2013
Дэлхийд өнөөдөр анхдагчид хэрэгтэй байна
Морь 2013


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Дэлхийд өнөөдөр анхдагчид хэрэгтэй байна

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Олон хүний хувьд анхдагчдын хүнд бэрх аян 1847 онд Науву, Көртланд, Фар Вест юм уу Нью-Йоркоос биш харин алс холын Англи, Шотланд, Скандинави эсвэл Германаас эхэлсэн юм. Эцэг эхчүүдийг нь гэр бүл, найз нөхөд, ая тухтай амьдрал, аюулгүй байдлаа орхиход өдөөн түлхсэн тэрхүү эрч хүчтэй итгэлийг балчирхан үрс нь яахан бүрэн ойлгох билээ.

Тийнхүү балчирхан үр нь, “Яагаад бид гэр орноо орхиж байгаа юм бэ? Хаашаа явж байгаа юм бэ?” хэмээн асууж байсан биз ээ.

“Хонгорхон үр минь, хурдлаарай, бид Бурханыхаа хот Сион руу явж байна шүү дээ.”

Ая тухтай, аюулгүй гэр орон, амлагдсан Сионы хооронд хүрхрэн давалгаалах Атлантын догшин далай хөндөлсөнө. Тэрхүү их далайг гатлах үе дэх хүмүүний зүрхэнд шар ус хуруулсан айдсыг хэн дүрсэлж чадах билээ? Сүнсний намуухан шивнээгээр өдөөгдөж, энгийн атлаа зүрх сэтгэлд шингэсэн итгэлээр жигүүрлэсэн анхдагч Гэгээнтнүүд Бурханд итгэн, алс холын аяндаа далайгаар хөвсөн юм.

Тэд эцэстээ Наувуд хүрсэн ч дахиад хүнд хүчир аян хийх хэрэгтэй болсон билээ. Наувугаас Солт Лейк хот хүртэлх замын дагуу булшны цайвар ногоон чулуу хааяагүй харагдана. Энэ бол анхдагчдын төлсөн төлөөс. Тэдний бие амар амгаланд оршуулагдсан ч нэр нь үүрд мөнхөд оршсоор байх болно.

Холын аянд ядарсан шарууд удаахан алхалж, тэрэгний дугуй чихрана. Хүдэр чийрэг эрсийн хүч тамир шавхагдаж ядарчээ. Бөмбөрийн дуу нижигнэн, цөөвөр чоно улина. Гэвч итгэлээр жигүүрлэж, шуурганд хөөгдсөн анхдагчууд аянаа үргэлжлүүлсээр.

Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч,

Урамтай аялацгаая, аялах зам тань

Бартаатай санагдавч,

Амьдрал тань ивээгдэнэ …

Зүгээр бүгд сайхан байна! Бүгд сайхан байна! 1

Анхдагчид Их Эзэний дараах үгсийг үргэлж санадаг байлаа: “Миний хүмүүс тэдэнд миний бэлтгэсэн алдар суу, бүр Сионы алдар сууг хүлээн авахад бэлтгэгдэхийн тулд бүх зүйлээр соригдох ёстой.”2

Цаг хугацаа улиран одох тусам бид юмсыг мартаж, хүнд хүчир аян замдаа нэргүй олон булшийг нулимс асгаруулан үлдээж, гай зовлон туулсан хүмүүст талархах бидний талархал бүдгэрч мэднэ. Харин өнөөгийн сорилт бэрхшээлүүдийн тухайд гэвэл? Бид хад чулуут бартаат зам, уулын эгц цавчим хяраар аялах шаардлагатай юу? Гүн хавцлуудыг гаталж, шинээр зам гарган, гүнзгий уст гол мөрнүүдийг гатлах хэрэгтэй юү? Эсвээс биднийг залгихаар заналхийлж буй аюулаас холуур биднийг амар амгалан Сион руу удирдах анхдагчдын сүнс бидэнд амин чухал хэрэгтэй юү?

Дэлхийн II дайн дууссанаас хойших хэдэн арван жилийн дотор ёс суртахууны жишгүүд улам доошилсоор байлаа. Гэмт хэрэг байнга өсч, нийгэмд хүмүүс бие биетэйгээ улам бүр ичгүүр сонжуургүй харьцдаг болж байна. Олон хүмүүс сүйрэлд аваачих түр зуурын жаргалтай агшны төлөө мөнхийн баяр баясгалангаа золиосолж байна. Тийнхүү амар амгалан биднээс холддог.

