Их Эзэний төлөө ажилласан нь
Мари Жейн Суя, Филиппин
Би нөхөр Сирустэйгээ 2006 оны 3-р сарын 23-нд Ариун сүмд гэрлэсэн. Биднийг гэрлэхээс өмнө Сирус ням гараг бүр ажиллах шаардлагатай лабораторт, ээлжээр ажилладаг байсан ч ихэвчлэн шөнө дундаас өглөөний 8:00 цаг хүртэл ажилладаг байв. Нөхөр маань ажлынхаа дараа гэртээ ирж, дүрэмт хувцсаа тайлж, ням гарагийн хувцсаа өмсөөд, 9:00 цагт эхэлдэг сүмийн цуглаандаа шууд явдаг байлаа. Биднийг гэрлэсний дараа ч тэр энэ хуваариа үргэлжлүүлэн мөрдсөн.
Заримдаа тэр ажил дээрээ саатдаг байсан учир би сүм рүү ганцаараа явдаг байв. Бид Хүндэтгэлийн өдөр ажиллахгүй байхыг үргэлж хүсдэг байлаа. Бид 2006 оны 6-р сарын эхний ням гарагт гэрлэснээсээ хойш анх удаа гэр бүлээрээ мацаг барьж, Сирус ням гарагт ажиллахыг шаарддаггүй ажлаар адислагдахын төлөө итгэлтэйгээр залбирав.
Хэд хоногийн дараа, ихэвчлэн 8:00-аас 9:00-ийн хооронд гэртээ ирдэг Сирус 10:00 болчихоод байхад гэртээ ирдэггүй, хааччихдаг байна аа гэж би гайхлаа. “Түүнийг ажилд дэвшүүлсэн юм болов уу” гэсэн бодол гэнэт санаанд орж ирлээ. Тэгтэл Сирус 11:00 цагийн үед ирлээ. Тэр гэртээ орж ирээд, сайн, муу хоёр мэдээг зэрэг дуулгав.
Эхлээд сайн мэдээгээ дуулгаач гэж би түүнээс хүсэв. Бид удахгүй Филиппиний Айлиганаас Паней руу шилжих боллоо гэж нөхөр маань хэлэв. Бид гадасныхаа хүмүүст хайртай учраас эхлээд тэр сайн мэдээ надад таалагдсангүй. Тэд бидэнд нөхөрсөг ханддаг учраас бид ч бас тэдэнд тийм байдлаар ханддаг байлаа. Манайхтай ойрхон айл байхгүйг Сирус бид хоёр мэдэж байлаа.
Бид яагаад Паней руу нүүх хэрэгтэй юм бэ? гэж намайг асуухад тэр энэ бол сайн мэдээ учраас тэр гэв. Дарга нь Панейд өөр ажилд шилжүүлэхээр түүнтэй ярилцлага хийсэн ажээ. Би тэр даруй түүнээс шинэ ажил нь ямар цалинтай юм, ням гарагт ажиллах уу, үгүй юү гэдгийг асуулаа. Түүнийг “Үгүй!” гэж хэлэхэд миний баярласныг яана. Би нөхрөө чанга тэвэрч, шинэ ажил чинь бидний залбирал, мацаг барилтын хариу байна шүү дээ гэж хэлж билээ. Сирус хоёр сарын дараа Панейд шинэ ажлаа эхэлсэн билээ.
Тэнгэрлэг Эцэг бидэнд анхаарал халамж тавьдаг бөгөөд бид итгэлээ ашиглан, Түүний зарлигуудыг дуулгавартай дагасан үед биднийг адисалдаг. Би залбирал ба мацгийн зарчимд талархалтай байдаг. Нөхрийн минь ажил бидэнд адислал болдог. Одоо тэр тойрогтоо дуудлагаа эрхэмлэн биелүүлж байна. Ням гарагт түүний хийдэг цорын ганц ажил бол Их Эзэний ажил юм.