2013
Анхдагчдын итгэл ба тэсвэр хатуужил—тэр үед ба өнөөдөр
Морь 2013


Анхдагчдын итгэл ба тэсвэр хатуужил тэр үед болон өнөөдөр

2012 оны 7-р сарын 15-нд Ютагийн Огденд хэлсэн үгнээс.

Ахлагч М.Рассел Баллард

Нийгэм, гэр бүлүүд болон гэр оронд сайн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Христийнхтэй адил амьдралаар амьдарч буй өнөө үеийн анхдагчидтай хамт бид алхах хэрэгтэй.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийн эхний жилүүд нь агуу сорилтын жилүүд байлаа. Бригам Янг, Хебер К.Кимбалл, Жон Тейлор, Вилфорд Вудрафф, Лорензо Снөү, Иосеф Ф.Смит зэрэг удирдагчид эдгээр жилүүдэд уудам хээр талыг гатлан, Хадат Уулсад Сүмийг үндэслэн байгуулахын төлөө төсөөлөхийн аргагүй хүнд сорилт, гай зовлонг даван туулсан учраас шалгаран тодорсон юм.

Өмнөх үеүдийн анхдагчид эдүгээ Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хэрэгжүүлж буй ажлыг хараад баяртай байх байсан. Бид анхдагчдад асар их өртэй бөгөөд өнөөгийн бидний амжилт өнгөрсөн үеийн тэрхүү даруухан, агуу хүмүүсийн бий болгосон суурин дээр, тэдний эрэлхэг зоригийн ачаар бий болсныг бид хэзээ ч мартах ёсгүй.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) манай итгэлтэй анхдагчдын тухай: “Өнөө үе болон ирээдүйн төлвийн төлөө талархалтай байхын тулд өнгөрсөн үеийг эргэн харах нь ашиг тустай юм. Ирээдүйд тулгарах зүйлсэд хүч чадлыг олохын тулд өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүсийн хүч чадлыг эргэж харах нь ашиг тустай юм. Энэ дэлхийд шаргуу хөдөлмөрлөөд өчүүхнийг олж авсан ч, агуу зүйлсийг мөрөөдөж, төлөвлөн хэрэгжүүлэхэд агуу үр дүнд хүрсэн эдгээр хүмүүсийн ажил үйлсийг эргэцүүлэн бодох нь ашиг тустай билээ. Тэдний ажлын үр шимийг хүртэгчид нь бид юм. Тэдний агуу үлгэр жишээ нь бидний хүн нэг бүхэнд урам зориг болж чадна, бид бүгдээрээ өөр өөрсдийн амьдралдаа анхдагчид нь юм”1 хэмээн хэлжээ.

Дагах ёстой итгэл

Бригам Янгийг үржил шимгүй цөл рүү дагах итгэлтэй байсан хүмүүс нь зөвхөн удирдагчид байгаагүй юм. Сүмийн эгэл жирийн олон гишүүд бас тэднийг дагахаар ирсэн билээ. 1836 онд Нью-Йоркийн Уотертаун дахь чинээлэг амьдралаа, түүний дотор 93 га эдлэн газар, чанар сайтай чулуун байшин, зузаан банзаар барьсан хоёр саравчаа орхин, гэр бүлээрээ Огайогийн Көртландад Гэгээнтнүүдтэй нэгдэхээр аянд гарсан Оливер Хантингтоны эцэг эхийн тухай бид Сүмийн түүхээс мэддэг билээ.

Оливер бүх зүйлээ орхисны дараа, “Бусад хүмүүс юм юмаар гачигдаж, хүүхдүүд нь идэх юм нэхэж уйлахад тэдэнд өгөх юм хэнд ч байсангүй нь бас тэдэнд дараагийн хоолонд юу өгөхийг хэн ч мэдэхгүй байсан нь аав, ээж хоёрын минь сэтгэлийг бүр ч их шаналгадаг байлаа” хэмээн бичжээ. Тэд ямар ч нөхцөлд Сүмийн удирдагчдад дургүйцэн үглэх буюу тэдний талаар гомдоллохыг эсвээс Их Эзэний ажил үнэн болох талаар эргэлзэхийг хэзээ ч сонсож байгаагүй гэж хэлснээрээ Оливер энэ гэр бүлийн итгэлийг гэрчилжээ.2

