2013
Баяр баясгаланг мөнгөөр хэмжиж болдоггүй
Морь 2013


Баяр баясгаланг мөнгөөр хэмжиж болдоггүй

Абелино Грандез Кастро, Перу

Би саяхан ажилчдынхаа цалин тавих мөнгө авах гэж банк руу очлоо. Теллер миний мөнгийг данснаас гаргаж өгөхийн өмнө би 200 солын хэдэн дэвсгэртийг 50 солын дэвсгэртүүдээр задалж өгөхийг хүсэв. Теллер надад мөнгийг задалж өгсөн ч дэвсгэртийг тоолохдоо алдаа гаргасныг би харлаа.

Тэр надад 50 солын дэвсгэртүүдийг өгөхөд би данснаас мөнгө гаргаж өгөхийг хүлээхээр арагшаа болж зогсоод мөнгийг тооллоо. Теллер надад 1200 солын оронд 2200 буюу мянган сол илүү өгсөн байв. Тэрхэн агшинд би уруу татагдлаа. Банк зөндөө их мөнгөтэй юм чинь гэж би дотроо бодсон ч энэ мөнгө минийх биш учраас буцааж өгөх хэрэгтэй гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.

Хэдэн хормын дараа теллер намайг гүйлгээндээ гарын үсэг зурна уу гэж дуудлаа. Тэр мөнгийг тоолж, надад өгөөд, “Ямар нэг өөр хүсэлт байна уу?” гэж асуув.

“Тийм ээ, байна. Би танд 1200 сол задлуулахаар өгсөн. Гэтэл та надад 2200 сол өгсөн байна” гэж би түүнд хэллээ.

Тэгээд би түүнд 2200 солыг өглөө. Тэр гар нь чичрэн мөнгийг хоёр удаа тоолов. Тэр харсан зүйлдээ итгэж ядан байснаа над руу хараад ямар нэг юм хэлэх гэсэн боловч чадсангүй, харин “Танд маш их баярлалаа” гэж хоёр удаа хэллээ.

Би банкнаас баяртайгаар гарч явлаа. Тэр долоо хоногт би тойргийнхоо залуу эрэгтэйчүүдэд уруу таталтыг даван туулах тухай хичээл заахаар бэлтгэж байсан юм. Тэр хичээлээр банкан дээр болсон явдлыг хуваалцах сайхан боломж олдсон юм.

“Та тоглож байгаа юм биш үү. Мянган сол буцаагаад өгчихлөө гэж үү дээ?” хэмээн тэдний зарим нь наргиан болгон хэлж билээ.

“Баяр баяслыг мөнгөөр хэмжиж болдоггүй шүү дээ” гэж би инээмсэглэн хариулсан.

Уруу таталтыг даван туулах нь хэчнээн чухал болох тухай миний болон тэдгээр залуу эрэгтэйчүүдийн аль алиных нь гэрчлэлийг бэхжүүлсэн энэхүү туршлагын төлөө би талархалтай байдаг билээ.