2023
Бурханаар хайрлуулна гэдэг нь юу гэсэн үг болохыг эцэст нь ойлгосон
2023 оны 9-р сар


“Бурханаар хайрлуулна гэдэг нь юу гэсэн үг болохыг эцэст нь ойлгосон,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Залуучуудад зориулав

Бурханаар хайрлуулна гэдэг нь юу гэсэн үг болохыг эцэст нь ойлгосон

Би өөрийн бурханлаг мөн чанарыг мэдэх хүчийг мартаж орхисон байв.

Зураг
Залуу эмэгтэйн нулимстай царай

Зураг чимэглэлийг Алишиа Шүбэрт

Намайг бага байхад манай гэр бүл Унгараас Герман руу нүүсэн юм. Би тийш нүүхдээ баяртай байсан боловч тэр үе амьдралын минь хамгийн хүнд есөн жил болж хувирсан юм.

Надад герман хэл сурахад бэрхшээлтэй байснаас гадна би их эмзэг байсан нь намайг дээрэлхэх шалтгаан болов. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж үнэхээр шалдаа буусан. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс намайг хайрладаггүй юм шиг санагдаж, ирээдүйдээ итгэх итгэл минь алдарч байв. Надгүйгээр дэлхий сайхан болох болов уу хэмээн эргэцүүлж, заримдаа бүр амиа хорлох бодол ч төрдөг байлаа.

Гэхдээ энэ бүх зовлон зүдгүүр дунд би яагаад гэдгийг нь бүрэн ойлгоогүй ч ямар нэгэн учир шалтгаанаар надад амьдрал өгөгдсөн гэдгийг мэддэг байв. Би хамгийн харанхуй үед ч Аврагчийн гэрлийг олж чадна гэдгээ мэдэж байлаа (Ифер 12:4-ийг үзнэ үү). Дэлхий миний эсрэг эргэж байгаа мэт санагдах үед, хэрэв би судрууд болон залбирлаар дамжуулан Түүнийг хайж, Түүний шавь байхын тулд чадах бүхнээ хийвэл Түүнийг хаанаас олохоо, Тэр миний төлөө юу хийж чадахыг мэдэж байв. Түүний сайн мэдээний дагуу амьдрах нь надад амар амгаланг өгч, энэ аймшигт цаг хугацаагаар үргэлжлүүлэн явахад тусалсан юм.

Миний мартсан үнэн

Эцэст нь манай гэр бүл Унгар руу буцаж нүүсэн. Би ахлах сургуулиа дүүргэж, дээрэлхүүлдэг өдрүүд ард хоцорсон ч надад өөртөө итгэх итгэл дутагдаж байв. Дээрэлхүүлж байсны минь үр дагавар надад хүчтэй нөлөөлж, заримдаа би өөрийнхөө үнэ цэнд эргэлздэг байсан.

Залуу хүний хувьд би амьдралынхаа томоохон шийдвэрүүдийг гаргах, амьдралдаа юунд хүрэхийг хүсэж буйгаа шийдэхдээ итгэлтэй байхыг үнэхээр хүсэж байлаа.

Ийн хичээх зуураа би зүүн Европын ганц бие залуучуудад зориулсан чуулганд оролцох хэрэгтэй гэсэн мэдрэмжийг хүлээн авсан юм. Миний амьдралд өөрийн үнэ цэнийг хүчтэй мэдрэхэд туслах сүнслэг удирдамж хэрэгтэй байсан ба чуулганаас хариулт олохын төлөө залбирав.

Нэгэн орой чуулганы галын дэргэдэх ярилцлага дээр үг хэлэгч багадаа хэрхэн дээрэлхүүлж байсан тухайгаа ярьж эхлэхэд, хамаг биеийн минь шар үс босох шиг болов. Нэгэн цагт тэр өөрийгөө ямар ч үнэ цэнгүй, үл үзэгдэгч мэт бодож байсан тухайгаа ярив. Би шууд л уйлж эхэлсэн.

