Мөнхийн гэр бүл
Келли Х.Мудрөү, Юта, АНУ
Би 19 настай байхдаа, Эквадор улс руу гурван сарын хугацаагаар хүмүүнлэгийн үйлчлэлийн ажлаар явахынхаа өмнө өвөө, эмээ хоёр дээрээ сүүлчийн удаа очсон. Өвөөгийн маань эрүүл мэнд улам муудаж байсан учир тэр асрах байранд шилжиж очоод байв. Тэр насны доройтлын улмаас бие бялдрын бусад зовиурын хамт оюун ухааны хомсдолын улмаас шаналж байлаа.
Би гэр бүлийнхээ хамт асрах байранд орж ирээд, өвөө дээрээ ирсэн миний энэ эргэлт сүүлчийнх байж болохыг мэдсэндээ дотор бачимдах шиг болов. Өвөө минь намайг явсны дараахан талийгаач болсныг мэдээд би түүнийг орхиж явсандаа буруутай юм шиг санагдаж билээ.
Биднийг өвөөгийн өрөөнд орохоос өмнөхөн асрах байрын ажилтан түүнийг тэргэнцэрт суулгаад байлаа. Бид түүнийг асрах байрны нийтийн талбайд тэргэнцэртэй нь түрж аваачлаа. Ээж асрах байрны ажилтнуудын нэгэнтэй нь, харин 16 настай миний эмэгтэй дүү өвөөтэй ярилцаж байв.
Бие нь ямар байгааг асуухад өвөө юу ч хэлсэнгүй, ухаан санаа нь улам муудаж, будлиу болсон нь илт харагдана. Та хэдэн ач, зээтэй билээ? гэж биднийг асуухад тэр буруу хариулав. Тэгэхэд нь бид түүнийг өрөвдөж, маш чухал энэ асуултад хариулж, яг хэчнээн ач зээтэйг нь түүнд хэлж өгөв.
Өвөөгийнхөө төлөө миний зүрх шархиран өвдөж байлаа. Гэтэл өвөө маань ухаан нь орон гаран, бидний асуултуудад буруу зөрүү хариулж байснаа, гэнэт “Мөнхийн гэр бүл” гэж хэлэх нь тэр.
Би бүр мэл гайхаж хоцров. Ойрхон зогсож байсан асрах байрны ажилтан өвөөг юу гэж хэлснийг ойлгосонгүй, харин дүү бид хоёр гайхан өөд өөдөөсөө харав. Түүний юу гэж хэлснийг бид хоёр хоёул тодхон сонссон. Гэтэл дараа нь тэр хоёр дахь удаагаа, “Мөнхийн гэр бүл” хэмээн хэлэв. Энэ удаад ээж бас түүний хэлснийг сонссон ажээ.
Тэр өдөр өвөө дээрээ бидний очсон тухай би өөр зүйлийг санадаггүй. Миний мэдэж байгаа бүх зүйл гэвэл бид уй гашууд автан мэгшин уйлсаар асрах байрнаас гарч явснаа, бид тэнд орхисон хүнтэйгээ энэ амьдралд дахин уулзахгүй гэдэгтээ харамсавч, түүний хэлсэн энгийн хоёрхон үг зүрх сэтгэлд минь нигүүлслийн амар амгаланг авчирсны төлөө баяртай байснаа санадаг.
Өвөөгийн минь ухаан санаа улам доройтож байсан ч гэр бүлүүд үүрд мөнх оршиж чадна гэдэг бат бөх итгэл үнэмшил хийгээд мэдлэгээ сүүлчийн удаа бидэнтэй хуваалцсаныг би мэднэ.
Би удалгүй хүмүүнлэгийн үйлчлэлийн ажилдаа явсан. Өвөө минь намайг буцаж ирэхээс долоо хоногийн өмнө нас барсан тухай мэдээ ирэхэд би амар амгаланг мэдэрсэн. Би өвөөтэйгөө нэгэн цагт дахин учран золгоно гэдгийг тэр үед ч мэдэж байсан, одоо ч мэдэж байна. Ариун сүмийн ёслолуудын ачаар гэр бүлүүд үүрд орших болно.