Энэ эрин үе дэх Сүмийн анхны бишопын охин Эмили Партриж, дөнгөж долоон настай байхдаа 1831 онд Миссурийн Жаксон дүүрэг рүү нүүхийн тулд Огайогийн Пейнсвилл дэх тохилог гэр орноо орхисон тухай санажээ.3 Түүнээс хойш удалгүй түүний гэр бүлийг танхайрагчид гэр орноос нь албадан хөөж, тэд Клей дүүрэг рүү нүүхээс аргагүйд хүрчээ. Тэд эцэстээ малын саравч байсан нэг хуучин, жижигхэн дүнзэн байшин олж суусан тухай өгүүлсэн байдаг. … Тэр байшин нэг том өрөөтэй, хажуу талд нь залган барьсан болхидуухан нэг жижиг саравч байлаа. Энэ жижиг саравчийг төдийлөн ашигладаггүй учраас шал нь бараг нэлдээ ховхорч хөндийрсөн, харх, хоржигнуурт могой үүрээ засан тухалсан байлаа. Хүн сууж болмоор нэг өрөө нь том пийшинтэй, пийшингээс хэдэн алхмын зайд хэдэн хөнжил өлгөөтэй байсан бөгөөд хоёр айлын бүгд арван тав, зургаан хүн хавирга нэвтлэм хүйтэн жавраас хамгаалахын тулд шахцалдан хэвтэж, хөнжлөөрөө хучдаг байлаа. Аав пийшинд ойрхон суугаад юм бичихэд үзэгнийх нь бэх хөлдчихдөг тийм их хүйтэн байж билээ.”4

Энэ гэр бүл хожим нь Иллиной руу шилжсэн. Эмили тэр үеийн байдлыг: “Хүнд бэрх үе байлаа, бид өмч хөрөнгөө олон удаа дээрэмдүүлж, орон гэрээсээ олон удаа хөөгдөж, өвчин эмгэгт нэрвэгдэн, туйлын ядуу зүдүү амьдарч байлаа” хэмээн дүгнэж бичжээ.5

Фоеб Картер мөн л ийм байдлаар 1835 онд Мейний Скарборогоос Огайогийн Көртланд руу 1200 км замыг туулахаар хөтлөгджээ. Фоеб Сүмийн гишүүдтэй нэгдэхээр, тэр ч байтугай хэцүү аяныг ганцаараа туулахаар шийдсэн үедээ 28-тай байжээ. Тэр эмэгтэй хожим нь: “Найз нар маань миний гаргасан шийдвэрт гайхаж байлаа, гэвч миний дотор сэтгэлд нэг зүйл намайг албадан шахаж байлаа. Намайг гэр орноо орхин явахаар болсонд ээж минь уй гашуу болон санаагаар унасныг хүлцэн тэвчихэд надад үнэхээр хэцүү байлаа. Гэвч энэ нь миний дотор сүнсэнд биш байсан бол эцэст нь би шантрах байсан. Ээж минь намайг өршөөлгүй хахир хатуу ертөнц рүү ганцаараа явахын оронд оршуулагдахыг нь харсан бол дээр байхсан хэмээн надад хэллээ. … ‘Фоеб, чи Мормоны шашин худал гэдгийг мэдвэл над руу эргэж ирэх үү?’ гэж ээжийг асуухад би, ‘Тийм ээ, ээж ээ, тэгэлгүй яахав’ хэмээн гурвантаа хариулж билээ. … Явах цаг болоход би гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй, хүн бүрт баяртай хэмээн зурвас бичиж ширээн дээрээ үлдээгээд шатаар уруудан гүйж, сүйх тэргэнд харайн орж билээ. Ийнхүү би хүүхэд ахуй үеэсээ хайртай байсан гэр орноо орхиж, амьдралаа Бурханы Гэгээнтнүүдтэй холбосон юм”6 хэмээн дурсан ярьжээ.

Тэр мөчид түүний итгэлийн алхаа түүнийг Көртланд хүрэх Фоеб 1,200 километрээс бүр илүү хол аянд удирдан хөтлөх юм гэж санасангүй. Тэр Миссурийг дамжин Наувуд хүрч тэндээсээ 2,170 км замыг зэлүүд нутгуудаар туулан, Их Солт Лейкийн Хөндий хүрэх аяныхаа замд Вилфорд Вудраффтай нэгдэж, түүнтэй гэрлэжээ.

