Сүмийн эргэн тойронд
Гаити сүм байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэж байна
Гучин жилийн өмнө тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Ерөнхийлөгч Томас С.Монсон Гаитид зочилж, сэргээгдсэн сайн мэдээг номлохын төлөө уг газар нутгийг онцгойлон адисласан юм.
Саяхан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андэрсэн ойн арга хэмжээнд оролцохоор Гаитид зочиллоо. Ахлагч Андэрсэн сүм Гаитид үүсэн байгуулагдсаныг үргэлжид санагдуулах дурсгалын самбарын хөшиг нээх ёслолыг тэргүүлэн оролцлоо. Баярын ёслолыг үзэхээр цугласан гишүүд уг арга хэмжээнд зориулан урьдчилан бэлтгэсэн Ерөнхийлөгч Монсоны захиасыг телевизээр үзлээ.
Сүм 2012 онд байгалийн гамшигт өртсөн 100 гаруй газруудад тусламж үзүүлэв
Жил бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий даяар байгалийн гамшиг, дайн, өлсгөлөнд өртсөн хүмүүст тусламжийн гараа сунгадаг. 2012 оны турш сүм 52 улс оронд тохиолдсон 104 удаагийн байгалийн гамшигт өртсөн хүмүүст зуун мянган тонн хоол хүнс, цэвэр ус, хувцас, эмнэлгийн хэрэгсэл, ариун цэврийн хайрцаг болон бусад хэрэгцээт зүйлсээр хангажээ. Мөн түүнчлэн мянга мянган гишүүд 1,3 сая гаруй цагийн сайн дурын үйлчлэл хийсэн байна.
2012 онд тохиолдсон байгалийн гамшигт сүмийн үзүүлсэн хамгийн том тусламж бол Нэгдсэн Улсын Зүүн эрэг дэх Санди хар шуурганд өртөгсдөд үзүүлсэн тусламж байлаа. Санди хар шуурганаас гадна 2012 онд сүм Япон, Филиппин, Нэгдсэн Улсын бусад бүс нутгууд болоод Сири улсад тохиолдсон гамшгуудад тусламжийн гараа сунгасан билээ.
Гэр бүлийн мод (FamilyTree) олон нийтэд хүртээмжтэй боллоо
Сүмийн FamilySearch.org интернет сайтын удаан хүлээгдсэн шинэчлэл болох Гэр бүлийн мод (FamilyTree) нь 2013 оны 3-р сараас олон нийтэд нээлттэй боллоо. Үүнийг FamilySearch.org руу үнэгүй нэвтэрч ашиглах боломжтой.
Гэр бүлийн мод (FamilyTree) нь одоог хүртэл зөвхөн сүмийн гишүүн нэвтрэх боломжтой байсан New FamilySearch (Шинэ Гэр бүлийн түүхийн хайлт)-г орлох болно.
Одоо FamilySearch.org-ын бусад хэрэглэгчид “өөрсдөөсөө эхлэн өнгөрсөн үе удмынхныхаа дэлгэрэнгүй ургийн модыг интернетэд байгуулах бүрэн дүүрэн боломжтой болох болно” хэмээн FamilySearch маркетингийн менежер Паул M.Наута хэллээ.