Грек, ромчууд иргэншээгүй дэлхийд үлэмж давамгайлах үүрэгтэй байсан ч тэрхүү агуу ялалт хэрхэн төгссөнийг мөн тэдний залхуу хойрго, сул дорой байдал эцэстээ тэднийг хэрхэн сүйрэлд хүргэснийг бид мартдаг. Эцэстээ тэд эрх чөлөөөнөөс илүүтэйгээр аюулгүй байдал, ая тухтай амьдралыг эгээрэн хүсдэг болсон ч ая тухтай амьдрал, аюулгүй байдал, эрх чөлөө бүгдийг нь алдсан билээ.

Сатаны уруу таталтуудад бүү авт, харин үнэний төлөө бат зогс. Хэзээ ч төгсөшгүй баяр баясгалангийн төлөөх эрэл хайгуулаар сэтгэл хөөрөл хийгээд нүгэл хилэнц дотроос бодгалийн хүслийг хангана гэж байдаггүй. Нүгэл хилэнц хэзээ ч ариун журам руу хөтөлдөггүй. Үзэн ядалт хэзээ ч хайрыг хөхиүлэн дэмждэггүй. Аймхай хулчгар зангаас хэзээ ч зориг гардаггүй. Эргэлзээ хэзээ ч итгэлд дэм болдоггүй.

Ариун явдал, шударга зан чанар, Бурханы зарлигуудад дуулгавартай байх явдлыг доог тохуу болгодог мунхаг хүмүүсийн доромжлон, тохуурхсан үгсийг хүлцэн тэвчих нь зарим хүмүүст хэцүү байдаг. Харин дэлхий аль нэг зарчимд дуулгавартай байх явдлыг үргэлж ач холбогдолгүй зүйл гэж үздэг. Ноаг хөвөгч авдар барих заавар авсан үед мунхаг хүмүүс цэлмэг тэнгэрийг хараад шоолон инээлдэж, бороо орж эхлэх хүртэл итгэлтэй хүмүүсийн талаар хүндэтгэлгүй үг ярьж байсан шүү дээ.

Бид энэхүү чухал сургамжаас дахин дахин суралцах ёстой бус уу? Цаг үе өөрчлөгддөг харин үнэн өөрчлөгддөггүй. Бид өнгөрсөн үеийн туршлагуудаас суралцахгүй бол тэр үеийн хүмүүст тохиолдсон гай зовлон, сэтгэлийн шаналал бидэн дээр давтагдах нь зайлшгүй. Авралын төлөвлөгөөний эрхэм зорилгыг үзэн ядагч хорт могойг биш, харин эхлэлийг төгсгөлөөс хойш мэддэг бөгөөд тэрхүү агуу төлөвлөгөөг зохион бүтээгч Их Эзэнээ дуулгавартай дагах мэргэн ухаан бидэнд байхгүй гэж үү?

Нэгэн толь бичигт анхдагч гэдэг үгийг “бусад хүмүүсийн дагах замыг бэлтгэхээр өмнө нь явдаг хүн” гэж тодорхойлсон байдаг.3 Бид өмнөх үеийн анхдагчдын зан төлвийг тодорхойлдог байсан эрэлхэг зориг, зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг чанарыг өөртөө бий болгон хөгжүүлж чадах уу? Та нар бас би жинхэнэ ёсоор анхдагчид байж чадах уу?

Бид анхдагчид байж чадна гэдгийг би мэднэ. Ай, дэлхийд өнөөдөр анхдагчид хэчнээн их хэрэгтэй байна вэ!

Эшлэл

  1. “Ирцгээ, ирцгээ, Гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 30.

  2. Сургаал ба Гэрээ 136:31.

  3. Oxford English Dictionary, 2nd ed. (1989), “pioneer.”

Энэхүү захиасаас заах нь

Гэрийн багш нар “сануулж, тайлбарлаж, ухуулж, мөн зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг урьдаг байх ёстой”-г (С ба Г 20:59) судруудад тайлбарладаг билээ. Ерөнхийлөгч Монсоны захиаст агуулагдсан сэрэмжлүүлэг ба урилгыг айлчилж очдог хүмүүстээ онцлон хэлэх талаар эргэцүүлэн бодоорой. Зөв шударга үлгэр жишээг танин мэдэж дагах, мэхлэгдэхээс зайлсхийх, бусдын алдаанаас суралцах арга замуудын тухай та нар ярилцаж болно. Тэд хэрхэн өнөө үеийн анхдагчид байж болохыг заадаг хүмүүсээсээ асуу.

Хүүхдүүд энэ дугаарын 62-р хуудсан дээрх “Тэдний замаар” цувралыг уншиж, анхдагчдын талаар илүү их зүйлийг мэдэж болно.