлэсэн. Надад анхаарал халамж тавьдаг санваартны удирдагчид, бусад хүмүүс Сүмд бий. Би Их Эзэний Сүмээс хэрэгтэй зүйлээ олсон.

Олон хүмүүс өөрт хэрэгтэй зүйлсээ сүмээс олж чадна. Найз нартаа “Би үүнд итгэдэг. Үүнийг би чамтай хуваалцахыг хүсч байна” гэж хэлэхээс бүү ай. Зарим үед насанд хүрэгчид юу зөв, юу буруу болох тухай ярилцдаг. Үе тэнгийн найз нар чинь бас энэ тухай ярьдаг бол чи тэднийг дага. Найз нарын чинь дуу хоолой өөрт чинь насанд хүрэгчдийнхээс илүү хүчтэй нөлөөлж болно. Хуан Юседа шиг хэн нэгэн чамайг хүлээж байгаа чи бусдад сайн үлгэр дууриал үзүүл. Хэрэв чи амаа нээж, “Хуан, би чамайг манай сүмд очихыг урьж байна. Чамайг энэ номыг уншаасай гэж би хүсч байна” гэж хэлэхгүй бол чи хэзээ ч мэдэхгүй. Хэрэв чи энэхүү энгийн зүйлийг хийвэл амьдралаа өөрчилж чадна.

Ахлагч Юседа (баруун талаас хоёр дахь нь) Перугийн Лимад Сүмд элссэнийхээ дараахан гэр бүлийнхээ хамт

Ахлагч Юседа Перуд бүрэн цагийн номлолд үйлчлэх үеэрээ Мормоны Номын тухай гэрчлэлээ олон удаа хуваалцжээ. Зүүн талд, дээрээс: Ахлагч Юседа (баруун талд) өөрийн заасан, хөрвөгч гэр бүлийн хамт. Зүүн доод талд: Ахлагч Юседа (ар талын эгнээнд баруун талаас) сүмийн барилгын гадна талд бусад номлогчидтой хамт.

Гэр бүлийн гэрэл зургуудыг Ахлагч Юседагийн зөвшөөрлөөр нийтлэв; зураг чимэглэлийг Брайян Кол