2023
Ариун сүмд эдгээгдсэн нь
2023 оны 9-р сар


“Ариун сүмд эдгээгдсэн нь,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ариун сүмд эдгээгдсэн нь

Ариун сүмд би Их Эзэн намайг хайрладаг, миний зовлон бэрхшээлийг анхаардаг гэсэн гүн гүнзгий баталгааг мэдэрсэн.

Зураг
Ариун сүмийн өмнө буй хос

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв; хойд талд байгаа Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийн гэрэл зургийг Мэттю Рэйэр авав

Анхны хүү маань 2017 онд амьгүй төрсөн юм. 2020 онд буюу Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адислахаас есөн сарын өмнө хоёр дахь хүү маань бас амьгүй төрсөн.

Тэр үед надад Хуучин Гэрээний Ханнад төрсөн шиг мэдрэмж төрж байв. Би “ихэд шаналж, Их Эзэнд залбиран гашуунаар уйлж байлаа” (1 Самуел 1:10).

Би мухардан, уурлаж, үгээр илэрхийлэхийн аргагүй шаналсан. Миний сэтгэл санаа, бие махбод, оюун санаа тарчилж байлаа. Төмөр бариулаас барих нь яван явсаар гараас минь алгуурхан алдуурах утсыг барихтай адил санагдаж байв. Би үнэхээр “зовлон зүдүүрийн зууханд” (Исаиа 48:10) шатаж байсан.

Гэр бүлээсээ тусламж, эдгэрэлтийг мөн судрууд болон залбирлыг хүлээн авсандаа би маш их талархдаг. Би бас зөвлөхүүдээс тусламж авсан. Харин миний эдгэрэлтийн хамгийн том хэсэг намайг ариун сүмд байхад тохиосон юм.

Ариун сүмд үйлчилж эхэлснээр би улам их гэрлээр дүүрч эхэлсэн. Надад тэнд гэртээ байгаа юм шиг санагддаг байв. Мөн Их Эзэн намайг хайрладаг, миний зовлон бэрхшээлийг анхаардаг гэсэн гүн гүнзгий баталгааг мэдэрсэн.

Би Их Эзэний өргөөнд үргэлжлүүлэн үйлчилж байх явцдаа өвөг дээдсийнхээ нэрсийг өөр өнцгөөс харж эхэлсэн юм. Тэд зүгээр нэг нэрс биш байлаа. Жишээлбэл: Нэг өвөг дээдэс маань нэгэн цагт охин, ээж, эмээ, нагац эгч, эгч, бас авга эгч байсан гэдгийг би ойлгосон. Түүнийг нас барахад үлдсэн хамаатан саднуудад нь хэцүү байсан байх. Гэвч энэ өвөг дээдсийн төлөө ариун сүмд гүйцэтгэсэн ариун нандин ёслолууд түүнийг нас барахад ард нь хоцорсон амьд хамаатан садных нь мэдэрсэн шаналлыг ч давах агуу бөгөөд амтат баяр баясгаланг түүнд санал болгосон юм.

Энэхүү ойлголт нь эрхэм хөвгүүдийнхээ тухай, бидний сүнсний мөнхийн мөн чанар болон Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар бодох үед намайг адисалсан. Хөвгүүдээ алдсан нь намайг сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийхэд өдөөсөн.

Зарим өдөр бусад өдрийнхөөс илүү хэцүү хэвээр байдаг. Гэхдээ гэрээнийхээ амлалтуудыг сахих нь тэдгээр өдрийг илүү хөнгөн болгодог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Бид [хөвгүүдээ] маш их санаж байна. Гэвч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ байгаа учраас [тэдний] талаар бид санаа зовохгүй байна. Бид Бурхантай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн дээдэлж, [тэдэнтэйгээ] хамт дахин амьдрах болно гэсэн хүлээлттэй амьдардаг”1 гэсэн үгсийг би эш татахыг хүсэж байна.

Эх сурвалж

  1. Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.

Хэвлэх