Миний элэнц өвөг эцэг Хенри Баллард Английн Тачамд 17 настайдаа 1849 оны хоёрдугаар сард Сүмд нэгджээ. Хенри Америк руу далайгаар хөвөх аяныхаа зардлыг төлөхийн тулд Лорензо Снөү, Эрастус Снөү нар нэг хэсгийг нь өмчилдөг байсан компанид хоёр ажил хийж ажиллахаар гэрээ байгуулсан ажээ. Түүнийг Солт Лейкийн Хөндийн баруунтаа хонь хариулах ажилд хөлсөлсөн гэнэ. Хенри энэ хөндийд хэрхэн орж ирснээ дараах үгсээр дүрсэлжээ:

“Би 10-р сард намхан уулсыг уруудан Эмигрейшен Хавцлын амаар хонио тууж өнгөрөх үед Их Солт Лейкийн Хөндийг анх удаа харж билээ. ‘Амлагдсан нутаг руу’ хараа бэлчээн баясахын хамт хүн намайг харчихвий дээ хэмээн айна. Би ноорхой хувцастай болохоор харанхуй болж, уранхай хувцасны цаадах нүцгэн биеэсээ ичих шаардлагагүй болтол өдөржингөө бутны ард нуугдлаа. Харанхуй болсны дараа талбайг гаталж, гэрэл гялалзах нэг байшин руу очиж … хаалгыг нь зүрхшээсээр тогшив. Аз болоход хаалга онгойлгож өгсөн хүн болон лааны гэрэл намайг тэдний гэр бүлийн бусад гишүүдэд харагдуулсангүй. Би аянаа цааш үргэлжлүүлж, эцэг эхээ олж очихын тулд тэр хүнээс нүцгэн биеэ халхлах хувцас гуйлаа. Надад хэдэн хувцас өгсөн болохоор маргааш нь би аянаа үргэлжлүүлж, ирээдүйн гэр орон минь болох Солт Лейк хотод 1852 оны аравдугаар сарын 16-нд эсэн мэнд хүрч ирсэндээ Бурханд талархал өргөж билээ.”7

Элбэг дэлбэгээр адислагдсан өнөө үед зүрх сэтгэл минь сайхь уужуу сэтгэлт, эрэлхэг зоригт өвөг эцгээ хайрлах хайр, хүндэтгэл бишрэлээр дүүрэн байна.

Миний элэнц эмэг эх бол 13 настайдаа эцэг эхтэйгээ хамт Ютад ирсэн, Маргарет МкНейл гэгч шотланд бүсгүй байжээ. Тэр ганц үнээгээ тууж, эрэгтэй дүү Жеймсийгээ аян замын ихэнхэд үүрэн, хээр талыг явган туулсан ажээ. Эмээ минь гэр бүлийнхээ хамт Огдены захад буусан. Тэр энэ тухайгаа хожим нь намтартаа ийн тэмдэглэжээ:

“Бидний буудалласан талбайн нөгөө талд, гаднах хашаандаа баахан хурган гуа овоолсон, нэг жижигхэн байшин байлаа. Бид бүгдээрээ үхтэлээ өлссөн байлаа. Ээж намайг тэр айлаас ганц хурган гуа гуйгаад ирээч гэж явуулав. Учир нь бидэнд ганц цент ч байсангүй, хоолгүйгээс болж хүүхдүүд сульдан тамирдсан байв. Намайг хаалга тогшиход настай эмэгтэй хүрч ирэн, ‘Ор, ор, би та нарыг энд дөнгөж ирээд байгааг мэднэ. Та нарт идэх юм өгөөрэй гэж надад хэлсэн’ гэв. Тэгээд тэр надад шинэхэн том талх өгөөд ээжийгээ даруйхан хүрээд ирэхгүй юү гэж хэлээрэй гэв. Удалгүй тэр бидэнд сайхан амттай хоол хийж авчирч өглөө. Бид ийм хоол идээгүй их уджээ.”8

Биеийн ба сүнсний аврал

165 жилийн тэртээ хээр талыг туулахад ямар агуу итгэл, ямар агуу зориг шаардагдсаныг бид анхдагчдын туршлагаас мэднэ. Гар тэрэгтэй анхдагчид 1847-гоос 1868 оныг хүртэл Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн ердөө 10 хүрэхгүй хувийг эзэлж байсан ч тэд ХҮГ-ийн соёлд чухал бэлгэдэл болж, анхдагчдын нэгэн бүхэл үеийнхний итгэл бишрэл, золиослолыг төлөөлөн харуулдаг билээ.

