“Шорон дахь номлол,” Лиахона, 2023 оны 9-р сар.
Итгэлийн хөрөг
Шорон дахь номлол
Шоронд байхдаа Санос эгч Есүс Христийн төлөөлөгчийн хувьд зорилгоо хэзээ ч мартаагүй төдийгүй өрөөнийхөө хүмүүст тэдний бурханлаг мөн чанарыг бас хэрхэн залбирах талаар заасан юм.
Акэтзали Ланос эгч бат бөх гэрчлэлтэй, үлгэр жишээ номлогч байв. Тэрээр анх Коста Рикагийн Сан Хосэгийн Зүүн номлолд дуудагдсан боловч визээ гарахаас өмнө миний эхнэр Жэнийн бид хоёртой хамт Мексикийн Агуаскалиэнтэс номлолд нэг жил үйлчилсэн юм.
2022 оны 4-р сард бид Ланос эгчийг Мехико Сити рүү явах онгоцонд суулгаж өгсөн ба тэр тэндээс Коста Рика руу дамжиж нисэх байв. Түүнийг үдэж өгөөд 24 цаг ч болоогүй байхад Мехико Ситигийн цагдаагаас бидэн рүү ярьсан юм.
“Бид Акэтзали Ланосыг цэргийн зориулалттай сум авч явсан хэргээр нисэх онгоцны буудлаас баривчилсан. Энэ бол холбооны гэмт хэрэг бөгөөд түүнийг яллагдагчаар татах болно” гэж тэд хэлэв.
Би тэр даруй Сүмийн бүсийн хуулийн албатай холбогдож, тэд Ланос эгчийг суллуулахын тулд өмгөөлөгч хөлсөллөө. Тэр өмгөөлөгч Сүмийн гишүүн биш хүн байв. Тэр бидэнд туслахаар амласан ч нэг л итгэлгүй байгаа нь харагдаж байлаа. Цэргийн бус хүн цэргийн зориулалттай сум авч явах нь тухайн хүний зорилгоос үл хамааран ноцтой гэмт хэрэг гэж тэрээр тайлбарлав.
Хожим нь Ланос эгч бидэнд тэр сумыг хамгийн сүүлд үйлчилсэн бүсийнхээ гудамжнаас олсон гэдгээ хэлсэн. Тэр үүнийг дурсгалын зүйл гэж бодсон байв. Учир нь сум түүний өмнө үйлчилж байсан бүсүүдийн нэгэн дэх мөнгөний хуучин уурхайн гадна зардаг түлхүүрийн оосортой төстэй байжээ. Гэвч улсын мөрдөн байцаагчид түүнтэй алан хядагч мэт харьцаж байлаа. Хэдхэн хоногийн дотор Ланос эгчийг онгоцны буудлын хорих газраас хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийг хорьдог өндөр хамгаалалттай шорон руу шилжүүлэв.
Итгэлийн залбирлууд
Ланос эгчийг яаралтай суллахын төлөөх залбирал тэр даруй эхэлсэн. Жэнийн бид хоёр манай номлолд үйлчилж байсан 115 номлогчийг хэрэв энэ нь Их Эзэний таалал аваас гайхамшгийг тохиолгоно гэдэгт итгэхэд урив. Би Мехико Сити, Коста Рикагийн Сан Хосэгийн Зүүн номлол, Мексикийн номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгчидтэй холбогдсон ба тэд номлогчдоо бидний залбиралд нэгдэхэд урьсан.
Шорон дотор Ланос эгч Есүс Христийн төлөөлөгчийн хувьд зорилгоо хэзээ ч умартаагүй. Тэрээр өрөөнийхөө 9 эмэгтэйд өдөр бүр өглөө, орой залбирахыг заажээ. Тэр бас тэдэнд бурханлаг мөн чанарынх нь тухай заав.
Түүний өрөөний нэг эмэгтэй “Би гэмт хэрэг үйлдэж энд орсон учраас маш муу хүн. Бурхан намайг үзэн яддаг” гэж хэлжээ. Ланос эгч түүний нүд рүү хараад, “Үгүй ээ. Та муу хүн биш. Та муу зүйл хийсэн эгэл хүн. Харин та бол Бурханы охин, Тэр танд хайртай!” гэж хэлсэн байна.
Өөр нэг нь Санос эгчийг баривчлагдахаас хэдхэн долоо хоногийн өмнө зүүдэлсэн зүүдээ ярьжээ. Тэр зүүдэндээ өөрт нь туслахаар шорон руу нисэн орж ирэх кэцал шувууг харсан гэв. Ланос эгч Сүмд элсэхээсээ өмнө нуруун дээрээ кэцал шувууны зургийг шивүүлсэн байжээ. Өнөөх эмэгтэй түүний шивээсийг хараад, Ланос эгчийн номлолын захиасыг сонсох ёстой гэдгээ ойлгосон байна.
