2013
Хивсний түүх
Морь 2013


Хивсний түүх

Хивсэнд хэчнээн түүх шингэснийг хэн мэдэх билээ?

“Хүүхдүүд бид хайртай өвөг дээдсээ эрж олон, тэднийг мөнхжүүлж чадна” (“Truth from Elijah,” Children’s Songbook, 90–91).

Кати гудамжны адаг дахь том царс модыг чиглэн явган хүний замаар явж байлаа. Тэр энэ хөгшин царс модоор баримжаалан Нана эмээгийн гэрийг маш амархан олдог ажээ.

Нана эмээ ердийнхөөрөө зочны өрөөнд тод өнгийн утаснуудаар сүлжээс хийн чимээгүй сууж байлаа. Нанагийн гэрийн гялалзсан модон шалыг Нана эмээгийн өөрийнх нь нэхсэн гоёмсог хивснүүд чимжээ.

Кати тэднийд орж ирээд “Сайн уу, эмээ?” гэж мэндэллээ. Тэр хоёр удалгүй “дээр үеийн” хэмээн Нана эмээгийн нэрлэсэн юмсын тухай ярьж гарна. Тэд бас хар цагаан баахан гэрэл зураг үзэж сонирхоно. Ялангуяа Кати өөрийг нь бага байсан үеийн хүмүүсийн хувцас, үс засалтын маягийг ихэд сонирхон үзнэ.

“Юм бүхэн их өөр байж дээ. Бид машин, телевизор, гар утасгүй байсан юм шүү дээ” хэмээн Нана эмээ санаа алдан хэллээ.

Дуртай газраараа хаагуур ч хамаагүй явж болдог байсныг Кати бүр төсөөлж ч чадахгүй байлаа. “Эмээ, та нар цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд юу хийдэг байсан бэ?” гэж Кати асуулаа.

“Бид хамтдаа дуулдаг байсан. Бид орой болохоор төгөлдөр хуур тойрч суугаад дуртай дуунуудаа дуулдаг байлаа. Заримдаа бүр хоолойгоо сөөтөл дуулдаг байсан гээч! Тийм л хөгжилтэй цаг байсан юм даа.”

Нана эмээ өнгөрсөн үеийг эргүүлэн авчирч, дахин харах гэсэн шиг цонхоор гадагш ширтлээ.

Кати Нана эмээгийн өвөр дээрх дэлгээстэй хивсэнд тулж суугаад Нана эмээ хивсийг гараараа хэрхэн нэхэхийг анхааралтай ажиглаж байлаа.

“Чамайг өөрийнхөө гараар нэхсэн хивстэй болохыг хэчнээн их хүсдэг бол оо гэж би дандаа боддог шүү” гэж Нана эмээ үгээ цувруулан удаан гэгч нь хэлэв.

Кати үсрэн босч, алгаа ташиж гарлаа.

“Хэлээд яахав, Нана эмээ! Хоёулаа өнөөдөр эхлэх үү?”

Нана эмээ хи хи гэж инээснээ, “Сайн байна. Гэвч чамд эхлээд хийх юм байна. Гэртээ хариад хуучин хувцаснууд байвал аваад ир. Түүнээс чинь бид утас гаргаж авна” гэлээ.

Тэр Кати руу бөхийж, нүд нь гялалзан, ямар нэгэн нууц зүйл ярьж байгаа юм шиг намуухан дуугаар ярина.

“Энэ чинь л хивсийг гоё болгож байгаа юм шүү дээ. Хуучин хувцсаар хийдэг учраас хивс чамд амьдралын чинь түүхийг ярьж өгнө. Нэхээс бүр нь өөрийн чинь тухай номны бүлэгтэй адил юм. Чи хуучин хувцасны утас бүрийг хараад тэр хувцсыг хаана өмсөж байснаа, түүнийг өмсөөд юу хийж байснаа санаж байх болно.”

Кати нүдээ том болгон Нана эмээгийн нэхэж байгаа хивс рүү заагаад

“Та энэ хивсэнд орсон бүх хувцсаа санадаг уу?” гэж асуув.

Нана эмээ инээмсэглээд, “Тийм ээ, тэгэлгүй яахав! Улаан утсаар нэхсэн энэ хэсгийг чамайг төрөх үед өмсөж байсан даашинзнаасаа авсан юм. Би төрөх газарт очоод чамайг ойроос сайн харах гэж хамраа цонхны шилэнд наан харж байснаа санаж байна. Чи тэгэхэд үрчийсэн жаахан улаан юм байж билээ” гэв.

Нана эмээг хивсний түүхээс цааш нь ярихад Кати, Нана эмээ хоёр чанга инээлдэж байлаа.Тэр орой Кати гэртээ ирмэгцээ хивс нэхэхэд ашиглаж болох хуучин хувцсуудыг ээжтэйгээ хамт ялгалаа.

Кати маргааш нь ялгасан хувцсуудаа Нана эмээгийн гэрт аваачлаа. Нана эмээ даавууг хэрхэн урт нарийхан хэсгүүд болгон хайчлаад дараа нь сүлжээс болгож, сүлжээсүүдээ нийлүүлэн хивс нэхэхийг үзүүлжээ.

Кати хичээлийнхээ дараа өдөр бүр Нана эмээгийн гэрт хивс нэхэхээр очдог байлаа.

Нэхэж байгаа хивс нь бага багаар томорсоор байв. Кати өдөр хоног өнгөрөх тусам Нана эмээгийн түүхүүдийг цээжээр мэддэг болов. Нэлээд хугацаа өнгөрсний дараа Кати Нана эмээд олон түүх ярьж өгдөг болжээ.

Кати нэг өдөр өмсөх дуртай байсан жийнснээсээ гаргаж авсан утсаар хивсэндээ цэнхэр өнгөтэй хэсгийг оруулаад, өнгө алагласан нэхээсийг гарынхаа алгаар илж үзлээ.

Нана эмээ түүний хивсийг харж байснаа дээш өндийж, “Хивс чинь дуусах дөхжээ!” гэв.

“Арай болоогүй” гэж Кати хэлээд инээмсэглэв. Тэр Нана эмээгээс хивс нэхэж сурахаа энэ удаад дуусгахыг огт бодоогүй ажээ.