“Канаан эмэгтэйн номхон дөлгөөн байдал,” Лиахона, 2023 оны 9-р сар
Есүсийн гайхамшиг
Канаан эмэгтэйн номхон дөлгөөн байдал
Бидэнд хэрэгтэй гайхамшгийг эрэлхийлэхэд итгэлтэй, номхон дөлгөөн байдал ямар үүрэгтэй вэ?
Мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь үеэр Есүс Христтэй тохиолдсон тоо томшгүй олон харилцаан дундаас Матай 15:21–28-д дүрслэгдсэн канаан эмэгтэйн түүх богино эсвэл заримдаа бүрхэг санагддаг тул бидний анхаарлыг төдийлөн татдаггүй.
Гэсэн хэдий ч зарим нэг нэмэлт мэдээллийн тусламжтайгаар бид итгэл, номхон дөлгөөн байдлын үлгэр жишээ болсон, тэр бүр дурдагдаагүй энэ даруухан эмэгтэйтэй танилцсанаар Есүс Христийн тэвчээр, өрөвдөх сэтгэлийн тухай гайхалтай үнэнийг сурч чадна.
Агуулга
Матай 14-өөс бид Херодиагийн өдөөн хатгалгаар толгойгоо авхуулсан Баптисч Иоханы үхлийн талаар Аврагч мэдсэн тухай уншдаг. Үеэлээ нас барсныг мэдээд Есүс гашуудахын тулд завиар “зэлүүд газар” руу явахыг оролдсон боловч олон хүн Түүнийг явганаар дагажээ (Матай 14:13-ыг үзнэ үү). Агуу өрөвдөх сэтгэлээр Христ уг хүмүүстэй нэг өдрийг өнгөрөөн, тэр байтугай Өөрийн хүчирхэг гайхамшгуудын нэгийг үйлдэж, олон мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллосон (Матай 14:15–21-ийг үзнэ үү).
Тэр шөнө Аврагч хоёр дахь агуу гайхамшгийг үйлджээ. Тэр залбирахаар уул өөд шавь нараасаа “тусдаа” явав. Шавь нар нь завинд суусан ба удалгүй тэд давлагаа, салхинд шидэгдэн, Галилын тэнгист гарсан байлаа. “… Есүс нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явахыг” хараад шавь нар нь “Та үнэнээр Бурханы Хүү мөн” гэцгээв. (Maтай 14:23–25, 33-ыг үзнэ үү).
Дараа нь Есүс Галилаас хойд зүгт, орчин үеийн Ливан дахь Тир, Сидоны эрэг хүртэл аялав. Тэрээр өөрт нь олдоогүй “амралт, завсарлага эсвэл Арван хоёрт зааварлах хангалттай боломжийг”1 эрэлхийлж байсан нь гарцаагүй. Гэтэл “тухайн нутгийн нэгэн канаан эмэгтэй ирж —Эзэн, Давидын Хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглэчихлээ гэж орилов” (Матай 15:22).
Канаан эмэгтэй
Тэр эмэгтэй Есүс дээр хүрч очсон нь үнэхээр гайхам явдал байлаа. Тэр канаан хүн байсан ба “харь хүн буюу буруу номтон” гэгдэж, “иудейчүүдээр дорд үзэгддэг”2 байжээ. Гэсэн хэдий ч Есүс Христийн хүчинд итгэх итгэл, охиноо хайрлах хайр нь түүнийг Аврагчаас чин сэтгэлээсээ тусламж гуйхад хөтөлсөн юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) “Тэр Есүсийг Давидын Хүү гэж дуудсан нь Түүнийг Израилын Мессиа мөн гэдэгт итгэдэг байсныг харуулж байна”3 хэмээн тайлбарласан.
Хэдийгээр бид энэ харь үндэстэн эхийн талаар маш бага зүйл мэддэг ч түүний итгэл Шинэ Гэрээнд дурдагдсан бусад эмэгтэйнхтэй адил байсан гэж бид таамаглаж болно. Тэрхүү канаан эмэгтэй нь “цус алддаг өвчтэй” эмэгтэй (Марк 5:25), Бетанын Мариа, Марта мөн Магдалын Мариа нарын адилаар Аврагчид бүрэн найдлага тавьсан юм. Тэр Түүний хэн болохыг баттай, бүрэн дүүрэн ойлгож байв.
Эхлээд Есүс түүнд хариулаагүй. Тэр эмэгтэй тэдэнд, мөн нам гүмийг эрэлхийлж байсан Есүст саад болж байсан тул түүнийг явуулахыг шавь нар нь Түүнээс гуйв.4
Эцэст нь Есүс хариулсан юм. Тэрээр чимээгүй байснаа тайлбарлахдаа, “Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм” (Матай 15:24) гэж хэлжээ.
