Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй
Энэ өгүүллийн зохиогч Шинэ Зеландад амьдардаг.
Би 12 жил орчмын өмнө эхнэр, дөрвөн хөвгүүнийхээ хамт Бүгд Найрамдах Солонгос Улсаас Шинэ Зеландад цагаачилж ирсэн юм. Шинэ Зеланд дахь Солонгос сургуулийн орлогч захирлаар ажиллаж байхдаа шинэ соёл, ёс заншил, шинэ улс төр, шинэ дэг журамд дасан зохицох гэж зүдэрч байгаа олон солонгосчуудтай танилцлаа. Би тэдэнд туслахын сацуу Шинэ Зеландын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байлаа. Иймээс хуульч болох нь хоёр ард түмэн, хоёр орныг хооронд нь холбох гүүр болох нэг арга зам гэж үзээд энэхүү шийдвэрээ батлахын тулд залбирсны дараа 53 настайдаа хуулийн сургуульд орохоор шийдсэн.
Энэ нь амаргүй байх болно гэдгийг би мэдэж байлаа. Гэтэл би цуврал гарын авлагууд хүлээж аваад хуулийн мэргэжлээр суралцах нь миний бодож байснаас хавьгүй хэцүү болохыг мэдсэн. Хичээлийн гарын авлага бүр нь их зузаанаас гадна агуулгыг ойлгох нь миний хувьд ахадсан юм шиг санагдлаа. Би ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг англиас солонгос хэлэнд хөрвүүлэх ажилд бараг 10 жил тусалснаас гадна Шинэ Зеландад хэл шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан ч англи хэлний хууль зүйн нэр томьёонууд нь огт өөр юм шиг санагдаж билээ.
Би эхний өдөр сургуулиасаа гэртээ ирээд суралцахаа цаашид үргэлжлүүлэх үү эсвэл хичээл эхлэхээс өмнө болих уу гэдгийг нухацтай авч үзэх шаардлагатай болов. Тийнхүү яахаа тодорхой мэдэхгүй байсан үед хэрэв би Их Эзэнд бүрэн найдах юм бол амжилттай суралцаж чадна гэсэн бодол толгойд орж ирлээ.
Бурхан амьд бөгөөд бидний залбиралд хариулдгийг би мэдэх учраас Түүнээс тусламж гуйлаа. “Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэсэн Библи дэх нэг судрыг саналаа. Энэ судар надад маш их тусалсан бөгөөд урагш тэмүүлэх хүчийг надад өгсөн юм.
Суралцах явцад надад хүндрэл тохиолдсон үед Бурхан үргэлж замыг бэлтгэх буюу газар дээрх тэнгэр элчүүд болсон хүмүүсийг илгээж, бэрхшээл дундуур намайг удирддаг байлаа.
Нэг өдөр би даалгавраа хийх гэж зүдэрч байлаа. Чадах бүхнээ хийсэн ч лекц уншигч биднээр чухам юу хийлгэхийг хүссэнийг би ойлгосонгүй. Ням гараг болоход хичээлээ хойш тавьж бүх анхаарлаа Сүмийн ажил үүрэг дээрээ төвлөрүүллээ. Би гадасны дээд зөвлөхийн хуваарийн дагуу хариуцсан тойрогтоо ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхээр очлоо. Цуглааны дараа нэг ах над руу хүрч ирэн, намайг сургууль дээр хичээлийн танхимд харснаа хэллээ. Тэр бас хуулийн ангийн оюутан байсныг би мэдээгүй байжээ. Тэр надаас хичээлийн даалгавар ямар байна даа гэж асуухад би үнэхээр хүнд байна гэж үнэнээ хэллээ. Тэгэхэд тэр танайд очиж танд тусалж болох уу гэж асуув. Хэрэв би тэр тойрогт очоогүй бол түүнтэй уулзахгүй, бас даалгавраа хугацаанд нь өгч чадахгүй байх байсан. Тэр оюутан бол миний залбиралд хариулахаар Бурханы илгээсэн тэнгэр элч байлаа.
Миний хувьд хамгийн хүнд нэг хичээлээр лекц уншигч хоёр удаа бүтэн хоёр цагаар заасан. Надад зөвхөн хичээлийн агуулгыг ойлгох нь хэцүү байсан төдийгүй бас лекц уншигчийн аялгыг ойлгох нь бүр хэцүү байсан учраас би зөвшөөрөл авч түүний лекцүүдийг дараа нь анхааралтай судлахын тулд бичлэг хийж авсан юм. Нэг өдөр би танихгүй нэг эмэгтэйгээс э-мэйл хүлээж авлаа. Тэр өөрийгөө нэг ангийн оюутан гэдгээ танилцуулаад бичлэгээ хувилж хуваалцаж болох уу гэж хүссэн байлаа. Учир нь тэр ажлынхаа хуваарийн улмаас зарим үед хичээлд сууж чаддаггүй байжээ.
Мэдээж хэрэг, би түүнд бичлэгийнхээ нэг хувийг өгөхдөө баяртай байлаа. Би түүнд тусаллаа гэж бодсон чинь, харин тэр эмэгтэй бол надад туслах ажлыг зохион байгуулахаар Бурханы илгээсэн өөр нэг тэнгэр элч болохыг би ойлгосон юм. Тэр хичээлийг амжилттай хийхийн тулд бид хоёр даалгавруудаа хийж, гурван цагийн шалгалт өгөх хэрэгтэй байв. Тэр эмэгтэй надад даалгавруудыг хийж, шалгалтанд бэлтгэхэд тусалсан. Тэр надад туслаагүй байсан бол би шалгалтаа амжилттай өгч чадахгүй байх байсан.
Миний хувьд англи хэл төрөлх хэл биш бөгөөд миний нас ахимаг байсантай холбоотой бэрхшээлээс гадна өөр үүрэгт ажилтай байсан болохоор энэ бүхэн хичээл сурлагад маань хүндрэл учруулдаг байлаа. Миний ажил, нийгэмд хүлээх үүргүүд, Сүмийн дуудлагууд ихэнх цагийг маань авдаг байсан бөгөөд би бас нөхөр, эцэг, өвөг эцгийн маш чухал үүрэг хариуцлагадаа анхаарал тавихыг хичээдэг байлаа. Надтай хамт ажиллагсдын нэг нь намайг энэ бүх ажлаасаа гадна хуулийн сургуульд сурдгийг дуулаад ёстой галзуурмаар юм байна даа гэж билээ. Гэвч би, “хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой” (Лук 18:27) гэдэгт итгэдэг байлаа.
Би 55 настайдаа хуульч болж, Шинэ Зеландын Дээд Шүүхэд өмгөөлөгчөөр ажиллах болов. Надад хэлний саад бэрхшээл байсан ч, зөвхөн хуульч болсныхоо төлөө төдийгүй бас Бурхан амьд бөгөөд бидний зөв залбирлуудад хариулдаг тухай бат бөх гэрчлэлтэй болсондоо би талархалтай байдаг билээ. Түүний тусламжтай бол боломжгүй юм гэж нэг ч байхгүйг би мэднэ.