Ланос эгч түүнд Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаар зааж, шоронд авч орсон Мормоны Номын хувийг өгчээ. Таван жилийн өмнө түүнийг өөрийг нь Сүмийг сонирхож байх үед номлогч эгч нар түүнд энэ номыг өгч байсан аж.
Удалгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Мехико Ситид товлогдов. Жэнийн бид хоёр биечлэн мэдүүлэг өгөхөөр тийш явлаа. Шүүхийн байрны гадаа хуулийн багтай уулзтал өмгөөлөгч ихэд сандарч байгаа нь илт, явган хүний замаар нааш цааш холхиж байв.
Би түүнийг дагуулж зайдуухан зогсоод, “Өнөөдөр та шүүхийн танхимд хэзээ ч мэдэрч байгаагүй тайван байдал, амар амгаланг мэдрэх болно. Яагаад гэдгийг нь би танд тайлбарлая. 500 гаруй номлогч, тэдний гэр бүлийнхэн таны төлөө, таны амжилтын төлөө өнөөдөр залбирч байгаа. Тэд мөн шүүгчийн сэтгэлийг зөөллөж, Ланос эгчийг шоронгоос суллаасай хэмээн залбирч байгаа” гэж хэлсэн юм.
Өмгөөлөгчийн нүд нулимсаар дүүрч, түүний төлөөх олон хүний итгэл, залбиралд талархаж байгаагаа илэрхийлэв.
Өглөөний 10.00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн ч надаас мэдүүлэг өгөх ээлжээ хүртэл гадаа хүлээхийг хүссэн юм. Уртаас урт 2 цаг өнгөрөв. Дараа нь шүүх танхимын хамгаалагч гарч ирээд, шүүгч миний мэдүүлгийг сонсох шаардлагагүй болсон буюу тэр аль хэдийн шийдвэрээ гаргасан тухай хэллээ.
Намайг түгшсээр шүүхийн танхимд ороход шүүгч ярьж эхлэв. Тэрээр Ланос эгчийн зөрчсөн хууль болон түүнд тулгасан ноцтой хариуцлагын талаар дурдлаа.
Тэр цааш үргэлжлүүлэн, “энэ бүхнийг үл харгалзан Ланос эгчийн сайн зан чанарын талаарх нотолгоонд итгэж байна” хэмээгээд, хуулийн ойлгоход төвөгтэй нэг хэсгийг эш татан өршөөл үзүүлэхийг зөвшөөрч, түүнийг тэр даруй суллах шийдвэрийг гаргав.
“Бурхан миний талд”
Энэ бол бидний эрэлхийлж байсан гайхамшиг байсан! Дөрөв ба түүнээс дээш жилийн хорих ял авах байсан Ланос эгч эрх чөлөөтэй боллоо. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч тэр өдрийг түүний ажлын түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг байсан гэж хэлсэн.
Тэр “Би Бурханыг үнэхээр миний талд байгааг мэдэрсэн. Та нарын итгэл үнэмшлийн талаар би илүү ихийг мэдмээр байна” гэсэн юм.
Би түүнийг Мексикийн Мехико Сити ариун сүмийн зочдын төвд урив. “Та тэнд Ланос эгч шиг сайн номлогчдыг харах болно. Тэдний нүдэнд оч гялалзахыг хараад та яагаад гэдгийг нь өөрөө асуух болно” гэж би түүнд хэлж билээ.
Арван хоёр цагийн дараа Ланос эгчийг сулласан ба тэр шоронгийн хувцастай гарч ирэв. Тэр Жэнийний тэвэрт муужран унасан. Бид бүгдийг уйлж дуусаад ярих тэнхэлтэй болох үед Ланос эгч “Ерөнхийлөгч өө, би шоронд хэд хэдэн сонирхогчтой болсон” гэж хэлсэн юм.
Энэ туршлага бүхэлдээ “Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй” (Мормон 9:15) гэдгийг баталсан билээ. Олон сайхан хүний итгэл, залбирал өмгөөлөгчийг шүүх хурал дээр энэ хэргийг өмгөөлөхөд тусалж, шүүгчийн сэтгэлийг зөөлрүүлсэн гэдэгт би эргэлзэхгүй байна.
Ланос эгч баривчлагдсан нь шоронд байсан хэд хэдэн эмэгтэйд Есүс Христийн сайн мэдээгээр итгэл найдвар хүлээн авахад, өмгөөлөгчид итгэлийн үрээ ургуулахад, Бурхан биднийг хаа ч байсан Өөрийн ажлыг урагшлуулдаг гэдэг итгэлээ хүчирхэгжүүлэхэд бидэнд тусалсан билээ.