Вилли, Мартин нарын бүлгүүд Вайомингэд өвлийн эхний хунгар цасанд боогдож, Гэгээнтнүүдээс олон нь хөлдөж үхсэнийг та нар санаж байгаа. Миний бие гэр бүлтэйгээ хамт хэдэн жилийн өмнө тэдний замаар хийсэн аяллын үеэр Виллийн бүлэг цасанд боогдон, хүйтэн жаварт хайруулж, өлсөж, үхэж үрэгдэж байсан Свитуотерын бүс нутгийн дээрээс харан, зогсож билээ. Тэдэнд тохиолдсон өгүүлшгүй хүнд сорилт бэрхшээлийн тухай бас тэд хэрхэн аврагдсан тухай бид тэдний тэмдэглэлээс уншья. Жон Числетт ийн бичжээ:

“Алс тэртээх толгодын цаагуур нар улаан туяа цацруулан жаргах үеэр, … хэдэн морин тэрэг … биднийг чиглэн гарч ирэв. Энэ мэдээ тэр дороо буудал даяар түймрийн гал лугаа адил түргэн тархлаа. … Баярлан уухайлах дуун агаарт хадаж, хүчирхэг ханхар эрчүүдийн наранд борлож, гүн үрчлээ суусан хацрыг даган нулимс аяндаа урсаж гарлаа. …

“… Tэр үдэш буудалд анх удаа нэлээд удаан хугацаанд Сионы дуун сонсогдож билээ. … Бидний өлссөн гэдэс цадаж, зүрх сэтгэл Бурханд болон ачлалт ах нартаа талархах талархлаар бялхан, бид бүгд залбиралд нэгдэж, дараа нь амрахаар унтав.”9

Биднийг “Эминенс (Алдар суугийн өндөрлөг)” хэмээн эдүгээ нэрлэгддэг толгод дээр зогсож байх үед би гэр бүлдээ болон бидэнтэй хамт байсан бусад хүмүүст гэрчлэлээ хэлье гэж санагдлаа. Ингээд би, “Эдгээр итгэлтэй анхдагчид аврах багийнхныг хараад баяртай байсан бол Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг аврал бүр ч илүү агуу баяр баясгалан байж таарна.” Бид өөр өөр сүмд явдаг ч гэсэн дэлхийн Аврагч Их Эзэн Есүс Христ бол бүх Христэд итгэгчдийн итгэлийн цөм бөгөөд бүх хүн төрөлхтнийг аварсныг би хамт яваа хүмүүстээ сануулав. Тэрбээр Цагаатгалаараа дамжуулан өнөөдрийн болон өнө мөнхийн төлөөх найдварыг бидэнд, та бидэнд бүгдэд нь өгсөн билээ.

Өнөөгийн цөлийг байлдан дагуулах нь

Анхдагчдын биеэр туулсан зовлон зүдгүүр тэдний амьдралд хүч чадал бий болгосон бөгөөд энэ хүч чадал бидэнд дамжин ирсэн юм. Итгэл, зоригоо харуулахын тулд тоотой хэдхэн юмаа тэргэнд ачаад тэргүүдээ гараар түрж 2,090 км газрыг явган туулахыг бидний ихэнхээс нь хүсэхгүй шүү дээ. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа сорилтууд өөр, бидний авирах уулс өөр, “замар цэцэг дэлгэрүүлэх” (Исаиа 35:1) хөндий ч өөр юм. Гэвч байлдан дагуул хэмээн бидэнд өгөгдсөн цөл нь манай анхдагчдын Юта руу хийсэн бартаатай, хад чулуу, шороотой аяны замаас тэс ондоо ч гэсэн бидэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд тэдэнд тулгарч байснаас амар хялбар биш юм.

Бидэнд тулгарч байгаа нэг хүндрэл бэрхшээл бол бид нүгэл хилэнцээр дүүрэн бөгөөд сүнслэг байдалд хайхрамжгүй ханддаг, аминч үзэл, шударга бус явдал, шунал тачаалд живсэн дэлхийд амьдарч байгаа явдал мөн. Өнөөгийн цөл төөрөгдүүлсэн, зөрчилтэй мэдээллээр дүүрэн байна. Анхдагчид хадат уулсын хяр, цаст уулсын чулуу шороотой бартаат замыг Сионд төвлөрсөн итгэлээрээ ялан дийлж, Солт Лейкийн Хөндийд Сүмийг үндэслэн байгуулсан билээ.