Тэр яг надад тохиолдсон зүйлийн талаар ярьж байв.

Тэр яриагаа үргэлжлүүлж, сорилт бэрхшээлтэй үедээ зууран барьж байсан үнэнийг буюу миний мартсан байсан

“Би Бурханы хүүхэд” гэх үнэнийг хуваалцсан юм.

Бурханлаг мөн чанараа мэдэрч хүлээн авах

Галын дэргэдэх ярилцлага дууссан ч нулимс минь урссаар байлаа. Үг хэлэгч үүнийг анзаарч, дэргэд ирээд, мөрөн дээр минь гараа тавив. Тэр надад галын дэргэдэх дээр үг хэлэхээр биечлэн ирээд байдаггүй ч түүний захиасыг шууд сонсох шаардлагатай нэг хүн байгааг мэдэрсэн гэж хэлсэн.

Тэр хүн нь би байсан юм.

Энэ явдал надад Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ хэчнээн бүрэн дүүрэн ойлгодгийг мөн бидэнд Эцэг хүний төгс хайрынхаа бүр өчүүхэн хэсгийг ч болтугай мэдрүүлэхийн тулд хэрхэн туслахаа яг таг мэддэгийг харуулсан. Тэрээр намайг энэ үг хэлэгчийн захиасыг сонсох хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ба зөв цагт, зөв газартаа байхаар чиглүүлсэн билээ.

“Би Бурханы хүүхэд” гэсэн хэллэгийг би амьдралынхаа туршид мэддэг байсан ч энэ үнэнийг яг тэгэхэд л зүрх сэтгэлдээ бүрэн ойлгосон юм. Биднийг дахин амьдруулж, нүглээс маань гэтэлгэхийн тулд Өөрийн Хүүг золиослоход бэлэн байсан, биднийг маш ихээр хайрладаг төгс Бурханы хүүхэд байна гэдэг нь юу гэсэн үг болохыг би бодитоор ухаарсан. Тэр намайг зовлон шаналлаас үргэлж хамгаалж чадахгүй ч намайг маш их хайрлаж, зовлон шаналал дунд ч надтай хамт байж; үүнийг даван гарахад, үүгээр өсөж хөгжихөд, Түүнд буцаж очиход тусалж чадна.

Тэр одоо ч намайг хайрладаг, хайрлах хүн үгүй мэт дээрэлхүүлсэн он жилүүдэд минь ч Тэр намайг хязгааргүй хайрлаж байсан. Би энэ үнэнийг сэтгэлийн гүндээ мэдэж байсан учраас амьдрахыг сонгосон гэдгээ одоо мэдэж байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан бурханлаг мөн чанараа мэдэх хүч чадлын талаар заасан. Тэрээр: “Хайрт найзууд минь, та нар бол Бурханы хүүхэд гэдэг нь чухамхүү үнэн зүйл юм шүү. … Харин энэ мөнхийн үнэн та нарын зүрхэнд сийлэгдсэн үү? …

Үүнийг мартаж болохгүй. Та нарт тэнгэрлэг чадавх бий. Шаргуу эрэл хайгуулын үр дүнд Бурхан та нарт хэн болж чадахыг чинь зэрвэс харуулах болно”1 хэмээн сургасан.

Одоо би өөрийнхөө үнэ цэнд эргэлзэх үедээ өөртөө “Би Бурханы хүүхэд” гэсэн үнэнийг мөн энэ амьдрал бол Түүний өгсөн бэлэг гэдгийг үргэлж сануулдаг.

Бурханы хүүхэд гэдгээ сана. Мөн энэ үнэнийг хүлээн авснаар ирдэг дуусашгүй, амьдралыг өөрчилдөг, ер бусын сүнслэг хүчийг хэзээ ч бүү мартаарай.

Зохиогч нь Унгарын Сэгэд амьдардаг.

Хэвлэх