Шударгаар буцааж өгсөн нь
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Нью-Йоркт амьдардаг.
Би бүр санамсаргүйгээр ч гэсэн хулгай хийхийг тэвчдэггүй байсан.
Үдээс хойш оройхон дуусдаг хичээлийн дараа би гэртээ харих замдаа, улам ширүүсэн орж байгаа бороо зогсохыг хүлээн, эртний эд зүйлсийн жижиг дэлгүүрт зогсож байлаа. Дэлгүүрт байсан цорын ганц хүн нь би байсан бөгөөд худалдагч эмэгтэй миний авах гэсэн чийдэнгийн шилийг миний нүдэн дээр барин харуулж байв.
Түүнийг дэлгүүрт барьдаг цүнхээ онгойлгоход, лангуун дээр гялалзсан өнгөтэй бугуйвчуудыг дэлгэн тавьсныг би ажиглалаа. Тэр эмэгтэйг чийдэнг цүнхэндээ хийх зуур би нэг бугуйвчинд гараа хүргэв. Эмэгтэй үзмэрүүдээ сойзоор арчих үед бугуйвчнуудын бараг хагас нь шалан дээр шажигнан уналаа. Тэр үл мэдэг цухалдангуй харснаа нэг хүнтэй утсаар ярьж, надтай наймаагаа дуусгахад би нэг гартаа шүхрээ, нөгөө гартаа чийдэнгийн шилээ хийсэн цүнхээ барьсаар дэлгүүрээс гарав.
Гэртээ ирээд гутлаа тайлж, хөгжим жаахан тоглолоо. Чийдэнгийн шилээ гаргаж иртэл цүнхний ёроолд нэг юм харагдав. Нэг улаан хүрэн өнгөтэй бугуйвч байх нь тэр. Энэ бугуйвч үзмэрүүд унахад миний цүнхэнд унасан байх нь. Би энэ хоромд инээмсэглэн: “Tэгээд Валери Лаурел ангид саяхан үзсэн хичээлийнхээ тухай бодов” хэмээн Залуу эмэгтэйчүүдийн хуучин гарын авлага дахь нэгэн түүхэнд гардагтай би адилхан байна даа гэж бодов.
Би бугуйвчийг орон дээрээ чулуудчихаад, чийдэнгийн шилээ цахилгаанд залгав. Чийдэн асч бүүдгэр саарал өдрийг гэгээтэй болгов. Би цонхоор гадагш харлаа. Бороо улам ширүүсч, газар дээрх цас хайлан, лаг шавар бий болгож байлаа.
Бугуйвчийг харлаа. Элгэн хүрэн өнгөтэй юм. Би бугуйндаа хийж үзлээ. Үнийн шошгон дээр нь 20$ гэсэн байв. Мэдээж хэрэг, би бугуйвчийг буцааж өгнө. Буцааж өгөхгүй юм шүү гэсэн бодол надад огт байгаагүй. Бугуйвчийг тайлж аваад өрөөстэй бөөн номнуудын дээр тавилаа. Номнуудыг би өөр газарт тавих бодолтой байсан юм. Би аяга халуун шоколад хийхээр өөр өрөөнд орлоо.
Тэгээд буцаж ирэв.
Би эдгээр номнуудыг цэгцлэх гэсээр хэчнээн ч хугацаа өнгөрөв дөө? Тэгсэн уджээ. Энэ бугуйвчийг буцааж өгөх хүртэл эндээ хэчнээн удаан байх бол?
Би бугуйвчийг буцааж өгөх бодолтой байсан. Гэвч хэзээ үүнийг буцааж өгөх вэ? Бугуйвчийг буцааж өгөхийг хойшлуулах тусам үүнийг эргүүлж өгөх нь эвгүй байх биш үү? Энэ тухай мартаж болно гэж үү?
Би түр зуур эргэлзэв. Дахиад цонхоор гадагшаа харлаа. Хөл яасан сайхан дулаацаа вэ гэж бодсоноо бас амттай халуун шоколадныхаа тухай бодов.
Тэгээд бугуйвчийг аваад, гутлаа өмсөж, гадагшаа гарлаа.
Намайг дэлгүүр дээр хүрч ирэхэд худалдагч эмэгтэй нэг хүнд юм худалдаж авахад нь тусалж байв. Би зогсоод хүлээлээ. Түүнийг дуусахад би хүрэмнийхээ халааснаас бугуйвчийг гаргаж ирээд бугуйвч хэрхэн миний цүнхэнд орчихсоныг тайлбарлав. Тэр нэлээд гайхсан янзтай хараад, түр зуур тээнэгэлзсэнээ баярлалаа гэв. Ингээд бүх зүйл дуусах нь тэр. Тэр эмэгтэй намайг шударга байсны төлөө шагнасангүй. Баярлалаа гэж хэлэхдээ ч сэтгэл нь хөдөлсөнгүй. Үүнийг нь харсан өөр хүн ч байсангүй.
Би гэр рүүгээ явж байхдаа өөрийгөө шударга хүн гэж үргэлж боддог байсан тухайгаа бодлоо. Энэ бол бусад хүмүүст байгаасай гэж миний боддог, эрхэмлэн үнэлдэг зан чанар юм. Гэвч жинхэнэ хайр энэрэл лүгээ адил жинхэнэ ёсоор шударга байна гэдэг нь гагцхүү үйлдлээр харагддаг зан чанар юм. Хэдийгээр миний бодол санаа зөв шударга ч гэсэн би борооны гутлаа тайлж, бодлоо үйлдлээр хэрэгжүүлсэн тэр үед л зөвхөн шударга хүн болсон юм.
Би хүрэмнийхээ доторх нүцгэн бугуйгаа мэдрээд инээмсэглэн явав.