Бид анхдагчдын тэрхүү хичээл зүтгэл, итгэлээр Их Эзэнд болон нийгэм, хамт олондоо үйлчлэхэд шийдвэр төгс байж, Бурханы зарлигуудыг биелүүлж, Түүний хуулиудаар амьдрах, хийдэг бүх зүйлдээ бусдын итгэл хүлээхээр шударга байхад хайхрамжгүй хандах ёсгүй, энэ талаар бид өөртөө өндөр шаардлага тавьдаг байх ёстой. Бид компьютер, таблет, гар утсаараа дамжуулан интернетээс амархан олж үзэж болох нүгэл хилэнцэт зүйлсээс зайлсхийх ёстой. Хэрэв бид эдгээр зүйлсэд хөнгөн хуумгай хандвал Люсифер бидний шийдвэр төгс байдлыг сулруулж, Их Эзэнд итгэх бидний итгэлийг бусниулж, Түүнийг болон бие биеэ хайрлах бидний хайрыг үгүй хийх болно. Ингэвэл бид дэлхийн цөлд төөрөн алга болно.

Хилэнцэт дэлхийн уруу таталтуудаас зайлсхийхэд өнөө үеийн жинхэнэ анхдагчаас итгэл, тэвчээр хатуужил шаардагдана. Өнөө үеийн анхдагчид бид Христийнхтэй адил амьдралаар амьдарч, нийгэм хамт олон доторх сайн зүйлсийг дэмжин, гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэн, хамтдаа алхах хэрэгтэй байна.

Бид жинхэнэ ёсоор итгэдэг болсон үед “Би юу хийх ёстой вэ?” гэж асуудаггүй харин “Би улам илүү их юуг хийж болох вэ?” гэж асуудаг. Бидний итгэл Бурханы Сүнсээр бидний бодгальд батлагдсан үед итгэл нь бидний амьдралд нөлөөлөгч хүчин зүйл болж, бидний бодол санаа, үг яриа, үйл хэрэг бүрийг удирдан, биднийг тэнгэр рүү чиглүүлдэг. Бид өвөг дээдсийн нэгэн адил хүч чадал, удирдамжийн төлөө итгэлээрээ залбирдаг билээ. Энэ бол алхам тутамдаа итгэлээр амьдарна гэсэн үг. Бидний анхдагч өвөг дээдэс ийм байсан, өнөөдөр бид ч гэсэн ийм байх ёстой. Анхдагчдын алхааг удирдан чиглүүлж байсан мөнхүү тэр сүнсийг бид хүүхдүүд, ач зээ нартаа бий болгон төлөвшүүлэх ёстой.

Өнөөдрийн анхдагчид бид гэр бүлийнхээ амьдралыг удирдахын тулд Бурханы тусламжийг үргэлж эрэлхийлэн, хамтдаа алхах хэрэгтэй. Эцэг эх, эмээ өвөө, өвөг дээдсээ хүндэлдэг байсан өнгөрсөн үеийн чухал уламжлалаас суралцаж, тэд ирээдүйнхээ төлөө тэмцдэг байсан тэрхүү хүч чадал, зоригийг бид ирээдүйгээ угтахын төлөө олж авцгаая. Их Эзэн Есүс Христийн амьдрал, үйлчлэл бидний зүрх сэтгэл, оюун ухаанд гэрэлтэн бадрах болтугай. Хожмын Үеийн Гэгээнтэн анхдагчдын амьдралд тэдний гэрчлэл асар их нөлөө үзүүлсэн шиг бидний гэрчлэл тийм эрч хүчтэй байх болтугай.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “The Faith of the Pioneers,” Ensign, July 1984 оны 7-р сар, 3.

  2. Оливер Б.Хантингтон, Oliver B. Huntington Diary and Reminiscences, 1843 оны 6-р сар–1900 оны 1-р сар, 26–28-ыг үзнэ үү.

  3. Эмили Д.П.Янг нар, “Autobiography,” Woman’s Exponent,1884 оны 12-р сарын 1, 102.-г үзнэ үү.

  4. Эмили Д.П.Янг нар, “Autobiography,” Woman’s Exponent, 1885 оны 2-р сарын 15, 138.

  5. Эмили Д.П.Янг нар, “Autobiography,” Woman’s Exponent, 1885 оны 8-р сарын 1, 37.

  6. Фоеб Картер Вудрафф, Augusta Joyce Crocheron, Representative Women of Deseret (1884), 35–36.

  7. Хенри Баллард, Douglas O. Crookston, хянан тохиолдуулсан, Henry Ballard: The Story of a Courageous Pioneer, 1832–1908 (1994), 14–15.

  8. Маргарет MкНейл Баллард, Susan Arrington Madsen, I Walked to Zion: True Stories of Young Pioneers on the Mormon Trail (1994), 127.

  9. Жон Числетт, LeRoy R. Hafen and Ann W. Hafen, Handcarts to Zion: The Story of a Unique Western Migration, 1856–1860 (1960), 106, 107.