Аврагчийн мэдэгдэл нь охиныхоо төлөө адислал эрэлхийлж ирсэн энэ харь эмэгтэйг улам гайхалтай үйлдэл хийхэд хөтлөв. Тэр израил эмэгтэй биш ч Есүс Христ бол Хаан, Мессиа гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэж байлаа. Хэдийгээр Түүний зорилго Израил дахь иудейчүүд гэдгийг тодорхой хэлсэн ч тэр эмэгтэй охиныг нь эдгээнэ гэдэгт итгэж байв. Номхон дөлгөөн байдалд тэр Түүний хаанчлал, хүчийг хүлээн зөвшөөрч, хөлд нь унаад (Марк 7:25-ыг үзнэ үү), “Түүний өмнө мөргөж,” “Эзэн, надад туслаач” (Матай 15:25) гэж дахин гуйсан.
Номхон дөлгөөн байдал ба гайхамшиг
Түүнд өгсөн хариулт одоо үеийн шавь нарт хатуу санагдаж болох ч Есүс “Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаях нь сайн биш ээ” (Матай 15:26) гэжээ. Библи судлаачид энэ зүйрлэл дэх “хүүхдүүд” нь иудейчүүд, “ноход” нь харь үндэстнүүд юм гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, Христийн үндсэн үүрэг бол иудейчүүд рүү чиглэсэн байсан. Тэр эхлээд тэднийг хооллосон буюу сайн мэдээг тэдэнд өгч, дараа нь тэд дэлхийн бусад хүнийг хооллох буюу тэдэнд заах ёстой байв. Ахлагч Талмэйж “Тэдгээр үг бидэнд хатуу сонсогдож болох ч, тэр эмэгтэй Их Эзэний Сүнсээр дамжуулан Түүний санааг ойлгосон. … Мэдээжийн хэрэг тэр эмэгтэй уг харьцуулалтад гомдоогүй”5 хэмээн тайлбарлажээ.
Дахин хэлэхэд, тэр сайн эмэгтэйн “Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ” (Матай 15:27) гэсэн хариулт сэтгэл хөдөлгөм, гайхалтай бөгөөд даруухан юм.
Итгэлээр дүүрсэн энэ эмэгтэйд ямар ч эргэлзээ байгаагүй. Тэр гомдохын оронд итгэлийг сонгосон. Түүний хариу үйлдэл үйрмэг төдий өчүүхэн байсан ч итгэж найдаж буйг нь илэрхийлж байв. Аврагчийн ширээнээс унасан үйрмэг охиныг зовоож буй юуг ч арилгахад хангалттай гэдэгт итгэсэн нь ямар гайхалтай вэ. Энэ итгэлтэй эхийн хариулт даруу, номхон дөлгөөн байдлыг харуулдаг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар номхон дөлгөөн байдлыг “сул дорой биш харин хүчтэй, идэвхгүй биш харин идэвхтэй, халирамтгай биш зоригтой”6 гэж дүрсэлжээ. Аврагчийн хүчний өчүүхэн хэсэг байхад л хангалттай гэсэн итгэлээ канаан эмэгтэй үнэхээр хүчтэй, идэвхтэй, зоригтойгоор тунхагласан.
Эцэст нь Есүс Христ хүчирхэг бөгөөд танил үгээр “Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог” хэмээн хариулжээ. Түүн рүү очих аялалд маань Тэр бидний хүн нэг бүрийг эрхэмлэн, тэвэрч байдаг гэсэн нотолгоог “охин нь тэр цагт эдгэрчээ” (Матай 15:28) гэсэн судрын хэсгээс баттай харж болно.
Бид үүнээс юу сурч болох вэ?
Ахлагч Талмэйж: “Эмэгтэй хүний магтууштай тууштай байдал нь илэрхий саад бэрхшээлийг даван туулж, урам хугарах үед ч тэсвэрлэдэг итгэл дээр үндэслэсэн”7 хэмээн хэлжээ.
Есүс Христэд итгэх ийм маягийн бат итгэлийг хөгжүүл гэж бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд зөвлөсөн. Тэрээр: “Есүс Христ бол бидний энэ амьдрал дээр авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой”8 гэсэн.
Есүс Христийг Аврагч, Мессиа, Хаан гэсэн итгэлээ хүчтэй, идэвхтэй, зоригтой, тууштайгаар баталсан канаан эмэгтэйг би хүндэтгэж байна. Тэр бол Есүс Христийн бүх шавиасаа хүсдэг итгэл, номхон дөлгөөн байдлыг үлгэрлэсэн Шинэ Гэрээний жишээ юм. Цөхрөлгүйгээр, “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11)-д итгэх ийм итгэлийг тууштай эрэлхийлцгээе.